Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0775

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар “С” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Нд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: “С” ХХК 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н

Гомдлын шаардлага:

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай “Улсын байцаагчийн албан шаардлага”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Н.Эс, өмгөөлөгч Г.Д, хариуцагч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч шүүхэд анх бичгээр гаргасан гомдолд болон гомдол гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай компани анх 2007 онд гадаад худалдаа, оёдлын үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сараас эхлэн эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр бүх төрлийн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас манай компанийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагаатай холбоотойгоор тус компанийн жижиглэнгээр борлуулж буй шатахуун нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй байгаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уг дүгнэлттэй холбогдуулан гаргасан танилцуулга зэрэг баримтаар тогтоогдож байна” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “"С" ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороонд байрлах Шатахуун түгээх станц-4 салбараар борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд АИ-92 автобензиний октан 91.2±0.03 гэж, АИ-92 дэх марганецын хэмжээ 0.7±0.01 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дүгнэлт, танилцуулга зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” хэмээн 9000 нэгжтэй тэнцэх төгрөг буюу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулаад байна.

Манай компанийн зүгээс дээрх шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хүчингүй болгуулах шаардлага тавьж байгаа болно. Үүнд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 04 минутад манай компанийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шатахуун түгээх станц-4 салбар дээр ирж компанийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр, тухайн өдөр ээлжинд гарч байсан шатахуун түгээх станцын түгээгч Даваажамцыг байлцуулан АИ-92 автобензиний түгээгүүрийн хошуугаар тус бүр 2 литрийн хэмжээтэй дээж савлан авч явсан байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 9 аж ахуй эрхлэгчээс 20 дээжийг авч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн гэх бөгөөд дээжийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 32 минутад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн химич инженер Л.О нар тэмдэглэл үйлдэн хүлээлцсэн тухай баримтуудыг зөрчлийн хэргийн материалд цуглуулсан байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь Шударга өрсөлдеөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан АИ-92 автобензин /дугаар 00500308/ нэртэй, 232 дугаартай дээжинд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд сорилт шинжилгээний 11 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэн, үр дүнг №СШ18/235 дугаартай Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудаст үзүүлжээ.

Уг №СШ18/235 дугаартай Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудаст АИ-92 автобензин /дугаар 00500308/ нэртэй, 232 дугаартай дээжийн октаны тоог шинжилгээний аргаар багажийн аргачлалаар тодорхойлж 91.2±0.3 гэж, Марганецийн агууламж (мг/дм3, ихгүй)-ыг MNS ASTM 5185:08 аргачлалаар тодорхойлж 0.7±0.01 гэж тус тус гаргажээ.

Гэтэл дээрх үр дүн нь манай компанийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторит MNS 0217:2017 стандартын дагуу хийлгүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүнд үзүүлсэн АИ-92 автобензиний октаны тоог шинжилгээний аргаар багажийн аргачлалаар тодорхойлоход 92,9 гэж, моторын аргаар тодорхойлоход 83,6 гэж гарсан үр дүн болон бүтээгдэхүүн нийлүүлэгч Оросын Холбооны Улсын “Ангарская нефтехимическая компания”-ийн Роснефть үйлдвэрээс олгосон чанарын паспорт дахь октаны хэмжээнээс тус тус доогуур үзүүлэлттэй байгаа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээний үр дүнг эс зөвшөөрөх үндэслэл болж байна.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээний үр дүнгээр илэрсэн марганецийн хэмжээ нь Гаалийн ерөнхий газын Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүн болон Роснефтийн бүтээгдэхүүний чанарын гэрчилгээнд тус тус илрээгүй болно.

Ийнхүү манай компани ISO 9001:2008 олон улсын стандартын шаардлага хангасан шатахууныг Оросын Холбооны Улсын Роснефть компаниас импортолдог бөгөөд гаалиар оруулж ирэх бүртээ Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториор шинжлүүлж, гаалийн байгууллагын хяналтан дор Монгол Улсын хилээр нэвтрүүлж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулдаг. Иймд стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэж үзэхгүй байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шинжилгээ хийлгэсэн аргачлал зөрүүтэй, шинжилгээ хийх үеийн процесс тодорхой бус байсан бөгөөд шинжилгээний үр дүнг зөрчлийн хэрэг үүсгэсний дараа мэдэгдсэн. Үүний улмаас маргаан шийдвэрлэх дээж хадгалагдах хугацаа нь дууссан байсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд шинжилгээний үр дүнтэй санал нийлэхгүй байгаа учир дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч улсын байцаагч П.Н нь хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан.

Түүнчлэн, уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Улсын ахлах байцаагч Т.М, улсын байцаагч П.Н, улсын байцаагч И.Х нарын бүрэлдэхүүнтэй явуулахыг даалгасан байдаг. Гэтэл улсын байцаагч П.Н нь уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны шийдвэрүүдийг дангаар гаргаж, шийтгэл оногдуулсан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй. Улсын байцаагч П.Н нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох тухай үндэслэлгүй санал гаргасны улмаас тус компанийн Шатахуун түгээх станц-4 дүгээр салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоож, компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан.

Иймд зөрчлийн ******* дугаартай хэрэгт “С” ХХК-д 9 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч “С” ХХК нэмэгдүүлсэн гомдлын шаардлагадаа: “Улсын байцаагчийн шаардлагад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шатахуун түгээх станц-4 салбарт жижиглэнгээр борлуулж байсан АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд сорилт шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензин октан тоо 91.2+0.03 гэж, АИ-92 автобензин дэх маргенцын агууламж 0.07+0.01 мг/дм3 байгаа нь тус тус тогтоогдсон” гэсэн нь бодит байдалд нийцээгүй худал дүгнэлт юм.

Шатахуун түгээх станц-4 салбараас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дээж авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторит өгч шинжлүүлсэн ба сорилт шинжилгээний дүн нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гарсан байдаг. Зөрчлийн хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээгдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Сорилт шинжилгээг зөрчлийн хэрэг нээхээс өмнө буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бус үед хийсэн.

Тус компани зөрчил үйлдсэн эсэх, сорилт шинжилгээний дүн үнэн зөв эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад улсын байцаагч П.Н нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинийг “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” МNS 0217:2017 Монгол Улсын стандартын шаардлагад нийцүүлэн итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулж, хэрэглэгчдэд борлуулалт хийхийг шаардсан нь илт хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж зааснаар Улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан шаардлага илт хууль бус байна.

Сорилт шинжилгээний дүн нь зөвхөн Шатахуун түгээх станц-4 салбарт 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр борлуулагдаж байсан АИ-92 автобензинтэй холбоотой дүгнэлт юм. Гэтэл тус салбарын үйл ажиллагаа дээж авч явснаас хойш зөрчлийн хэрэг нээх хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 13 хүртэл хэвийн явагдаж, борлуулалт хийгдэж байсан.

Улмаар анх дээж авахад борлуулагдаж байсан бүтээгдэхүүн аль хэдийн худалдан борлуулагдсан, мөн улсын байцаагчийн албан шаардлага нь тус зөвхөн Шатахуун түгээх станц-4 салбарт хамааралтай биш, тус компанийн жижиглэнгээр худалдан борлуулж буй бүх АИ-92 автобензинд хамааралтай байдлаар гарсан байх тул улсын байцаагчийн албан шаардлагаар тавьж буй шаардлагыг бодит байдалд биелүүлэх боломжгүй юм.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын байцаагчийн албан шаардлага"-ыг илт хууль болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч П.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ““С” ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин- Эрдэнийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шатахуун түгээх станц-4 дүгээр салбарт жижиглэнгээр борлуулж байсан АИ-92 автобензинээс дээж авч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид шинжлүүлсэн байдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь стандарт зөрчиж авсан шинжилгээний дүнг үндэслэсэн байсан. Манай компани ISO 9001:2008 олон улсын стандартын шаардлага хангасан шатахууныг “Роснефьт” компаниас импортолдог бөгөөд Гаалийн ерөнхий газрын лабораторид шинжлүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулдаг. Иймд стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн борлуулсан гэж үзэхгүй гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ дурьджээ. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Агентлагийн даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжтай хяналт шалгалтыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга, Улсын ахлах байцаагч Ц.Л ахалж, тус газрын Улсын ахлах байцаагч Т.М, Улсын байцаагч Ш.З, Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч Д.М, Зах зээл судалгааны газрын улсын байцаагч И.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр 60 хоногийн хугацаанд шалгахаар эхлүүлсэн. Удирдамжийн хугацааг дахин 30 хоногоор сунгасан ба 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дууссан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториос 2018 оны 7 дугаар сарын 23-ны 08/б/158 дугаартай албан бичгээр үнийн тарифыг 60% хөнгөлөх боломжтой талаар хариу ирүүлсний дагуу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр агентлагийн даргын А/70 тоот тушаалаар бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2018 оны 8 дугаар сарын 06-нд “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шатахуун түгээх станц-4 дүгээр салбараас АИ-92 автобензинээс дээж авч, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид тухайн өдрөө хүлээлгэн өгсөн.

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний үр дүнг ирүүлсэн ба лабораторийн сорилт шинжилгээний хариуд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 1/1240 дугаартай албан бичгээр хүргүүлж Мэргэжл

ийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр хариуг ирүүлсэн байдаг.

“С” ХХК-ийн жижиглэнгээр борлуулж буй шатахуун нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангахгүй байгаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уг дүгнэлттэй холбогдуулан гаргасан танилцуулга зэрэг баримтаар тогтоогдсон тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон “С” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн прокурорын газар “Үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох тухай” саналыг хүргүүлж тус газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 85 дугаартай тогтоолын дагуу “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрлах Шатахуун түгээх станц-4 дүгээр салбарт жижиглэнгээр борлуулж байсан АИ-92 автобензиний түгээгүүрийн хошуу, шатахуун хадгалах сав зэрэг 2 ширхэг эд зүйлийг битүүмжилсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хяналт, шалгалтын ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ““С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрлах Шатахуун түгээх станц-4 дүгээр салбарт жижиглэнгээр борлуулж байсан АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд сорилт шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензинийн октан тоо 91.2+0.03 гэж, АИ- 92 автобензин дэх марганецын агууламж 0.7+0.01 мг/дм3 гэж тус тус тодорхойлогдсон асуудлыг тодруулах зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээч О.Болдбаярыг шинжээчээр томилсон.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд: “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартаар АИ-92 төрлийн /экологийн ангиллаар К2, КЗ, К4, К5-д хамаарах/ автобензинийн Октаны тоог шинжилгээний аргаар 92.0-оос, моторын аргаар 83.0-аас багагүй байна гэж заасан байна. “С” ХХК-ийн АИ-92 автобензинийн октон тоо 91.2+0.03 гэж шинжилгээний үр дүнд тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй. “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартаар АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй гэж үзнэ гэсэн байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.7+0.01 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчдийн өмчлөлийн автотээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

“С” ХХК /регистрийн дугаар 2588617/-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний 07/106/363 дугаартай дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн “Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас: №СШ18/235 дугаартай хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Эрчим хүч хяналтын хэлтсийн дарга А.Бямбадоржоос авсан гэрчийн мэдүүлэг, Стандарт, хэмжил зүйн газраас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн 05/1057 дугаартай албан бичиг, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартын шаардлага, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээчийн О.Б-ын дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан шийтгэл оногдуулсан.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 11 дүгээр тогтоолоор Улсын ахлах байцаагч Т.М, Улсын байцаагч И.Х болон Улсын байцаагч П.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулахыг даалгасан. Гэтэл Улсын байцаагч П.Н дангаар шийдвэр гаргаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар нэхэмжлэлдээ дурджээ. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна:

Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 11 дүгээр тогтоолоор ******* дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Улсын ахлах байцаагч Т.М, Улсын байцаагч И.Х болон Улсын байцаагч П.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр явуулахыг даалгасан. Уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг тухайн бүрэлдэхүүний хамт явуулсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “С” ХХК-ийн ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, зөрчил тогтоогдсон талаар Т.М, Улсын байцаагч И.Х болон Улсын байцаагч П.Н нар тэмдэглэл үйлдсэн.

“С” ХХК-д холбогдох ******* дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль зөрчиж явуулаагүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явуулсан болно.

Дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэсэн тухай дурдсан байна:

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд: “Хөдөлгүүрийн түлш.Этилжүүлээгүй бензин.Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартаар АИ-92 төрлийн /экологийн ангиллаар К2, КЗ, К4, К5-д хамаарах/ автобензинийн Октаны тоог шинжилгээний аргаар 92.0-оос, моторын аргаар 83.0-аас багагүй байна гэж заасан байна. “С” ХХК-ийн АИ-92 автобензинийн октан тоо 91.2+0.03 гэж шинжилгээний үр дүнд тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй.

“Хөдөлгүүрийн түлш.Этилжүүлээгүй бензин.Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартаар АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.25 мг/дм3 -аас бага бол марганецын агууламж байхгүй гэж үзнэ гэсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.7+0.01 мг/дм3 гэж тодорхойлогдсон нь хэрэглэгчдийн өмчлөлийн автотээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай.

Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлгүй тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон хүсэлтийг хангахаас татгалзсан.

Иймд ******* дугаартай шийтгэлийн хуудас хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу “С” ХХК -ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “С” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /цаашид ШӨХТГ гэх/-ын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг анх гаргасан.

Улмаар шүүх хуралдаанд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж гомдлын шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /цаашид ШӨХТГ гэх/-ын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ”Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх ёстой, мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой юм.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг хуулийн шаардлага нь шийдвэр бодит байдалд тохирсон байх гэсэн агуулгыг илэрхийлнэ.

ШӨХТГ-ын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №******* тоот шийтгэлийн хуудас нь дээрх хуулийн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал,

 Зөрчлийн тухай хуулийн             10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ18/235 дугаартай Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудсын хүснэгт 2-т октаны тоо 91.2±0.3, хүснэгт 10-т марганецын агууламж 0.7±0.01 мг/дм3 гэсэн шинжилгээний дүн гарсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №07/106/363 тоот дүгнэлтийн 2-т “Сорилт шинжилгээний №СШ18/235 ... дугаар бүхий үр дүнгээр автобензиний октаны тоо 90.1-91.9 буюу дунджаар 91 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна”,

3-т “Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ18/235-244 дугаартай нийт 10ш сорилт шинжилгээний үр дүнгээр автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдож байгаа нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэж тус тус дүгнэсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 1-т: “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартаар АИ-92 төрлийн /экологийн ангиллаар К2, КЗ, К4, К5-д хамаарах/ автобензинийн Октаны тоог шинжилгээний аргаар 92.0-оос, моторын аргаар 83.0-аас багагүй байна гэж заасан байгаа. Иймээс шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензинийн октан тоо 91.2±0.03 тодорхойлогдсон нь стандартын шаардлага хангахгүй байна.

Хариулт 2-т “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартад АИ-92 төрлийн автобензинд марганецын агууламжгүй байна гэж заасан болно. Марганецын агууламжыг 0.25 мг/дм3-аас бага бол байхгүй гэж үзнэ.

Хариулт 3-т “Шинжилгээгээр тухайн дээжид марганецын агууламж 0.7+0.01 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн автотээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Учир нь марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй” гэж тус тус дүгнэсэн байна.

Дээрх дүгнэлтүүдээр болон зөрчлийн хэрэгт цугларсан бусад баримтуудаар “С” ХХК-ийн шинжилгээнд өгсөн АИ-92 автобензин нь стандартын шаардлага хангахгүй болох нь нотлогдож байна.

Монгол Улсын “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” MNS 0218:2008 стандартын 7.7-д Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална” гэж заасан байна.

Зөрчлийн хэрэгт цугларсан Лабораторид дээж өгсөн тэмдэглэл, Бүтээгдэхүүнээс дээж авах акт зэрэг баримтуудаас үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бензиний дээжийг авч лабораторид уг дээжийг илгээсэн болох нь  нотлогдож байна.

Дээрх дээж авсан хугацаа болон Монгол Улсын “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” MNS 0218:2008 стандартын 7.7-д зааснаас үзэхэд газрын тосны бүтээгдэхүүний дээжийг хадгалах хугацаа дууссан болох нь тодорхой нотлогдож байна.

Иймд зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөрчлийн хэргийг нээх үед болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээчийг шинжээчээр томилох үед АИ-92 автобензиний дээжийг хадгалах хугацаа дууссан байсан болох нь тодорхой нотлогдож байна.

 Хэрвээ, магадгүй тухайн үед хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийн дахин шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэхийг хүссэн хүсэлтийг хангасан нөхцөлд ч бензиний дээжийг хадгалах хугацаа дууссаны улмаас дээжид дахин шинжилгээ хийх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул маргаан бүхий №******* тоот шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.6-д “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 4.11 дүгээр зүйлийн 5-д “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж заасан холбогдогчийн эрхүүдийг эдлэх боломжоор хангаагүй, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай  тогтоолыг холбогдогчид танилцуулсан тухай баримт зөрчлийн хэрэгт байхгүй, дахин шинжилгээ хийлгэх холбогдогчийн хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоолд гомдол гаргах хугацаа, боломжоор хангаагүй, уг хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоолыг гаргасан өдөртөө хэргийн материалтай танилцуулж, тухайн өдөртөө шийтгэлийн хуудсыг үйлдсэнийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг зэрэг хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцээгүй байна.

Дээрх байдлаар хариуцагч нь холбогдогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх хэдий ч маргаан бүхий №******* тоот шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн буюу тухайн үед  АИ-92 автобензиний дээжийг хадгалах хугацаа дууссан байсан болох нь тодорхой нотлогдож байх тул гомдол гаргагчийн №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бодит нөхцөл байдалд АИ-92 автобензиний дээжийг хадгалах хугацаа дууссан байсны улмаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед дахин шинжилгээг хийх боломжгүй байсан болох нь тодорхой нотлогдож байх тул маргаан бүхий №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх буюу бодит байдалд тохирсон байх зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж гомдлын шаардлагын тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай албан шаардлагаар “... заасны дагуу жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинийг “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин Техникийн шаардлага MNS 0217:2017 Монгол Улсын стандартын шаардлагад нийцүүлэн итгэмжлэгдсэн сорилтын лабораториор  дүгнэлт гаргуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дотор танилцуулж,   хэрэглэгчдэд борлуулалт хийхийг шаардаж байна” гэсэн байна.

Уг албан шаардлагын дагуу “С” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу тус албан шаардлага гарснаас 1 хоногийн дараа Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дугаар 0024758 дугаар бүхий Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 0031752 дугаар дүгнэлтийг тус тус гаргуулсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай албан шаардлага биелэгдсэн байна.

Тодруулан хэлбэл маргаан бүхий 5/27 дугаартай албан шаардлагаар итгэмжлэгдсэн сорилгын лабораториор дүгнэлт гаргуулж, танилцуулсны үндсэн дээр хэрэглэгчдэд борлуулалт хийхийг шаардсан байх ба уг албан шаардлага 1 хоногийн дараа биелэгдсэн, тус албан шаардлагын улмаас “С” ХХК-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэхүү албан шаардлага нь гомдол гаргагчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үр дагаврыг үүсгээгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч захиргааны акт илт хууль бус болох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай албан шаардлага нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д ... хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан байна.

Хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба ... хангагдана”  гэж заасан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, ... хэрэглэнэ”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж хуульчилсан байна.

Маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай албан шаардлагыг улсын байцаагч нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан байх тул хариуцагчийн үйлдэлд илт хууль бус захиргааны актын шинж, үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй, хариуцагч нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий албан шаардлагыг гаргасан байх тул Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай албан шаардлагыг шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11-д тус тус заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №******* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “С” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ