Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/01756

 

 

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2021/01756

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х овогтой, С.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С овогтой, Ё.Х-д холбогдох,

           Зээлийн гэрээний үүрэгт 156.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л, түүний өмгөөлөгч Г.Б, Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, түүний өмгөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Л миний бие 2017 оны 11 дүгээр сарын 29-ний хариуцагч Ё.Х-тэй харилцан тохиролцож зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж, Ё.Х-д  80.000.000 төгрөгийг зээлдүүлж, түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, К.Энэбишийн өргөн чөлөө 76 дугаар байрны 04 тоотод байрлах 155 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж авсан. Зээл 80.000.000 төгрөгийг олгохдоо 1.200.000 төгрөгийг зээлдэгч Ё.Х-д  бэлнээр олгож, 78.800.000 төгрөгийг зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түүний дүү Ж.Б-ны Хаан банкны 5003812888 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхээс зайлс хийж, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 80.000.000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 24.000.000 төгрөг, гэрээний 2.6-д заасан алданги 52.000.000 төгрөг, нийт 156.000.000 төгрөгийг хариуцагч Ё.Х-ээс гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд

арьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Л , Ё.Х нар зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ уг 80.000.000 төгрөгийг Ё.Х нь хүлээж аваагүй бөгөөд Ж.Б-ны дансанд шилжсэн тул хариуцагч Ё.Х уг зээлийг хариуцахгүй юм. Тиймээс зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг зээлийг Ж.Б хариуцах болно гэв.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь

С.Л гийн нэхэмжлэлтэй, Ё.Х-д  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 156.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ё.ХС.Л нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч С.Л нь 80.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдэгч Ё.Х-д зээлдүүлэхээр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч С.Л нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.200.000 төгрөгийг бэлнээр зээлдэгч Ё.Х-д шилжүүлсэн, мөн зээлдэгч Ё.Х-ийн хүсэлтээр “...Ж.Б-ны Хаан банкин дахь 5003812888 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.800.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн” болох нь хавтас хэрэгт авагдсан С.Л , Ё.Х нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хүсэлтээр “...Ё.Х нь зээлж авсан 80 сая төгрөгийн 1.200.000 төгрөгийг бэлнээр аваад, үлдэгдэл 78.800.000 төгрөгийг Ж.Б-ны Хаан банкны 5003812888 тоот дансанд шилжүүлэхийг хүсэж байна” гэсэн баримт, Ж.Батсайхан, С.Л нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлээр “...Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.800.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 60.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5003812888 тоот дансаар авсан болно” гэсэн баримт, С.Л гийн Хаан банкин дахь 5006567228 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.Б-ны Хаан банкин дахь 5003812888 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Ж.Б-ны мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул зээлдүүлэгч С.Л г зээлдэгч Ё.Х-ийн өмчлөлд 80.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна гэж дүгнэв.   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлдээ “...80.000.000 төгрөгийн зээлийг Ё.Х-д шилжүүлж өгөөгүй тул хариуцахгүй” гэх боловч зээлдэгч Ё.Х-ийн хүсэл зоригийн дагуу зээлдүүлэгч С.Л нь 78.800.000 төгрөгийг Ж.Б-ны банкин дахь дансанд шилжүүлсэн, 1.200.000 төгрөгийг бэлнээр Ё.Х-д  шилжүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Ё.Х нь авсан зээлд 80.000.000 төгрөгийг, 6 сарын зээлийн хүүд /нэг сарын 5 хувийн хүүтэй/ 24.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул хариуцагч Ё.Х-ээс зээлд 80.000.000 төгрөг, хүүд 24.000.000 төгрөг, нийт 104.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л д олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай нийцэж байна.

Мөн гэрээний 2.6-д “гэрээний үүргийг биелүүлээгүй хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 104.000.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 52.000.000 төгрөгийг хариуцагч Ё.Х-ээс гаргуулан нэхэмжлэгч С.Л д олгох нь зүйтэй болно.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ё.Х-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 80.000.000 төгрөг, зээлийн хүү 24.000.000 төгрөг, алданги 52.000.000 төгрөг, нийт 156.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л д олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

            Ё.ХС.Л нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ээр Ё.Х нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө 76 дугаар байр, 4 тоотод байршилтай, 155.м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.Л д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ё.Х нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны гэрээний зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.Х-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 156.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Л-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ё.Х нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Ё.Х-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө 76 дугаар байр, 4 тоотод байршилтай, 155.м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Л-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 1.297.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ё.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1.008.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Л-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД