Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/02979

 

2021 оны 12 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2021/02979 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5,  банкны төв, өөрийн байранд байрлах,  банк ХХК /РД:377/-ын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг, Стадион оргил, Богд Жавзандамбын гудамж 90 байр, 14 тоот хаягт оршин суух, Хөх хамарт овогт ийн  /РД:/,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7 хэсэг Стадион оргил, Богд Жавзандамбын гудамж 90 байр, 14 тоот хаягт оршин суух, Барга овогт давагын  /РД:/ нарт холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 631 986 835.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш, хариуцагч Б., Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Б. нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ3675100104 тоот зээлийн гэрээг  банктай байгуулж, 604 000 000 төгрөгийг жилийн 10-16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ3675100104 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, ЗБ3675100104 тоот ипотекийн гэрээгээр иргэн Д.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206022512 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /1702/ Богд Жавзандамбын гудамж, 90 байрны 14 тоот орон сууц, 7 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ЗБ3675100104-1 тоот ипотекийн гэрээгээр иргэн Б.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203041338 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 24 байрны 103-1 тоот хаягт байршилтай 129.23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан болно. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ3675100104 тоот батлан даалтын гэрээгээр Банзрагч овогтой Түвшин батлан дааж өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. Зээлдэгч Б. нь зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 4.2-т заасныг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 542 401 008,58 төгрөг, үндсэн хүүд 87 693 060,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 892 766,99 төгрөг, нийт 631 986 835.91 төгрөгийг зээлдэгч буюу Б.аас гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие  банкнаас 2019 оны 1 сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 24 байр, 103-1 тоот хаягт байршилтай 129.23 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 904 610 000 төгрөгийг худалдан авсан. Гэрээний урьдчилгаанд 300 610 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 604 000 000 төгрөгийг  банк ХХК-ийн зээлээр худалдаж авсан. Анх энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад ямар ч дотоод засал хийгээгүй, бизнес эрхлэхэд суурь болох юу ч байгаагүй барилгын хэлээр хараар нь худалдан авсан. Худалдан авснаас хойш би өөрийн эх үүсвэр болон бусдын зээлээр санхүүжүүлж дотоод засал хийсэн. Дотоод засалд нь 200 гаруй сая төгрөгийг зарцуулсан бөгөөд одоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1.2 тэрбум төгрөг болсон. Банкнаас тухайн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахын тулд зээл авсан бөгөөд банк үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гартал түр барьцаа тавих шаардлагатай. Гэрчилгээ гарахаар барьцааг солиод эхнэрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлнө гэсэн тохиролцоотой байсан, гэвч чөлөөлж өгөөгүй. Миний бизнес цар тахлын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон тул гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээ цуцлах шаардлагыг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчээс худалдан авч, засан сайжруулалт хийсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд баригдсан байхад анхнаасаа чөлөөлөхөөр тохирсон орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний өмчлөлд бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч  банк ХХК нь хариуцагч Б., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 631 986 835,91 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтийн Ү-2206025132 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамбын гудамж 90 дүгээр байрны 14 тоот орон сууц, зоорийн давхрын 7 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Б.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203041338 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14241/ Чингисийн өргөн чөлөө гудамж 24 байр, 1 давхрын 103-1 тоот хаягт байрлах 129,23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

 

 

Хариуцагч Б. зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан, зээлийн тооцооллын талаар маргаагүй ба харин хариуцагч Л.гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

 

 

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...Банкнаас үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахын тулд зээл авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэл Л.гийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байсан. Банк барьцааг солино гэсэн тохиролцоондоо хүрээгүй. Банкнаас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үүргийн хангахуйц тул орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байна.

 

 

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

 банк, Б. нар 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ3675100104 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч  банк нь хөрөнгө оруулалтын зориулалтаар 604 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн хүү 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 10 хувь, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 хувь, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 16,8 хувиар тооцохоор, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Б. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

 

 

Мөн өдөр нэхэмжлэгч нь хариуцагч Д.тэй ЗБ3675100104 тоот ипотекийн гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлтийн Ү-2206025132 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамбын гудамж 90 дүгээр байрны 14 тоот орон сууц, зоорийн давхрын 7 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.ын зээлийн барьцаанд бариулжээ.

 

 

 

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  банк, Б. нарын хооронд ЗБ3675100104-1 тоот ипотекийн гэрээ байгуулагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203041338 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14241/ Чингисийн өргөн чөлөө гудамж 24-р байрны 1 давхрын 103-1 тоот хаягт байрлах 129,23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг талууд 904 600 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлэн, талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ3675100104 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байна.

 

 

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

 

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс зээлдэгч буюу хариуцагч Б. нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 61 598 991,42 төгрөг, зээлийн үндсэн хүүд 36 522 694,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 63 433,79 төгрөг төлсөн ба 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

 

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм.

 

 

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2019 оны 03 сарын 20-ны өдөр ЗГ3675100104 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч Б.аас үндсэн зээл 542 401 008,58 төгрөг, үндсэн хүүд 87 693 060,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 892 766,99 төгрөг, нийт 631 986 835.91 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  банк ХХК-д олгох нь зүйтэй.

 

 

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Д.тэй ЗБ3675100104 тоот ипотекийн гэрээ болон хариуцагч Б.тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗБ3675100104-1 тоот ипотекийн гэрээнээс үзэхэд хариуцагч Б.ын гүйцэтгэх үүрэгт түүний ипотекийн үнэ хангахуйц байгаа нь дээр хариуцагч нарын ...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэл Л.гийн өмчлөлийн эд хөрөнгийг түр барьцаалахаар банктай тохирсон байсан... гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хариуцагч Д.д холбогдох түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтийн Ү-2206025132 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамбын гудамж 90 дүгээр байрны 14 тоот орон сууц, зоорийн давхрын 7 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

Харин Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар хариуцагч Б. нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203041338 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14241/ Чингисийн өргөн чөлөө гудамж 24-р байрны 1 давхрын 103-1 тоот хаягт байрлах 129,23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ3675100104 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.аас 631 986 835.91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  банк ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Б. нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203041338 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14241/ Чингисийн өргөн чөлөө гудамж 24 байрны 1 давхрын 103-1 тоот хаягт байрлах 129,23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч Д.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтийн Ү-2206025132 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамбын гудамж 90 дүгээр байрны 14 тоот орон сууц, зоорийн давхрын 7 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 388 085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 3 388 085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  банк ХХК-нд олгосугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ