Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2021/01737

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/02275 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.А-гийн хариуцагч О У Б Х С-д холбогдуулан гаргасан 27 014 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.А- миний бие Австрали улсад суралцах зорилгоор Олон улсын боловсрол хөгжлийн сан төрийн бус байгууллагад хандсан. Тус байгууллагатай 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тус байгууллагын Хаан банк ХХК дахь 5176022529 тоот дансанд зөвлөх үйлчилгээний төлбөр буюу сургуулийн бүртгэлийн хураамж, эхний сарын сурах бичгийн төлбөр, 24 долоо хоногийн сургалтын төлбөр, 1 жилийн эрүүл мэндийн даатгалын төлбөр, визний хураамж болон зөвлөх үйлчилгээний хөлс гэж 20 000 000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Гэвч хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагчаас 500 000 төгрөг, 200 000 төгрөгөөр цувуулж нийт 4 070 000 төгрөгийг буцааж өгсөн. Хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сарын 07-нд холбогдон 300 000 төгрөн авсан бөгөөд үүнээс хойш холбогдох боломжгүй болсон. Иймээс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Австрали улсад суралцуулах гэрээ-ний дагуу төлсөн 20 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 15 930 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мөн гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговорт 5 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр О У Б Х Стай хийсэн хэлцлийн дагуу алданги 6 384 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Гэвч би анх нэхэмжлэл гаргахдаа 20 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг буруу тооцоолсон нэхэмжлэлийн шаардлагаа 15 630 000 төгрөг болгон багасгаж байна. Иймд хариуцагчаас нийтдээ 27 014 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.А-гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Холбогдох төлбөр тооцоо, нотлох баримтуудыг шүүх хурлаас өмнө гаргаж өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О У Б Х Сгаас 22 014 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О У Б Х Сгаас 268 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: О У Б Х С ТББ нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ө.А-тай Австрали улсад суралцуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.5-д заасны дагуу хуурамч материал өгсөн, худал мэдээлэл өгснөөс үүдэн визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцална гэж гэрээнд заасан. Австрали улсад 1 жил суралцах санхүүгийн боломж, баталгааг хангах баримт нь үндэслэлгүй худал байсан нь суралцагчийн зүгээс виз авах боломжоо өөрөө үгүйсгэсэн байна. Манай байгууллага нь Авсрталийн Astley English College сургуульд Ө.А-гаас шилжүүлсэн төлбөрийг цааш шилжүүлсэн бөгөөд тус улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч олон оюутнууд сургалтын төлбөрөө зэрэг татсанаас үүдэн буцаан шилжилт удааширсаар өнөөдрийг хүрсэн. Талуудын байгуулсан гэрээний 2.5-д виз авч чадаагүй тохиолдолд зөвлөх үйлчилгээний хөлсийг буцаан олгохгүй гэж заасан ч гэсэн манай байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэл 4 070 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү үзлэгээр хариуцагч гэрээний дагуу ямар ажил хийсэн эсэх, төлбөр хаана, хэнд төлөгдсөн эсэх, нэхэмжлэгч гэрээгээ зөрчсөн ямар үр дагавартай эсэх, Австрали улс дахь сургуулиас хариуцагчид ямар албан хариулт ирсэн эсэхийг тогтоох зорилготой нотлох баримтын ач холбогдолтой байсан. Гэвч шүүхээс уг хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн маргааны бодит байдлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлээгүй тул тус иргэний хэргийг хуульд нийцүүлэн, үнэн бодитой шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрзэний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээний 1.1-д заасан агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан. Хариуцагчийн зүгээс шаардлагатай бүх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж гэрээний зүйлийн биелэлт хойшилсон. Талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийн үр дагаварт ихэнх хэсэгт нэхэмжлэгч Ө.А- буруутай бөгөөд хариуцагч болох О У Б Х Сгийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг үндэслэсэн хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. О У Б Х С гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд визний асуудал нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг үндэслэж алданги тооцсон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч О У Б Х Сд холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Австрали улсад суралцуулах гэрээ-ний дагуу төлсөн 20 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 15 930 төгрөг, нөхөн олговорт 5 000 000 төгрөг, алданги 6 384 000 төгрөг, нийт 27 314 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 27 014 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунболдоос нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан албан ёсоор виз мэдүүлдэг online.immi.gov.au вэб сайт болон [email protected] цахим хаягт ямар материал бүрдүүлсэн, ямар ажил гүйцэтгэсэн, мөн Австралын Astrey English college-с цар тахлаас улбаалан ямар албан хариуг хариуцагчид өгсөн эсэхийг тогтоолгохоор шүүхийн журмаар үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг хэрэгт ач холбогдолгүй гэж анхан шатны шүүх дүгнэн хангахаас татгалзсан нь үндэслэл муутай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй.

 

Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Түүнчлэн, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, нэмэлт нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарсан байна. /хх 72-73/ Хэргийн баримтаас үзвэл хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунболд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ Covid-19 цар тахлын аван Увс аймагт эмчлүүлж байгаа тухай баримт /хх 93/ ирүүлснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй. Маргааны үйл баримтыг нотлох баримтад тавигдах шаардлагыг тогтоосон уг заалтын шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа шалтгаанаа тайлбарласан зохигчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ төсөөтэй хэрэглэсэн нь учир дутагдалтай болжээ.

Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй боловч шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

Дээрх байдлаар хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох болон нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/02275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН