Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00372

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00371

 

П.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02818 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Г-д холбогдох,

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороо, /13374/, 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 134,4 м.кв талбайтай, гэрчилгээний дугаар 000455332, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Д.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, гуравдагч этгээд ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд ДХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороо, /13374/, 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 134,4 м2 талбайтай, гэрчилгээний дугаар 000455332, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэнэ.

П.О- нь ДХ ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх 18/049А, 18/049Б гэрээ байгуулан хувийн орон сууц бариулахаар тохиролцсон.Төлбөртөө өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр болсон. Компанийн удирдлага нь гэрээгээ байгуулмагц ажлаа эхэлнэ, найдвартай, манай менежерийн нэр дээр байраа шилжүүлмэгц бид ажлаа хийгээд өгнө гэрээтэй байхад асуудалгүй гэх зэргээр итгэл төрүүлэн, захирал Ц.Ц-ийн хэлснээр тус компанийн менежер гэх Д.Г-д 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр орон сууцаа шилжүүлсэн. Гэтэл уг компани барилгын ажил гүйцэтгэх санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйн дээр гэрээгээр халхавчлан, хууран мэхлэх замаар хөрөнгийг шилжүүлэн авсан. Гэрээ бүхэлдээ хуурамч, Д.Г-д худалдах сонирхол байгаагүй, гэрээний төлбөрт ямар ч мөнгө аваагүй, ажил гүйцэтгэх санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйн дээр хууран мэхлэх замаар бусдын хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл болсон.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Д.Г- нь ДХ ХХК-д борлуулалтын менежер, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгчтэй 2 барилгын ажил гүйцэтгэх буюу амины орон сууц бариулах гэрээ байгуулсан. Захиалга өгсөн дүнзэн байшингийн материал нь ОХУ-аас орж ирдэг байсан. Одоо маргаж байгаа орон сууцыг нэхэмжлэгч нь 1 м.кв талбайг 1,900,000 төгрөгөөр тооцож, дээрээс нь нэг машины гражийг 22,000,000 төгрөгөөр тооцож гэрээний төлбөрт өгсөн. Урьдчилгаанд өгсөн 45,060,000 төгрөг нь суурийн ажлын төлбөр байсан учраас угаасаа бэлнээр өгөх шаардлагатай гэж анх тохиролцож гэрээгээ байгуулсан. Ингэж байр шилжүүлж авсны дараа ДХ ХХК нь Голомт банкинд зээлтэй байсан дээрээ нэмж зээл авах гэхэд барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэж байраа барьцаалсан. Ямар нэгэн байдлаар төөрөгдүүлсэн үйлдэл байхгүй.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь ДХ ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд байраа өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд, бариулах гэж байгаа амины орон сууцны төлбөртөө өгч байжээ. Энэ нь ДХ ХХК-д урьдчилгаа төлбөр өгч, захиалгын гэрээ хийснээр тохиролцоонд хүрсэн гэдгээр харагдаж байна. Улмаар сар гаруй хугацааны дараа маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг ДХ ХХК-тай хамаарал бүхий этгээд болох хариуцагч Д.Г-гийн нэр шилжүүлж өгсөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон байна. Дараагийн үйл явдал нь байр орон сууцаа чөлөөлөөд хүлээлгэж өгсөн үйл явдал байна. Үүнийг харвал талууд тохиролцоонд хүрсэн буюу хэн аль нь хүсэл, зоригоо бүрэн илэрхийлсэн байна. Гэрээгээ худалдах, худалдан авах гэж нэрлэсэн байгаа хэдий ч тухайлсан гэрээндээ нөхцөл болзлуудыг тодорхой заасан зүйл байхгүй. Эргүүлэн худалдан авах, барьцаалж болохгүй эсхүл байшин ашиглалтад орвол эргүүлэн худалдан авна гэх мэт нөхцөл болзлыг дурдаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд болон бодит нотолгооны хувьд ч тэр үндэслэл бүхий нэхэмжлэл байж чадахгүй байна. Манай барьцааны гэрээ хэвээр үлдэх ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Манайх энэ байрыг төлбөрийн баталгаа гэж аваагүй. Захиалгын гэрээний дагуу бартераар авсан, хариуцагчтай адилхан байр суурьтай байгаа. Байрыг төлбөрийн бартерт тооцож өгсөн. Суурийн ажил хийгдсэн талаар нэхэмжлэгчийн ярьсан үйл баримттай маргахгүй.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Г-д холбогдох 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, эрхийн улсын Ү-2204069626 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 134.4 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай П.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч П.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

П.О- нь ДХ ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх 18/049А, 18/049Б гэрээ байгуулан, гэрээний төлбөрт орон сууц шилжүүлэн өгсөн. Дээрх орон сууцнаас гадна 45,060,000 төгрөгийг бэлнээр тус компанид 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тушаасан. Компанийн менежер гэх Д.Г-д 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр орон сууцаа шилжүүлсэн. Уг компани барилгын ажил гүйцэтгэх санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйн дээр гэрээгээр халхавчлан, хууран мэхлэх замаар хөрөнгийг Д.Г-гийн нэр дээр шилжүүлэн авсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээндээ арилжааны нөхцөлийг тусгаагүй, тусдаа худалдах худалдан авах гэрээг байгуулснаар энэ компани болон менежер нар нь хөрөнгийг завших сууриа тавьсан байсан. Д.Г- нь ямар ч төлбөр тооцоо хийгээгүй, мөнгө төлөөгүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Донж хаус компанид удаа дараа гомдол гаргасны дараа чанарын шаардлага хангахгүй барилгын суурь цутгасан боловч тэр нь ашиглах боломжгүй байсны дээр шүүхээс үнэлгээ тогтооход 33,717,000 төгрөгийн ажил гэж үнэлсэн. Компанид бэлэн мөнгөөр өгсөн 45,060,000 төгрөгийн ч тооцоонд оруулсан ч цаана Донж хаус компанийн зүгээс надад өглөгтэй байх бөгөөд энэ нь Д.Г-тай байгуулсан гэх луйврын гэрээг хүчингүй болгоход ямарваа байдлаар нөлөөлөх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заанаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч тал гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ биш учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд ГБ ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Маргаан бүхий орон сууц нэхэмжлэгчээс Д.Г-гийн өмчлөлд шилжиж, улмаар тус хөрөнгийг ГБ ХХК-д барьцаалахад ямар нэгэн асуудал байгаагүй. Шүүхээс маргаан бүхий орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлөөс хариуцагчийн өмчлөлд шилжих процесст хууль хэрэглээний зөрчил байгаа эсэхийг шийдвэрлэхдээ өмчлөх эрх шилжих үйл явцад зөрчил байгаагүй гэж дүгнэснийг дэмжиж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд ДХ ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч Д.Г-д холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороо, /13374/, 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 134,4 м.кв талбайтай, гэрчилгээний дугаар 000455332, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж өгөхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 229/

 

Хэргийн баримтаас үзэхэд П.О- нь ДХ ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх 18/049А, 18/049Б гэрээ байгуулан хувийн орон сууц бариулахаар тохиролцсон. /хх54-63/

 

Мөн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон Д.Г-д 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн талаар талууд тайлбарласан, энэ талаарх бичгийн гэрээ хэрэгт авагджээ./хх5/

 

ДХ ХХК нь нэхэмжлэгчийн захиалсан барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Мөн зохигчийн тайлбараас анх нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Д.Г- нь ДХ ХХК-д борлуулалтын менежер, нягтлан бодогчоор ажиллаж байсан байна. /хх229/

 

Хариуцагч Д.Г-гийн ... өөрийн байраа компанидаа хөрөнгө оруулах журмаар өгсөн, компаниас байрны авлагатай байсан. Гэхдээ татвартай холбоотой асуудал байдаг учраас явдал чирэгдэл бололгүй шууд Д.Г-гийн нэр дээр сууцыг шилжүүлсэн гэж тайлбарласныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДХ ХХК үгүйсгээгүй байна. /хх229 ар тал/

 

Зохигчдын байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд 228,000,000 төгрөг төлөгдсөн талаар дурдсан боловч уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Г- нь нэхэмжлэгчид төлөөгүйд талууд маргаангүй.

 

Мөн маргааны зүйл болох 00 тоот сууц ГБ ХХК-ийн барьцаанд байгаа үйл баримт тогтоогджээ. /хх143-146/

 

Зохигчид маргааны зүйл болох 00 тоот сууцыг ДХ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон Д.Г-гийн өмчлөлд шилжүүлсэн нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэг зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх юм.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь ДХ ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг талууд бичгээр буюу амаар байгуулж болно. Тухайн тохиолдолд талууд энгийн хэлбэртэй бичгийн гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээний төлбөрт тооцон өгөх зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хуульд заасан тусгай хэлбэрийг баримтлах үүрэгтэй юм.

 

Талууд ажил гүйцэтгэх хоёр төрлийн гэрээг бичгээр байгуулсан тул гэрээний бүхий л нөхцлийг түүний дотор төлбөрийн талаарх тохиролцоог, үүргийн гүйцэтгэлийг хэнд хэрхэн хүлээлгэж өгөхийг гэрээндээ бичгээр тохиролцох ёстой. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөхийн тулд бичгээр байгуулсан гэрээнд эрх бүхий этгээд нь хэн болох, хэнд хүлээлгэж өгөх, хүлээлгэн өгөх нөхцлийн талаар хүсэл зоригоо бичгээр илэрхийлж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Ажил гүйцэтгэх 18/049Б тоот гэрээний ажлын хөлсөнд 195,900,000 төгрөгт орон сууц бартердах, 255,300,000 төгрөг гэж бичсэн хэдий ч хэнд шилжүүлэх талаар заагаагүй. /хх54-57/

 

ДХ ХХК-ийн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн талаар талууд тайлбарласан хэдий ч бичгээр байгуулсан гэрээнд бичгээр энэ талаар заагаагүй Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг зөрчсөн.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх нь хуулиар тусгайлан тогтоосон хэлбэр шаардана. Зохигчдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 00 тоот сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь П.О-, ДХ ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх 18/049А, 18/049Б гэрээний төлбөрт тооцон авч байгаа агуулгатай гэж зохигч тайлбарласан. /хх228-231/

 

Өөрөөр хэлбэл, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 00 тоот сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь П.О-, ДХ ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх 18/049А, 18/049Б гэрээтэй холбоотой бол 18/049А, 18/049Б гэрээнүүдэд энэ талаар бичгээр тодорхой заасан байх шаардлага Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн агуулгаас урган гарч байна.

 

Мөн нэхэмжлэгч П.О-, ДХ ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх 18/049А, 18/049Б гэрээг ажил гүйцэтгэгч төлөөлөгч Д.Г-гаар дамжуулан байгуулсан.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. Нэхэмжлэгчийн өмчлөлийн 00 тоот сууцыг Д.Г-д шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлсэн баримтгүй, ДХ ХХК-ийн Д.Г-д олгосон итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргаагүй, хуулийн заалтыг зөрчжээ.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйл нь хэлцэлд төлөөлөх журмыг зохицуулсан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. ДХ ХХК-ийн нэрийн өмнөөс Д.Г- нь П.О-ийн 00 тоот сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах талаарх буюу итгэмжлэл, бичиг баримт хэрэгт авагдаагүй. Бичгээр үйлдвэл зохих дээрх хуулийн шаардлагууд зөрчигдсөн. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.

 

Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглох юм. Төлөөлөгч нь зарчмын хувьд өөртэйгөө хэлцэл хийх эрхгүй. Нэг этгээд хэлцлийн аль аль талд нөлөөлөхөөс сэргийлэх нь энэхүү зохицуулалтын зорилго юм. Учир нь аль аль талд нөлөөлсөн үед ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх юм. Зохигчдын хоорондын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул түүний үр дагаврыг арилгаж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороо, /13374/, 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, гэрчилгээний дугаар 000455332, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй.

 

Өмчлөгчөөр нэхэмжлэгч П.О-ийг бүртгэхийг хариуцагч Д.Г- болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн ... анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийн улсын Ү-2204069626 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, 97/3 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 134.4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч П.О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Г-д, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгасугай. гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Д.Г-гаас 1,297,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.О- олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,297,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД