Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00955

 


 

 

 

2   2021 оны 05 сарын 10 өдөр

         Дугаар   183/ШШ2021/00955                            Улаанбаатар хот

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Д У Б У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “Г Ү” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.090.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д У Б У” ХХК нь “Г Ү” ХХК эмнэлгийн захиалгаар 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монголын эмч, эмнэлгийн ажилчдын холбооны ээлжит олон улсын хурлыг зохион байгуулсан ба үйлчилгээ үзүүлсний төлбөрт нийт 16.250.000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөр болох 5.160.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлсөн, мөн дараа нь бэлнээр 1.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 10.090.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй бөгөөд нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөхгүй байгаа тул хариуцагчаас 10.090.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. “Г Ү” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд “Д У Б У” ХХК-ийн амралтын газарт Олон улсын хурал зохион байгуулсан нь үнэн. Тухайн үед гэрээ, хэлцэл байгуулах талаар санал тавьсан боловч “Д У Б У” ХХК-иас бичгээр гэрээ байгуулаагүй. Нийт төлбөр нь 13.000.000 төгрөг гарсан ба үүнээс 6.160.000 төгрөгийг төлсөн. Мөн “Д У Б У” ХХК-иас үзүүлсэн үйлчилгээ нь маш муу байсан бөгөөд энэ талаар тухайн уг байгууллагад мэдэгдсэн. Түүнчлэн “Д У Б У” ХХК-ийн үлдэгдэл төлбөр 11.090.000 төгрөг гэх 142034 дүгээр Нэхэмжлэх гэх баримтыг “Г Ү” ХХК-д ирээгүй бөгөөд хэрэгт авагдсан уг баримтад манай байгууллагын гарын үсэг байхгүй болно гэв.

Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

“Д У Б У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г Ү” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.090.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Г Ү” ХХК нь “Д У Б У” ХХК-ийн Ресорт Ворлд Тэрэлж Хотел нэртэй жуулчны баазад 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд байрлан, /олон улсын хурал, уулзалтыг зохион байгуулж/ үйлчлүүлсэн талаар, мөн талууд бичгээр хэлцэл байгуулаагүй талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ аман хэлбэрээр талууд байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу ажиллуулагч “Г Ү” ХХК нь /олон улсын хурал, уулзалтыг зохион байгуулах/-аар 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ажиллагч “Д У Б У” ХХК-ийн Ресорт Ворлд Тэрэлж Хотел нэртэй жуулчны баазад байрлан, хурлын заал, буудлын өрөө /гэр/, хоол авч үйлчлүүлсэн, мөн урьдчилгаа хөлс 6.160.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

                Нэхэмжлэгч “Д У Б У” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...ажил гүйцэтгэх хөлсөнд нийт 16.250.000 төгрөг гэж тохиролцсон” гэж тайлбарлан хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 142034 дүгээр “Нэхэмжлэх” гэсэн баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн хэдий боловч, уг баримтад  “...нэхэмжлэгч Баянхайрхан трейд ХХК...” гэсэн нь, мөн уг нэхэмжлэхийг хариуцагч “Г Ү” ХХК-д хүргүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч тал “...ажил гүйцэтгэх хөлсийг 16.250.000 төгрөг”-өөр “Г Ү” ХХК-тай тохиролцсон талаарх тайлбар түүнтэй холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул хариуцагч талын “...нийт 13.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон” гэсэн хариу тайлбарыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний ажил, үйлчилгээг гүйцэтгэсний хөлс 13.000.000 төгрөг гэж дүгнэв.

Иймд хариуцагч “Г Ү” ХХК-иас төлсөн хөлс 6.160.000 төгрөгийг 13.000.000 төгрөгөөс хасаж тооцон, үлдэх 6.840.000 төгрөгийг нэхэмжлэгч “Д У Б У” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “Г Ү” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.840.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д У Б У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д У Б У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 176.390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Г Ү” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД