Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00095

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01848 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1836 дугаар магадлалтай,

Ч.Гын нэхэмжлэлтэй

Б.Бөд холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 22 572 309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, С.Намжилмаа, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Солонгос улс руу явсан бөгөөд тэнд очоод 4 автомашин худалдан авч чингэлэгт ачуулж, илгээгч Б.Б, хүлээн авагч н.Нандинцэцэг, н.Цэрэндорж хэмээн хаяглаж Монгол улс руу илгээсэн. Түүнийг Солонгос явсныг би мэдээд машин захихаар ярихдаа хямдхан гахайн өөх олдох боломж байна уу судлаад хэлээрэй гэж захисан. Тэрээр визээ сунгуулан гахайн өөх хайж хямдхан өөх олсон ба Б.Б, Батдорж бид нар нийлж 20 тонн гахайн өөх авахаар мөнгө шилжүүлсэн. Б.Б нь гахайн өөх худалдан авч чингэлгүүдэд ачсан автомашинууддаа тараан ачиж Монгол руу илгээсэн байдаг. Б.Бийн илгээсэн чингэлэг нь Монголд ирэх үед Б.Б нь Солонгос улсад байсан тул түүний эхнэр н.Нандинцэцэг гаалийн бүрдүүлэлтийг хийж, Б.Ч.Г миний бие тээвэр зуучийн компанийн захирлыг таньдаг байсан түүнийг гуйж, өөрийн гарын үсгийг зурсан ба Б.Бийн эхнэр н.Нандинцэцэг чингэлгийг хүлээн авсан болно. Гахайн өөх ачсан чингэлгүүд нь гааль дээр саатаж, Б.Б, Б.Ч.Г, н.Ганбат нар холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан болно. Улмаар чингэлэгүүдийг тээвэрлэхэд зуучилсан Сутайн богд бридж транс ХХК нь нэхэмжлэгч Б.Ч.Г намайг чингэлгүүдийг гарын үсэг зурж авсан тул төлбөрөө төл гэж шаардаж эхэлсэн. Тэгээд би Б.Бтэй зөвшилцсөний үндсэн дээр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Батдоржийн хамт тус компани дээр очиж Тээврийн зээлийн гэрээ гэгчийг байгуулсан. Хариуцагч Б.Б нь чингэлэг болон гахайн өөх ачихдаа хүмүүсээс тээврийн зардал, гаалийн мөнгийг нь авч, цуглуулж ачсан 4 машинтай PCSU5102854 дугаартай чингэлгүүдийн тооцоог бүрэн хариуцах ёстой. Сутайн богд бридж транс ХХК нь намайг шүүхэд өгч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 36 223 226 төгрөгийг Ч.Г надаас гаргуулж Сутайн богд бридж транс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тухайн чингэлгүүдийн хариуцагч нь би биш Б.Б тул түүний өмнөөс би энэ төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрийн дагуу би Сутайн богд бридж транс ХХК-д 36 223 226 төгрөг төлөх ёстой. Б.Б нь өөрийн нэг машиныхаа тээвэрлэлтийн зардалд 1,200 доллар, гахайн өөхнийхөө тээвэрлэлтийн зардалд 500 доллар, ахуйн цаасныхаа тээвэрлэлтийн зардалд 400 доллар төлөх ёстой. Ийнхүү түүний хариуцан төлөх ёстой нийт мөнгөн дүн нь 9 300 ам.доллар буюу 22 572 309 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 32 402 185 төгрөгийг 9 829 876 төгрөгөөр багасгаж, 22 572 309 төгрөгийг хариуцагч Б.Бөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараас харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал үүсч байна гэж харж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол энэ нь Иргэний хуулийн 493 дугаар зүйл, Иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай зохицуулалтын чухам аль заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хуулийн шаардлага хангах нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлэгт үнэхээр тодорхой үйл баримтыг дурдсан мэдүүлэг байсангүй. Гэрч н.Дагзмаа нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө оруулж ирээд өөрөө гаалийн бүрдүүлэлтийг хийсэн гэх боловч хэрэгт үүнтэй холбоотой баримт байхгүй. Мөн гэрч н.Тэмүүлэн энэ талаар мэдэхгүй, өртэй байсан учраас машинаа өрөндөө өгсөн гэж тайлбарлаж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс н.Доржхандыг оролцуулах санал тавьсан, учир нь нэхэмжлэгчийн талаас оролцуулж байсан гэрч бүр нь хариуцагчид ашигтай нөхцөл байдал бий болгосон учраас н.Дагзмааг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Хэрвээ н.Тэмүүлэн, н.Дагзмаа нарын машины тээврийн зардлыг нэхэмжилж байгаа бол тэдгээр хүмүүсээсээ нэхэмжлэх нь зүйтэй. Сутай богд бридж транс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ч.Г нь Б.Б энэ төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж тайлбарлаж байсан хэдий ч шүүхээс Б.Бийг хариуцах талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Уг хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан хэдий ч хэрэгсэхгүй болсон. Ч.Гын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хэсэгт хамаарна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01848 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Гын хариуцагч Б.Бөөс 22 572 309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 961 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1836 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 319 961 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нар хяналтын гомдолдоо: 102/ШШ2018/01848 дугаар шийдвэртэй магадлал гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэхүү гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. 1. Давж заалдах шатны шүүх “Ч.Г, Б.Б нар нь харилцан, тохиролцож бусдын автомашин болон гахайн өөх, ахуйн цаас “Сутайн Богд бридж транс” компаниар зуучлуулан ачиж ирсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй гэж анхан шатны шүүх зөв тогтоосон” гэж зөв дүгнэсэн атлаа үүнийхээ эсрэг хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Учир нь энэхүү үйл баримт л Ч.Гын шүүхэд хөндөгдсөн хамгаалуулах үндэслэл болж байгаа билээ. 2. Нотлох баримтуудыг Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу үнэлсэнгүй. Тухайлбал, гэрч Ц.Дагзмаа, Тэмүүлэн Доржханд нарын Б.Бөд машинуудаа ачуулсны тээврийн зардлыг төлсөн тухай мэдүүлгүүдийг огт үнэлээгүй нь хууль зөрчсөн алдаа юм. Хариуцагч Б.Б ч өөрөө машин ачуулсан хүмүүсээс тээврийн зардлыг нь авснаа үүний өмнөх эрүү, иргэний хэргүүдэд мэдүүлсэн байгааг ч хуулийн дагуу үнэлэх ёстой байв. Мөн хэргээс Б.Б нь  Ч.Гыг өөрийн дүү Батдоржийн хамт явуулж “Сутайн Богд бридж транс” компанитай тээврийн зардал төлөх тухай гэрээ байгуулуулсан атлаа одоо илэрхий шударга бус байдал гаргаж байгааг зөв үнэлсэнгүй. 3. Иргэний хуульд зааснаар шүүхийн шийдвэр үүрэг үүсэх үндэслэл болдог. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.28-ны өдрийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрийн дагуу Б.Б нь Ч.Гын “Сутайн Богд бридж транс” компанид төлөх төлбөрийн зохих хэсгийг хариуцах үндэслэлтэй нь Б.Бийн өөрийн нь эрүү, иргэний хэргүүдэд өгсөн мэдүүлэг зэрэг олон нотлох баримтуудаас харагдаж байгаа болно. Эдгээр болон бусад нөхцөл байдал, нотлох баримтуудыг үндэслэн магадлалыг хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Б.Бт холбогдуулан түүний өмнөөс   тээвэрлэлтийн зардалд төлсөн 22 572 309 төгрөгийг гаргуулах агуулгатай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. Ч.Г нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00062 дугаар шийдвэрээр Сутайн богд бридж транс ХХК-д 4 чингэлэгийн тээврийн зардалд 18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг төлөхөөр болсон ба үүнээс хариуцагч Б.Б нь 2 чингэлэгийн зардлыг хариуцах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүйгээс гадна Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим үндэслэлийг хангах үндэслэлтэй байна.

Шүүх Ч.Г, Б.Б нарыг харилцан тохиролцож, 2012 оны 12 сард Бүгд Найрамдах Солонгос Улсаас 4 ширхэг чингэлэг барааг Улаанбаатар хот руу Сутайн богд бридж транс ХХК-иар зуучлуулан, хамтран ачуулсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн атлаа дээрх чингэлэг ачуулсны тээврийн зардлыг Б.Б хариуцахгүй гэсэн эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтэд хүрсэн бол GESU6493059, PCSU5102854, GESU6489207, PCSU...79 дугаарын нийт 4 чингэлэгийн илгээгч, хүлээн авагчийн талаар болон чингэлэгт машин ачуулсан Ц.Дагзмаа, П.Тэмүүлэн, Г.Доржханд нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг ямар баримтаар үгүйсгэсэн, хариуцагчийг тээвэрлүүлэгч гэж үзээгүй үндэслэл, нотолгоог шийдвэр, магадлалд тусгаагүй нь шүүх эрх зүйн маргааны талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй гэж үзнэ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл 4 чингэлэгт автомашинаас гадна гахайн өөх, ахуйн цаас ачсан байх ба хариуцагчийн хариуцах ёстой гэх 2 чингэлэгт хэний, ямар бараа байсан, уг 2 чингэлэгийг хэн хүлээж авсан талаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай байна.

Нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар тайлбар, баримт, нотолгоо гаргасан байхад хариуцагч татгалзсан боловч нэхэмжлэгчийн гаргасан баримтыг няцааж, бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, хууль хэрэглээний асуудлыг залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01848 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1836 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319 961 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА