Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

Б Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.И даргалж, шүүгч М.Н А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02636 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-ийн хариуцагч Д.А.Ж ХХК-д холбогдуулан гаргасан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэг-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хариуцагчтай 9.06 км асфальт бетон хучилттай авто замын барилгын геодезийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компанийн гүйцэтгэж буй авто замын барилгын геодезийн ажлыг захиалагчийн өгсөн үүрэг даалгавар, гэрээний дагуу хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэн өгсөн. Талууд гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гэж тохирсон ба гэрээний үнийн дүн 12 000 000 төгрөг байсан. Миний хувьд ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл 2 500 000 төгрөгийг Д.А.Ж ХХК төлөөгүй тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Ц  нь 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Д.А.Ж ХХК-тай замын геодезийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан бөгөөд түүний ажлын хөлсийг гүйцэтгэлийг нь харгалзан олгож дууссан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан хариуцагчаас 2 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбатын төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ Д.А.Ж ХХК-тай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14/0908-01 тоот замын геодизийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ. Гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэж заасан бөгөөд энэ хугацаанд ажил гүйцэтгэгч гэрээт ажлыг хийж дуусгах үүргийг захиалагчийн өмнө хүлээсэн. Мөн энэ үеэс ажил гүйцэтгэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх үүсэх бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу шаардах эрх үүссэн үеэс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 4 жил 19 хоног буюу 1 479 өдрийн хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

ХЯНАВАЛ

           

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч Д.А.Ж ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулах шаардлага /хх1/ гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж, үндэслэлээ ажлын гүйцэтгэлийг харгалзан хөлсийг төлсөн гэж тайлбарлажээ./хх22/

 

Б.Ц  болон “Өндөрбуянт Холдинг” ХХК нар нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 14/0908-01 дугаар бүхий “замын гоедезийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээнд Д.А.Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батмөнх батлан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан /хх4-6/, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээрх гэрээгээр Өлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн 9.06 км автозам барих ажил буюу талбайн нарийн тэгшилгээний хэмжилт, боловсруулалтын ажлыг захиалгын дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байхаар тохиролцон, ажлын хөлсийг 15 000 000 төгрөг гэж, /хх4/ 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 18/0908-01 дугаартай гэрээний нэмэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1 сарын хугацаагаар гэрээг сунган бусад нөхцлийг хэвээр байхаар тохиролцжээ./хх6/

           

            Нэхэмжлэгчийн ажлын хөлсийг авсан гэх тайлбараас үзвэл ажлын үр дүнг хариуцагч хүлээн авч Иргэний 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хөлсийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй, харин ажлын үр дүнг харгалзан хөлсийг дутуу олгосон гэх тайлбараа хариуцагч нотлоогүй байна. Тодруулбал, ажлын гүйцэтгэлийг хэдэн хувьтайгаар хүлээж авсан, ямар ажил дутуугаас 2 500 000 төгрөг олгоогүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

            Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхэд энэ үндэслэлээр татгалзал гаргаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна. Иймд шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчихгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.И

 

                                               ШҮҮГЧИД                            М.Н

 

                                                                                            А.О