Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/03189

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадоржийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

331,528,922 /гурван зуун гучин нэгэн сая таван зуун хорин найман мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., хариуцагчийн өмгөөлөгч С.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... ХХК-тай 10/27, 10/28 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамжид орших Ү-... улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот орон сууцны барилга, Ү-... улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот орон сууцны дуусаагүй барилгыг тус тус худалдан авсан. Манай компанийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлэлцээр байгуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны дагуу шилжүүлж авсан бөгөөд өөрийн зардлаар хөрөнгө оруулалт хийж, дутуу баригдсан хоёр барилгыг барьж дуусган улсын комисст шалгуулан, барилгыг ашиглалтанд оруулсан. Тухайн үед ... ХХК-ийн зүгээс манайд хандан өмнө нь орон сууц захиалж төлбөрөө төлсөн гэх 10 иргэнийг орон сууцанд оруулж өгөөд, төлбөрөөсөө хасч тооцох хүсэлтийг хавсралтын хамт ирүүлсэн бөгөөд бид хавсралтад дурдсан....  нарын 10 иргэдийг байранд нь оруулж, ... ХХК-д төлөх барилгын нийт төлбөрөөс хасч тооцсон.

Гэтэл 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ч.... гэх хүн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийгөө 2008.11.12-нд ... ХХК-тай гэрээ байгуулж 38 дугаар байрны 15 давхрын 110.68 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч төлбөрөө төлсөн боловч тухайн байр ... ХХК-д зарагдсан, уг захиалсан байрыг иргэн .... нарт 166,020 ам.доллар буюу 329,722,360 төгрөгөөр худалдсан учир хохирлоо энэ хэмжээгээр тооцон гаргуулна гэж шаардсан байдаг. Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 416 тоот тогтоолоор манай компаниас 329,722,360 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,806,562 төгрөгийг мөн гаргуулж Ч....т олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоолын Хянавал хэсэгт ... ХХК нь бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж онцлон тэмдэглэсэн. ... ХХК нь иргэн Ч.... гэх хүн гэрээ байгуулж орон сууц захиалсан гэдгийг манай компанид анхнаасаа мэдэгдээгүй, 2012.11.20-ны өдрийн орон сууцанд оруулж өгөх тухай 114/2012 тоот хүсэлтийн хавсралтад Ч....ын нэр огт байхгүй юм. ... ХХК нь 37, 38 дугаар барилгыг ... ХХК-иас худалдаж авахдаа дээрх 10 хүний төлбөрийг хасч тооцоод, бусад төлбөрийг бүрэн төлж дууссан байтал Улсын дээд шүүхийн 416 тоот тогтоолын дагуу иргэн Ч....т орон сууцны үнэ 329,722,360 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт өгснөөр давхар мөнгө төлж хохирч байгаа болно. Иймд уг 331,528,922 төгрөгийг бид ... ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., өмгөөлөгч Ц.... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч ... ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дутуу баригдсан 2 барилгыг Улсын бүртгэлий нгазраас лавлагаа авч, ямар нэг маргаангүй гэсний дагуу худалдаж авсан. Гэвч 2011 оноос ... ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу хамтарч барилгыг барьж байсан ... ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан төлбөр төлж хохирсон иргэдийн тухай мэдэх болсон. Тэдгээр хохирогчид нь бидний барилгын ажилд саад учруулж байсан бөгөөд, ... ХХК-иас манайд хүсэлт гаргасны дагуу тийнхүү хохирсон гэх 10 иргэний орон сууцны асуудлыг бид харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Гэтэл 2013 оны 4 сард Ч.... гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд, 3 шатны шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ манай компаниас 329,722,360 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид 1,806,562 төгрөгийг тус тус гаргуулан Ч.... олгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс манай компанийг Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн. ... ХХК-иас уг хохирлыг шаардаж буй шалтгаан нь тус компани уг иргэний тухай худалдан авагч тал болох бидэнд мэдээллээгүйгээс ийм нөхцөл байдал үүссэн учир хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс Ч....ыг хохирогчоор тогтоогдсоныг сүүлд мэдсэн мэт тайлбарлаж байгаа боловч ... ХХК-ийн захиралд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгч байсан учир мэдээгүй байх учиргүй. Худалдах, худалдан авах гэрээн дээр хэн ямар цаг хугацааны хохирлыг хариуцах талаар заасан. 2012 оны 11 дүгээр сарын албан тоотоор мөн тэд хохирлыг хариуцна гэдэг. 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хурлын тэмдэглэл нь гэрээ биш юм. Иргэний хуулийн 247.1 дэх хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээс хойшхи хугацааны асуудал хамаарах бөгөөд, хөөн хэлэлцэх хугацааны тухайд шаардах эрх хэзээ үүссэнээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Бид анх Ч.... гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ талаар мэдсэн. 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... ХХК болон орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэдийн түр холбооны байгуулсан Хамтран ажиллах гэрээний гол зорилго нь тухайн 2 барилгыг цааш саадгүй барих зорилготой байсан. Энэ гэрээгээр захиалагч нар эрүү, иргэний журмаар гомдол нэхэмжлэлээ татаж авахаар тохирсон байдаг ба, энэ гэрээнд ... ХХК ямар ч хамаагүй юм. ... ХХК нь Ч....ын хохирлыг хариуцах үндэслэлгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хохирсон гэдэгтэй маргахгүй байх шиг байна. Харин хариуцагчаа буруу тодорхойлсон л гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн Ч....той холбоотой маргаанд манай компани хамааралгүй гэдгийг нэхэмжлэгч маш сайн мэдэж байгаа. Учир нь энэхүү маргаантай холбоотой хэргийг анх Ч.... 2013.4.08-ны өдөр шүүхэд ... ХХК болон ... ХХК-иудад холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2016.4.26-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Улсын дээд шүүхийн 416 тоот тогтоолын Хянавал хэсэгт ... Ч....ыг ... ХХК-тай барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, ... ... ХХК дутуу баригдсан барилгыг 2010.12.11-ний өдрийн 10/27, 10/28 дугаар худалдах, худалдан авах гэрээг ... ХХК-тай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг ... ХХК-д худалдаж ... Ч....ын 2008 онд захиалсан байранд хамаарах эрх бүхий этгээд нь ... ХХК байна гэж маш тодорхой дүгнэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Ч.... ... ХХК нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, Ч.... ... ХХК нарын хооронд байгуулсан гэрээг манай компани мэдээгүй байна гэдгийг дүгнэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг өөр бусад этгээдээр төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим алдагдаж, бусдын хүлээх хариуцлагыг өөр этгээдээр хүлээлгэхээр гаргасан хууль бус нэхэмжлэл гаргажээ.

10/27, 10/28 тоот гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн 37, 38 тоот блокуудтай холбоотой эрх, үүрэг хариуцлага нь Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2-т шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ гэж заасны дагуу бүгд худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжсэн боловч манай зүгээс хоёр компанийн бизнесийн цаашдын үйл ажиллагааг тэргүүн ээлжинд тавьсны дагуу орон сууц захиалж төлбөрөө төлсөн гэх 10 иргэний төлбөрийг худалдсан төлбөрөөсөө хасч тооцон эрсдлийг хүлээсэн бөгөөд цаашид хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдсон иргэдийн хохирлыг ... ХХК бүрэн хариуцна гэдгийг талууд тохиролцсон. Нэхэмжлэлийн утгад ... ХХК нь бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасныг үндэслэжээ. Гэтэл Ч.... нь ... ХХК-тай 2008.11.12-ны өдөр Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээг манай компанид мэдэгдэлгүйгээр байгуулж, улмаар Ч....оос ... ХХК нь 3 төрлийн автомашин авсан нь Замын цагдаагийн газрын бүртгэл мэдээллээр тогтоогддог. Ч....оос үүссэн төлбөрийн асуудлыг ... ХХК хариуцах нь тодорхой харагддаг бөгөөд, манай компани нь маргаан гарсан тохиолдолд ... ХХК-ийг төлөөлөх эрх, үүргийг хүлээн авсан зүйл байхгүй. Иймд Ч.... нь орон сууц захиалж, түүний үнийг ... ХХК-д төлсөн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу ... ХХК-иас учирсан хохирлоо шаардахаар байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., өмгөөлөгч С.... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХХК-ийн энэхүү нэхэмжлэл нь ... ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээр Ч....той байгуулсан гэрээг мэдээгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар яг адил хугацаанд Ч....ын талаар мэдсэн байдаг. Нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад шаардлага гаргаж буй нь хуульд нийцээгүй. Худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасныг үндэслэж шаардаж байна гэдэг. Гэтэл энэ асуудлыг иргэний журмаар өмнө шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь үндэслэл болгон тайлбарлаж байсан бөгөөд энэ талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн. 2010 оны 12 дугаар сарын 11-ний хурлын тэмдэглэлээр хэлцэл хийгдсэн байгаа. Уг хэлцлээр ... ХХК хариуцна гэж заасан. Иргэний хуулийн 247.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж үзэж байна. Мөн гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсантай холбоотой шаардсан гэвэл Иргэний хуулийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацаа дууссан учир нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тогтоолын тухайд Ч.... гэдэг хүн хэнтэй гэрээ байгуулсан, хэнд мөнгө өгсөн гэдэг нь харагдаж байгаа тул нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. 2010 оны 10 дугаар сарын 31-нд ... холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. ...-д мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд 2 хэргийг нэгтгээд, сүүлд нь хэрэгсэхгүй болгохдоо ...д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Зарим яллагдагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолын талаар ...өөс өөр бусдад мэдэгдэх талаар заагаагүй, харин ... холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоход хохирогчдод ...Ч.... байсан. Нэхэмжлэгч тал хохирсон гэдгээ нотлож чадаагүй. Бидний зүгээс нэхэмжлэгчийг хохирсон гэж үзээгүй. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар нэхэмжлэгч талыг хохирсон гэж үзэх үндэслэлгүй. ... ХХК нь иргэн Ч....той гэрээ байгуулаагүй. Ч....ын талаар мэдсэн боловч худалдан авагч талд мэдэгдээгүй гэдэгт хариулахад: талууд гэрээ байгуулахад болон, орон сууц захиалагчид хохирогчоор тогтоогдох явцад Ч.... хохирогчоор тогтоогдоогүй байсан бөгөөд 1 жилийн дараа тогтоогдсон байдаг. 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалагч иргэдийн түр холбоотой Хамтран ажиллах гэрээ болон манай 2 байгууллагын хооронд албан бичгээр харилцсан захиалагчдын жагсаалтад ч байгаагүй. Д.... шүүгчийн захирамжаар 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тухайн маргаан бүхий орон сууцыг бусдад худалдахгүй байхыг даалгаж битүүмжилсэн гэдгийг ... ХХК мэдэж байсан боловч 2013 оны 10 дугаар сард н... гэх 2 хүнд худалдсан байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл ... ХХК-д 2010 оны 12 дугаар сарын 16-нд шилжсэн байсан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Гэрээний төлбөрт 7 байр өгнө гэсэн ч өгөөгүй, өмчлөлд авсан байшин байхгүй, 255 айлын орон сууцнаас 20 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олсон байх боломжтой юм. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-ийг тэдний хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлсний улмаас худалдан авагч тал буюу нэхэмжлэгч нь бусдад 331,528,922 төгрөг төлж хохирсон учир уг хохирлыг ... ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гарган шаарджээ.

Хариуцагч ... ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагыг Худалдах, худалдан авах гэрээний дагуу болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан учир шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарлан маргасан.

Зохигчид 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10/27, 10/28 тоот Худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулж, тэдгээр гэрээнүүдээр худалдагч ... ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн .... хувийн гүйцэтгэлтэй 38 тоот, 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот орон сууцны барилгыг тус тус ... ХХК-д худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлэн, худалдан авагч нь барилгыг өөрийн өмчлөлд хүлээн авч, гэрээнд заасан нөхцлийн дагуу барилгын үнийг төлөх үүргийг тус тус хүлээж, талууд гэрээг баталгаажуулан хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлснээр тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх 11-16/

Дээрх гэрээний дагуу худалдагч тал нь гэрээний зүйл болох 37, 38 тоот орон сууцны барилгуудын Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг акт үйлдэн худалдан авагч талд хүлээлгэн өгч, холбогдох материалуудыг мөн хүлээлцсэн байх бөгөөд, улмаар 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл худалдан авагч ... ХХК-д шилжиж, тус компани хөрөнгө оруулалт хийснээр дутуу баригдсан хоёр барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулжээ. /хх 14, 17, 21-24, 149, 150-155/

Гэрээ байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр талууд хуралдаж гаргасан Хурлын тэмдэглэл гэх баримтаар худалдагч ... ХХК-тай 2008 онд Хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээний зүйл болох орон сууцны хоёр барилгыг барих ажлыг гүйцэтгэж байсан ... ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийн төлбөр төлж хохирсон нэр бүхий 12 иргэний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна./хх 59/

Тэрхүү Хурлын тэмдэглэл-ээр худалдан авагч ... ХХК нь нэр бүхий 12 захиалагч нартай ... ХХК-тай хийсэн албан ёсны гэрээ, ... ХХК-иас баталгаажуулсан нэрс зэргийг үндэслэн шинэчлэн гэрээ байгуулах ажлыг дангаар хариуцахаар тохиролцон, улмаар: ... иргэдийн хохирлыг ... ХХК бүрэн хариуцах-аар талууд хэлэлцэн тохиролцож, талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зуран, байгууллагын тамга дарж баталгаажуулжээ.

Хариуцагч ... ХХК-ийн зүгээс дээрх Хурлын тэмдэглэл гэх баримтыг талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ гэж тайлбарласан бол нэхэмжлэгч ... ХХК түүнийг зөвхөн уулзалтанд яригдсан зүйлийг тусгасан хурлын тэмдэглэл бөгөөд гэрээнд оруулсан нэмэлт биш гэж тайлбарлан няцаасан.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу болон, талуудын хооронд байгуулагдсан 10/27 тоот гэрээний 7.2, 7.3 дахь хэсгүүдэд зааснаар дээрх Хурлын тэмдэглэл-ийг Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2 дугаарт: Гэрээ байгуулсан бичиг баримт нь хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдсон иргэдийн хохирлыг ... ХХК бүрэн хариуцах нь зүйтэйг хэлэлцэж талууд тохиролцов гэж заасан нь уг тохиролцоонд тусгагдсан нэр бүхий 12 захиалагч иргэнд хамааралтай бөгөөд, тухайн заалтыг үндэслэн ... ХХК нь иргэн Ч....ын төлбөрийг бүрэн хариуцна гэж тайлбарлах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөнд тусгагдсан 12 иргэн нь маргаан бүхий 38 дугаар орон сууцыг ... ХХК-тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу тус компанид төлбөр төлж хохирсон иргэд ба, уг компанийн захирал ... холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар үүсгэгдсэн эрүүгийн хэрэгт хариуцагч ... ХХК-ийн захирал ...гийн хамт хохирогчоор тогтоогдсон иргэд болох нь тэднийг хохирогчоор тогтоосон тогтоол, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 102, 104-107, 110-112, 115-116, 118-119/

Талууд гэрээ байгуулж, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр байр захиалан хохирсон иргэдийн хохирлын асуудлыг шийдвэрлэх хугацаанд худалдагч болон худалдан авагч тал хэн аль нь иргэн Ч....ын талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч....ыг болон бусад орон сууц захиалагчдыг хохирогчоор тогтоосон тогтоолоор нотлогдох боловч уг жагсаалтад орсон Э.О, С.... нарыг дээрх хохирогчдоос хойш буюу нэмэлт гэрээ байгуулах үед эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогоогүй байжээ. /хх 99, 102, 124, 131/

Хэдийгээр дээрх 2 иргэн гэрээ байгуулах үед Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй байсан боловч хариуцагч ... ХХК болон Бэгдү орон сууцны хорооллын Б блок /38 дугаар байр/-т захиалгын гэрээ байгуулсан иргэдийн түр холбоонд нэгдсэн захиалагчид-тай байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, уг гэрээний хавсралт зэргээр орон сууц захиалж хохирсон иргэдийн тоонд хамрагдсан гэж үзэх боломжтой байна. /хх 187/

... ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулан төлбөр төлж хохирсон дээрх иргэдээс гадна Ч.... /Ч....ын дүү/, ...  зэрэг иргэд ... ХХК-ийн захирал ... холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байх боловч энэ талаар худалдан авагч ... ХХК мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан, түүнчлэн, худалдагч ... ХХК-ийг уг хэрэгт хохирогчоор оролцсон учир мэдсэн ч худалдан авагчид мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлан маргасан.

Хариуцагчийн зүгээс иргэн Ч....ыг уг хэрэгт хохирогчоор оролцсон талаар мэдэж байсан боловч түүний хохирсон эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд, тэднийг албан ёсоор хохирсон гэж эцэслэн шийдвэрлээгүй, орон сууц захиалагчдын нэрсийг гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Нэгэнт талууд гэрээ байгуулж, гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлэх явцад энэ талаар талууд хэн аль нь мэдэх боломжгүй байсан нь тогтоогдсон ба, 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... ХХК-иас гаргасан албан бичиг, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн жагсаалт зэргийг үндэслэн нэр бүхий 10 иргэнийг орон сууцанд оруулж, төлбөрөөс хасч тооцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Ийнхүү 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27, 20/28 тоот худалдах, худалдан авах гэрээнүүд биелэгдсэний дараагаар буюу 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ч.... гэгч нь ... ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан ... ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн Барилгын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ-ний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад, Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн .... тоот тогтоолоор Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний зүйлийг өмчлөх эрхийг эзэмшиж байгаа этгээд буюу ...и ХХК-иас 329,722,360 төгрөгийг гаргуулан Ч....т олгож шийдвэрлэжээ. /хх 27-45/

Дээрх тогтоолоор Ч.... болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох 38 тоот барилгын 15 давхрын 4 өрөө бүхий 110,68 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхийг ... ХХК эзэмшиж байгаа учир тус компаниас орон сууц, түүний үнийг нэхэмжлэх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн үндсэн зарчимд харшлахгүй гэж дүгнэсэн бөгөөд, уг хэрэгт ... ХХК болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан 10/27, 10/28 дугаар худалдах, худалдан авах гэрээ хамааралгүй учир ... ХХК нь бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад уг тогтоол саад болохгүй гэж дүгнэсэн байна.

Хариуцагчаас уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй учир шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж тайлбарлах боловч дээрх байдлаар шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн, нэхэмжлэгч нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу, уг гэрээнээс учирсан хохирол шаардсан тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхолохдоо хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ...эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, бусдад төлбөртэй байсан буюу эрхийн доголдолтой хөрөнгийг худалдан авагчид мэдээлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд, худалдан авагч нь энэ талаар 2013 онд мэдсэн учир худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо барагдуулуулахаар Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар шаардсан гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт: худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасны дагуу талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулах болон гэрээний үнийн талаар харилцан тохиролцох үед хуульд заасан нөхцөл үүсээгүй байсан гэж үзэх боломжтой байна.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зааснаар доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан учир шаардах эрхээ алдсан гэж тайлбарлах боловч үүнийгээ нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа дууссан гэж тайлбарлаж маргасан боловч, талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээний зүйл болох 2 барилга худалдан авагч ... ХХК-ийн өмчлөлд шилжсэн байх бөгөөд, иргэн Ч.... дээрх гэрээний зүйл болох барилгаас орон сууц захиалсан талаар нэхэмжлэгч 2013 оны 4 дүгээр сард мэдсэн байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолвол хариуцагч талын гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул дээрх Улсын дээд шүүхийн тогтоолоор иргэн Ч....ыг орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлбөрийг ... ХХК-д төлсөн талаар дүгнэсэн, орон сууцны төлбөрийг ... ХХК авсан байх тул нэхэмжлэгч ... ХХК нь өөрт учирсан хохирлыг ... ХХК-иас шаардаж буй нь үндэслэлгүй байна гэж дүгнэн, дээрх үндэслэлээр шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 331,528,922 төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,820,000 төгрөгөөс илүү төлсөн 4,406 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, 1,815,594 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА