Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/02818

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г-д холбогдох,

 

гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                      

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.О миний бие “Д”  ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх 18/049А, 18/049Б гэрээ байгуулан хувийн орон сууц бариулахаар тохиролцон төлбөртөө өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол * дугаар байрны * тоот хаягт байршилтай, *4.4 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**********-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр болсон. Компанийн удирдлага нь бидэнд гэрээгээ байгуулмагц ажлаа эхэлнэ, бид найдвартай, манай менежерийн нэр дээр байраа шилжүүлмэгц бид ажлаа хийгээд өгнө гэрээтэй байхад асуудалгүй гэх зэргээр итгэл төрүүлэн, захирал Ц. Ц-гийн хэлснээр тус компанийн менежер гэх Г-д 2018 оны 6 дугаар сарын 29-нд орон сууцаа шилжүүлсэн. Гэтэл уг компани барилгын ажил гүйцэтгэх санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйн дээр надаас гэрээгээр халхавчлан, хууран мэхлэх замаар миний хөрөнгийг шилжүүлэн авсан. Тухайн үед хууль зүйн мэдлэг дутмаг итгэмтгий байдлаасаа болж тэдний хийсэн гэрээнд гарын үсэг зурсан. “Д” ХХК өнөөдрийг хүртэл байр барилга хийж гүйцэтгээгүй бөгөөд анхнаасаа хийх бодолгүй миний хөрөнгийг Д.Г авах зорилготой байсан гэдэг нь 2020 оны 4 дүгээр сард тодорхой болсон бөгөөд өмгөөлөгч нь “гэрээгээр чи өөрөө Гд шилжүүлсэн биз дээ” гэж хэлэх болсон. 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороо, /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай *4.4 м2 талбайтай, гэрчилгээний дугаар 00045*32, эрхийн улсын бүртгэлийн Ү-**********-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Энэ гэрээ нь бүхэлдээ хуурамч, надад иргэн Д.Гд худалдах сонирхол байгаагүй, гэрээний төлбөрт ямар ч мөнгө аваагүйн дээр анхны аман тохиролцоогоор байшин бариулах хүсэл зоригийг маань биелүүлэх, хийж гүйцэтгэх, барилгын ажил гүйцэтгэх санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйн дээр хууран мэхлэх замаар бусдын хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл болсон. Энэ талаар компанид холбогдуулан гомдол гаргахад гэрээ хүчин төгөлдөр байгаа гэхчилэнгээр тайлбарладаг болно. Нэгэнт Д.Г надад мөнгө төлж худалдаж аваагүй, өөр хүсэл зоригийг төөрөгдүүлж хийсэн хуурамч гэрээ байх тул энэхүү гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож өөрийн өмчлөх эрхээ сэргээх хүсэлтэй байна.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, миний Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороо, /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай *4.4 м2 талбайтай, гэрчилгээний дугаар 00045*32, эрхийн улсын бүртгэлийн Ү-**********-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх “Д” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зуслангийн амины орон сууц бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа 45,060,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сард өгсөн. Хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2 барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу амины орон сууцнуудыг нэхэмжлэгчид барьж өгөх үүрэгтэй байсан. Хоёр зуслангийн байрнуудыг барьж дуустал нэхэмжлэгч өөрийн орон сууцыг барьцаалах буюу баталгаа болгох байдлаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Хоёр амины орон сууцнуудыг барьж дуусгасан тохиолдолд өөрийн орон сууцаа төлбөрт нь өгөх байсан. Гэвч амины орон сууцнуудыг барьж дуусгаагүй, улмаар банкны барьцаанд тавьсан байна. Үүнийг нь нэхэмжлэгч бүр сүүлд олж мэдсэн. Тухайн үед “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ц гэх хүн “таны байшингийн барилгын материал ирэх гэж байгаа учраас яаралтай төлбөрийг нь өгөх хэрэгтэй байна. Цаана ОХУ-д байдаг компаниас төлбөрөө яаралтай өг гэж байна. Тиймээс таны орон сууцыг хурдан зарж мөнгө болгох хэрэгтэй” гэж удаа дараа ярьсан. Тэрээр “үл хөдлөх эд хөрөнгөө манай ажилтан Д.Ггийн нэр дээр шилжүүлчих” гэсэн учраас ийм гэрээ хийсэн. “Д” ХХК нь барилгын суурь цутгаад орхисон. Бид бараг жилийн дараа шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн явцад “Д” ХХК нь 45,060,000 төгрөгийн ажил хийсэн гэж маргаж үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний байгууллагаас хийсэн ажлыг нь 33,700,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг нь бид буруу, зөрүүтэй гэж бодож байгаа хэдий ч одоо бол байрныхаа өмчлөлийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байгаа учраас хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хариуцагч нь гэрээний дагуу эргэж ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй, бид гэрээнийхээ дагуу 228,000,000 төгрөг ч аваагүй. Тиймээс нэхэмжлэгч нь өгсөн зүйлээ буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм байдлаар нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, мөн зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар өөрийн орон сууцны өмчлөлийг буцаан авч, эрхээ сэргээлгэх хүсэлтэй байгаа гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед би “Д” ХХК-д борлуулалтын менежер, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгчтэй 2 барилгын ажил гүйцэтгэх буюу амины орон сууц бариулах гэрээ байгуулсан. Захиалга өгсөн дүнзэн байшингийн материал нь ОХУ-аас орж ирдэг байсан. Одоо маргаж байгаа орон сууцыг нэхэмжлэгч нь манайд өгсөн захиалгын төлбөрт тооцож өгсөн. Энэ талаар барилгын захиалгын гэрээнүүд дээр тусгагдсан байгаа. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг 1 м2 талбайг 1,900,000 төгрөгөөр тооцож, дээрээс нь нэг машины гражийг 22,000,000 төгрөгөөр тооцож гэрээний төлбөрт өгсөн. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг гэрээний баталгаа болгож өгөөгүй. Анхнаасаа л өөрийн байраа төлбөрт тооцож өгнө гэсэн. Урьдчилгаанд өгсөн 45,060,000 төгрөг нь суурийн ажлын төлбөр байсан учраас угаасаа бэлнээр өгөх шаардлагатай гэж анх тохиролцож гэрээгээ байгуулсан. Ер нь  маргаж байгаа орон сууцыг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх ёстой. Гэхдээ тухайн үед би өөрийн амьдарч байсан байраа компанидаа хөрөнгө оруулах журмаар өгсөн байсан. Компаниасаа байрны авлагатай байсан гэсэн үг. Тийм учраас манай захирал “чи байрныхаа оронд энэ орж ирэх байрыг авчих, чиний нэр дээр шилжүүлье” гэсэн. Уг нь “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд тэгээд дараа нь миний нэр дээр шилжүүлэх ёстой байсан. Гэхдээ татвартай холбоотой олон асуудал байдаг учраас явдал чирэгдэл бололгүй шууд миний нэр дээр шилжүүлэхээр болсон. Ингэж байр шилжүүлж авсны дараа “Д” ХХК нь “Голомт” банканд зээлтэй байсан дээрээ нэмж зээл авах гэхэд барьцаа хөрөнгө шаардлагатай байна гээд намайг шилжүүлж авсан байраа барьцаалчих гэсэн. Би тухайн үед дотор нь ажиллаж байсан учраас барьцаанд тавьсан. Миний хувийн зээл биш байгууллагаас авсан зээл, тухайн зээлтэй холбоотой эргэн төлөлт нь надад ямар ч хамаагүй. “Голомт” банкнаас нэмж зээл аваад Оросоос барилгын материал болох модоо захиалсан. Тухайн үед манай компанид дүнзэн байшингийн захиалга маш их байсан. Увс аймагт нэг захиалгын байшин баригдаж байсан. Эхний ээлжийн мод нь очоод барилгын ажил явагдаж байсан. Гэтэл сүүлийн тээвэрт явж байсан мод нь замдаа шатчихсан. Тэгээд нэхэмжлэгчийн байшинг барихаар захиалсан модоо Увс аймгийн захиалга руу оруулсан. Нэхэмжлэгч талаас гэрээг төөрөгдүүлж гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл тийм зүйл огт байхгүй анхнаасаа байраа төлбөрт өгнө гэж захиалгын гэрээн дээрээ тохирсон. Нэг ёсондоо бартер хийсэн гэсэн үг. Захиалгын гэрээн дээр төлбөрт тооцож ямар нэгэн эд хөрөнгө шилжүүлж болно гэж дурдсан байгаа. Ямар нэгэн байдлаар төөрөгдүүлсэн үйлдэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь дүр эсгэж хийсэн хэлцэл болон ноцтой төөрөгдүүлсэн гэсэн байна. Гэтэл хууль дээр ноцтой төөрөгдөл гэж юу вэ, дүр эсгэж хийсэн хэлцэл  гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Мөн дээрээс нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг баталгаа болгож хийсэн гэж байна. Энд баталгааны гэрээ огт байхгүй. Анхнаасаа төлбөрт тооцсон, анх байгуулсан гэрээн дээр төлбөр төлөх нөхцөлийг тодорхой дурдсан. Энэ маргаантай асуудлаар эрүүгийн журмаар шалгуулсан. Прокуророос үүнийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Д” ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд байраа өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд, бариулах гэж байгаа амины орон сууцны төлбөртөө өгч байжээ. Энэ нь “Д” ХХК-д урьдчилгаа төлбөр өгч, захиалгын гэрээ хийснээр тохиролцоонд хүрсэн гэдгээр харагдаж байна. Улмаар сар гаруй хугацааны дараа маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг “Д” ХХК-тай хамаарал бүхий этгээд болох хариуцагч Д.Г-гийн нэр шилжүүлж өгсөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон байна. Дараагийн үйл явдал нь байр орон сууцаа чөлөөлөөд хүлээлгэж өгсөн үйл явдал байна. Үүнийг харвал талууд тохиролцоонд хүрсэн буюу хэн аль нь хүсэл, зоригоо бүрэн илэрхийлсэн байна. Ингээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон талуудын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг харвал маргаан бүхий ороон сууцыг төлбөрт тооцож өгсөн байна. Дараагийн нэг эрх зүйн ач холбогдол бүхий үл явдал нь нэхэмжлэгчийн төлбөрт тооцож өгсөн буюу Д.Г-гийн нэр дээр шилжүүлсэн орон сууцыг “Д” ХХК нь хурдан мөнгө болгох зорилгоор гуравдагч этгээд болох банканд барьцаалсан явдал. Энэ бүх үйл явдлыг харвал захиалсан байрныхаа төлбөрт тооцож орон сууц өгсөн харилцаа байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа туйлбартай биш ойлгомжгүй тайлбарлаж байна. Нэг бол Иргэний хуульд заасан 56 дугаар зүйлд заасан үндэслэлийг дурдаад, нэг бол хүчин төгөлдөр бус эсхүл бүүр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ хууль зүйн үндэслэлүүд нь харилцан бие биенийгээ үгүйсгээд байна. Шүүхээс талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний цаад санаа, зорилгыг тодруулж байна. Энэ нь зүй ёсны хэрэг, нэхэмжлэгч талаас дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэсэн. Тэгвэл тэр халхавчлагдаад байгаа буюу цаана нь бодитоор хийсэн гэрээ, хэлцэл гэж байгаа. Тэр бодит гэрээний хүсэл зориг юу байсан бэ гэдгийг шүүх давхар анхаарч үзэх хэрэгтэй болов уу. Гэрээгээ худалдах, худалдан авах гэж нэрлэсэн байгаа хэдий ч тухайлсан гэрээндээ нөхцөл болзлуудыг тодорхой заасан зүйл байхгүй. Эргүүлэн худалдан авах, барьцаалж болохгүй эсхүл байшин ашиглалтад орвол эргүүлэн худалдан авна гэх мэт нөхцөл болзлыг дурдаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд болон бодит нотолгооны хувьд ч тэр үндэслэл бүхий нэхэмжлэл байж чадахгүй байна. Энэ маргаанд манайх хариуцагч талын байр суурийг дэмжиж оролцож байна. Тиймээс манай байгууллага хуулийн дагуу бүх шаардлагад нийцүүлэн гэрээ байгуулсан учраас манай барьцааны гэрээ хэвээр үлдэх ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед “Д” ХХК-д нярав хийдэг байсан. Манайх энэ байрыг төлбөрийн баталгаа гэж аваагүй. Захиалгын гэрээний дагуу бартераар авсан, хариуцагчтай адилхан байр суурьтай байгаа. Байрыг төлбөрийн бартерт тооцож өгсөн. Суурийн ажил хийгдсэн талаар нэхэмжлэгчийн ярьсан үйл баримттай маргахгүй. Одоо байрыг нь барьж өгөөд нэхэмжлэгчээс хурдан салмаар байна. Мөн Д.Ггийн ярьсан үйл баримттай маргахгүй байна. Д.Г манайхаас авлагатай байсан учраас нэхэмжлэгчийн төлбөрт тооцож өгсөн байрыг байгууллагаас Д.Гд авлагынх нь оронд өгсөн. Манайх нэхэмжлэгчийн захиалгын дагуу барилыг ажлыг эхлүүлж суурийн ажлыг хийж өгсөн. Ямар нэгэн байдлаар залилан мэхэлсэн зүйл байхгүй. Одоо бас манай байгууллага төлбөрийн чадваргүй болчихсон байгаа гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр П.О нь Д.Г-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр П.О нь эрхийн улсын Ү-**********-* дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай, *4.4 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Гд 228,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирчээ /хх5,6/.

 

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК болон П.О нар 18/0495 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “Д” ХХК нь 700м2 талбайтай газар дээр 90м2 талбайтай, Амины орон сууцны зориулалт бүхий ОХУ-ын наамал дүнзэн 2 давхар монсард бүхий барилгыг барьж захиалагч П.Од хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөрт нь 1м2 талбайг 1,900,000 төгрөгөөр тооцон *4.4м2 талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, 1 автомашины гаражийг 22,000,000 төгрөгт тооцож өгөхөөр харилцан тохирсон байна /хх54-58/.

 

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК болон П.О нар 18/049А тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “Д” ХХК нь 700м2 талбайтай газар дээр 59м2 талбайтай, Амины орон сууцны зориулалт бүхий ОХУ-ын наамал дүнзэн 2 давхар барилгыг барьж захиалагч П.Од хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөрт нь 1м2 талбайг 1,900,000 төгрөгөөр тооцон *4.4м2 талбай бүхий орон сууцыг өгөхөөр харилцан тохирсон байна /хх59-64/.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бөгөөд дээрх 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг үндэслэж бүртгэлийн байгууллагаас эрхийн улсын Ү-**********-* дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай, *4.4 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Ггийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээ олгожээ /хх115-122/.

 

2021 оны 01 дүгээр сарын *-ны өдөр нэхэмжлэгч П.О нь хариуцагч Д.Гд холбогдуулж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож,

эрхийн улсын Ү-**********-* дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай, *4.4 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай шаардлагыг гаргаж шүүхэд ханджээ. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2 барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу амины орон сууцнуудыг барьж өгөх үүрэгтэй байсан. Хоёр зуслангийн байрнуудыг барьж дуустал би өөрийн орон сууцыг барьцаалж 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Хоёр амины орон сууцнуудыг барьж дуусгасан тохиолдолд өөрийн орон сууцаа төлбөрт нь өгөх байсан. Гэвч амины орон сууцнуудыг барьж дуусгаагүй, улмаар банкны барьцаанд тавьсан байна. Ийм байдлаар нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, мөн зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар өөрийн орон сууцны өмчлөлийг буцаан авч, эрхээ сэргээлгэх хүсэлтэй” гэж тайлбарлав.

 

Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаасан ба мөн зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэжээ. 

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хэлцлийн талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хэлцлийн дагуу ямар нэг үр дагавар гаргахыг хүсдэггүй. Зөвхөн байгуулсан хэлцлээрээ гадагшаа дүр үзүүлэхийг урьтал болгодог.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэдэг нь уг хэлцлийг хэрэгжүүлэх, хэлцлийн дагуу эрх болон үүрэг хүлээх хүсэл зориггүй, уг хэлцлийнхээ дагуу ямарваа нэг үр дагавар бий болгохыг зорьдоггүй бөгөөд талуудын хооронд халхавчилсан мөн халхавчлуулсан хоёр хэлцэл хийгдсэн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл халхавчилсан болон халхавчлуулсан хэлцлийг хийсэн талууд нэг этгээд байх учиртай. 

 

Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал илрээгүй буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Харин Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасан. Тодруулбал, аливаа гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчээс өөр этгээдэд хүлээлгэн өгснөөр талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар боломж, нөхцөлийг хуулийн эдгээр заалтаар зохицуулжээ. 

 

Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч нь хоёр барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг “Д” ХХК-ийн заасан этгээд буюу Д.Г руу шилжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-гээр П.О нь эрхийн улсын Ү-**********-* дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай, *4.4 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Д” ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18/0495 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 18/049А тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдээр хүлээсэн үүрэгтээ тооцож, “Д” ХХК-ийн заасан этгээдэд үүргийг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна. 

 

Дээрх байдлаар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байна. Ийм учраас хариуцагч Д.Г-д холбогдох 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, эрхийн улсын Ү-**********-* дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай, *4.4 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай П.Оийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Г-д холбогдох 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, эрхийн улсын Ү-**********-* дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол /*374/, * дугаар байрны * тоот хаягт байршилтай, *4.4 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай П.О-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч П.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ