Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00699

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03647 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар магадлалтай,

Л.Бгийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үнэлгээ хийсэн ажиллагаа болон үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожавын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6237 дугаар захирамжаар Л.Бгаас 383 861 726 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 25 дугаар байрны 49 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 72 078 000 төгрөгөөр, мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах 614 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв газрыг 343 043 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 4/6672 дугаар мэдэгдлийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт тус тус заасны дагуу Л.Бгийн орон сууц болон хувийн сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж байна. Тус хувийн сууц нь хотын төвийн A зэрэглэлд байршилтай 614 м.кв бүхий талбайтай бөгөөд одоогоор үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг, мөн орон сууц нь үйлдвэр үйлчилгээ явуулах боломжтой хотын төвийн орон сууц байтал зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүргүүлсэн, харин хураах тогтоол үйлдээгүй бөгөөд төлбөр төлөгчид хураах тогтоол ирээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.1 дэх хэсгийг зөрчиж хураагдаагүй хөрөнгөнд үнэлгээ хийсэн байна. Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 25 дугаар байрны 49 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж 17 тоотод байрлах 614 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв газрыг үнэлж үнэлгээ хийсэн ажиллагааг, үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/06237 дугаар шийдвэрээр Л.Бгаас 385 861 726 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэснийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Бгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 19 тоотод байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн газрыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17262119/03, 17262119/04 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17262119/05, 17262119/06 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Л.Бгаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1510 дугаартай албан бичгээр үнийн саналыг авахад үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Хас банкнаас шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Тус газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ тогтоолгоход нийт 343 043 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Л.Бд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/6672 дугаартай албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн нөхөр Ж.Жанчивдоржид мэдэгдлийг хүлээлгэн өгөхийг даалгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээг 70 хувиар тооцон 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх 2018 оны 40 дүгээр сарын 16-ны өдөр шинжээчийн тогтоолыг хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03647 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7 дах заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоотод байрлах, 39 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Эрдэнэтолгой 1 дүгээр гудамж 17 тоотод байрлах, 614 м.кв талбай бүхий хувийн сууц болон газрыг үнэлсэн үнэлгээ хийсэн ажиллагаа, үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор томилогдсон шинжээчийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар-ын үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дах заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав хяналтын гомдолдоо:  Магадлалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Л.Бд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус барьцаалан хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Л.Бгаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1510 дугаартай албан бичгээр үнийн саналыг авахад үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч Хас банкны зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Тус газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпаниар тогтоолгоход нийт 415 121 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Л.Бд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/6672 дугаартай албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн нөхөр Ж.Жанчивдоржид мэдэгдлийг хүлээлгэн өгөхийг даалгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзсэнийг дараах байдлаар няцааж байна. 1. Төлбөр төлөгч төлбөр авагч нар хоорондоо үнийн талаар тохиролцсон буюу тохиролцоогүй гэж үзэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл төлбөр авагч болон төлбөр төлөгч нь бие биенийхээ саналтай танилцаж тохиролцох талаар ярилцаж, хэлэлцсэний эцэст нэгдмэл саналд хүрээгүй бол тэдгээрийг үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. Гэтэл хариуцагч байгууллага ийм ажиллагаа явуулаагүй байна гэх Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнийн санал өгөхийг төлбөр төлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/1510 дугаартай албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй төлбөр авагч Хас банкны зүгээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2/887 дугаар албан бичгээр шинжээч томилох хүсэлтийг ирүүлсэн байна. /Иргэний хуулийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэжээ/ Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч төлбөр авагч нарт үнийн санал өгөхийг мэдэгдсэн, тус хуулийн зохицуулалтад харилцан тохиролцох ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр талуудын хэлэлцэх асуудал болохоос Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албадах замаар үнийн санал авахыг хэлэхгүй бөгөөд төлбөр төлөгч Л.Бгийн зүгээс төлбөр авагч талтай тохиролцох талаар үнийн санал гаргаагүй нь эс үйлдэхүйгээр үнийн санал өгөхөөс татгалзсан, харилцан тохиролцох боломжгүй болох нь тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч Л.Бгийн өмчлөлийн 3 өрөө орон сууц болон Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоот хаягт байрлах хувийн сууц, газрын үнэлгээг тогтоолгох шаардлагатай гэж үзсэн байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 72 078 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг 343 043 000 төгрөгөөр үнэлсэн нь шинжээч нь хариуцагч байгууллагын шинжээч томилох тухай тогтоолд дурдагдаагүй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байх тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бодитой хийгдсэн гэж үзэхгүй гэжээ шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа хэт нэг талыг барьсан нь маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 614 мкв талбайтай хувийн сууц /Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө/-ийн талаар дурьдахдаа Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06237 дугаар захирамж, уг захирамжийн дагуу гарсан тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/Ш32017/12897 дугаартай албадан гүйцэтгэх захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1295 дугаар гүйцэтгэх хуудас, төлбөр төлөгч Л.Бгийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хас банктай байгуулсан 1030017866 дугаарт барьцаат зээлийн гэрээ, 1030017866-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ зэрэгт тус үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-0000000000 болох, уг хувийн сууц гэж бичигдсэн үл хөдлөх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Мөн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 8/1729 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тухайн үл хөдлөх хөрөнгө нь нэг хөрөнгө болох нь тогтоогдсон тус газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 тоот Шинжээч томилох тогтоолд Эрхийн улсын бүртгэлийн /Ү-0000000000/ дугаарыг тодорхой дурьдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпани шүүхийн шийдвэрт дурьдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд тусгагдсан зөвхөн “хувийн сууц” гэх үгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож байгаад гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагаа, үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06237 дугаар захирамжийн дагуу Л.Б нь Хас банкинд 383 861 726 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх, уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Л.Б   уг шийдвэрийг биелүүлээгүй байна.

Шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэн хураах тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 49 тоот 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж, 17 тоот хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэн, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулжээ.

Төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүй тул хураасан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахын тулд хариуцагч нь үнэ тогтоох ажиллагааг явуулсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүх үнэлгээг хүчингүй болгохдоо, шийдвэр гүйцэтгэх байгууллага дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоохдоо төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнийн талаар харилцан тохиролцсон нь тогтоогдоогүй, төлбөр авагч болон төлбөр төлөгч нь бие биенийхээ саналтай танилцаж, хэлэлцсэний эцэст нэгдмэл саналд хүрээгүй бол тэдгээрийг үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ гэх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан хэм хэмжээг бүрэн тайлбарлаж чадаагүй гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох ажиллагааг явуулахдаа үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцох эсэх талаар зохих ажиллагаа явуулж, тохиролцоогүй бол мэргэжлийн үнэлгээчин томилох ёстой байна. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнийг тогтоох боломжийг хангахын тулд шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн санал өгөхийг тэдгээрт мэдэгдэх, ирүүлсэн саналыг аль аль талд нь мэдэгдэж, зөвшөөрөөгүй бол уулзалт товлож, хэлэлцүүлэх эсэх талаар ажиллагаа явуулж, үнийн талаар тохиролцоонд хүрээгүй бол үнэлгээчин томилох дараагийн ажиллагааг явуулах эрхтэй байна. Хэрэв шийдвэр гүйцэтгэгч талуудад үнийн саналаа хэлэхийг мэдэгдсээр байхад саналаа ирүүлэхгүй бол талуудыг тохиролцох ажиллагаа хийгдэх боломжгүй бөгөөд улмаар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. Талуудад хэлэлцэх, зөвшилцөх боломжийг олгосон байхад хүсэл зоригоо илэрхийлээгүй бол тохиролцоо хийгдэх боломжгүй, үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар саналаа өгөөгүй нь тохиролцоогүй гэж үзэх үндэслэл болно.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгч Л.Бд дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн зах зээлийн үнийн санал ирүүлэхийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн байхад саналаа ирүүлээгүй байна. Төлбөр авагч Хас банк мөн үнийн санал ирүүлээгүйгээс гадна ...шинжээч томилсон тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр баримтаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцоогүй гэх байдал тогтоогдсон, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх шинжээч томилох тухай тогтоолд дурдагдаагүй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн гэж дүгнэхдээ шинжээчийн тогтоолд дурдсан хөрөнгө болон үнэлгээ хийсэн хөрөнгө 2 өөр бус, харин нэг хөрөнгө болох нь хаягийн бүртгэлээр тогтоогдсон, зөвхөн хөрөнгийн зориулалтыг алдаатай бичсэн байгааг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 23-ны өдрийн 197 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА