Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00359

 

 

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00475

 

 

                                     ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02979 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГБ ХХК-ийн хариуцагч Б.О, Д.Мнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 631,986,835.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Оын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.Оаас зээлийн гэрээний үүрэгт нийт 631,986,835.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г ХХК-аас 604,000,000 төгрөгийг жилийн 10-16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Д.М..... орон сууц, 7 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Б.Оын өмчлөлийн ..... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Мөн батлан даалтын гэрээгээр Б.Түвшин өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хувиарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 542,401,008.58  төгрөг, үндсэн хүү 87,693,060.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,892,766.99 төгрөг, нийт 631,986,835.91 төгрөг төлөхөөр байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: 

2.1 Хариуцагч Б.Оын тайлбарт: Г ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр .... үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 904,610,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээний урьдчилгаанд 300,610,000 төгрөг төлж, үлдэгдэл 604,000,000 төгрөгийг банкнаас зээлээр худалдаж авсан. Анх уг үл хөдлөх хөрөнгө нь ямар ч дотоод засал хийгээгүй, бизнес эрхлэхэд суурь болох зүйл байгаагүй. Худалдаж авснаас хойш өөрийн эх үүсвэр болон бусдын зээлээр санхүүжүүлж дотоод засал хийсэн. Дотоод засалд 200,000,000 гаруй төгрөг зарцуулсан, одоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1,2 тэрбум төгрөг болсон. Банк уг хөрөнгийн гэрчилгээг гарахаар барьцааг сольж эхнэр Д.М нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө гэж тохиролцсон боловч чөлөөлж өгөөгүй. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон тул гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчээс худалдаж авч засан сайжруулалт хийсэн эд хөрөнгө барьцаанд баригдсан байхад анхнаасаа чөлөөлөхөөр тохиролцсон орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.2 Хариуцагч Д.Мтайлбарт: .... орон сууц, 7 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ3675100104 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Оаас 631,986,835.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.О нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ..... 129,23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч ..... 14 тоот орон сууц, 7 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,388,085 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оаас улсын тэмдэгтийн хураамж 3,388,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Оын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын гэрээний хугацаанд ковид цар тахлын улмаас Засгийн газар, Улсын Онцгой комиссоос үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон шийдвэрүүдийг гаргаж, давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд орсон тул нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү тооцсон 1,892,766.99 төгрөгийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг агуулга: ... Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрч, 1,892,766.99 төгрөгөөс татгалзаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ГБ ХХК хариуцагч Б.О, Д.Мнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 631,986,835 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилжээ.

3. Хариуцагч Б.О 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ГБ ХХК-аас хөрөнгө оруулалтын зориулалтаар 604,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд .... 129,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Д.Мөмчлөлийн .... 14 тоот орон сууц, зоорийн давхрын 7 тоот зогсоолын орон сууц, 18 м.кв талбайтай автозогсоол, 101,2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болоод зээлийн тооцоололд маргаагүй болно. /хх9-18/

4. Хариуцагч нь гэрээний хугацаанд нийт 820,775,186 төгрөг төлөхөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 98,411,619 төгрөг төлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх11, 19/

4.а. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй болохыг дүгнэж хариуцагчаас үндсэн зээлд 542,401,008.58 төгрөг, зээлийн хүүд 87,693,060.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,892,766.99 төгрөг, нийт 631,986,835.91 төгрөг гаргуулж, төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох ..... 129,23 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4.б. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдох түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... 14 тоот орон сууц, зоорийн давхрын 7 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

5. Хариуцагч нь гэрээний 2.5, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Тэрээр нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч буй үндэслэлээ “ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон шийдвэрүүд гарч давагдашгүй хүчин зүйл тохиолдсон” гэж тайлбарладаг боловч гэрээний 5.1-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдээс тогтоосон хорио цээрийн дэглэм гэх мэт/ нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэжээ. 

5.а. Шүүх хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 1,892,766.99 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хууль болон талуудын тохиролцоонд нийцэж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүгийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 1,892,766.99 төгрөгийг хасч тооцоход татгалзахгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагчаас нийт 630,094,068.92 төгрөг /631,986,835.91-1,892,766.99/ гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02979 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 631 986 835.91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.” гэснийг “... 630,094,068.92 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,892,766.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. ” гэж өөрчлөн найруулж, 3 дах заалтын “ ... 56.1 ...” гэснийг “... 56.2 ...” гэж, “... 3 388 085 ...” гэснийг “... 3,308,420 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

        ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                     А.МӨНХЗУЛ