Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2021/2275

 

2021 оны 09 сарын 14 өдөр                         Дугаар 102/ШШ2021/02275                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ы А /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин байрлах, “О ” /РД:***/-д холбогдох,

 

27,014,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.А миний бие нь Орхон аймагт оршин суудаг бөгөөд Австрали улсад суралцах зорилгоор зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хэмээх “Э ” /Edu world/ гэх  “Олон улсын боловсрол хөгжлийн сан” төрийн бус байгууллагад хандсан. Хариуцагч  байгууллагын оффис нь *** тоотод байрлаж байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сард зөвлөх ажилтан А.А тай холбогдон анх очиж уулзсан. Уулзаж үзэхэд А.А нь “...бид олон жилийн туршлагатай, Хятад, Филлипин, Австрали, Америк руу оютан зуучилдаг, Монголдоо анх удаа визний зуучлалын үйлчилгээнд хариуцлагын тогтолцоог бий болгож виз гараагүй тохиолдолд төлсөн төлбөрийг бүтэн буцааж олгоно, мөн нэмж 5,000,000 төгрөгийн нөхөн олговор олгоно, тийм болохоор зөвхөн виз нь найдвартай гарахаар хүний материалыг л хүлээн авч гэрээ хийнэ, тэнцэхгүй хүнтэй гэрээ хийхгүй” гэсэн зүйлүүдийг ярьж өөртөө татсан. Ингээд тус байгууллагатай 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тус байгууллагын Хаан банкин дахь *** тоот дансанд “зөвлөх үйлчилгээний төлбөр” буюу сургуулийн бүртгэлийн хураамж, эхний сарын сурах бичгийн төлбөр, 24 долоо хоногийн сургалтын төлбөр, 1 жилийн эрүүл мэндийн даатгалын төлбөр, визний хураамж болон зөвлөх үйлчилгээний хөлс гэж 20,000,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Ийнхүү би өөрийн зүгээс визний материал болон мөнгөн төлбөрийг бүрдүүлж хүлээлгэн өгсөн. Гэвч хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Мөнгөө буцааж авж чадахгүй удсан учир Н.Мөрөнтэй өдөр болгон холбогдож мөнгө маань юу болсон тухай лавлаж буцаалтын мөнгө нэхсэн боловч үүний хариуд мөн л мөнгө орж ирээгүй байна хүлээж бай гэсэн хариуг өгдөг байсан. Ядаж бага багаар хийж өг гэхэд хариуцагчаас 500,000, 200,000 төгрөгөөр цувуулж нийтдээ 4,070,000 төгрөгийг одоогоор өгсөн. Хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сарын 07-нд холбогдон 300,000 төгрөн авсан бөгөөд дараа нь холбогдож юу болсон тухай лавлах гэтэл холбоо тогтоож байсан миний дугаар, фэйсбүүк мессэнжер, инстаграм чат зэрэг холбоо барих хэрэгслүүдийг маань блок хийж алга болон, холбогдох боломжгүй болоод байна. Ингээд миний бие дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний дагуу төлсөн 20,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 15,930,000 төгрөг;

2/ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний 2.4 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговорт 5,000,000 төгрөг;

3/ 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр О тай хийсэн хэлцлийн дагуу алданги 6,384,000 төгрөг гаргуулах.  

Гэвч би анх нэхэмжлэл гаргахдаа 20,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг буруу тооцоолсон учир 15,930,000 төгрөгөө 15,630,000 төгрөг болгон багасгаж байна. Иймд хариуцагчаас нийтдээ 27,014,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Миний бие өр зээлтэй хэцүү байгаа бөгөөд хариуцагч талд төлбөрийг минь буцаан өгөх хугацааг зөндөө олгосон. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх боломж байсаар байхад үүргээ биелүүлээгүй. Нэгэнт бидний байгуулсан гэрээ цааш үргэлжлэх боломжгүй учир нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ө.А гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжилж буй дүнг зөвшөөрөхгүй байна. Холбогдох төлбөр тооцоо, нотлох баримтуудыг шүүх хурлаас өмнө гаргаж өгнө гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч О тай 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ” байгуулсан байна.

 

Дээрх гэрээгээр О нь Ө.А г Австрали улсад хэлний бэлтгэлд суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уг үйлчилгээний хариуд Ө.А нь тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан “Зуучлалын гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзлээ. 

 

2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч О д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний дагуу төлсөн 20,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 15,930,000 төгрөг;

2/ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний 2.4 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговорт 5,000,000 төгрөг;

3/ 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр О тай хийсэн хэлцлийн дагуу алданги 6,384,000 төгрөг, нийт 27,314,000 төгрөг гаргуулах.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч “...тооцоолол буруу хийсэн” гэсэн шалтгаанаар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний дагуу төлсөн 20,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 15,930,000 төгрөгийг 15,630,000 төгрөг болгон багасгасан ба нийтдээ 27,014,000 төгрөгийг хариуцагчаас шаарджээ. 

 

Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...нэхэмжилж буй дүнг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна. 

 

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

1/ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний дагуу төлсөн 20,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 15,630,000 төгрөгийн шаардлага: 

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Тодруулбал, зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалттай.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс “...хариуцагчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон” гэсэн агуулгаар татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн гэж үзэхээр байна. 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтудаас үзэхэд хариуцагч нь гэрээний үүргийг тохирсон ёсоор биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Үүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн төлбөрийн үлдэгдэл болох 15,630,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

2/ 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний 2.4 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговорт 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага:   

 

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний 2.4 дэх хэсэгт “Суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй тохиолдолд зөвлөх үйлчилгээний төлбөрийг визний хариу гарснаас хойш ажлын 30 хоногт багтаан ямар нэг суутгал, шимтгэлгүйгээр буцаан олгоно. Мөн 5 сая төгрөгийн нөхөн олговорыг визний хариу гарснаас хойш 2 сарын дотор суралцагчид олгоно” гэж, 2.5-д “Суралцагч хуурамч материал өгсөн, өөр улсад харласан, визний зөрчил гаргасан, худлаа мэдээлэл өгснөөс үүдэж визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцална” гэжээ. 

 

2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч О болон нэхэмжлэгч Ө.А нар “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ...элчин сайдын яамнаас татгалзсан хариу өгсөн. 20,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр буцаан олгоно. Төлбөрийг буцаан олгоогүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно” гэсэн бичгийн тохиролцоог хийжээ. 

 

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.   

 

Харин Иргэний хуулийн 236 дугаар зүйлд ямар үндэслэлээр үүрэг дуусгавар болохыг заасан ба мөн зүйлийн 236.1.3-т “Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэжээ. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бичгийн гэрээнд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Австрали улсад суралцуулах гэрээ”-ний төлбөрт 20,000,000 төгрөгийг буцаан төлөх асуудлыг тохирсон, харин уг гэрээний 2.4-т заасан 5,000,000 төгрөг авах талаарх тохиролцоо байхгүй байна. Иймд хариуцагчаас 5,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.

 

3/ 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр О тай хийсэн хэлцлийн дагуу алданги 6,384,000 төгрөг гаргуулах шаардлага:  

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч О болон нэхэмжлэгч Ө.А нарын хооронд хийгдсэн хэлцэлд талууд алдангийн талаар бичгээр тохирсон.  Дээр дурдсанчлан хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ буюу гэрээний зүйлийг хугацаанд нь нэхэмжлэгчид шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэгэнт талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар бичгээр тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Ийм учраас хариуцагчаас гэрээний дагуу тохирсон алданги болох 6,384,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О гаас 22,014,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О гаас  268,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.А д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ