Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

“ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, шүүгч Д.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн хариуцагч Г.Д  Г.М нарт холбогдуулан гаргасан 95 438 325.91 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч нарын өмгөөлөгч З.Ш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:  Г.М  Г.Д нар нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн ЗГ2705100627, барьцааны БГ2705100627 тоот гэрээнүүдийг байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 81 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 3 685 544.95 төгрөг, үндсэн хүүд 24 501 134.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 453.68 төгрөг, нийт 28 193 132.85 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг хуваариар төлөх үүргээ 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш удаа дараа зөрчсөн тул банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 77 314 455.05 төгрөг, зээлийн хүү 18 071 341.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52 529.53 төгрөг, нийт 95 438 325.91 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9 дүгээр байрны 16 тоотод байрлах, Ү-2205055935 дугаарт бүртгэгдсэн, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан тул дээрх үүргийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9 дүгээр байрны 16 тоотод байрлах, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГБнаас 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 81 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр орон сууцны худалдан авах зорилгоор зээлсэн бөгөөд уг орон сууцыг 157 700 000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцны үнийн 40 хувь буюу 80 000 000 орчим төгрөгийг урьдчилж төлж, ГБнаас 81 000 000 төгрөгийг зээлж бусад төлбөрийг хийсэн юм. Г.Д нь миний дүү, зээл олгоход орлого дутсан учраас хамтран зээлдэгч болсон, харин зээл болон орон сууц худалдаж аваагүй тул би зээлийг хариуцна. Зээлээ зарим үед хугацаандаа буюу сар бүрийн 22-ны өдөр цалин буухгүй, цалин 25-ны өдөр буудаг тул дутуу төлөөд, дараа нь гүйцээгээд явж байтал үүнийг зөрчилд тооцон, ГБ сард 19 хувийн хүү рүү орлоо гэсэн. Мөнгө төлөхөөр зөвхөн хүүд тооцож, зээлд тооцдоггүй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн. 77 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин үндсэн хүүгийн төлбөр 18 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь зээлийг 8 хувийн хүүтэй авсан атал ГБ наас дахин гэрээг шинэчлэн хийлгүйгээр сар бүр 1 200 000 төгрөгөөр төлөхөөр болсон гэж зээлийн эдийн засагч төлөх графикийг гаргаж өгсөн нь сар бүр төлөх боломжгүй болгосон гэж үзэж байна. Мөн миний биеийн байдлаас шалтгаалж, зээл төлөхөд доголдол гарч байсан боловч ГБны ажилтанд тухай бүр энэ талаараа мэдэгдэж байсан. Ийм үед боломжоороо 4 000 000, 2 500 000, 2 000 000 төгрөгийг төлж байсан нь үнэн. ГБ санхүүгийн асуудлыг уян хатан нөхцөлтэйгээр шийдвэрлэж өгнө учир тухайн банкийг сонгон үйлчлүүлсэн боловч 81 000 000 төгрөгөөс 28 100 000 төгрөгийг төлсөн атал 95 438 325.91 төгрөг болон бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч нараас 73 020 436.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 22 417 889.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамжны 9 дүгээр байрны 16 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205055935 дугаарт бүртгэгдсэн,  79.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний дээрх үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 705 341 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 593 252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зээлдэгчээс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шаардлага мэдэгдлийг хүргүүлжээ. Энэ мэдэгдлээр зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 4.1.1-д зааснаар цуцалж байгааг зээлдэгчид мэдэгдэж гэрээний дагуу зээлдэгчийн биелүүлбэл зохих бүх үүргийг шаардсан байна. Иймд хариуцагчаас гэрээг цуцлах хүртэлх зээлийн үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй юм” гэжээ. Нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09/1091 дугаар мэдэгдэлд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ заасан хугацаанд нэн даруй биелүүлэх, заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууцны зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд гэрээг цуцалсан талаар дурдаагүй харин цуцлах талаар анхааруулсан байтал шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан гэж үзэж зээлийн гэрээний хүүг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 13 сар 29 хоногийн хүүг тооцоолон хангасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээг цуцалсан хугацааны талаар зөв дүгнээгүйгээс төлбөрийн үлдэгдлийн тооцоо алдаатай болсныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ГБХХК, хариуцагч Г.М, Г.Д нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож байгуулагдсан ЗГ2705100627 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 81 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлдүүлэн, зээлдэгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээж, зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүд нийт 28 193 132,85 төгрөгийн төлбөр төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

Зээлдэгч  Г.М, Г.Д нар нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зохих ёсоор эргүүлэн төлж чадаагүйгээ тайлбарласан, мөн зээлдүүлэгч үүргийн зөрчлийг арилгах хугацаа тогтоож, мэдэгдэл хүргүүлж байсан нь хэрэгт баримтаар авагдсан байх бөгөөд хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна.

Иймд зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдлийг гэрээгээр тохирсон, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд болон гэрээний 4.4, 4.4.1-д заасанд нийцсэн байна.

Хэрэгт нэхэмжлэгч ГБнаас зээлдэгч Г.Мөнхбаярт хүргүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09/1091 тоот мэдэгдэл авагдсаны агуулгаас үзвэл зээлийн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр тооцон, төлбөрийг төлж барагдуулах нэмэлт хугацаа тогтоосон, энэ хугацаанд үүргээ эс гүйцэтгэвэл шүүхээр шийдвэрлүүлэхийг урьдчилан анхааруулсан агуулгатай, харин гэрээг цуцалсан агуулгагүй байх бөгөөд мөн үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин дээрх агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн хэрэгт авагджээ.

Дээрх мэдэгдлүүд гэрээг цуцалсан агуулгагүй байхад шүүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөр гэрээг цуцлагдсанд тооцож, төлбөрийн үлдэгдлийг тооцсон нь буруу байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо үндсэн зээлийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны байдлаарх үлдэгдэл 77 778 614,28 төгрөгөөс гэрээгээр тогтоосон сарын 0,66 хувийн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж 0,79 хувиар тооцсон нь зөв бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2018 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэлх 24 сар 25 хоногийн хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцох нь зүйтэй. Ийнхүү тооцвол 77 778 614,28 төгрөгийн сарын хүү 614 451 төгрөг байх ба 24 сар 25 хоногийн хүүгийн төлбөр 15 258 866 төгрөг, үндсэн төлбөрийн хамт 93 037 480 төгрөг байна. Үүнээс 2016 оны 8 дугаар сарын 22-ноос хойшхи хугацаанд төлсөн 13 340 000 төгрөгийг хасвал зээлдэгчээс нийт 79 697 480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. 

Харин шүүх зээлийн хүүг тухайн банкны эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү болох жилийн 19.2 хувиар хүүг тооцож нэхэмжилснийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ биш гэж хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Талууд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд худалдан авч буй Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамжны 9 дүгээр байрны 16 тоот өмчлөх эрхийн Ү-2205055935 дугаар бүртгэлтэй, 78,85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан БГ2705100627 дугаартай барьцааны гэрээг байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, барьцааны эрх хуульд зааснаар үүссэн тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болон хэрэгсэхгүй болгосон хэмжээг өөрчлөн, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “73 020 436,18 төгрөгийг” гэснийг “79 697 480 төгрөгийг” гэж, “22 417 889,7 төгрөгийг” гэснийг “15 740 845 төгрөгийг” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч нараас 593 252 төгрөг гаргуулан” гэснийг “хариуцагч нараас 556 437 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 039 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.З

                        ШҮҮГЧИД                                                       Д.Д

                                                                                                А.О