Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1018

 

Л.Э-ы нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01013 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Э-ы нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00223 дугаартай шийдвэрээр Л.Э-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.105.350 төгрөг гаргуулж Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул, 18 дугаар гудамж, 12 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033828 дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай хувийн сууц, доороо 5 тоннын зоорьтой үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2201017534 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг төлбөр төлөгч миний өгсөн үнийн саналыг төлбөр авагч Д.Мөнхжаргал хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч нь дээр дурдсан хөрөнгийг 20.897.700 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээч үнэлгээг гаргахдаа бодит зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байгаа. Сүүлд шүүхийн үнэлгээ хийсэн шинжээч харьцуулсан үнэлгээ зоорийн давхрыг үзэлгүй зөвхөн дээд талын талбай, орчныг үнэлсэн. Үнэлгээний хувьд зөвхөн тэр байшин л үнэлэгдээд зоорь нь үнэлэгддэггүй. Миний 55.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бодитой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдулам шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00223 дугаар шийдвэрээр Л.Э-аас 11.900.000 төгрөгийг гаргуулж Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18250539 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Л.Э-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033828, Г-2201017534 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоот хаягт байрлах хувийн сууц, газрыг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18250539/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18250539/04 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Л.Э- 55.000.000 төгрөгөөр, төлбөр авагч Д.Мөнхжаргал шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилоход хөрөнгийг 20.897.700 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/24605 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Л.Э- нь тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дах хэсэгт заасанг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, улсын бүртгэлийн Ү-2201033828, Г-2201017534 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоот хаягт байрлах хувийн сууц, газрыг 20.897.700 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Э-ы гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөрөнгийн үнэлгээ хийсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК үнэлгээ хийхдээ газар болон байшин үнэлсэн боловч байшингийн подвол ногоон зоорийг үнэлээгүй орхигдуулсан нь хашаа байшин зах зээлийн ханшнаас хэт хямдхан 20.897.700 төгрөгөөр үнэлэгдэх шалтгаан болсон. Харин зах зээлийн ханш бол миний үнэлсэн 55.000.000 төгрөг бол бодитой юм. Иймд миний үнэлснээр хашаа байшингийн үнэлгээг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01\140 тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/00223 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Л.Э-аас түрээсийн төлбөрт 11.900.000 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нэхэмжлэгч сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байршилтай 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эдгээр ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна.

Төлбөр төлөгч Л.Э-ы эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоотод байрлах улсын бүртгэлийн                 Ү-2201033828, Г-2201017534 дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай хувийн сууц, 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэл хүргүүлсэн ба төлбөр төлөгч Л.Э- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 55.000.000 төгрөгөөр үнэлж буй тухай хариу ирүүлсэн бол төлбөр авагч Д.Мөнхжаргал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 345 тоот шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор  “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилжээ. /хх-ийн 42-44/

Хариуцагч байгууллагаас томилогдсон шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01\140 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг 20.897.700 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээний талаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 58-60/

Нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргахдаа эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. /хх-ийн 1, 7, 59/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хэрэгт   48 м.кв талбайтай хувийн сууц, 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт ногооны зоорь байдаг талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Л.Э- тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул, 18 дугаар гудамж, 12 тоотод байрлах 48 м.кв талбайтай доороо 5 тн-ын зоорьтой хувийн сууц, мөн хаягт байрлах 484 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ, цэнийг 18.000.000 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан үндэслэл нотлогдоогүй байна.  /хх-ийн 69, 77-89/

 

Хариуцагч байгууллагын томилсон Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй ба харин нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар хуулийн 55.7 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН      

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

                                                                                                            Н.БАТЗОРИГ