Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00717

 

З.Аы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/00001 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар магадлалтай,

З.Аы нэхэмжлэлтэй

АА-ийн ЭС-ын х 9-р цт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбартаа: З.А миний бие 2015.04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Х-ийн 9-р Цт нярвын ажилд орсон. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 5.2.3 дахь заалтыг үндэслэн 2018.08.01-2018.08.27-ны өдрийг хүртэл 18 хоног ажил тасалсан гэж нярвын ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нурууны суудлын мэдрэлийн шохойжилт 2, 3 дугаар нурууны суулт, 4 дүгээр нурууны эвэрхий гэсэн оноштой бөгөөд дээрх өвчний учир 2018.08.01-2018.08.24-ний өдрийг дуустал эмчилгээ хийлгэсэн ба хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно. Би эмчилгээ хийлгэж Улаанбаатар хотод байгаа талаар эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчийн 99739626 дугаарын гар утас руу удаа дараа хэлж зөвшөөрөл авсан болно. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Х-ийн 9-р Цийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгож, З.А намайг нярвын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхжаргал миний бие Х-ийн 9-р Цийн эрхлэгчийн үүрэгт ажлыг 2018.05.10-наас эхлэн одоог хүртэл цалгардуулалгүй гүйцэтгэж байна. Нэхэмжлэгч З.А нь 9 дүгээр цэцэрлэгийн нярвын ажлыг гүйцэтгэж байгаад ээлжийн амралтаар 2018.07.01-08.01-нийг хүртэл амрах хугацаатай байсан ч ямар ч хэл сураггүй хүндэтгэх шалтгаангүйгээр 2018.08.27-ны өдрийг хүртэл 18 хоногийн ажил тасалсан тул нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 5.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн. Миний бие байгууллагыг удирдаж төрийн ажил хийж байгаагийн хувьд хуулийг чанд баримтлан ажиллах ёстой гэж боддог гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/00001 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Аыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Х-ийн 9-р Цийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Х-ийн 9-р Цээс 70 200 төгрөг гаргуулан З.Ад олгож шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар магадлалаарАрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2019/00001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхжаргал хяналтын гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх зөрчил бодитой байсаар байтал шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэнийг хууль буруу хэрэглэж ИХШХШТ хуулийг ноцтой зөрчин шийдвэрлэлээ гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь 3.З.А нь 2018.08.10-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусч ажилдаа орохоо мэдэж байсан хирнээ 2018.08.27-г хүртэлх 11 хоногийн ажил тасалсан үйл явдал нь тогтоогдсон байхад сахилгын шийтгэлийг нотлуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэнийг буруу гэж үзэж байна. З.А нь ажил тасалж байгаа талаар нь хэлэхэд: би өвчтэй байсан нотлох баримтаа авчирч өгнө гэсэн. Ингэж яваад өвчтэй байснаа нотлох баримт авчирч өгөхгүй болохоор нь би өөрөө сурвалжлахад өвчтэй байгаагүй Түмэн шувуут ХХК-д ажиллаж байсан нь нотлогдсон. Ингээд ажил тасалж байсан үйл явдлыг лавтай сайн мэдэж илрүүлсэн хугацаа 2018.09.20-нд эцсийн өдөр байсан. Би зөрчлийг илрүүлснээс хойш 1сарын дотор сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Би З.Аыг үнэхээр өвчтэй байсан эсэх талаар нотлох баримтыг гаргуулж авах зорилгоор мэдэгдэл өгч баримтаа өгч үзсэн. Баримт өгөх янзгүй удаад байхаар нь би өөрөө яг өвчтэй байсан уу, үгүй юу гэдгийг судалж үзсэн. Үнэхээр өвчтэй, өвчний актаа листээ бариад ирсэн бол би ажлаас халах шаардлагагүй байсан. Шүүх үйл явдлын бодит үнэнд зөв дүгнэлт хийж чадахгүй, хэт 1 талыг барьж ажиллаад байна гэх хардлага төрүүлээд байна. Мөн өөр нэг гомдол байна. Давж заалдах шатны шүүхийн хуралд З.Аы төрөл садангийн хүн Цэцэнбилэг шүүгчээр оролцсон. Би Цэцэнбилэг шүүгчийг өөрийг нь өмнө нь харж байгаагүй учир танихгүй. Давж заалдах шатны шүүх хурал хэлэлцээд, завсарлаад коридорын сандал дээр сууж байхад туслах ажилтан Батцэрэн нөлөөллийн мэдүүлгэнд гарын үсэг зуруулсан. Тэгэхээр нь Цэцэнбилэг шүүгч чинь замын цагдаагийн Наранбаатарын эхнэр мөн үү гэсэн чинь мөн гэхээр нь тэгвэл Цэцэнбилэг шүүгч З.Атай төрөл гээд шүүх хуралд ороод хэлэхэд Цэцэнбилэг нь би танихгүй гээд байсан боловч, З.А нь 3,4-р үедээ яваа цусан төрөл арилсан, гэж хэлж төрөл гэдгээ нотолсон. Төрөл садны холбоотой гэдгээ мэдсээр байж шүүх хуралд орсныг буруу гэж үзэж байгаа. Нөлөөллийн мэдүүлгийг хуралд орохоос өмнө танилцуулсан бол би татгалзах байсан. Хурал дундуур танилцуулж татгалзах боломжийг алдагдуулсан энэ бүх нотолгоонууд шүүхийн бичлэгт хадгалагдаж үлдсэн гэж бодож байна. Иймээс шийдвэр, магадлалыг хуулийг буруу хэрэглэсэн. ИХШХШТХ-г ноцтой зөрчин хэт 1 талд үйлчилсэн гэсэн үндэслэлээр хяналтын шатны хэргийг бүхэлд нь хянуулахаар шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Х-ийн 9-р Цт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн З.Аы нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.5-д заасан журмыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх  нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүгчийн туслах шүүх хуралдааны өмнө нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан..., шүүгч Цэцэнбилэг замын цагдаагийн Наранбаатарын эхнэр мөн үү гэхэд мөн гэсэн..., шүүх хуралдаан дээр шүүгч Цэцэнбилэг нэхэмжлэгчтэй төрөл садангийн холбоотой талаар хэлэхэд нэхэмжлэгч З.А нь 3,4-р үедээ яваа цусан төрлийн холбоотой гэсэн, шүүгч нь болохоор би танихгүй гээд хурал хийсэн, гомдолтой...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүх бүрэлдэхүүнийг татгалзах талаар хүсэлт гараагүй...” гэж тусгагджээ.

Хяналтын шатны шүүх хуралдаан дээр энэ тухай нөгөө талаас нь буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодруулахад “хариуцагчаас хүсэлт гаргасан, шүүгч нь төрөл садангийн холбоотой эсэхийг мэдэхгүй, танихгүй гэж байсан” гэснээс үзэхэд бичгээр хүсэлт гаргаагүй хэдий ч шүүгчийн татгалзлыг хэлэлцсэн байна.

Хэргийн оролцогч давж заалдах шатны шүүхийн шүүгчийг татгалзсан бол татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол гаргах бөгөөд уг тогтоолд гомдол гаргах эрхтэй байна.

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүх уг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу зохих ёсоор явуулаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явц бүрэн тусгагдаагүй байна.

Иймд магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх үндэслэлгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА