Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/01848

 

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/01848

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: .......... тоотод оршин суух, ........... овогт ...........ын ........... /РД: ............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. тоотод оршин суух, ........... овогт ............ийн ............ /РД: .........../ холбогдох, 

 

22,572,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа, Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Ч............ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч Б............. нь Бүгд Найрамдах Солонгос улсаас автомашин зөөж оруулж ирэн худалдан борлуулдаг бөгөөд бид тус улсад ажиллаж байхдаа танилцсан юм. Б............. нь 2012 оны 12 дугаар сарын 24-нд Солонгос руу явсан бөгөөд тэнд очоод 4 автомашин худалдан авч ............. дугаартай чингэлэгт ачуулж, илгээгч ............, хүлээн авагч Нандинцэцэг, Цэрэндорж хэмээн хаяглаж Монгол руу илгээсэн. Түүнийг Солонгос явсныг би мэдээд машин захихаар ярихдаа хямдхан гахайн өөх олдох боломж байна уу судлаад хэлээрэй гэж захисан. Тэрээр визээ сунгуулан гахайн өөх хайж хямдхан өөх олсон ба ............, ........... бид нар нийлж 20 тонн гахайн өөх авахаар мөнгө шилжүүлсэн. ............ нь гахайн өөх худалдан авч ............., ............. дугаартай чингэлгүүдэд ачсан автомашинууддаа тараан ачиж Монгол руу илгээсэн байдаг. Б.............ийн илгээсэн ............. дугаартай, илгээгч Б............., хүлээн авагч Нандинцэцэг, Цэрэндорж чингэлэг нь Монголд ирэх үед Б............. нь Солонгос улсад байсан тул түүний эхнэр Нандинцэцэг гаалийн бүрдүүлэлтийг хийж, Б............ миний бие тээвэр зуучийн компанийн захирлыг танидаг байсан түүнийг гуйж, өөрийн гарын үсгийг зурсан ба ............ийн эхнэр Нандинцэцэг чингэлгийг хүлээн авсан болно. Гахайн өөх ачсан ............., ............. дугаартай чингэлгүүд нь гааль дээр саатаж, Б............., Б............, Ганбат нар холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан болно.

 

Улмаар чингэлэгүүдийг тээвэрлэхэд зуучилсан ............ ХХК нь нэхэмжлэгч Б............ намайг чингэлгүүдийг гарын үсэг зурж авсан тул төлбөрөө төл гэж шаардаж эхэлсэн. Тэгээд би Б.............тэй зөвшилцсөний үндсэн дээр 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Б............ийн хамт тус компани дээр очиж Тээврийн зээлийн гэрээ гэгчийг байгуулсан. Хариуцагч Б............. нь ............. дугаартай чингэлэг болон гахайн өөх ачихдаа хүмүүсээс тээврийн зардал, гаалийн мөнгийг нь авч, цуглуулж ачсан 4 машинтай ............. дугаартай чингэлгүүдийн тооцоог бүрэн хариуцах ёстой. ............ ХХК нь намайг шүүхэд өгч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 36,223,226 төгрөгийг Ч............ надаас гаргуулж ............ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тухайн чингэлгүүдийн хариуцагч нь би биш Б............. тул түүний өмнөөс би энэ төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж бодож байна. Иймд хариуцагч Б.............өөс ............., ............. дугаартай чингэлгүүдийн тээврийн зардал 10,600 доллароос 8,900 доллар, зуучлагч ............ ХХК-тай байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Тээврийн зээлийн гэрээний алданги 4,450 доллар, нийт 13,350 долларыг буюу /1 доллар 2,247 төгрөг/ 32,402,185 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч............ын нэхэмжлэлийн багасгасан шаарлагад: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрийн дагуу би ............ ХХК-д 36,223,226 төгрөг төлөх ёстой. Энэ дүнгийн Б............. хариуцвал зохих хэсгийг нарийвчлан тооцоход 9,300 доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоход 22,572,309 төгрөг болж байна. Учир нь би Б.............ийн гаргасан саналын дагуу шүүхийн шийдвэрийн дагуу 36,223,226 төгрөг төлөх үндэслэл болсон 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Тээврийн зээлийн гэрээг түүний дүү Б............той хамт явж ............ ХХК-тай байгуулсан. Хамгийн гол нь Б............. нь ............., ............. дугаартай чингэлгүүдэд ачаа ачуулах ажлыг Солонгос улсад өөрөө гардан зохион байгуулж нэг машинаа өөрт ноогдох гахайн өөх, ахуйн цаасны хамт ачсан байснаас гадна мөн эдгээр чингэлэгт нэг нэг машин ачсан Доржханд, Мөнхжаргал, ........... нараас тээвэрлэлтийн зардалд тус бүр 1,200 доллар, мөн 2 машин ачуулсан ...........гаас 2,400 долларыг тухайн үед нь авсан атлаа уг мөнгийг түүний өмнөөс гэрээ байгуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу ............ ХХК-д 36,223,226 төгрөг төлөх болсон надад өгөхгүй байгаа болно. Мөн Б............. нь өөрийн нэг машиныхаа тээвэрлэлтийн зардалд 1,200 доллар, гахайн өөхнийхөө тээвэрлэлтийн зардалд 500 доллар, ахуйн цаасныхаа тээвэрлэлтийн зардалд 400 доллар төлөх ёстой. Ийнхүү түүний хариуцан төлөх ёстой нийт мөнгөн дүн нь 9,300 ам.доллар буюу 22,572,309 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 32,402,185 төгрөгийг 9,829,876 төгрөгөөр багасгаж, 22,572,309 төгрөгийг хариуцагч Б.............өөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ........... нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ний өдөр 32,450,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 22,574,309 төгрөг болгон багасгасан. Багасгасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Хариуцагч ............ нь тухайн үед машинууд болон гахайн өөхийг Солонгос улсаас тээвэрлэсэн бөгөөд ............ ХХК-тай гэрээг байгуулах саналыг нэхэмжлэгч ...........т тавьсан. Уг компанитай гэрээг байгуулахад өөрийн дүү ...........ийг хамт явуулсан. Гэрээний дагуу ногдох хэсгийг өөрсдөө төлж байхаар тохиролцсон. ............ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2016 онд 12 дугаар сарын 28-ны өдөр хэргийг шийдвэрлэж 102/ШШ2017/00062 дугаартай шийдвэрээр хариуцагч Ч............аас 36,223,226 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............ ХХК-нд төлүүлэх шийдвэр гарсан. Одоо ...........т холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. ........... нь ............өөс өөрт ногдох төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч ............ нь төлөхгүй байгаа. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ........... нь ............ийн өмнөөс 22,574,309 төгрөг төлөх болж хохироод байгаа.

 

Хариуцагч ............ нь өөрийн ачуулсан бараа, машин болон машин ачуулсан хүмүүсээс тээвэрлэлтийн зардлыг аваагүй гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэртэй иргэний хэрэгт болон эрүүгийн хэрэгт удаа дараа мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэргээс ............ийн мэдүүлгээр тэрээр Солонгос улсаас машин авч ирэх зорилготой явсан гэдэг нь тогтоогдож байгаа. ............ нь 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улсаас машин ачуулах зорилготой явсан. Мөнхөө гэх хүний 1 ширхэг Истана машин, Доржхандын фронтейр зэрэг 4 машиныг 40 тоннын чингэлэгт давхарлан ачуулсан тухай мэдүүлэг байдаг. Мөн уг иргэний хэргийн 103 дугаар талд байгаа мэдүүлэгт Би эндээс гахайн өөх авах гэж Солонгос улс руу яваагүй, машин авах гэж явсан, 3 ширхэг машин аваад өөрөө дахин машин авах гэж байсан мөнгөн дээрээ вонн нэмээд гахайн өөх авч ирсэн. Би Солонгос улс руу 16,000 доллартай явсан бөгөөд портер 1 ширхэг, бонго 2 ширхэг, 2,150,000 вонноор ариун цэврийн цаас, 3 машин нь 7 сая гаран вонноор авсан, 2 машинаа түрүүлээд ачуулсан байсан, 1 машин буюу портер нь 19-ний өдөр зарагдсан гэж тайлбарласан байдаг. ............ нь өөрийн болон хүмүүсийн машин, гахайн өөх ачуулсан тухайгаа хүлээсэн байгаа. Эдгээр бараа, машин нь Монголд ирсний дараа чингэлгийг задалсан. Хариуцагч ............ нь машин ачуулсан Доржханд, Мөнхжаргал, ........... нараас машин ачуулсан зардал тус бүр 1,200 доллар, 2 машин ачуулсан ...........гаас 2,400 доллар авсан байдаг бөгөөд эдгээр нь хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Ийм байдлаар нэхэмжлэгч ........... нь шүүхийн шийдвэрийн дагуу ............ийн өмнөөс 22,572,309 төгрөг төлөх төлж байгаа бөгөөд уг төлбөрийг ............өөс гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах, нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц............ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал үүсч байна гэж харж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол энэ нь Иргэний хуулийн 493 дугаар зүйл, Иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай зохицуулалтын чухам аль заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3-т заасан буцаан шаардах шаардлагад хамаарахгүй байгаа. ............ ХХК нь нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдэгдсэн бөгөөд хариуцагч ............ нь тухайн хэрэгт гэрчээр оролцож байсан. Нэхэмжлэгч нь өөрөө ............ ХХК-ийн захирал нь миний найз гэж тайлбарлаж байсан боловч яагаад шүүхэд ...........т холбогдуулж нэхэмжлэл гаргасан, тухайн хэрэгт ............ийг гуравдагч этгээдээр оролцуулах боломжтой байхад яагаад уг ажиллагааг хийгээгүй бэ? Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хуулийн шаардлага хангах нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлэгт үнэхээр тодорхой үйл баримтыг дурдсан мэдүүлэг байсангүй. Гэрч ........... нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө оруулж ирээд өөрөө гаалийн бүрдүүлэлтийг хийсэн гэх боловч хэрэгт үүнтэй холбоотой баримт байхгүй. Мөн гэрч Тэмүүлэн энэ талаар мэдэхгүй, өртэй байсан учраас машинаа өрөндөө өгсөн гэж тайлбарлаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Доржхандыг оролцуулах санал тавьсан, учир нь нэхэмжлэгчийн талаас оролцуулж байсан гэрч бүр нь хариуцагчид ашигтай нөхцөл байдал бий болгосон учраас ...........г гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Хэрвээ Тэмүүлэн, ........... нарын машины тээврийн зардлыг нэхэмилж байгаа бол тэдгээр хүмүүсээсээ нэхэмжлэх нь зүйтэй. Сутай богд бридж транс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ........... нь ............ энэ төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж тайлбарлаж байсан хэдий ч шүүхээс ............ийг хариуцах талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Уг хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан хэдий ч хэрэгсэхгүй болсон. ...........ын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хэсэгт хамаарна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч............ нь хариуцагч Б.............т холбогдуулан автомашин, гахайн өөх, ариун цэврийн цаасны тээвэрлэлтийн зардалд 22,572,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч............, хариуцагч Б............. нар нь харилцан тохиролцож 2013 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсын Улаанбаатар хот руу 4 ширхэг чингэлэг ачуулсан ба үүнээс ............., ............. дугаартай чингэлгүүд, тэдгээр чингэлэгт Доржханд, Мөнхжаргал, ........... нар тус 1, Ц............ 2 автомашин ачуулсан ба автомашинуудад гахайн өөх, ахуйн цаасны хамт ачиж ............ ХХК-иар зуучлуулан 2013 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр чингэлэгүүд Улаанбаатар хотод ирсэн талаар зохигчид маргахгүй байна.

 

Чингэлэгүүдийн тээвэр зуучийн төлбөр төлөгдөөгүй тул Ч............ нь ............ ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр тээврийн зээлийн гэрээ байгуулсан ба гэрээг үндэслэн ............ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ч............аас 18,145 ам.доллар буюу 36,223,226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............ ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00688 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгч Ч............ нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг хариуцагч Б............. нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, өөрөөр хэлбэл би Б.............ийн гаргасан саналын дагуу 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Тээврийн зээлийн гэрээг түүний дүү Б............той хамт явж ............ ХХК-тай байгуулсан, Б............. нь ............., ............. дугаартай чингэлгүүдэд ачаа ачуулах ажлыг Солонгос улсад өөрөө гардан зохион байгуулж, автомашин гахайн өөх, ахуйн цаасны хамт ачсан байснаас гадна мөн тэдгээр чингэлэгт нэг нэг машин ачсан Доржханд, Мөнхжаргал, ........... нараас тээвэрлэлтийн зардалд тус бүр 1,200 доллар, мөн 2 машин ачуулсан ...........гаас 2,400 доллар, нийт 6,000 ам.доллар авсан, би түүний өмнөөс гэрээ байгуулж, шүүхийн шийдвэрийн дагуу ............ ХХК-д 36,223,226 төгрөг төлөх болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийгдэж байгаа. Мөн Б............. нь өөрийн нэг машиныхаа тээвэрлэлтийн зардалд 1,200 доллар, гахайн өөхнийхөө тээвэрлэлтийн зардалд 500 доллар, ахуйн цаасныхаа тээвэрлэлтийн зардалд 400 доллар, нийт 9,300 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 22,572,309 төгрөгийг хариуцагч Б.............өөс гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Ч............ нь ............ ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан тээврийн зээлийн гэрээний талаарх буюу өөрөөр хэлбэл хариуцагч Б............. Солонгос улсаас ачуулсан гэх ............., ............. дугаартай чингэлгүүдийн тээвэр зуучлалын төлбөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Ч............аас 36,223,226 төгрөг гаргуулж, ............ ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, төлбөрийг Ч............ бүрэн төлж барагдуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй.

 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр миний төлбөл зохих төлбөрийн зарим хэсгийг хариуцагч Б............. хариуцах ёстой гэх нэхэмжлэгч Ч............ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч............, Б............. нарын хооронд үүрэг үүсээгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиодолд шаардах эрхтэй;, мөн зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ч............ын хариуцагч Б.............өөс 22,572,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц............ын ..............ын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хэсэгт хамаарна гэж үзнэ гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь ............ ХХК нь Ч............ын шүүхэд хариуцагчаар татаж гэрээний үүрэг, түүний хариуцлагын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч Ч............ нь хариуцагч Б.............ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч............ын хариуцагч Б.............өөс 22,572,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,961 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР