Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/01718

 

 

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/01718

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т овогтой, Г.Х-д холбогдох,

Хариуцагч: Б овогтой, А.Эхолбогдох,

Орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 969.324.985 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцлаж, гэрээний дагуу шилжүүлсэн 375.971.400 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Р.М, хариуцагч Г.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э Д” ХХК, Г.Х нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр JAR-105/403-1 дүгээр “Захиалгаар орон сууц бариулах” тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Г.Х, А.Э нар 1.254.467.400 төгрөг төлөхөөс 375.971.400 төгрөгийг төлж, үлдэх 878.496.000 төгрөгийг төлөөгүй байна. Үлдэх төлбөр болох 878.496.000 төгрөгийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй байгаа тул “Э Д” ХХК нь гэрээнээс татгалзаж, Г.Х, А.Э нарт гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлж, гаргуулж өгнө үү.

Мөн Г.Х, А.Э нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж байгаа тул учирсан хохиролд 969.324.985 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнд 1. Тухайн орон сууцанд засвар хийж, хуучин байдалд нь оруулахад гарах зардалд 215.066.265 төгрөгийг гаргуулах, 2. Хариуцагч нар гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйгээс манай компани нь Худалдаа хөгжлийн банканд зээлийн хүү төлж хохирсон тул Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 281.651.278 төгрөгийг гаргуулах, 3. Хэрэв тухайн орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 194.425.000 төгрөг олох байсныг гаргуулах, 4. Гэрээнд зааснаар гэрээ цуцлагдсан тул гэрээний торгуульд 125.446.740 төгрөг гаргуулах, 5. Тухайн орон сууцны элэгдэл хорогдолд 152.735.702 төгрөг, нийт 969.324.985 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв. Сөрөг нэхэмжлэлийн хувьд “...гэрээний дагуу шилжүүлсэн 375.971.400 төгрөгийг хариуцагч нарт буцаан олгох”-д татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Г.Х нь “Э Д” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 105 дугаар гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Жардин Резиденс” хотхоны байрны 403 тоот 189.52 м.кв талбай орон сууцыг захиалсан. Уг гэрээний дагуу Г.Х нь 1.254.467.400 төгрөг төлөхөөс 375.971.400 төгрөгийг төлсөн ба үлдэх хэсгийг төлөөгүй нь үнэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа болохыг мэдсэн. Иймээс эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан JAR-105/403-1 тоот захиалгаар орон сууц бариулах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 375.971.400 төгрөгийг “Э Д” ХХК-иас гаргуулж өгнө үү. Харин нэхэмжлэгчийн “...969.324.985 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээнээс татгалзсан үндэслэл нь нэхэмжлэгчийн буруугаас буюу эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул хохирол шаардах эрхгүй. Мөн учирсан хохирлын талаар шүүхэд нотлож чадаагүй бөгөөд түрээсийн гэрээний төлбөр болон гэрээнд заасан торгууль шаардах эрхгүй гэв.

Хариуцагч А.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Э-ын хувьд “Э Д” ХХК-тай гэрээ, хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Х, А.Э нарт холбогдох, орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 969.324.985 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х-ын “...гэрээг цуцлаж, гэрээний дагуу шилжүүлсэн 375.971.400 төгрөгийг буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Г.Х, “Э Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн JAR-105/403-1 дүгээр “Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Э Д” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгч, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, захиалагч Г.Х нь тухайн орон сууцны үнэд 1.254.467.400 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд зохигчийн “...гэрээ байгуулах үед тухайн орон сууц нь баригдсан байсан” гэсэн тайлбарыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Уг гэрээний дагуу “Э Д” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг биет байдлаар нь Г.Х-д 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн, Г.Х нь 2019 оны 12 дугаар сарын дотор 1.254.467.400 төгрөг төлөхөөс 375.971.400 төгрөгийг төлж, үлдэх 878.496.000 төгрөгийг “Э Д” ХХК-д төлөөгүй талаар зохигч маргаагүй болно.

Худалдан авагч Г.Х нь худалдагч “Э Д” ХХК-д гэрээгээр тохирсон орон сууцны үлдэгдэл төлбөр болох 878.496.000 төгрөгийг төлөх үүргээ зөрчсөн бөгөөд уг үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгч “Э Д” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, мөн худалдагч “Э Д” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар эрхийн доголдолтой буюу худалдан авсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэлгүй банканд зээлийн барьцаанд тавьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул хариуцагч Г.Х нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй юм.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “...аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “...орон сууцыг чөлөөлж өгнө үү, Г.Х-ын шилжүүлсэн 375.971.400 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариу тайлбарыг үндэслэн, мөн хариуцагчийн “...гэрээний дагуу шилжүүлсэн 375.971.400 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн хариуцагч Г.Х-ын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Э Д” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э Д” ХХК-д шилжүүлсэн 375.971.400 төгрөгийг буцаан гаргуулан хариуцагч Г.Х-д олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн “... 1. Тухайн орон сууцанд засвар хийж, хуучин байдалд нь оруулахад гарах зардалд 215.066.265 төгрөгийг гаргуулах, 2. Хариуцагч нар гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйгээс манай компани нь Худалдаа хөгжлийн банканд зээлийн хүүг төлж чадахгүй хохирсон тул Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 281.651.278 төгрөгийг гаргуулах, 3. Хэрэв тухайн орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 194.425.000 төгрөг олох байсныг гаргуулах, 4. Гэрээнд зааснаар гэрээ цуцлагдсан тул гэрээний торгуульд 125.446.740 төгрөг, 5. Тухайн орон сууцны элэгдэл хорогдолд 152.735.702 төгрөг, нийт 969.324.985 төгрөгийг гаргуулах” тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийн “...тухайн орон сууцанд засвар хийж, хуучин байдалд нь оруулахад гарах зардалд 215.066.265 төгрөг, тухайн орон сууцны элэгдэл хорогдол 152.735.702 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов

Нэхэмжлэгч “Э Д” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох торгуулийг хариуцагчаас шаардах эрхгүй тул “...торгуульд 125.446.740 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн “...хариуцагч нар гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйгээс манай компани нь Худалдаа хөгжлийн банканд зээлийн хүү төлж хохирсон тул Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 281.651.278 төгрөгийг гаргуулах, тухайн орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 194.425.000 төгрөг олох байсныг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн баримтаар хариуцагч Г.Х нь  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн JAR-105/403-1 дүгээр “Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ”-ний үүргээ зөрчсөний улмаас “Э Д” ХХК-д дээрх хохирол учирсан болохыг нотлохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Х-аас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Э Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “...хохиролд 969.324.985 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Э Д” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 375.971.400 төгрөгийг буцаан гаргуулан хариуцагч Г.Х-д олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Түүнчлэн, хариуцагч А.Э-д холбогдох нэхэмжлэгч “Э Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Учир нь маргааны зүйл болох Г.Х, “Э Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн JAR-105-403-1 дүгээр “Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ”, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн JAR-105/403-1-1 дүгээр “Хэлцэл”, JAR-105/403-2 дугаар “Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээний нэмэлт гэрээ”-ний дагуу А.Э нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Э Д” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2019/10844 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Э Д” ХХК-ийн 1.567.510.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 7.995.504 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан, мөн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/06548 дугаар захирамжаар хариуцагч Г.Х-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 8.310.144 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан тул нэхэмжлэгч “Э Д” ХХК-иас 7.995.504 төгрөгийг, хариуцагч Г.Х-аас 8.310.144 төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 6.430.287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Д” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8.310.144 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгох нь зүйтэй байна.

Шүүхээс хариуцагч А.Э-д хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд түүний хүсэлтийн дагуу эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Х-аас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Жарден Резиденс хотхон, 105 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарын 403 тоотод байрлах, 189.52 м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулан нэхэмжлэгч “Э Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “...хохиролд 969.324.985 төгрөг гаргуулах” тухай болон хариуцагч А.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Э Д” ХХК-иас 375.971.400 төгрөгийг буцаан гаргуулан хариуцагч Г.Х-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э Д” ХХК-иас 7.995.504 төгрөгийг, хариуцагч Г.Х-аас 8.310.144 төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 6.430.287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Д” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Э Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8.310.144 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД