Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00028

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00028

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02637 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох 82,900,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбаяр, хариуцагч Б.Д-, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Б.Д-тэй 2018 оны 10 сарын 29-ний өдөр Түрээсийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж, сар бүрийн 25-ны дотор түрээсийн төлбөрт 2,100,000 төгрөг төлөхөөс гадна 2017 оны 11 д сарын 6-ны өдрөөс хуримтлагдсан 25,000,000 төгрөгийг 2019 оны 10 сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах болзол бүхий хэлцэл байгуулсан. 2018 оны 10 сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 сарын 11-ний өдрийг хүртэл хуримтлагдсан 25,000,000 төгрөгөөс 160 хоногийн алданги тооцоход 20,000,000 төгрөг, 2019 оны 4 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл 540 хоногт хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход 45,900,000 төгрөг болж байна. Тодруулбал хариуцагчийн нийт төлөх ёстой алданги 65,900,000 төгрөг байна. 2018 оны 10 сарын 29-ний өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулснаас хойш хариуцагч Б.Д- нь нэхэмжлэгчид 8,000,000 төгрөг төлж, үндсэн төлбөрөөс 17,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Талуудын хооронд түрээсийн харилцаа 2017 оны 1 сараас эхэлсэн. 8,000,000 төгрөгийг 2019 оны 4 сарын 11-ний өдөр 17 цаг 50 минутад өөрийнхөө данснаас Д.Мын 5007830303 дугаартай дансанд түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн байдаг. Түрээсийн гэрээний харилцаа байсан гэдгийг манай зүгээс нотолж байгаа учраас төлбөр барагдуулах хэлцлийн дагуу түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. 2, 3 жилийн хугацаанд хариуцагч тухайн хөрөнгийг ашигласан бөгөөд энэ хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөг, алданги 65,900,000 төгрөг, нийт 82,900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 сард Д.Мтай түүний эрхлэн явуулдаг Баянголын найзууд цэцэрлэгийн байрыг ашиглаж хамтран ажиллахаар болсон. Д.Мын хувьд өөрийн цэцэрлэгт 20 гаруй хүүхэд тогтмол явдаг гэж хэлж байсан боловч нэг ч хүүхэд бүртгүүлээгүй байсан бөгөөд тэрээр зөвхөн цэцэрлэгийн байрыг гаргаж байсан. Би зар тавьж, таньж мэддэг хүмүүстээ хэл дуулгаж явсны эцэст 10 гаруй хүүхдийг тус цэцэрлэгт хамруулж ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд төрөөс хувийн хэвшлийн цэцэрлэгт олгодог хувьсах зардлыг сар бүр Д.М нь өөрийн Баянголын найзууд сургалт боловсролын байгууллагаар дамжуулан, харин би 10 гаруй хүүхдийнхээ төлбөрийг авдаг байсан. Хамтран ажиллаж байх хугацаандаа Д.М нь манай үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваач гэсэн санал тавьж, би саналыг нь хүлээн авч түүний байрыг худалдан авахаар болсон. Ийнхүү Д.Мын өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-28 дүгээр байр 22 тоот, 105.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 157,950,000 төгрөгөөр, мөн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-28 дүгээр байр, 21 тоот, 94.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 142,050,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар 2018 оны 6 сарын 7-ны өдөр түүнтэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Банкны зээл хөөцөлдөж байх хугацаанд Д.М нь банкны зээл бүтэхгүй бол чи миний байранд ажилласан хугацааны түрээсийн төлбөр төлнө шүү гэж хэлээд түрээсийн гэрээг байгуулж, гарын үсэг зуруулж авсан юм. Мөн түрээсийн гэрээний хугацаа сунгах гэрээг хэд хэдэн удаа байгуулж, сүүлд 2018 оны 10 сарын 29-ний өдөр түрээсийн гэрээний төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. 2018 оны 11 сарын 2-ны өдөр миний зээлийн гэрээ байгуулагдаж, түүнд банкнаас гэрээнд заасан орон сууцны төлбөрийг бүрэн шилжүүлж би Д.Мын хоёр орон сууцыг худалдаж авснаар бидний хооронд үүссэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа дууссан. Гэтэл банкнаас зээл гараагүй тохиолдолд байрыг ашигласан хугацааны төлбөрийг төлөхтэй холбоотой түрээсийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 

Болор үйлс ТББ-ыг төлөөлж нэхэмжлэгчтэй 2017 оны 11 сарын 6-ны өдөр хоёр түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хоёр үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны сүүлээс эхлээд ашиглаж байгаа талаар маргахгүй. Гэхдээ байрыг хувь хүнээрээ биш төрийн бус байгууллагаараа ашиглаж байгаа. 2018 оны 10 сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг байгуулснаас хойш нийтдээ 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчийн хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн 2017 оны 11 сарын 6-ны өдөр түрээсийн гэрээг нэхэмжлэгч нь хуулийн этгээдтэй буюу төрийн бус байгууллагатай байгуулсан мөртлөө төлбөр барагдуулах хэлцэл хийхдээ хувь хүнээр буюу хариуцагч Б.Д-тэй хийсэн нь буруу. Нэхэмжлэлийг хариуцах ёстой этгээд нь хариуцагч Б.Д- биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Д-гээс 22,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гээс  267,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Д.М анх түрээсийн гэрээ байгуулах зорилгогүйгээр миний үүсгэн байгуулсан Болор үйлс ТББ-тай түрээсийн гэрээ байгуулж байсан. Мөн Д.М өөрийн 2 үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахаар болж, би зээлийн асуудлаа хөөцөлдөж байх хугацаанд зээл чинь бүтэхгүй бол алдагдсан хугацааны зардлыг түрээсийн төлбөрөөр тооцож авна хэмээн түрээсийн гэрээ байгуулж, хугацаа сунгах гэрээнүүдэд гарын үсэг зуруулж, мөн тооцоо нийлэх актыг хийлгүүлж байсан. Миний зээл бүтэж, Д.Маас үл хөдлөх хөрөнгийг нь худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд яагаад түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Д-д холбогдуулан түрээсийн төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 82,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хариуцагч Д.Мтай 2018 оны 10 сарын 29-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах хэлцлийг баримтаар гаргасан бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцлийг үгийн шууд утгаар нь тайлбарлавал талууд өмнө нь байгуулсан 2017 оны 11 сарын 6-ны өдрийн түрээсийн гэрээний үүргийг хожим тодорхойлсон байна. /хх-7/

Өөрөөр хэлбэл, хэлцлийн агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, улмаар нэхэмжлэгч Д.М нь түрээсийн гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байх боловч уг хэлцэл нь түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Уг хүчин төгөлдөр бус хэлцлийн агуулгыг хожим гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.Мын шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар тодорхойлогдоно. Иймд хариуцагч Б.Д- нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар үндэслэлгүй олж авсан хөрөнгөө буцааж өгөх буюу үнийг нь төлөх үүрэгтэй. Энэ талаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Зохигчид Төлбөр барагдуулах хэлцлээр хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 25,000,000 төгрөг байхаар тохиролцож, хэлцлийн 3 дахь хэсэгт үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутам биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заажээ. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй гэж заасан буюу үндэслэлгүйгээр олж авсан мөнгөн хөрөнгөнд алданги тооцохгүй тул нэхэмжлэгч Д.М нь алданги шаардах эрхгүй байна.

 

Хэргийн 8 дугаар талд авагдсан Д.Мын Хаан банк дахь 5007830303 тоот дансны хуулгаас харахад хариуцагч Б.Д-гээс 2019 оны 4 сарын 11-ний өдөр зээл төлөлт утгатай 8,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул түүний гүйцэтгэх үүрэг болох 25,000,000 төгрөгөөс хасч 17,000,000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 17,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 242,950 төгрөг байх тул энэ үндэслэлээр мөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9 гэж, 22,000,000 гэснийг 17,000,000 гэж, 60,900,000 гэснийг 65,900,000 гэж, 2 дахь заалтад 267,950 гэснийг 242,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН