Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч С.Төмөрбат, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны  1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Э.Нгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох заиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Э.Н

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Д.С ,Н.Н

Иргэдийн төлөөлөгч: Д.Э 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.4, 48.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэж гуравдагч этгээд Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах тухай

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Иргэн Н.Н-гийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “А*******” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Д.С-г өмгөөлөгч А.Г, гуравдагч этгээд Н.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, иргэдийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Нгийн аав н.Э 2013 оны 8 дүгээр сарын 13-ны өдөр өвчний учир нас барсан.

Нэхэмжлэгч өвлөх эрхийн дагуу 1 жилийн дараа аавынхаа эзэмшлийн “А*******” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэхэд Д.С 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр н.Э, Д.С нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээг үндэслэж 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 сая 200 мянган төгрөгийн хувьцаа бүхий компанийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан.

Э.Н 2015 оны 02 дугаар сард Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, шалгуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2016 оны 12 дугаар сард Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “А*******” ХХК-ийг Д.Сд олгосон бүртгэлийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан.

Д.С нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсноосоо хойш 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.Н-д 50 хувь, н.Б-т 35 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлүүд хийгдсэн. Өнөөдрийн байдлаар компанийн хувьцаа эзэмшигчээр Д.С, Н.Н нар бүртгэлтэй байна.    

Иймээс Д.С, Н.Н нарыг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2013 оны 08 дугаар сард нь н.Э нас барсан байтал Д.С гэгч нь 2013 оны 11 дүгээр сард Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гээгдүүлсэн гэсэн хүсэлт, 2013 оны 12 дугаар сард бэлэглэж байгаа болон хүлээн авч байгаа 2 этгээд 2-лаа бөглөсөн маягтыг Улсын бүртгэлийн газарт өгсөн байгаа нь н.Эийн гарын үсгийг удаа дараа хуурамчаар зурсан болохыг нотлох нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, 08 дугаар сард нь нас барсан хүн 11, 12 дугаар сард гарын үсэг зурсан баримтыг үндэслэж хийсэн Улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж, шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарсан  байгаа. Шинжээч дүгнэлт гаргахдаа Улсын бүртгэлийн газарт байгаа “А*******” ХХК-ийн хувийн хэрэгт хадгалагдаж байгаа эх хувь баримтуудыг шинжилгээний хэрэглэгдэхүүн болгож н.Э гарын үсэг зураагүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн шинжээч томилох захирамж гаргасан шүүх нэхэмжлэгчид хадгалагдаж байсан талийгаач н.Э гарын үсэг зурсан хувийн баримтуудыг хураан авч, шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэн. н.Эийн гарын үсгийг харьцуулсан байдлаар шинжилсэн.

 Захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлуудтай холбоотойгоор шүүгчийн захирамж гаргаад, талуудад байгаа тамга, гэрчилгээнүүдийг хураан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хүртэл битүүмжлэх арга хэмжээ авагдсан.

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Э.Н анхны бөөрөнхий тамга, гэрчилгээг эх хувиар нь хураалгасан. Гэтэл талийгаачийг нас барснаас хойш тамга, гэрчилгээ алга болоогүй байхад Д.С үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2 удаа гэрчилгээг дахин гаргуулж мөн дөрвөлжин тамга хийлгүүлсэн ч өнөөдрийг хүртэл гэрчилгээ, тамга хураагдаагүй байгаа гэж үзэх үндэслэл Цагдаагийн газраас Э.Нтэй холбогдож, Д.Стэй холбогдож, тамга тэмдгийг хурааж авах хэрэгтэй байна гэж хэлснээс дүгнэж байна.

Мөн н.Эийг нас барснаас хойш Улсын бүртгэлийн гэрчилгээ хаягдаагүй болох нь шүүхийн хийсэн ажиллагаа, цагдаагийн байгууллагаас хийсэн ажиллагаануудаар тодорхой болдог. Тамга, тэмдгийг үрэгдүүлээгүй байж, удаа дараа хүсэлт гарган дахин гаргуулж авсан нь хууль бус үйлдлүүд хийгдэж байсан гэдгийг харуулна.

Э.Н гомдол гаргаж, Д.Сэг 2015 онд шалгуулахад, прокурор хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдсон байна гэж дүгнэсэн байдаг. Прокурорын тогтоолтой холбоотой ажиллагааны хүрээнд цагдаагийн газраас Д.С-гийн амьдарч байсан өрөөнд үзлэг хийхэд, н.Эийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж байсан хэд хэдэн хуудас цаас олдсон байдаг. Энэ баримтаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалдаа хавсаргасан байдаг.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримтын зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа би гарын үсэг үнэн зөв эсэхийг нүдээр хараад тогтоох боломжгүй учир улсын бүртгэлд бүртгэх шатанд татгалзах процессыг хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Гэтэл илт нотлох баримтын зөрчилтэй материалууд байсан нь өнөөдрийн болон өмнө нь хэлэлцүүлэгдсэн бүх шүүх хуралдааны явцад тодорхой байдлаар тогтоогддог.

н.Эийн 2013 оны 06 дугаар сард зурсан гарын үсэг болон Улсын бүртгэлийн газарт байгаа гарын үсэг нь өдөр, шөнө шиг ялгаатай байсан. Бид хэргийн материалаас харахад ялгагдаж байгаа зүйлийг улсын бүртгэгч үнэн зөв эсэхийг хянаж үзээд, татгалзах эсвэл дахин тодруулах арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан. Ийм учраас хариуцагч нь хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт зааснаар татгалзах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод энэ маргаан өнөөдрийг хүртэл явж байна.

Нэхэмжлэгч Э.Н нь 1994 онд төрсөн. 2010 онд ээж нь, 2013 онд аав нь нас барсан. Одоо ахтайгаа хамт амьдардаг. Ах нь өвлөх эрхтэй холбоотой асуудал дээр дүү Э.Нгээр төлөөлүүлэхээр нотариатын танхимд хүсэлтээ гаргаснаар нотариатын танхимаас 2017 оны 03 дугаар сард Э.Нгийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан, өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй тул Э.Н нь хуульд заасан журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон хууль ёсны өвлөгч юм.

Хэргийн бусад оролцогчдоос дээрх асуудлыг хөндөж нэхэмжлэгч Э.Н болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчид холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаад, гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэг бүртгэл дээр хаагдсан.

Э.Н нь анх 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлэг гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх асуудлаар хууль ёсны өвлөгчөөр тогтоосон зүйл байна уу гээд бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Өмнө нь нотариатын танхимд өвлөх эрхтэй холбоотой хүсэлтээ өгсөн байсан. Энэ хүсэлтээрээ Сүхбаатар дүүргийн нотариат дээр очиж, өвлөх эрхийн гэрчилгээ гарсан. Өвлөгчийн талаар нотариатын гэрчилгээ олгосон үйлдэл, Улсын бүртгэл дээр бүртгэлтэй байгаа Д.С нарын үйлдэл иргэний хуулиар зохицуулагдах тус тусдаа харилцаа тул хэрвээ өвлөгч мөн эсэхтэй маргах байсан  бол гуравдагч этгээдүүд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандах ёстой байсан. Хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг авсан гэж үзэж байна.

2013 оны 06 дугаар сард хийгдсэн гэх гэрээн дээр н.Э гарын үсэг зурсан эсэх асуудлаар н.Д гэх нотариатчийг гуравдагч этгээд Д.С-гийн гаргасан хүсэлтээр гэрчээр асуухад тус үйл баримтыг нотлох тодорхой зүйл яриагүй, хэрэгт хамааралгүй зүйл ярьж байсан.

Хууль ёсны гэрээ мөн эсэх дээр дүгнэлт хийхэд нотариатчийн бүртгэлээс тодорхой харагдана, н.Д гэгч нотариатч 5 жилийн дараа бүртгэлээ архивт өгсөн байх ёстой. Ийм учраас Э.Нгийн өвлөгч байх эрхээс үүсэлтэй зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа.

Нэхэмжлэгч анх 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шийдсэн шийдвэрээ ардаж аваад, гомдол гаргаагүй байна гэж үзээд, Улсын бүртгэлийн газарт хандсан. Улсын бүртгэл 08 дугаар сард хийгдэж үүнд гуравдагч этгээд Д.С гомдол гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нгийн бүртгэлийг идэвхгүй болгосон гэсэн хариу өгсөн учир Улсын Дээд Шүүхээс идэвхгүй гэсэн төлөв нь юу гэсэн үг вэ, Э.Нгийн нэр дээр бүртгэл байгаа юм байна гэдэг асуудлыг тавьсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг хэрхэн тодорхойлох нь эргэлзээтэй болж байна. Бид нэгэнт Э.Нгийн нэр дээр 100 хувь шилжсэн бүртгэлийг идэвхгүй горимд шилжүүлсэн гэсэн учир 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг баримталсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А*******” ХХК нь анх 2001 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Дараа нь 2012 онд н.Э өвлөх эрхийн гэрчилгээний дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. 2013 оны 08 дугаар сард н.Э нас барсан гэж ойлгож байна.

Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулж авсан байдаг. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.С хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээний дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

Үүнээс хойш хэд хэдэн удаа хувьцаагаа бусад этгээдүүдэд шилжүүлж, буцааж авсан байдаг. Шүүхээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр н.Эээс Д.Сэрүү шилжүүлсэн бүртгэл дээр анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна. Дүүргийн прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/289 тогтоолын дагуу Д.С нь хууль бусаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хавсаргаж манайд хандсан. Манай байгууллага энэ асуудлаар шүүхээр яваад 3 жил болж байна. Тухайн үед бүртгэл хийхэд ямар нэгэн маргаан байгаагүй. Хуульд заасан баримтуудыг үндэслэж бүртгэл хийсэн.

Прокурорын тогтоол, Шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулсан зэрэг асуудал байгааг шүүх  харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. 

н.Э гэж хүн 08 дугаар сард нас барчхаад байхад 11 дүгээр сарын 19-ний өдөр н.Эийн гарын үсэгтэй улсын бүртгэлийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр гэрчилгээг дахин гаргуулж авсан асуудал байгаа. Энэ нь Д.С-г хууль зөрчсөн үйлдэл гэж хардаг. Манай бүртгэлд авагдсан баримтуудыг харахад ямар нэг байдлаар хууль зөрчсөн талаар харагдахгүй байсан.

Сүүлд 2017 онд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхны шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэр хүчин  төгөлдөр болоогүй байхад улсын бүртгэгч Э.Нг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байсныг Д.С-г гомдлын дагуу бүртгэлийг хүчингүй болгосон. Хуульд идэвхгүй төлөвт оруулна гэсэн зүйл байхгүй” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Сэгийн өмгөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн хэлтэст хэрэг шалгагдсан нь үнэн. Хуурамчаар гарын үсэг зурсан талаар огт яригдаагүй. Энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байгаа учир хааж байгаа та гарын үсэг зурчих гэсэн болохоос гарын үсэгний талаар яриагүй гэж миний үйлчлүүлэгч хэлсэн.

Д.С хууль зүйн мэдлэггүй байсан учир дараа нь ямар хор аюултай, ямар үр дагавартай талаар тайлбарлаж өгөлгүйгээр гарын үсэг зуруулж, хэргийг хаасан байсан. Өмнө нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр н.Х гэж өмгөөлөгч байсан. н.Х өмгөөлөгч шүүхийн шинжилгээний хүрээлэнд очоод, хуурамч гарын үсэг гэж тогтоолгосон гэж Д.С ярьдаг.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Д.С өөрийн биеэр оролцсон бол энэ талаар маш тодорхой ярих байсан. н.Э амьд байхдаа хийсэн бэлэглэлийн гэрээг хууль зүйн дагуу хийгдсэн болохыг нотариатч баталсан байдаг, түүнд үндэслээд бүртгэгдсэн, хөндлөнгөөс харахад ч хууль зүйн дагуу бүртгэл хийгдсэн харагдаж байна.

Д.С нь шүүх хуралдаа ирдэггүй хариуцлага муутай нь үнэн гэхдээ хүн чанарын хувьд талийгаачийг алган дээрээ тойголж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Намайг асарч байсны чинь хариуд энэ компаниа өгье гээд албан ёсоор хууль зүйн дагуу шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд яагаад хандсан талаараа тодорхой ярих хэрэгтэй. Бэлэглэлийн гэрээ хууль бус байсан талаар болон нотариатчтай холбоотой асуудлаар Иргэний хэргийн шүүхэд хандах ёстой байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч байгууллага хуулийн дагуу үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч “А*******” ХХК Э.Н-д биш Д.С-д шилжсэн нь хууль бус байна гэдгийг гаргаж тавих гээд оролдоод байгаа.

Гэтэл өөр тийшээ хазайгаад цагдаагийн байгууллага, шинжилгээний дүгнэлт зэргийг яриад байгаа нь учир дутагдалтай байна. Бүртгэлийн газрын бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн гэдэг дүгнэлт гаргах  нь зүйтэй байна гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бие даасан шаардлагаа дэмжиж байна. “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.С-с 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийн хувьцааг нэг бүрийг нь 10.000 төгрөг нийт 30 сая төгрөгөөр худалдаж авсан. Бүх баримтаа нотариатаар батлуулаад, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж хуульд нийцэж байсан учир бүртгэлийн байгууллага 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсгээс 106.3.1 болгож өөрчилж байгаа үйлдэл нь өмнөх шүүхийн шийдвэр давтагдаж байна.

Анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирснээс хойш нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар ямар нэгэн ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаагүй, өмнө нь шийдсэн шүүх хуралдаантай адилхан болж байгаа нь нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдалтай холбоотой. байтал нэхэмжлэгч энэ байдал дээр дүгнэлт хийхгүй яваад байна.

Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтуудад идэвхгүй төлөвт байгаа гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Э.Нгийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тийм, үгүй гэсэн сонголтын үгүй гэсэн сонголт хийсэн боловч компанийн хаяг Э.Нгийн гэрийн хаягаар бүртгэгдсэн  байгаа. Бүртгэлийг   бүгдийг  нь  хүчингүй   болгосон  бол  хуучин  хаяг

дээрээ байх ёстой.

Д.С-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үйл ажиллагааг нотариатч батлаад, улсын бүртгэл бүртгэсэн. Д.Сс хойш 4, 5 хүний нэр дээр бүртгэл хийгдсэн байсан. Тус бүртгэлүүдийг хийгдэхэд дөрвөлжин тамга дарагдаад явсан байтал эдгээр бүртгэлүүд хүчинтэй эсэх нь ач холбогдолгүй гэж нэхэмжлэгч тал хэлж байна.

Гэтэл шүүхэд нотлох баримтаар ярихдаа дугуй дардастай тамга байх ёстой, хуурамч гэрчилгээ гарч ирсэн гэх зүйл яриад байна. Хуурамч гээд байгаа гэрчилгээг хариуцагч өөрөө тайлбарлахдаа “манайхаас өгсөн баримт учир хуурамч баримт биш” гэж байна.

Д.С-д анх шилжсэн үйлдэл нь хуульд нийцэхгүй байгаа учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан, шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гарын үсгийн шинжилгээ хийгээд хуурамч гэж тогтоосон зэрэг асуудал дээр эсрэг байр суурьтай байна.

Нас барсан хүний гарын үсгийн эх сурвалжийг хаанаас аваад яаж шинжлээд, энэ хүний гарын үсэг биш байна гэж дүгнээд байгаа юм, улсын бүртгэлд байгаа олон янзын баримт н.Эийн гарын үсэг хууль ёсны мөн эсэх нь тогтоогдоогүй.

Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтээр Бэлэглэлийн гэрээн дээр шинжилгээ хийж н.Эийн гарын үсэг эргэлзээтэй байна гэсэн тайлбар хэлсэн, түүнээс биш н.Эийн гарын үсгийг Д.С зурсан гэж дүгнээгүй. Гэтэл нэхэмжлэгч Д.С гарын үсгийг нь хуурамчаар зурсан мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ мэтчилэнгээр нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй байна.

 

Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь мөн эсэх асуудлаар дүгнэлтийг нь гаргачихаад, Улсын бүртгэлийн газрыг буруутгаагүй.

Мөн Улсын бүртгэлийн газар хуульд заасан баримт бичиг бүрэн эсэхийг шалгаад бүртгэлээ хийсэн нь Улсын бүртгэлийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй байна.

Мөн нотариатчийг шүүхэд гэрчээр асуухад нотариатч өөрөө би Д.Сэгийн зүсийг таньж байна, талийгаачийн зүсийг сайн санахгүй байна, өөрөө ирж гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн, бүртгэлийн байгууллага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дахь хэсэгт зааснаар ямар бүртгэлийг хууль бус байхад бүртгэсэн болох нь өнөөдрийг хүртэл нотлогдохгүй байгаа зэргээс нэхэмжлэгч буруу шүүхэд хандаад нэхэмжлэл гаргаад байна гэж үзэж байна.

Иймд Иргэний хэргийн шүүхээр шийдвэрүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна, гуравдагч этгээдүүдийн эрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хязгаарлагдаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Төрсөн хүүхэд нь аавынхаа хөрөнгийг авах нь зөв гэж үзэж байна.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.4, 48.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэж гуравдагч этгээд Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[1].

Улмаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлааргуравдагч этгээд Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.

Гуравдагч этгээд Н.Н нь “2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “А*******” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг[2] хүссэн бие даасан шаардлага гаргасан болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүдийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 1725 тоот шинжээчийн дүгнэлтээр[3]

1. ОӨУБЕГ-ын архивт хадгалагдаж буй 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “ХХК-ны эрх бэлэглэлийн гэрээ” гэх баримтын “Бэлэглэгч” гэсний ард, мөн өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх баримтын “Гэрээг үйлдсэн” гэсний ард тус тус хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн шинжилж буй гарын үсгүүд нь С.Эийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

Дээрх шинжилж буй гарын үсгүүдэд зорилгогүй зогсолт, хөдөлгөөний чичирхийлэлт, тасалдсан, давхарлаж бичсэн, хөдөлгөөний чиглэл дараалал тодорхойгүй зэрэг хуурамчийг илтгэх шинж тэмдгүүд илэрч байх тул хуурамч гарын үсгүүд гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.

2. 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “ХХК-ны эрх бэлэглэлийн гэрээ” гэх баримтын “Бэлэглэгч” гэсний ард, мөн өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх баримтын “Гэрээг үйлдсэн” гэсний ард тус тус хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн шинжилж буй гарын үсгүүд нь Д.С-г гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 3524 тоот шинжээчийн дүгнэлтээр[4]

1. УБЕГ-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт байх “2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр” гэсэн огноотой “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”, “2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр” гэсэн огноотой “ХХК-ын эрх бэлэглэлийн гэрээ” зэрэг баримтуудын “С******* овогтой Э*******” гэсний дээр зурсан шинжилж буй гарын үсгүүд болон уг “ХХК-ын эрх бэлэглэлийн гэрээ” гэх баримт дахь шинжилж буй “С******* овогтой Э*******” гэх гар бичвэр нь С.Эийн гарын үсэг, бичиг биш байна.

            2. Дээрх баримтуудыг “Д.С” гэсний дээр зурсан шинжилж буй гарын үсгүүд нь Д.С-г гарын үсэг мөн байна. Харин “ХХК-ны эрх бэлэглэлийн гэрээ” гэх баримт дахь шинжилж буй “Д.С” гэх гар бичвэр нь Д.С-г бичиг биш байна гэж дүгнэсэн байна.

            Мөн Монголын нотариатчдын танхимын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 39а тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт[5] “...Монголын Нотариатчдын танхимын гишүүн, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Д.Д******* /04 тамгын дугаартай/-ийн 2013 оны архивийн материал манай байгууллагын архивт хадгалагдаж байна.

            Харин танай хүсэлтэд дурдсан 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 709, 710 дугаарт бүртгэж гэрчилсэн гэх гэрээнүүд тус нотариатчийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, архивт хадгалагдаагүй байна” гэсэн байна.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/810 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/280 дугаар прокурорын тогтоолд[6] ...А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд С.Этэй хамтран амьдарч байсан Д.С нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр компани эрх шилжүүлэх тухай гэрээ, А******* компанийн бэлэглэлийн гэрээг тус тус хуурамчаар үйлдэж 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.200.000 төгрөгийн хөрөнгөтэй “А*******” ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан болох нь Э.Н, Д.С нарын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна... гэж дүгнэсэн байна.

Нотариатчийн олгосон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 009 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр[7] С.Э нас барсан учир түүний хүү Э.Нд “А*******” ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх, компаний хөрөнгийг өвлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, 3.1.4-д “үнэн зөв, бодитой, ... байх” гэж заасан байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд, Монголын нотариатчдын танхимын албан бичиг, прокурорын тогтоол зэргээс үзэхэд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд хавсаргасан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээнд зурсан гарын үсэг С.Эийн гарын үсэг биш, уг гэрээнүүдийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж болохоор байна.

  Мөн дээрх шинжээчийн дүгнэлтүүд, нотариатчдын танхимын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 39а тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт[8] “2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 709, 710 дугаарт бүртгэж гэрчилсэн гэх гэрээнүүд тус нотариатчийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй” гэснээс үзэхэд 2013 оны Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээ бодитоор хийгдсэн эсэх, С.Э уг гэрээнүүдэд өөрөө биечлэн гарын үсэг зурсан эсэх, уг гэрээг гэрчлүүлэхээр С.Э нотариат дээр өөрийн биеэр очсон эсэх нь тодорхойгүй байна.

Иймд нотариатчдийн танхимд хадгалагдаж буй нотариатчийн өөрийнх нь хөтөлдөг 2013 оны 06 дугаар сарын гэрээний бүртгэлийн дэвтрийг бодитоор шалган үзэж, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний бүртгэлийн дэвтэрт Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээ бүртгэгдсэн эсэх, уг гэрээний бүртгэлийн дэвтрийн гарын үсэг зурах хэсэгт С.Эийн гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж, эдгээр нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай байна.

Мөн нотариатчийн олгосон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 009 тоот Өвлөх эрхийн гэрчилгээнээс[9] үзэхэд Э.Н нь “А*******” ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх, компаний хөрөнгийг өвлөж авсан байх ба уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулж болох эсэх, уг асуудлыг шийдвэрлэх нь бүртгэлийн байгууллагын бүрэн эрх юм.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд хавсаргасан баримтууд нь үнэн бодитой эсэх буюу дээр дурдсан гэрээнүүд бодитоор байгуулагдсан эсэх, уг гэрээнүүдийг хуурамч гэж үзэх эсэхийг хариуцагч өөрөө дахин нягтлан шалган үзэж шийдвэрлэх нь бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж улсын бүртгэгчийн үүргийг хуульчилсан байна.

2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах буюу холбогдох нотлох баримт цуглуулах, хүсэлтийг хянан үзэж улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эсэх шийдвэр гаргах нь улсын бүртгэгчийн бүрэн эрх байна.

Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтуудын үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, нотлох баримт цуглуулах, улсын бүртгэлд бүртгэх, эсхүл улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах нь улсын бүртгэгчийн бүрэн эрх байна.

Дээр дурдсан эрх зүйн зохицуулалтууд, үйл баримтуудаас үзэхэд өргөдөл гаргагчийн өргөдөлдөө хавсаргасан нотлох баримтуудын үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах буюу нотлох баримт цуглуулах, улсын бүртгэлд бүртгэх, эсхүл улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах бүрэн эрх нь шүүхийн биш бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчийн бүрэн эрх байх тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй байх ба нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

Мөн дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд өргөдөлд хавсаргасан нотлох баримтуудын үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авах буюу бүртгэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах бүрэн эрх улсын бүртгэгчид хуулиар олгогдсон тул захиргааны байгууллагаар буюу улсын бүртгэлийн байгууллагаар өөрөөр нь энэ асуудлыг дахин шалган шийдвэрлүүлж, дахин шинэ акт гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.       

Иймд хариуцагч нь дараах нөхцөл байдлуудтай холбоотой нотлох баримтуудыг цуглуулан, доорх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгч, маргаан бүхий бүртгэлүүдийг дахин шалган үзэж шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Нотариатчдийн танхимд хадгалагдаж буй нотариатчийн өөрийнх нь хөтөлдөг 2013 оны 06 дугаар сарын гэрээний бүртгэлийн дэвтрийг бодитоор шалган үзэж, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний бүртгэлийн дэвтэрт Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээ бүртгэгдсэн эсэх, уг гэрээний бүртгэлийн дэвтрийн гарын үсэг зурах хэсэгт С.Эийн гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж, эдгээрх нотлох баримтуудыг цуглуулах

2. 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээ бодитоор хийгдсэн эсэх, хуурамч эсэх асуудлыг шинжээчийн дүгнэлтүүд, нотариатчийн гэрээний бүртгэлийн дэвтэрт үндэслэн дүгнэлт өгч, бүртгэх эсэхийг шийдвэрлэх, 

3. Нотариатчийн олгосон 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 009 тоот “А*******” ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх, компаний хөрөнгийг Э.Нд өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулж болох эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх зэрэг болно.  

Иймд дээр дурдсан асуудлуудыг дахин шалгаж, шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргах хүртэл гуравдагч этгээд Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүдийг шүүхээс дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шүүхээс тогтоосон дөрвөн сарын хугацаанд дээрх гурван нөхцөл байдлыг судлан шалган үзэж, шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг гаргаагүй бол Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүд хүчингүй болно.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй бүртгэлүүдийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.  

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Н.Н нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдөж болзошгүй эсэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа гэж тодорхойлсон байх ба 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.Н-г А******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийг хүлээн зөвшөөрч маргахгүй, харин бүртгэлийг хэвээр үлдээх тухай захиргааны акт гаргах үүргийг бид хуулиар хүлээдэггүй гэж тайлбарлаж байна.

Дээрхээс үзвэл, гуравдагч этгээдээс гаргаж буй бие даасан шаардлага нь бүртгэлийн байгууллагын бие даасан шийдвэр биш байх бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлэгдэх харилцаа байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, 19.4.3-д заасныг тус тус баримтлан маргаан бүхий бүртгэлүүдийг дахин шалган үзэж шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргах хүртэл гуравдагч этгээд Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүдийг тус тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газар нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нотлох баримт, нөхцөл байдлуудыг шалган үзэж, үнэлэлт өгсний үндсэн дээр маргаан бүхий бүртгэлүүдийг дахин хянан үзэж шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газар нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган үзэж шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон дөрвөн сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд гуравдагч этгээд Д.С-г “А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Н-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Д.С-г 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Н.Н-г 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гуравдагч этгээд Н.Н-гийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Н.Н-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

                                                                                 Н.ДУЛАМСҮРЭН

                                                                                 С.ТӨМӨРБАТ

 

[1] 4-р хавтаст хэргийн 154-156-р хуудас

[2] 3-р хавтаст хэргийн 227-р хуудас

[3] 2-р хавтаст хэргийн 197-199-р хуудас

[4] 3-р хавтаст хэргийн 74-76-р хуудас

[5] 2-р хавтаст хэргийн 86-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 11-13-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 20-р хуудас

[8] 2-р хавтаст хэргийн 86-р хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 20-р хуудас