Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01770

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01770

 

 

А.Цгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02633 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Цгийн хариуцагч МОХН УБТЗНхолбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25 788 672 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ц нь МОХН УБТЗНийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б-1-283 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлагдсан. А.Ц шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00175 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулсан 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 455 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00937 дугаартай тогтоолоор А.Цг МОХН УБТЗНийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 7 278 414 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмаар дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн. А.Цгийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг давж заалдах шатны болон Хяналтын шатны шүүхийн тогтоолоор 89 856 төгрөгөөр тогтоосон. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00817 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 12 сарын хугацааны олговорт 17 730 726 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102ШШ2020/02560 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинд 13 298 688 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн байдаг. МОХН УБТЗНийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-58 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь томилсон тушаалын дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилдаа орсон. Иймд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 287 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 25 788 672 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Цг хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь авсан. Нэхэмжлэгчид ажилд томилсон тушаал гарсныг мэдэгдсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А.Цг ажилд авсан шийдвэр хөдөлмөрийн холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн, тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус шүүхийн 00807 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А.Цг ажилд авсан тушаал зөв байна гэж үзэж, магадлал гарсан. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолоор А.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж аваагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага ямар хуулийг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замаас ажилгүй байсан хугацааны 280 хоногийн цалин 25 159 680 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цд олгож, үлдсэн 628 992 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Цгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 574 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 283 748 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Уг хугацаанд нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоохыг шүүхээс даалгасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд нэхэмжлэгч уг хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн. Дээрх хугацааны буюу 112 хоногийн ажилгүй байсан хугацааны 10 063 872 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгчийг тус нийгэмлэгийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч нэхэмжлэгч уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд шүүхээр маргалдаж асуудлаа шийдвэрлүүлсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалаар томилогдсон ажлын байранд ажиллаж эхэлсэн.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажиллаж эхэлсэн өдөр хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-аас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 175 хоногийн 15.724.800 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогч олгох ёстой гэж үзэн нэхэмжилсэн. Гэтэл уг хугацаанд нэхэмжлэгч ажилд томилогдсон байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр ажилдаа огт ирээгүй бөгөөд Замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалыг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон ямар нэг шийдвэр огт гараагүй.

Тус нийгэмлэгийн зүгээс нэхэмжлэгчийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалаар ажилд авсан байхад шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 25- аас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлаас үндэслэлгүй халагдаж буцаан тогтоогдсон мэтээр ойлгож Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхээс уг хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг үндэслэх хэсэгт зааснаас бус өөр хууль зүйн үндэслэл заагаагүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч МОХН УБТЗНхолбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй олговорт 25 788 672 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх1-2/

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МОХН УБТЗНээс ажилгүй байсан 280 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25 159 680 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Цд олгож, үлдэх 628 992 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /хх86-87/

 

Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож,

хариуцагч нь нэхэмжлэгч А.Цд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажлын 112 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 063 872 төгрөгийг олгож, ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх, холбогдох төлбөрийг зохих журмын дагуу төлөхөөр, нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгохоор шийдвэрлэсэн 25 159 680 төгрөгийн нэхэмжлэлийн 15 724 800 төгрөгөөс татгалзахаар, уг асуудлаар дахин шүүхэд хандахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ. /хх98/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч МОХН УБТЗН нь нэхэмжлэгч А.Цд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажлын 112 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 063 872 төгрөгийг олгож, ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх, холбогдох төлбөрийг зохих журмын дагуу төлөхөөр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 15 724 800 төгрөгөөс татгалзахаар, уг асуудлаар дахин шүүхэд хандахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, А.Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч МОХН УБТЗНхолбогдох 102/2021/1393/И тоот иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 748 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД