Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01169

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/001011 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Е- ББСБ ХХК-д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01365 дугаартай захирамжаар Е- ББСБ ХХК-д 396 085 237 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Н.Б-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063085 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 51 дүгээр байрны 4 болон 5 дугаар давхарт байршилтай 370.63 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4/1680 дугаар мэдэгдлийг маргааш өдөр нь шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээний зориулалттай ашигтай байршилд байдаг бөгөөд, одоо тус объөктын үнэлгээ 1 м.кв талбай доод тал нь 3 000 000 төгрөг болон түүнээс дээш үнээр үнэлэгдэхээр байдаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй байх бөгөөд, төлбөр төлөгч Н.Б-гийн эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Шүүхээр шийдвэрлээд шууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байгаа. Аливаа үл хөдлөх хөрөнгийг насжилтаар нь үнэлдэг. Тухайн үнэлгээний тайлантай танилцахад насжилтын талаар дурдаагүй байсан. Тус объөктыг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Ойр орчимд нь байгаа объөктын жишиг үнийг тогтоох шаардлагатай байсан гэжээ.

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зочид буудал үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 19250927/01 тогтоолоор битүүмжлэх ажиллагааг хийж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19250927/14 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийсэн. Улмаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгож, үнэлгээг хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гэрээ хийсэн хөрөнгийн үнэлгээний 5 гэрээт компани байдаг. Тойргийн журмаар явдаг, Мөнх-Оргил трейд ХХК таарч үнэлгээ хийхээр болсон. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Гэтэл өнөөдөр нотлох баримт байхгүйгээр үнэлгээ ийм байна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэлгээ тогтооход бүх шаардагдах олон улсын стандарт барьж хийсэн нь тодорхой байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Е- ББСБ ХХК-ийн төлөөлөгч Э.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б- нь авсан зээл, хүүгээ гэрээний дагуу улмаас шүүгчийн захирамжаар 393 957 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Н.Б- нь төлбөрийг сайн дураар эс биөлүүлсэн тул албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх өрөнхий газраас барьцаанд байгаа Н.Б-гийн эзэмшлийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Мөнх Оргил трейд ХХК гэх байгууллагаар гүйцэтгүүлж хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Үнэлгээний орц, мэдээллийн бодитой байдалд тулгуурлан хөрөнгийн үнэлгээний тайланг хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь хэрхэн яаж хугацаа хожиж, өөрт ашигтай байдал гаргаж, уг асуудлыг ужигруулж, төлбөрийг төлөхгүй байх аргыг эрэлхийлсэн үйлдэл. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сарын дараа мөнгөө төлнө гээд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталсан. Гэтэл хугацаандаа мөнгөө төлөлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. 2 талаас үнийн санал авахад Н.Б- хөрөнгөө 1 м.кв-ийг нь 4 600 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл өнөөдрийн нэхэмжлэл дээр 3 000 000 төгрөгөөс дээш гэж бичсэн байна. Өөрийнхөө хөрөнгийг ямар хугацаанд хэрхэн яаж үнэлсэн нь тодорхойгүй, ямар ч зах зээлийн бодит үнэлгээ байхгүй, нотлох баримтгүй байна. Үнэлгээний аргачлалын талаар тайлан дээр нь тодорхой тусгагдсан байгаа. Үнэлгээ нь зах зээлийн бодитой ханшаар хангалттай хэмжээнд үнэлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ насжилтийг тооцсон. Үнэлгээний тайлангийн 14 дүгээр хуудсанд насжилтын талаар бичсэн байгаа. Үнэлгээний тайлангийн 14 дүгээр хуудсанд 3 объөкттой харьцуулж үнэлгээ хийсэн гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдох, Ү-2205063038 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны 4 тоотод байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай объөктын 4, 5 дугаар давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 666 300 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Б-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барьцаа хөрөнгө болох Ү-2205063083 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагг Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны 4 тоотод байрлах зочид буудал, үйлчилгээний зориулалт объөктын 4, 5 дугаарт байрлах давхарын үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотны А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг. Мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй орон сууцны эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байлдал, дэд бүтцийн ашигтай байдал, хэмжээг үл тооцон тухайн өмчлөгчийн эрх ашгийг зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хх1-2, 15/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01365 дугаар шийдвэрээр Н.Б-гаас 396 085 237 төгрөгийг гаргуулж Е- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 19250927 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх20/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Б-гийн өмчлөлийн Ү-2205063038 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны 4 тоотод байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай объөктын 4, 5 дугаар давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх20, 42-43/

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 1 853 150 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх46,47/

Хариуцагч байгууллагаас 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 32 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх48/

Мөнх Оргил трейд ХХК-ийн үнэлгээний тайлангаар Ү-2205063038 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны 4 тоотод байрлах, зочид буудал, үйлчилгээний зориулалттай объөктын 4, 5 дугаар давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 666 300 000 төгрөгөөр үнэлжээ. /хх 50-76/

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч Н- албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч тал, орон сууцны байрлал, эдийн засгийн үр ашиг, тав тухтай байдлын талаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, үнэлээгүй гэж маргасан боловч хөрөнгийн үнэлгээний тайланд дээрх байдлуудыг харгалзаж хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлсэн байна. /хх51-77/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01011 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД