Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02431

 

 

 

     
     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 000 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Д /РД:УС00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

  Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д миний бие Хаан банк ХХК-иас 2012-2015 онд бизнесийн болон орон сууцны зээлийг өндөр хүүтэйгээр авч зээл болон зээлийн хүүг тогтмол төлж байсан боловч улс орны эдийн засаг, цаг үеийн байдлаас болж бизнесийн маань үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орж зээлээ төлж чадахгүй байдалд хүрч, Хаан банк ХХК-иас удаа дараа зээлээ төл гэж шаардсан боловч зээл төлөх үнэхээр боломжгүй байсан учраас банкны зүгээс зээл болон зээлийн хүүний төлбөрийг нэхэмжилж шүүхэд өгсөн. Ингээд Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрээр Б.Баярсайхан, Б.Д бид хоёроос 182,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Бидний зүгээс бизнесийн үйл ажиллагаа зогссон, зээл төлөх орлогогүй байсаар өнөөдрийг хүрсэн боловч банкны зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг албадан авах тухай шүүхийн захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний өмчлөлийн орон сууцыг хурааж, шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК гэх компанийг томилсон бөгөөд энэ компани нь орон сууцыг маань 192,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл миний энэ орон сууц нь хотын А зэрэглэл буюу 3,4 дүгээр хороололд байрлах өнөөгийн хамгийн ашигтай байрлалтай, 1м.кв талбайн үнэ нь 2,500,000-3,500,000 төгрөгөөр зарагддаг орон сууц билээ. Миний 93.3 м.кв талбайтай 3 өрөө байрыг зах зээлийн хамгийн доод үнээр буюу 1 м.квадратыг нь 2,500,000 төгрөгөөр бодоход 235,000,000 төгрөг болохоор байсан боловч үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь түүнээс даруй 40,000,000 төгрөгөөр бага үнэлсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын томилсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00А-000 тоот орон сууцыг 192,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрээр Б.Д, Б.Б нараас 182,651,320 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19250517 дугаартай тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 000 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 100000000 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1000000000 дугаар тогтоолоор хураасан.

Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 4/9832, 4/9831, 4/10322, 4/10323, дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 4/170 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж  дугаар байрны  тоот орон сууцыг 192,597,790 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14258, 4/14259 дугаар албан бичгээр талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.Д, Б.Б, өмчлөгч Б.Д нар нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй. гэж заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гарган 1 сарын хугацааг авч дуудлага худалдаанд оруулаагүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж дугаар байрны  тоот м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 000000дугаартай шийдвэрээр хариуцагч Б.Д, Б.Баярсайхан нараас 182,651,320.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 000 тоот 00,0м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/01038 дугаартай захирамжаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 102/ГХ2019/00115 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19250517 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Дын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 000 тоот 00,0м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авах талаар мэдэгдэл хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй байх тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Сэлэнгэ-эстимэйт ХХК нь нэхэмжлэгч Б.Дын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 00 дугаар байрны 000 тоот 000 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 192,597,790 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Сэлэнгэ эстимэйт ХХК нь тухайн орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Дын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 000 тоот 00,0м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 192,597,790 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Дын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 000 тоот 00,0м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА