Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00066

 

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00066

 

 

 

Б.Д-ын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Д-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банк ХХК-иас 2012-2015 онд бизнесийн болон орон сууцны зээлийг өндөр хүүтэйгээр авч зээл болон зээлийн хүүг тогтмол төлж байсан боловч улс орны эдийн засаг, цаг үеийн байдлаас болж бизнесийн маань үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрээр Б.Баярсайхан, Б.Д- бид хоёроос 182 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний өмчлөлийн орон сууцыг хурааж, шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК гэх компанийг томилсон бөгөөд энэ компани нь орон сууцыг маань 192 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл миний энэ орон сууц нь хотын А зэрэглэл буюу 3,4 дүгээр хороололд байрлах өнөөгийн хамгийн ашигтай байрлалтай, 3 өрөө байрыг зах зээлийн хамгийн доод үнээр буюу 1 м.кв нь 2 500 000 төгрөгөөр бодоход 235 000 000 төгрөг болохоор байсан боловч үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь түүнээс даруй 40 000 000 төгрөгөөр бага үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын томилсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 38А-404 тоот орон сууцыг 192 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрээр Б.Д-, Б.Баярсайхан нараас 182 651 320 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19250517 дугаартай тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040537 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 404 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250517/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19250517/05 дугаар тогтоолоор хураасан.

Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 4/9832, 4/9831, 4/10322, 4/10323, дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 4/170 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040537 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 404 тоот орон сууцыг 192 597 790 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/14258, 4/14259 дугаар албан бичгээр талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.Д-, Б.Баярсайхан, өмчлөгч Б.Д- нар нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гарган 1 сарын хугацааг авч дуудлага худалдаанд оруулаагүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 404 тоот 93,3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040537 дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний орон сууц хотын төвийн А зэрэглэлд байрлалтай зах зээлийн ханш 250-300 сая төгрөгийн үнэлгээтэй. Үнэлгээний тайлантай танилцахад мэргэжлийн хүн эсэх нь тодорхойгүй, хямд үнэлсэн байсан. Шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон байхад яагаад н.Отгонбаяр гэдэг хүн үнэлгээ хийгээд байгааг ойлгохгүй байна. Шинжээчээр Сэлэнгэ Эстимэйт ХХК-аас н.Отгонбаярт миний орон сууцыг үнэлэх эрх өгөөгүй байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Төлбөр төлөгч Б.Д-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Д-, Б.Ундралмаа нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040537 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 404 тоот 93,3 м.кв талбай бүхий орон сууцыг 192 597 790 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч НШШГГ- эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хариуцагч НШШГГ- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/02343 дугаар шийдвэрийн дагуу бичигдсэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 102/ГХ2019/00115 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны үндсэн дээр, төлбөр төлөгч Б.Д-, Б.Баярсайхан нараас 182 651 320,13 төгрөг гаргуулан төлбөр авагч Хаан банк ХХК-д олгох ажиллагаа явагдаж, барьцаалагдсан хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон байна. / хх-ийн 4-8, 55, 57-59, 65, 69 /

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Д-, Б.Баярсайхан, хамтран өмчлөгч Б.Ундралмаа нар үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийн саналаа гаргаж өгөөгүй, талууд харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/170 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 404 тоот 93,3 м.кв талбай бүхий орон сууцны үнэ, цэнийг 192 597 790 төгрөгөөр тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч болон хамтран өмчлөгч нарт хүргүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт нийцжээ. /хх-ийн 72, 74, 75, 77, 78, 81-113, 120-123 /

Нэхэмжлэгч уг орон сууц хотын төвийн А зэрэглэлд байрлалтай зах зээлийн ханш 250-300 сая төгрөгийн үнэ ханштай байхад 192 597 790 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулан жиших аргыг хослуулан хэрэглэж, уг эд хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгон авч харьцуулан жишилт хийж зах зээлийн үнэлгээг тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагч НШШГГ- барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 114, 115, 122/

 

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь үнэлгээчин Г.Отгонбаярт тус компанийг төлөөлж үнэлгээний тайланд гарын үсэг зурах эрх олгосон 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 51 тоот итгэмжлэл хэрэгт авагдсан байх тул Сэлэнгэ Эстимэйт ХХК-аас Г.Отгонбаярт миний орон сууцыг үнэлэх эрх өгөөгүй байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 113/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ