Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0010

 

“С-О” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  “С-О” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11-д тус тус заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005537 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий “С-О” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн байсан. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан буюу ШӨХТГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан. Үүнээс хойш ямар нэгэн хугацаа сунгасан талаарх шийдвэр гараагүй буюу зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Иймд хариуцагчийн оногдуулсан шийтгэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.4-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж заасныг ноцтой зөрчсөн хууль бус шийтгэл байх тул түүний гаргасан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0005537 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Хуульд заасан хэм хэмжээг зөрчиж шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаа “хууль ёсны байх” зарчимд нийцэхгүй билээ. ...Мөн дээж авсан процесс нь тодорхой бус, стандартын шаардлагыг баримталсан эсэх нь эргэлзээтэй, сорилт шинжилгээний үр дүнг шалгуулах, хууль тогтоомжид заасны дагуу эрхээ хамгаалах бүхий л боломжийг нь хязгаарлаж, гарцаагүй байдалд оруулан байж зөрчил үйлдсэн мэт харагдуулах нотлох баримтыг урьдаас зохион байгуулалттайгаар бүрдүүлж хэрэг тулгаж байгаа нь шударга бус юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн дүгнэлт, түүнд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа юм. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, зөрчлийн нотлох баримт болох нотолгооны чадваргүй баримтуудыг үндэслэн шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал мөн бөгөөд хариуцагчийн гаргасан №0005537 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно. Хариуцагчийн шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 4.2, 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бухий байх” зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй юм. Улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд зөрчил үйлдсэн эсэх, сорилт шинжилгээний дүн үнэн зөв эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад улсын байцаагч албан шаардлага бичсэн, уг албан шаардлагыг бодит байдал биелүүлэх боломжгүй. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хамрах хүрээ нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дээж авах үед ШТС-4 салбарт худалдан борлуулагдаж байсан АИ-92 автобензинд л хамааралтай бөгөөд албан шаардлага гаргах өдрийн байдлаар яг тухайн дээжид хамаарах АИ-92 автобензин худалдаалагдаж байгаа эсэхийг тогтоогдоогүй зэрэг нь уг албан шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “С-О” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0005537 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч  хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1. Маргаан бүхий 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0005537 дугаар шийтгэлийн хуудсаар “С-О” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах ШТС-4 салбараар борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд автобензиний октан тоо 91.2+0.03 гэж, марганецын хэмжээ 0.7+0.01 мг/дм3 гэж тодорхойлогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 9.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил” гэж зөрчлийг шалган шийдвэрлэх харъяаллыг, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

         Хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн СШ18/235 дугаар Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт болон бусад баримтуудаар “С-О” ХХК-ийн ШТС-4 салбараар борлуулж байсан АИ-92 автобензиний октан тоо 91.2+0.03, марганецын агууламж 0.7+0.01 мг/дм3 хэмжээтэй байсан нь нотлогдсон ба, энэ нь “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандартад заасан АИ-92 этилжүүлээгүй бензины октаны тоо 92-оос багагүй байхаар, марганецийн агууламж 0,25 мг/дм3 -аас бага бол “байхгүй” гэж үзэх тусгай шаардлага, стандартыг зөрчжээ.

         Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх харъяалал зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчлийн гэм буруугийн шинж тогтоогдсон гэж үзнэ.

         2. Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана. Дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасныг болон Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”, “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 Монгол Улсын стандарт, “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” MNS 0218:2008 Монгол Улсын стандартад тус тус заасан дээж авах арга, ажиллагаа, журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

         Өөрөөр хэлбэл, улсын ахлах байцаагч Ц.Л, улсын байцаагч Д.М, Д.Д нарын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “С-О” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах ШТС-4 салбараар борлуулж буй “АИ-92” автобензинээс дээж авахдаа түгээгүүрийн хошуунаас 2 литрийг авч акт үйлдсэн, дээж авах ажиллагаанд түгээгч М.Д-ыг оролцуулсан зэргээр дээр дурдсан хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “дээж авсан процесс нь тодорхой бус, стандартын шаардлагыг баримталсан эсэх нь эргэлзээтэй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

         3. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан ямар шаардлагыг хангахгүй байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдаагүй байх бөгөөд улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлагыг зөрчөөгүй тул “хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, зөрчлийн нотлох баримт болох нотолгооны чадваргүй” гэж үзэхгүй.

         4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно” гэж зааснаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан тохиолдолд мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно” гэж зааснаар гомдол гаргах эрхтэй.

         Гэтэл зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ийн гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолд гомдол гаргаагүй байх тул “сорилт шинжилгээний үр дүнг шалгуулах, хууль тогтоомжид заасны дагуу эрхээ хамгаалах бүхий л боломжийг нь хязгаарласан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

         5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгохоор байх бөгөөд зөрчлийн хэрэг нээсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгасан сүүлийн өдөр болох 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зөрчлийг шийдвэрлэх зорилгоор шалгах ажиллагаа явагдана гэж ойлгох ба шийдвэр гаргах  хугацааг хамааруулаагүй байна.

          Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: 1.4 “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэдгийг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацаанд хуульд заасан ажиллагааг хийсэн боловч тухайн зөрчил болон зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн гэм буруу тогтоогдоогүй тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана гэж ойлгоно.

         Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссаны маргааш буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудас үйлдсэнийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байх тул “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн байсан, хуульд заасан хэм хэмжээг зөрчиж шийтгэл ногдуулсан” гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж заасан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Номин-Эрдэнийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/27 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан  илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0775 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН 

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН