Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/02633

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч  А..Ц нэхэмжлэлтэй

     

            Хариуцагч  У  холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 25.788.672 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А..Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..Э нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч А..Ц Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 00000 дугаартай “Тушаал”-аар “Хөдөлмөрийн гэрээ” цуцлагдсан.

            Ингээд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн “Магадлал”-аар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 000/0000/000 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 000000/0000 дугаартай “Тогтоол”-оор А..Цг  Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7.278.414 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмаар дэвтэрт бичилт хийх шүүхийн шийдвэр гарсан.

Мөн Монгол улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0/000 дугаартай Албан тоот бичгээр дээрх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй, эцэслэн шийдвэрлэгдсэн гэж Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өмгөөлөгч П.Е мэдэгдсэн. 

            А..Цг ажлаас халсан нь үндэслэлгүй болохыг шүүх тогтоож, Давж заалдах шатны болон Улсын дээд шүүхийн “Тогтоол”-оор нэг өдрийн дундаж цалин хөлсийг 89.856 төгрөгөөр тогтоосон байдаг. 

            Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 000/0000/00000 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 12 сарын хугацааны олговорт 17.730.726 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн.

            Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000000/0000 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамжаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинд 13.298.688 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн байдаг.

            Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-58 дугаартай Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Хууль зүйн албаны мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчаар томилсон тушаалын дагуу тус албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, ажилдаа орсон.

            Иймд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 287 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 25.788.672 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү, гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч А..Цг Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авсан. 

Нэхэмжлэгчид ажилд томилсон тушаал гарсныг мэдэгдсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Тушаал”-ыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А..Цг ажилд авсан шийдвэр хөдөлмөрийн холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн, “Тушаал”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдах журмаар гомдол гаргасныг хүлээн авч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус шүүхийн 00000 дугаартай Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А..Цг ажилд авсан тушаал  зөв байна гэж үзэж, Магадлал гарсан.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гээд гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны “Тогтоол”-оос А..Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж аваагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага ямар хуулийг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй.

Бидний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн гэж ойлгосон ба ажлаас хууль бусаар халагдсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал дэвтэрт бичилт хийнэ” гэж заасан.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Тушаал ажлаас хууль бусаар халсан биш, ажилд авсан тушаал. 

Нэхэмжлэгч тухайн үед ажлаа хийж байсан бол цалингаа авах байсан.

Ажилд авсан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй, цагийн бүртгэл хийгдээгүй, ажилдаа ирээгүй хүнд холбогдох хуулийн дагуу цалин олгох боломжгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт “тухайн шийдвэрийг мэдсэн буюу мэдсэн ёстой байсан  өдрөөс хойш 3 сарын дотор эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

        Нэхэмжлэгч А..Ц, хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 25.788.672 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

       

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилд авсан тушаал зөв байсан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.       

 

          Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

         

        Нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаартай Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 000/00000 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаартай Магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны “Тогтоол”-оор  А..Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.


        Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар, бичгийн баримтаас харахад, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгох, олгохгүй талаар маргаж байна.

 

         Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,…өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах…шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй.

 

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаартай Магадлал, Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0000 дугаартай Тушаалд заасны дагуу нэхэмжлэгч А..Ц 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчаар ажилдаа оржээ.

 

         Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000000 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

        Улмаар ажил олгогч 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгоогүй, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт дурдсан ажилд томилогдсон нь бичгийн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй.

 

         Шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо:

                 

        Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 89.856 төгрөгөөр тогтоосон тухайд талууд маргаагүй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хуанлийн тоололоор ажлын 280 хоног байна.

 

             -280 /хоног/ х 89.856 = 25.159.680 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628.992 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25.159.680 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 283.748 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,      116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замаас  ажилгүй байсан хугацааны 280 хоногийн цалин 25.159.680 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А..Цд олгож, үлдсэн 628.992 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч А..Цгийн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд даалгасугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.574 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 283.748 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА