Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01011

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..холбогдох,

Гуравдагч этгээд:  ...,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гуравдагч этгээд ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... төлөөлөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:

... нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай захирамжаар...-д 396,085,237 төгрөгийг олгохоор шийдвэрлэгдсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ... дүүргийн 1.. дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ...гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063085 дугаарт бүртгэлтэй, ... байршилтай ... м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны ... дугаар мэдэгдлийг маргааш өдөр нь шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээний зориулалттай ашигтай байршилд байдаг бөгөөд, одоо тус объектын үнэлгээ 1 м.кв талбай доод тал нь 3,000,000 болон түүнээс дээш төгрөгөөр үнэлэгдэхээр байдаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар ... нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй байх бөгөөд, төлбөр төлөгч ...гийн эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна.

Анхан шатны шүүхээр шийдвэрлээд шууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байгаа. Аливаа үл хөдлөх хөрөнгийг насжилтаар нь үнэлдэг. Тухайн үнэлгээний тайлантай танилцахад насжилтын талаар дурдаагүй байсан. Тус объектыг 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Ойр орчимд нь байгаа объектын жишиг үнийг тогтоох шаардлагатай байсан... гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ...гаас 393,957,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,127,737 төгрөгийг тус тус гаргуулж,...-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй, ... зочид буудал үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ... тогтоолоор битүүмжлэх ажиллагааг хийж, мөн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийсэн. Улмаар талуудаас Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгож, үнэлгээг хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн.

Үнэлгээний тайлан дээр тодорхой эрх бүхий эрхтэй үнэлгээний компаниудтай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийсэн хөрөнгийн үнэлгээний 5 компани байдаг. Тойргийн журмаар явдаг ба, ... таарч үнэлгээ хийхээр болсон. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Гэтэл өнөөдөр нотлох баримт байхгүйгээр үнэлгээ ийм байна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэлгээ тогтооход бүх шаардагдах Олон улсын стандартаа барьж хийсэн нь тодорхой байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд...-ийн захирал ... шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай байгууллагаас зээл авсан зээлдэгч ... овогтой ... нь авсан зээл болон хүүгээ гэрээний дагуу төлж барагдуулаагүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 393,957,500 төгрөгийг ...гаас гаргуулахаар шийдвэрлэсэн. ... нь төлбөрийг сайн дураар эс биелүүлсэн тул албадан гүйцэтгүүлэхээр ... хүсэлт гаргасан. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас манай байгууллагын нэр дээр барьцаанд байгаа ...гийн эзэмшлийн ... зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хөндлөнгийн хараат бус шинжээчийн тусгай эрхтэй .. ... гэх байгууллагаар гүйцэтгүүлж хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагад албан тоотоор мэдэгдсэн. Бидний зүгээс мэргэжлийн байгууллагын хийж гүйцэтгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан бөгөөд, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартын дагуу үнэлгээний орц, мэдээллийн бодитой байдалд тулгуурлан хөрөнгийн үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаа. Гэтэл ... нь хөрөнгийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч байгаа талаар томдол гаргасан байгаа нь төлбөр авагч талын эрх ашигт шууд нөлөөлж байна. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь хэрхэн яаж хугацаа хожиж, өөрт ашигтай байдал гаргаж, уг асуудлыг ужигруулж, төлбөрийг төлөхгүй байх аргыг эрэлхийлсэн үйлдэл гэж бидний зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сарын дараа мөнгөө төлнө гээд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталсан. Гэтэл хугацаандаа мөнгөө төлөлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Харамсалтай нь төлбөр төлөгч тал энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг аль болох хойшлуулах хүсэл эрмэлзэлтэйгээр өдий хүртэл явж ирсэн. Би мэргэжлийн бус ч гэсэн энэ үнэлгээний тайлан дээр ямар байдлаар яаж хийсэн талаар дурдагдсан байгаа. 2 талаас үнийн санал авахад ... хөрөнгөө үнэлэхдээ 4,600,000 төгрөгөөр 1 м.кв-аа үнэлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн нэхэмжлэл дээр 3,000,000 төгрөгөөс дээш гэж бичсэн байна. Өөрийнхөө хөрөнгийг ямар хугацаанд хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй, ямар ч зах зээлийн бодит үнэлгээ байхгүй, нотлох баримтгүй байна. Ийм байдлаар энэ асуудлыг оруулж ирж шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Үнэлгээний аргачлалын талаар тайлан дээр нь тодорхой тусгагдсан байгаа. Энэ үнэлгээний тайлан дээр эргэлзэх зүйл байхгүй. Энэ тайлангаар гаргасан үнэлгээ нь зах зээлийн бодитой ханшаар хангалттай хэмжээнд үнэлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас насжилтын талаар ярьж байна. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ насжилтийг тооцсон. Хөрөнгийн үнэлгээний тайлангаа унших нь зүйтэй байх. Үнэлгээний тайлангаа уншиж үзээсэй гэж хүсэж байна. Үнэлгээний тайлангийн 14 дүгээр хуудсанд насжилтын талаар бичсэн байгаа. Ийм учраас насжилт тооцоогүй гэдэг нь үндэслэлгүй байна. Бусад объекттой харьцуулж үнэлгээ хийгээгүй гэж байна. Мөн энэ талаар үнэлгээний тайлангийн 14 дүгээр хуудсанд байгаа. 3 объекттой харьцуулж үнэлгээ хийсэн байгаа. ... зам дагуух объект, ... объект гэсэн энэ 3-н объекттой харьцуулж үнэлгээ хийсэн байгаа... гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ...гийн өмчлөлийн ... улсын бүртгэлийн дугаартай, ... байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай объектын 4, 5 дугаар давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авч, харилцан тохиролцоогүйн улмаас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулсан бөгөөд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон төлбөр авагч...-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг ...Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн, үнэлгээний орц, мэдээллийн бодитой байдалд тулгуурлан гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлттэй бүрэн танилцалгүйгээр, цаг хугацаа хожих зорилготойгоор шүүхэд гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна... гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ... дугаар захирамжаар нэхэмжлэгч...-д зээлийн гэрээний үүрэгт 393,957,500 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ...гийн зөвшөөрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. /хх 17/

Төлбөр төлөгч ... дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч... нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 1.. тоот шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар тогтоолоор, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /хх 16, 19, 20/

Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн байх боловч тэрээр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч ...гийн өмчлөлийн ... улсын бүртгэлийн дугаартай, ... тоотод байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай объектын 4, 5 дугаар давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна. /хх 24-27, 42-45/

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч ... нь төлбөр төлөгч ...гаас хураан авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухад тэрээр 1,853,150,000 /нэг тэрбум найман зуун тавин гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч...-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, тухайн үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхийг хүсчээ. /хх 46, 47/

Иймээс шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 32 тоот Шинжээч томилох тухай тогтоол гарган, ... ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна. /хх 48/

Шинжээчээр томилогдсон ... ХХК-ийн захирал, Хөрөнгийн тэргүүлэх үнэлгээчин, багийн ахлагч ..., туслах үнэлгээчийн ... нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолд заасан ... байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай объектын ... дугаар давхарт байрлах ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр танилцаж, фото зургаар баталгаажуулан бэхжүүлж, орон сууцыг хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэ цэнийг 666,300,000 /зургаан зуун жаран зургаан сая гурван зуун мянган/ төгрөгөөр үнэлжээ. /хх 50-76/

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 4/1679, 4/1680 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч болон, төлбөр авагч талд тус тус 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгч, үнэлгээг мэдэгдсэн байна. /хх 79, 80/

Нэхэмжлэгч ... нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...... үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй, ...төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн... гэх агуулга бүхий үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн дээрх үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон ... ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Үнэлгээний олон улсын стандарт ..., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд өртгийн хандлагын үнэлгээний томсгосон норматив-ын аргыг ашиглан, барилгын элэгдлийг тооцож, барилгыг жинхэнэ ашигласан 6 жил, Зах зээлийн хандлагын үнэлгээгээр уг үл хөдлөх хөрөнгийг байршил, зориулалт, хийц конструкцийн хувьд ойролцоо, зарахаар зарлагдаж байгаа 3 хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн хандлагаар харьцуулалт хийж үнэлжээ.

Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үнэлгээг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй, ойролцоо байрлах ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулалт хийгээгүй... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, нэхэмжлэлд дурдсанаар тухайн хөрөнгө 1,853,150,000 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч ... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч ...гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгч ...гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... холбогдох, ... улсын бүртгэлийн дугаартай, Б... байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай объектын 4, 5 дугаар давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 666,300,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ...гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА