Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/02637

 

2021 оны 10 сарын 19 өдөр                        Дугаар 102/ШШ2021/02637                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ын М /РД:***/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт***ын Д /РД:***/-д холбогдох,

 

82,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т , хариуцагч Б.Д , хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр сар тутмын 25-ны дотор түрээсийн төлбөр 2,100,000        төгрөгийг төлөх болсон. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хуримтлагдсан 25,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах болзол бүхий хэлцлийг байгуулсан. Түрээсийн гэрээний үүрэгт хуримтлагдсан төлбөр 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 25,000,000 төгрөг болсон. Гэвч уг төлбөрөө хариуцагч төлөөгүй. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл өмнөх хуримтлагдсан төлбөр 25,000,000 төгрөгөөс 160 хоногийн алданги тооцоход 20,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 540 хоногт хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход 45,900,000 төгрөг болж байна. Тодруулбал хариуцагчийн нийт төлөх ёстой алданги 65,900,000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөг, алданги 65,900,000 төгрөг, нийт 82,900,000 төгрөгийг хариуцагч Б.Д гээс гаргуулж өгнө үү. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулснаас хойш хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчид 8,000,000 төгрөг төлсөн, үндсэн төлбөрөөс 17,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Худалдах-худалдан авах гэрээг Б.Д гийн ээжтэй нь цуг хийсэн. Б.Д нь “Б ” ТББ-ын гүйцэтгэх захирлаар явдаг. Талуудын хооронд түрээсийн харилцаа нь 2017 оны 1 дүгээр сараас эхэлсэн. Банканд тавихын тулд миний нэр дээр шилжүүл гэсэн яриа дунд үеэс эхэлсэн. Түрээсийн төлбөр төлж байсан, түрээсэлж байсан гэдэг нь Б.Д гийн өөрийнх нь гаргаж өгсөн тухайн үед засварын ажил хийж, төлбөрийг нь түрээсийн төлбөрөөс хасна гэж тооцоо нийлсэн актаар нотлогдож байгаа. Гэхдээ бидний зүгээс төлбөр барагдуулах хэлцлийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Төлбөр барагдуулах хэлцлийг бид Б.Д тэй хийсэн. Мөн 8,000,000 төгрөгийг би төлөөгүй гэж хэлж байна. Гэтэл 8,000,000 төгрөгийг түрээсийн гэрээний төлбөр гээд Б.Д өөрөө төлсөн. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 50 минутад өөрийнхөө данснаас Д.М ын *** дугаартай дансанд түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн байдаг. Энэ мэтээр түрээсийн гэрээний харилцаа байсан гэдгийг манай зүгээс нотолж байгаа учраас төлбөр барагдуулах хэлцлийнхээ дагуу түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа 2, 3 жилийн хугацаанд хариуцагч нь тухайн хөрөнгийг ашигласан байгаа. Тэр хугацаанд үнэгүй хөлслүүлнэ гэж амьдрал дээр байхгүй. Нэхэмжлэгч тэр хугацааныхаа төлбөрийг л нэхэмжилж байгаа гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д би Д.М ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2017 оны 11 дүгээр сард анх Д.М тай танилцаад түүний эрхлэн явуулдаг “Баянголын найзууд” цэцэрлэгийн байрыг ашиглаж хамтран ажиллахаар болсон. Д.М ын хувьд өөрийн цэцэрлэгт 20 гаруй хүүхэд тогтмол явдаг гэж хэлж байсан боловч, намайг ажиллахаар очих үед нэг ч хүүхэд бүртгүүлээгүй байсан бөгөөд тэрээр зөвхөн цэцэрлэгийн байрыг гаргаж байсан. Ийнхүү би зар тавьж, таньж мэддэг хүмүүстээ хэл дуулгаж явсны эцэст 10 гаруй хүүхдийг тус цэцэрлэгт хамрагдуулж ажиллаж эхэлсэн юм. Ажиллаж байх хугацаанд төрөөс хувийн хэвшлийн цэцэрлэгт олгодог хувьсах зардлыг сар бүр Д.М нь өөрийн “Баянголын найзууд” сургалт боловсролын байгууллага дамжуулан авдаг байсан, харин би 10 гаруй хүүхдийнхээ төлбөрийг авдаг байсан. Ийнхүү хамтран ажиллаж байх хугацаанд Д.М нь би цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж байна, банканд өр төлбөртэй, энэ цэцэрлэгийн байр банкны өрөнд хураагдах болчхоод байна, чи манай үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваач гэсэн саналыг тавьдаг байсан. Би тухайн үед хоол хүнсний дутагдалтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийн цэцэрлэгтээ хамрагдуулж, олон улсын байгууллагуудад төсөл бичиж санхүүжилт авдаг байсан учраас цаашдаа үйл ажиллагаагаа өргөтгөх үүднээс өөрийн цэцэрлэгийн байртай болохоор шийдсэн. Ингээд Д.М ын гаргасан саналыг хүлээн авч түүний байрыг худалдан авахаар болсон юм. Ийнхүү Д.М ын өмчлөлийн *** тоот, 105.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 157,950,000 төгрөгөөр, мөн *** тоот, 94.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 142,050,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түүнтэй “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Дээрх гэрээний дагуу орон сууцыг банкны зээлээр худалдан авахаар бид харилцан тохиролцсон бөгөөд миний хувьд гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн банкны зээл хөөцөлдөж эхэлсэн байдаг. Ийнхүү банкны зээл хөөцөлдөж байх хугацаанд Д.М нь банкны зээл бүтэхгүй бол чи миний байранд ажилласан хугацааны түрээсийн төлбөр төлнө шүү гэж хэлээд түрээсийн гэрээг байгуулж, гарын үсэг зуруулж авсан юм. Мөн түрээсийн гэрээний хугацаа сунгах гэрээг хэд хэдэн удаа байгуулж, сүүлд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээний төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байдаг. Дээрх хугацаанд би банкнаас зээл бүтэх гэж байгаагаа түүнд хэлдэг, мөн банкнаас гаргаж өгсөн зээлийн судалгаанд хамрагдаж зээл олгох боломжтой тухай албан бичгийг түүнд үзүүлэхэд, надад итгэлгүй гэрээ байгуулна гэсэн юм. Ийнхүү 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний зээлийн гэрээ байгуулагдаж түүнд банкнаас гэрээнд заасан орон сууцны төлбөрийг бүрэн шилжүүлж би Д.М ын 2 орон сууцыг худалдаж авснаар бидний хооронд үүссэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа дууссан. Гэтэл өнөөдөр тэрээр банкнаас зээл гараагүй тохиолдолд миний байрыг ашигласан хугацааны төлбөрийг төлөөрэй хэмээн байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Д.М ын гаргасан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний төлбөр барагдуулах гэрээний дагуу 82,900,000 төгрөгийг нэхэмжилж байгааг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь “Б ” ТББ-ыг төлөөлж нэхэмжлэгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар нэхэмжлэгч цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан хоёр үл хөдлөх хөрөнгөө худалдах хүсэлтэй байсан, хариуцагчид санал тавьсан учраас хариуцагч Б.Д уг хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Манай зүгээс нэхэмжлэгчийн хоёр үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны сүүлээс эхлээд ашиглаж байгаа талаар маргахгүй. Гэхдээ байрыг хувь хүнээрээ биш төрийн бус байгууллагаараа ашиглаж байгаа. Ер нь бол нэхэмжлэгчтэй хамтраад цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг байгуулснаас хойш хариуцагч нь нийтдээ 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байгаа.

Б.Д уг хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар шийдвэрлэсэн ба худалдан авахад банкнаас зээл авах шаардлага бий болсон. Ийнхүү зээлээ хөөцөлдөхөд   хэрэгтэй байсан учраас талууд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хийсэн. Худалдах-худалдан авах гэрээний дагуу байрыг зарахад зориулж төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн гэж болно. Хариуцагчийн зээл бүтээд нэхэмжлэгчээс хоёр үл хөдлөх эд хөрөнгийг авсан тохиолдолд талуудын байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл дуусгавар болох ёстой байсан. Харин хариуцагчийн зээл бүтэхгүй, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авч чадаагүй бол төлбөр барагдуулах хэлцлийн дагуу түрээсийг төлөх байсан. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчийн хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2 түрээсийн гэрээг нэхэмжлэгч нь хуулийн этгээдтэй буюу төрийн бус байгууллагатай хийсэн. Тэгсэн мөртлөө уг гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах хэлцэл хийхдээ хувь хүнээр буюу хариуцагч Б.Д тэй хийсэн нь буруу. Ийм учраас нэхэмжлэлийг хариуцах ёстой этгээд нь хариуцагч Б.Д биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д , хариуцагч Д.М нар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах зүйлсийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар дүгнэхэд түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 25,000,000 төгрөг, түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алдангийг тооцохгүй байхаар талууд тохиролцов.

2/ Төлбөр төлөгч нь 2,100,000 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор төлж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний дотор бүрэн төлж барагдуулна.

3/ Төлбөр төлөгч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд төлнө.

4/ Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн.

5/ Энэхүү гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг хуулиар зохицуулна гэжээ.

 

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Д д холбогдуулж “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн үүрэгт үлдэгдэл төлбөр 17,000,000 төгрөг, алданги 65,900,000 төгрөг, нийт 82,900,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ‘Төлбөр барагдуулах хэлцэл’-ийн 1 дэх заалтын дагуу түрээсийн гэрээний үүрэгт хуримтлагдсан төлбөр 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны 25,000,000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл өмнөх хуримтлагдсан төлбөр 25,000,000 төгрөгөөс 160 хоногийн алдангид 20,000,000 төгрөг,

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 540 хоногт хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөгөөс тооцсон алданги 45,900,000 төгрөг, нийт 82,900,000 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэжээ.   

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар өмнө байгуулсан түрээсийн гэрээтэй холбоотой үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа гэрээгээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн “Төлбөр барагдуулах хэлцэл” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Харин 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулснаас хойш хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчид 8,000,000 төгрөг төлсөн, үндсэн төлбөрөөс 17,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар зохигчид маргаангүй байна. 

 

Иймд нэхэмжлэгч Д.М 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн 1-д “Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар дүгнэхэд түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 25,000,000 төгрөг, түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсний алдангийг тооцохгүй байхаар талууд тохиролцов” гэсэн заалтын дагуу үлдэх төлбөр 17,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Б.Д гээс шаардах эрхтэй. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээр алдангийн талаар зохигчид бичгээр тохирсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ буюу төлбөрийг тогтоосон хугацаандаа нэхэмжлэгчид шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэгэнт талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар бичгээр тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

 

Харин Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн зохицуулалт, мөн хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш шүүхэд хандаж байгаа хугацаа зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Д гээс 22,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д гээс  267,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ