Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/02021

 

2021 оны 08 сарын 23 өдөр                       Дугаар 102/ШШ2021/02021                        Улаанбаатар хот

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: *** дүгээр давхарт оршин байх, “О ” ХХК /***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух,*** овогт ***гийн А /РД:***/ нарт холбогдох

 

7,725,525.72 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м2 талбай, *** дугаар байрны зоорийн давхрын 272 м2 талбайг нэхэмжлэгч “О ” ХХК ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлс 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн узелийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш , хариуцагч Д.А , хариуцагчийн өмгөөлөгч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                                    

Нэхэмжлэгч “О ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “О ” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд “О ” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай албан ёсны гэрээг байгуулж, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс холбогдох зөвшөөрлийг авдаг. Ингээд тусгай зөвшөөрлийн дагуу дамжуулалт хийж, төлбөрөө авч явдаг. *** байрны зоорийн давхарт байрлах, 522м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/2 байрны зоорийн давхар, 1,2,3,4,13,14,15,16 тоот хаягт байршилтай, 272 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь  иргэн Д.А ийн өмчлөлд 2017 оноос эхлэн бүртгэгдсэн. Харин дурдсан хөрөнгүүдийг “О ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцан ус дулаанаар хангаж, дамжуулдаг гэрээтэй байдаг. Хариуцагч Д.А нь манайхаас үйлчилгээ авч, ус дулаанаар бүрэн хангуулж ирсэн боловч тэрээр хуулийн дагуу төлөх төлбөрөө огт төлөхгүй явсаар ирсэн. Гэтэл бид цаашаагаа гэрээт байгууллагууд руугаа төлбөрөө төлөөд, эргээд өөрсдөө алдагдалд орж байна. Ингээд бид хамгийн анх хариуцагчид холбогдуулж 2020 оны 8 дугаар сард ус дулааны төлбөрт 5,756,185 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гарган шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан боловч давж заалдах шатны шүүхээс зарим үйл баримтыг тодруул гэж хэргийг буцаасан. Бид энэ байдлыг тодруулахаар шүүхэд хүсэлт, баримтуудаа гарган өгснөөр эдгээр зүйлс тодорхой болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид өөрийн шаардлагаа ихэсгэсэн. Ингээд хариуцагч Д.А аас дараах зүйлийг шаардаж байгаа. Үүнд:

1/ 2017 оны 9 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны ус, дулааны төлбөрт нийт 7,725,525.72 төгрөгийг хариуцагч Д.А аас гаргуулна. 

Манай зүгээс төлбөрийн тооцооллыг дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам болон бусад холбогдох хууль, дүрмийн дагуу хийсэн. Хариуцагч төлбөрийн тооцоолол дээр маргаагүй. Харин “...төлбөрийг багасгаж өгвөл эвлэрнэ” гэсэн саналыг тавьсан. Гэвч бид уг мөнгийг их хэмжээгээр багасгах боломжгүй, учир нь бид өөрсдөө алдагдалтай ажиллаж байгаа юм. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. 

Хариуцагч Д.А ийн гаргасан сөрөг нэхэмжлэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.А нь зоорийн давхрын 522 м2, 272 м2 талбайн өмчлөгч бөгөөд уг талбайг гараашийн зориулалтаар ашиглаж байгаа. Иймд тэрээр Иргэний хуулийн 147.1-д заасны дагуу ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэг хүлээнэ. Д.А ийн өмчлөлийн талбайд тус байрны дулааны узель байрладаггүй, харин нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байгаа бөгөөд Д.А ийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч ямар ч саад учруулаагүй. Д.А ийг анх талбайг худалдан авахад уг узель байсан. Бид нэмж байрлуулаагүй.  Иймд Д.А нь Иргэний хуулийн 148.2.5-д заасны дагуу холбоо, хангамжийн шугам сүлжээг байршуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй бөгөөд узель байршуулсантай холбоотойгоор ямар нэгэн төлбөр мөнгө нэхэмжлэх, нүүлгэн, чөлөөлөхийг шаардах эрхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.А миний бие *** талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/2 байрны зоорийн давхар, 1,2,3,4,13,14,15,16 тоот хаягт байршилтай, 272 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг би 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өмчилж эхэлсэн. Гэтэл миний өмчлөлийн талбайд тус байрны дулааны шугам сүлжээний узель байрладаг. Тус узель нь нийтийн эзэмшлийн газарт байрлах ёстой атал миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр байрлаж, “О ” ХХК нь уг узелийг өнөөдрийг хүртэл ашигласнаас болоод өөрийн өмчлөлийн хөрөнгийг бүрэн ашиглах боломжгүй байдалтай 4 жил болсон. Мөн нэхэмжлэгч нь миний өмчлөлийн талбайд холбогдох засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүйгээс болж өнгө зүсээ алдаж, эвдрэл гэмтэл их гарч байгаа. Уг нь би нэхэмжлэгчийг нэхэмжилж буй төлбөрөө багасгаад өгвөл төлбөрийн зарим хэсгийг төлөөд, өөрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байсан. Гэхдээ нэхэмжлэгч төлбөрөө бүрэн нэхэмжилж байгаа учраас би шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Мөн үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Төлбөрийн тооцоолол, мөн нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний үйлчилгээ авдаг дээр маргахгүй гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн газар дээр тус байрны дулааны шугам сүлжээний узель байрладаг. Гэтэл тус узель нь нийтийн эзэмшлийн газарт байрлах ёстой атал миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр байрлаж өнөөдрийг хүртэл ашигласнаас болоод өөрийн өмчлөлийн хөрөнгийг ашиглах боломжгүй байдалтай 4 жил болсон бөгөөд ашиглалтын зардал төлөөгүй зөвшөөрөлгүйгээр байрлаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхэд дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнд:

1/ 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м2 талбай /автозогсоолын зориулалттай/, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м2 талбай /автозогсоолын зориулалттай/-н 22м2 талбайг нэхэмжлэгч “О ” ХХК тус тус ашигласан болохыг тогтоолгох;

2/ 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 22м2 талбайгаас олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах;

3/ Хариуцагчийн өмчлөлийн хэсгээс дулааны узелийг /22м2 талбайд байрлах/ албадан чөлөөлүүлнэ гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *** дугаарт бүртгэлтэй, *** байрны зоорийн давхарт байрлах, 522м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** дугаарт бүртгэлтэй, *** байрны зоорийн давхар, 1,2,3,4,13,14,15,16 тоот хаягт байршилтай,  272 м2 талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг “О ” ХХК хариуцан ус дулаанаар хангах, дамжуулах эрхтэй, гэрээтэй ба эдгээр хөрөнгүүд нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хариуцагч Д.А ийн өмчлөлд бүртгэгджээ.

 

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “О ” ХХК нь хариуцагч Д.А т холбогдуулж дулааны төлбөрт 5,756,185 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Харин өөрийн шаардлагыг 2017 оны 9 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны ус, дулааны төлбөрт нийт 7,725,525.72 төгрөг гаргуулах гэж ихэсгэжээ. 

 

Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...миний өмчлөлийн талбай дээр нэхэмжлэгчийн узель байрладаг. Үүнээс шалтгаалж би өөрийн хөрөнгөө бүрэн ашиглаж чаддаггүй. Миний өмчлөлийн талбайд холбогдох засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй” гэж тайлбарласан ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь нэхэмжлэгчид холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Үүнд:

1/ 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м2 талбай /автозогсоолын зориулалттай/, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м2 талбай /автозогсоолын зориулалттай/-н 22м2 талбайг нэхэмжлэгч “О ” ХХК тус тус ашигласан болохыг тогтоолгох;

2/ 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 22м2 талбайгаас олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах;

3/ Хариуцагчийн өмчлөлийн хэсгээс дулааны узелийг /22м2 талбайд байрлах/ албадан чөлөөлүүлэх. 

  

Нэхэмжлэгч “О ” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудад заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцсан үйл ажиллагаа эрхэлдэг болох нь Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “О ” ХХК-д олгосон  тусгай зөвшөөрлүүд, “О ” ХХК-ийн “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-тай хийсэн “Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ”-нүүд, эдгээр гэрээнүүдийн хавсралт, “Сар ач” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтууд буюу нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар нотлогдож байна.  

 

Хариуцагчийн зүгээс ус, дулааны үйлчилгээ авч байгаа болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн төлбөрийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй. 

 

Нэгэнт “Оч гялс өргөө ХХК нь тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг, хариуцагч Д.А ийн өмчлөлийн авто зогсоолуудыг ус, дулаанаар ханган ажиллаж байгаа болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.А аас 7,725,525.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Дээрх дурдсанчлан “...2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн талбайгаас 22м2 талбайг нэхэмжлэгч компани ашигласан. Үүнээс бол миний  нэмэлт орлого олох боломжийг алдагдуулсан. Ийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэж хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. 

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.  

 

*** дүгээр байрны зоорийн давхрын 522 м2 талбай, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м2 талбайд байрлах 22м2 талбай нь анхнаасаа узелийн болон цахилгааны өрөөний зориулалттайгаар хийгдсэн болох нь “Баян констракшн ХХК-ийн орон сууц, үйлчилгээний барилгын ажлын зураг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.    

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй буюу хариуцагч Д.А нь зөвхөн авто зогсоолуудын өмчлөгч байх тул 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м2 талбай /автозогсоолын зориулалттай/, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м2 талбай /автозогсоолын зориулалттай/-н 22м2 талбайг нэхэмжлэгч “О ” ХХК тус тус ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 22м2 талбайгаас олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн хэсгээс дулааны узелийг /22м2 талбайд байрлах/ албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.А ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А аас 7,725,525.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл *** дүгээр байрны зоорийн давхрын 522 м2 талбай /автозогсоолын зориулалттай/, 127/2 дугаар байрны зоорийн давхрын 272 м2 талбай /автозогсоолын зориулалттай/-н 22м2 талбайг нэхэмжлэгч “О ” ХХК тус тус ашигласан болохыг тогтоолгох, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 22м2 талбайгаас олох ёстой байсан орлогод 19,440,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 110,000 төгрөг, нийт 19,555,000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн хэсгээс дулааны узелийг /22м2 талбайд байрлах/ албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.А ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “О ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 169,494 төгрөг, хариуцагч Д.А аас төлсөн нийт 325,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А аас 169,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ