Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01013

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .. холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч .. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр ...аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,105,350 төгрөг гаргуулж ... олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн эд хөрөнгө болох .... байршилтай, эрхийн улсын бүртгэлийн . .. дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай хувийн сууц, доороо 5 тн-ын зоорьтой үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг төлбөр төлөгч миний өгсөн үнийн саналыг төлбөр авагч ... хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч нь дээр дурдсан хөрөнгийг 20,897,700 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн миний үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь дэндүү их байгаа, үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Шинжээч үнэлгээг гаргахдаа бодит зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэж байгааа. Би хөрөнгөө 55,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний дагуу 55,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах хүсэлтэй байгаа. Сүүлд шүүхийн үнэлгээ хийсэн шинжээч харьцуулсан үнэлгээ хийсэн байсан. Зоорийн давхрыг үзэлгүй зөвхөн дээд талын талбай, орчныг үнэлсэн. Үнэлгээний хувьд зөвхөн тэр байшин л үнэлэгдээд зоорь нь үнэлэгддэггүй. Миний 55,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бодитой гэж үзэж байна... гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь хариу тайлбарыг дэмжиж гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ...аас 11,900,000 төгрөгийг гаргуулж ...д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ...дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч ...д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн . .., ... дугаарт бүртгэлтэй ... байрлах хувийн сууц, газрыг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч ... 55,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ... шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор ...ийг томилоход хөрөнгийг 20,897,700 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/24605 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч ... нь тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-г зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ...ы өмчлөлийн . .., ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах хувийн сууц, газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуульд заасан хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан хэмээн тайлбарлаж маргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар ...аас 11,900,000 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж 205,350 төгрөгийг тус тус гаргуулж ...д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 20-21/

Төлбөр төлөгч ... шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч ... нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн ... тоот шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч ... нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар тогтоолоор, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /хх 18, 19, 22/

Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, түүний банк дахь хадгаламж болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэх ажиллагаа хийсэн байх боловч ... төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас түүний өмчлөлийн . .., ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах хувийн сууц, газрыг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1.. тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, тэмдэглэл үйлдсэн байна. /хх 34-36, 39-41/

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч ...аас хураан авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухад тэрээр 55,000,000 /тавин таван сая/ төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ... хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, тухайн үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхийг хүсчээ. /хх 42, 43/

Иймээс шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 345 тоот Шинжээч томилох тухай тогтоол гарган, ...ийг томилсон нь хуульд нийцсэн байна. /хх 44/

Шинжээчээр томилогдсон ...ийн захирал .., .... яамны хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн тусгай зөвшөөрөлтэй, тасралтгүй 10 ажилласан туршлагатай мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчин .., үнэлгээний ахлах мэргэжилтэн ... нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолд заасан . .., ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах хувийн сууц, газартай танилцаж, фото зургаар баталгаажуулан бэхжүүлж, хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэ цэнийг 20,897,700 /хорин сая найман зуун ерэн долоон мянга долоон зуун/ төгрөгөөр үнэлжээ. /хх 46-57/

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/24605 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч ...д 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр ... хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн үнэлгээг мэдэгдсэн байх бөгөөд, төлбөр төлөгч ... уг үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гомдол бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. /хх 58, 59, 60/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдсэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн гомдол гаргах өдрийг тооцвол 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ... гомдол гаргах эрхтэй. Гэтэл тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлжээ.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон ... ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэнийн суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийж, хийцийн итгэлцүүр, байршлын итгэлцүүр зэргийг тогтоон хувийн сууцыг 14,156,000 төгрөг, газрыг зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх арга, орлогын хандлагын арга, зардлын хандлагын аргуудыг хэрэглэж үнийг 6,742,000 төгрөг байхаар тогтоон, нийт үнэлгээний дүнг 20,897,700 төгрөгөөр үнэлсэн байна.

Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг бодитой үнэлээгүй... гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, нэхэмжлэлд дурдсанаар тухайн хөрөнгө 55,000,000 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч ... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй, тухайн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэгч гаргаагүй байх тул дээрх үндэслэлээр ... гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгч ... гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ...т холбогдох, улсын бүртгэлийн . .., ... дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах хувийн сууц, газрыг 20,897,700 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ...ы гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА