Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01707

 

2021.11.24                                          МАГАДЛАЛ

                                                               /ТӨСӨЛ/

 

 

“ЭД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01718 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЭД” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Х, А.Э нарт холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх, хохирол 969 324 985 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 375 971 400 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагч Г.Хонгорзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, түүний өмгөлөөгч Н.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ЭД” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭД” ХХК, Г.Хнарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр JAR-105/403-1 дүгээр “Захиалгаар орон сууц бариулах” тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Г.Х, А.Э нар 1 254 467 400 төгрөг төлөхөөс 375 971 400 төгрөгийг төлж, үлдэх 878 496 000 төгрөгийг төлөөгүй байна. Үлдэх төлбөр болох 878 496 000 төгрөгийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй байгаа тул “ЭД” ХХК нь гэрээнээс татгалзаж, Г.Х, А.Э нарт гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлж, гаргуулж өгнө үү. Мөн Г.Х, А.Э нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзаж байгаа тул учирсан хохиролд 969 324 985 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнд 1. Тухайн орон сууцанд засвар хийж, хуучин байдалд нь оруулахад гарах зардалд 215 066 265 төгрөгийг гаргуулах, 2. Хариуцагч нар гэрээний дагуу төлбөрөө төлөөгүйгээс манай компани нь Худалдаа хөгжлийн банканд зээлийн хүү төлж хохирсон тул Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 281 651 278 төгрөгийг гаргуулах, 3. Хэрэв тухайн орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 194 425 000 төгрөг олох байсныг гаргуулах, 4. Гэрээнд зааснаар гэрээ цуцлагдсан тул гэрээний торгуульд 125 446 740 төгрөг гаргуулах, 5. Тухайн орон сууцны элэгдэл хорогдолд 152 735 702 төгрөг, нийт 969 324 985 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд “...гэрээний дагуу шилжүүлсэн 375 971 400 төгрөгийг хариуцагч нарт буцаан олгох”-д татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Г.Хшүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Г.Хнь “ЭД” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 105 дугаар гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн м.кв талбай орон сууцыг захиалсан. Уг гэрээний дагуу Г.Хнь 1 254 467 400 төгрөг төлөхөөс 375 971 400 төгрөгийг төлсөн ба үлдэх хэсгийг төлөөгүй нь үнэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа болохыг мэдсэн. Иймээс эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан JAR-105/403-1 тоот захиалгаар орон сууц бариулах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 375 971 400 төгрөгийг “ЭД” ХХК-иас гаргуулж өгнө үү. Харин нэхэмжлэгчийн “...969 324 985 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээнээс татгалзсан үндэслэл нь нэхэмжлэгчийн буруугаас буюу эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул хохирол шаардах эрхгүй. Мөн учирсан хохирлын талаар шүүхэд нотлож чадаагүй бөгөөд түрээсийн гэрээний төлбөр болон гэрээнд заасан торгууль шаардах эрхгүй гэжээ.

Хариуцагч А. итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Э хувьд “ЭД” ХХК-тай гэрээ, хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулан нэхэмжлэгч “ЭД” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохирол 969 324 985 төгрөг гаргуулах тухай болон хариуцагч А.Э холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “ЭД” ХХК-иас 375 971 400 төгрөгийг буцаан гаргуулан хариуцагч Г.Хонгорзулд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ЭД” ХХК-иас 7 995 504 төгрөгийг, хариуцагч Г.Х 8 310 144 төгрөгийг тус тус гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, хариуцагч Г.Х улсын тэмдэгтийн хураамжид 6 430 287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭД” ХХК-д олгож, нэхэмжлэгч “ЭД” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8 310 144 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

1.Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн эрхийн доголдол нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсний дараа яригдах асуудал юм. Манай компани гэрээний 7.2-т заасны дагуу хариуцагч орон сууцны төлбөрийг 100% төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч орон сууцны төлбөрөө бүрэн төлөөгүй байхдаа үүрэгтэй холбоотой доголдол байна гэж гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс манай компанид эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн үүргийн зөрчил байхгүй. Мөн хариуцагч нар гэрээнээс татгалзсан, цуцалсан талаар  бидэнд мэдэгдээгүй болно.

2. Нотлох баримтыг дутуу үнэлсэн талаар: Нэхэмжлэлд засварын зардал 215 066 265 төгрөг, элэгдэл хорогдол 152 735 702 төгрөг, хүүгийн зардал 281 651 278 төгрөг, гэрээнд авахаар заасан түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөр 194 425 000 төгрөгийн шаардлагыг нотлох баримт байхгүй, нотлогдоогүй гэж үзэж тус шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2.1.Хохирол шаардах эрхийн талаар: Шүүх шийдвэртээ хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу 878 496 000 төгрөгийг "ЭД" ХХК-д төлөх үүргийг 2018 оноос хойш гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул манай компанийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй талаар дүгнэсэн. Хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, үүргээ гүйцэтгэх чадваргүй болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өр төлбөртэй, тус төлбөрөө төлөх боломжгүй нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн өр төлбөр хэвээрээ байгаа талаар тодорхойлолтоор нотлогдсон тул манай компани гэрээнээс татгалзаж, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй.

2.2.3асварын зардлын талаар: Хариуцагч нар орон сууцыг чөлөөлвөл манай компани орон сууцыг дараагийн худалдан авагчид худалдахын тулд засвар хийх шаардлагатай. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т зааснаар гал тогооны тавилга, гал тогооны 6 төрлийн цахилгаан хэрэгсэл /плитка, шарах шүүгээ, богино долгионы зуух, хөргөгч, утаа сорогч, аяга таваг угаагч/, мастер унтлагын өрөөний хувцасны шүүгээг үнэгүй дагалдуулж өгсөн ба одоо тус тавилга, цахилгаан хэрэгсэл нь элэгдсэн байгаа. Иймд бид орон сууцыг дараагийн худалдан авагчид худалдахдаа бусдын 3 гаран жил хэрэглэсэн цахилгаан хэрэгсэл, тавилгыг шинэ мэт бусдад хүлээлгэж өгөх боломжгүй, орон сууцанд шинээр засвар хийх шаардлагатай болох тул өөрт учирсан хохирол болгож засварын зардлыг шаардсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "И" ХХК-иар 105-403 тоот орон сууцны засварын ажлын төсөв, "М" ХХК-иас 105-403 тоот орон сууцны сантехникийн ажлын үнийн санал авч, тавилгын зардлыг нэмэн нэгтгэхэд, тус орон сууцанд завсар хийхэд 215 066 265 төгрөгийн засварын зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгсөн.

2.3.Элэгдэл хорогдлын талаар: компаниас байрны зах зээлийн үнийн талаар тодорхойлолт авахад шинэ байр 1 м.кв 6 500 000-8 000 000 төгрөг бол 3 жил амьдарсан хуучин байр 4 300 000-5 200 000 төгрөг байхаар ялгаатай байна. Энэ бол бидний хувьд шууд хохирол болж байгаа ба энэ хохирлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан барилга байгууламжийг ашиглах элэгдэл хорогдлоор тооцож нэхэмжилсэн болно. "ЭД" ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан энэ талаарх тооцооллыг шүүхэд нотлох баримтаар өгсөн ба тооцоололд 1 254 467 400 төгрөгийн үнэтэй орон сууцыг жилд 50 178 696 тогрөгөөр элдэгдүүлж, нийт 3.0438 жил амьдарсан тул нийт элэгдэл хорогдол нь 152 735 702.07 төгрөг болох тухай тооцоолсон.

2.4.Хүүгийн зардлын талаар: Манай компанийн 100% хувьцаа эзэмшигч "Ш" ХХК нь орон сууцны төслийг Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч хэрэгжүүлсэн. Хэрэв хариуцагч нар нь төлбөрийг хуваарьт хугацаандаа төлсөн бол бид Худалдаа хөгжлийн банкид хүү төлж хохирохгүй байсан.

2.5.Түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийн талаар: Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3-т заасны дагуу хариуцагч талын уг байранд амьдарсан өдрийг "Орон сууц хүлээлцэх акт" үйлдсэн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцож, шүүхэд хандсан өдөр болох 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгож, нийт 1111 өдрийн түрээсийн төлбөрийг хоногийн 175 000 төгрөгөөр тооцож гарсан 194 425 000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид түрээсэлсэн бол олох ёстой орлого гэж нэхэмжлээгүй гэрээний заалтын дагуу авах ёстой төлбөр гэж нэхэмжилсэн. Мөн тус гэрээний заалт хүчин төгөлдөр ба гэрээ цуцалсны дараах харилцааг зохицуулсан заалт юм. Иймээс талууд гэрээнээс татгалзсан нь тус заалтыг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн хариуцагчийн зүгээс тус заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор аливаа сөрөг нэхэмжлэл гаргаагүй ба анхнаасаа тохиролцож, дээрх байдлаар гэрээ байгуулсан болно.

3.Торгууль шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн талаар: Анхан шатны шүүхээс "ЭД" ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул, мөн хуулийн хуулийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дах хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох торгуулийг хариуцагчаас шаардах эрхгүй" гэж дүгнэсэн байна. Манай компани талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "Захиалгаар орон сууц бариулах тухай гэрээ"-ний 8.3-т "Захиалагч нь аливаа шалтгаанаар гэрээг цуцалсан эсхүл гүйцэтгэгч нь гэрээний 8.1 дэх хэсэгт зааснъг дагуу гэрээг цуцалсан тохиолдолд Сууцны үнийи 10%-тай тэнцэх хэмжээний торгуулийг гүщэтгэгчид төлөх..."-өөр заасны дагуу сууцны үнийн 10% болох 125 446 740 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Тус заалтыг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хурээнд гэрээг чөлөөтэй баигуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасны дагуу тохиролцсон заалт юм. Тус заалтын агуулга аливаа хуулийн зүйл заалт зөрчөөгүй, хариуцагчийн зүгээс тус заалтыг хүчин төгөлдөр бус болгохоор маргаагүй, хүчинтэй байгаа заалт. Хэдийгээр гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон ч тус заалт гэрээнээс татгалзсаны дараах харилцааг зохицуулсан агуулгатай байна. Гэтэл гэрээнээс татгалзсан тул тус заалт хэрэгжихгүй, хүчин төгөлдөр бус мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “ЭД” ХХК нь хариуцагч Г.Х, А.Э нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг гаргуулан, хохиролд 969 324 985 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр мөн гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 375 971 400 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 “ЭД” ХХК, Г.Хнар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  189.52 м.кв талбай бүхий орон сууцыг 1 254 467 400 төгрөгөөр худалдах-худалдан авах нөхцлийг харилцан тохиролцсон байна. Уг гэрээнд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, худалдан авагч Г.Хнь гэрээний урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 376 340 220 төгрөгөөс 375 971 400 төгрөгт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг тооцон шилжүүлж, үлдэх 878 496 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх хуваарийг баталжээ. /1хх-6-13/ Худалдагч тал  гэрээний үнээс 375 971 400 төгрөг төлөгдсөнд тооцон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцыг худалдан авагч Г.Х эзэмшилд шилжүүлсэн байна. /1хх-14-16/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, нэмэлт гэрээ, орон сууц хүлээлцсэн акт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг /1хх-1-3, 17-21, 57, 2хх-198-203/ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд гэрээний талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хариуцагч А.Э, нэхэмжлэгч “ЭД” ХХК нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 Дээрх үйл баримтад талууд маргаангүй, гэрээнээс татгалзах эсвэл цуцлах хууль зүйн үндэслэл болон гэрээнээс татгалзсантай холбоотой бодит хохирол учирсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.

Хариуцагч Г.Х нь 2017 оны 11 дүгээр сары 10-ны өдрийн гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу 2019 оны 02 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөр 878 496 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, нэхэмжлэгчийн хувьд төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй зөрчсөн, мөн түүнд нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүн гараагүйгээс нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн 2 дах хавтаст хэргийн 185 дах талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 329/20 дугаартай мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Г.Х эзэмшлээс орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч “ЭД” ХХК-д, нэхэмжлэгч талаас 375 971 400 төгрөгийг буцаан гаргуулан хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь хариуцагч тал өөрийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг 375 971 400 төгрөгт тооцон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн, гэрээний гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр гаргуулах шаардлагад талууд маргаангүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд буюу олох байсан орлого 194 425 000 төгрөг, торгууль 125 446 740 төгрөг, орон сууцны элэгдэл хорогдол 152 735 702 төгрөг, засварын зардал 215 066 265 төгрөг, зээлийн хүү төлсөн 281 651 278  төгрөг, нийт 969 324 985 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэхдээ нэхэмжилж буй хэмжээний бодит хохирол учирсан гэдгээ өөрөө нотлох,түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж, бүрдүүлж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээнэ.

Нэхэмжлэгч тал олох байсан орлого 194 425 000 төгрөг, торгууль 125 446 740 төгрөг гаргуулахаар шаардаж буй үндэслэлээ “ талууд гэрээний 8.3, 8.1 дэх заалтаар харилцан, тохиролцсон” гэж тайлбарласан байна.

Гэрээний 8.3-т “Захиалагч нь аливаа шалтгаанаар гэрээг цуцалсан эсхүл гүйцэтгэгч гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд сууцны үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид төлөх ба захиалагч нь сууцыг эзэмшилдээ хүлээн авсан тохиолдолд уг хүлээн авсан өдрөөс захиалагчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хоног тутамд 175 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг гүйцэтгэгчид нэмж өгнө” гэжээ. /1хх-108/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсгийн торгууль төлөх зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд энэ нь гэрээний үүрэг хэрэгжиж байгаа тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтсон мөнгөн дүн төлөх хариуцлага юм.

Нэхэмжлэгч “ЭД” ХХК нь гэрээнээс татгалзсан учир дээрх хуулийн дагуу торгууль шаардах эрхгүй. Мөн талууд гэрээнээс татгалзсантай холбогдон худалдах-худалдан авах гэрээний үүргийг өөр үүргээр сольсон буюу түрээсийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн заасантай нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Орон сууцны элэгдэл хорогдол 152 735 702 төгрөг, засварын зардал 215 066 265 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч нь энэ шаардлагын үндэслэлээ нотлохоор орон сууцны бүтэн засварын төсөв, “М” ХХК-ийн 403 тоот орон сууцны сантехникийн ажлын үнийн санал, “И” ХХК-ийн бүтэн засварын төсөв зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгч, орон сууцны элэгдэл хорогдлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан барилга байгууламжид ашиглах элэгдэл хорогдлоор тооцсон” гэж тайлбарлажээ.

Талуудын гэрээний зүйл болох орон сууцны элэгдэл хорогдлыг тооцоход байгуулагын эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцох арга хамаарахгүй.

Нэхэмжлэгч компани нь худалдах-худалдан авах гэрээний зүйл буюу орон сууцны бүрдэл хэсэгт тооцон хүлээлгэн өгсөн тавилга, цахилгаан хэрэгслийг хариуцагч нь ердийн элэгдэл, хорогдлоос илүү муутгасан, орон сууцны сантехникийг засварлах шаардлагатай болсон гэх үйл баримтыг баримтаар нотлоогүй байна.

Тухайлбал, хэргийн 152 дах талд авагдсан бичгийн баримт нь нэхэмжлэгч талаас, тухайн 403 тоот орон сууцны ирээдүйд гарах зардлыг төсөвлөсөн нэг талын баримт байна. Түүнчлэн “М” ХХК, “И” ХХК-ийн гаргасан орон сууцны засварын зардлын төсөв болон сантехникийн ажлын үнийн санал зэрэг нь хариуцагчийн эзэмшиж байсан орон сууцыг засварлахад гарсан бодит зардал буюу хохирлыг эргэлзээгүй нотлохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн дээрх шаардлагад холбогдох хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хэргийн 155-160 дах талд авагдсан бичгийн нотлох баримт нь гадаад хэл дээр бичигдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Зээлийн хүүд төлсөн 281 651 278  төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “ЭД” ХХК нь хариуцагч Г.Х гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Худалдаа хөгжлийн банкинд хүү төлж хохирсон уг мөнгийг хариуцагчаас гаргуулна гэж уг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хэргийн баримтаас үзвэл “ЭД” ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/84 дугаартай зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор 28 770 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй зээлджээ. /1хх-168-174/

Энэ гэрээний үүргийн гүйцэтгэл нь хариуцагч Г.Хонгорзултай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй шалтгаант холбоотой, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 281 651 278 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, гэрээнээс татгалзсантай холбогдон хохиролд 969 324 985 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн заасныг зөв хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Хариуцагч Г.Х нь “эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн” гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 375 971 400 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талуудын байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний дагуу хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 375 971 400  төгрөг төлж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо тоотод орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримтын талаар дээр дүгнэсэн.

Хариуцагч тал орон сууцны үлдэгдэл төлбөр болох 878 496 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард төлж дуусгах, нэхэмжлэгч тал нь орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

“ЭД” ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2015 онд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр ЗБ/СС160524001-5-6-01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ” нэртэй барьцааны байгуулж, худалдан авагч Г.Х эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоот орон сууцыг барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.  /1хх-194-196/

Энэ үйл баримтын талаар хариуцагч тал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж тайлбарлах боловч уг хугацаанаас хойш эрхийн доголдлыг арилгах талаар нэхэмжлэгчид урьдчилан сануулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хувьд гэрээнээс татгалзах эрх хэрэгжих боломжгүй юм. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ЭД” ХХК нь гэрээнээс татгалзаж, хариуцагч Г.Х 375 971 400  төгрөг буцаан өгөхийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбогдон гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шилжүүлэх үр дагаврыг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01718 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 004 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

             

                                          ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

             

                                                                                              Ч.ЦЭНД