Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/02775

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо,  дугаар байрны,  тоотод оршин суух, эрэгтэй, Б овогт П- ийн Б/РД:УХ000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байрны, тоотод оршин суух, эрэгтэй, С овогт С Б /РД:ТЗ00000000/,

 

   Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байр, тоотод оршин суух, эрэгтэй, Бүрд овогт Б-гийн М /РД:ВЙ000000000/,

 

   Хариуцагч: Х дүүрэг, 1дүгээр хороо,  дүгээр байр, тоотод оршин суух, Ч Э нарт холбогдох,

 

   15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагч С.Б, хариуцагч С.Б-ын өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагч Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Ч.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гэрч Д.Т, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг С.Бад зээлсэн ба зээлийн мөнгийг өгөхдөө түүний хүсэлтээр Ч.Эы данс руу шилжүүлсэн байдаг. Мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.М нь миний эзэмшлийн Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасны дагуу уг саналыг би хүлээн авч, өөрийн Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийг Б.Мт өгч явуулсан. Ийнхүү миний бие С.Бад 15,000,000 төгрөгийг зээлж, Б.Мт өөрийн эзэмшлийн 35,000,000 төгрөгийг зээлээр өгч, нийт 50,000,000 төгрөгийн авлагатай болсон. Хариуцагч нар нь автомашины үнэ болон зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй тул тэдэнд бусдаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт орж ирэх байсан 57,000,000 төгрөгийг миний бие хөөцөлдөн тэдэнд авч өгсөн бөгөөд уг мөнгөнөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 35,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Хариуцагч С.Б нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн 35,000,000 төгрөгний 15,000,000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу авсан 15,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэдэг бол хариуцагч Б.М нь уг 35,000,000 төгрөг нь автомашины үнэ гэж тайлбарладаг тул хариуцагч нараас 15,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс авсан 15,000,000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу авсан мөнгө биш юм. П.Б нь Дорноговь аймаг, Хатанбулаг суманд хийгдэх байсан замын ажилд 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтаръя гэж санал гаргасан. Уг саналыг нэхэмжлэгч гаргах үедээ надад яг одоо мөнгө алга чи одоохондоо өөрөөсөө гаргачих, би удахгүй араас чинь өгнө, хамт ажиллая гэж байсан. Үүний дагуу бид нар Г.Эрдэнэбаяртай уулзаад 30,000,000 төгрөг авахаар болж, Г.Эрдэнэбаяр урьдчилгаа гээд 13,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн ба уг мөнгийг нэхэмжлэгч нь Ч.Э руу шилжүүлсэн. Би нэхэмжлэгч П.Бгийн мөнгийг Ч.Эаас авсныхаа дараа Б.Мын данс руу техникийн урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн ба энэ талаарх баримтаа гаргаж өгсөн байгаа. Ингээд 2019 оны 05 сарын 20-ны өдөр Мон лаа ХХК-иас 57,000,000 төгрөг бэлнээр орж ирсэн ба уг мөнгөнөөс Г.Эрдэнэбаярын гаргасан 15,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгөнөөс Г.Эрдэнэбаярт өгөх ёстой 5,000,000 төгрөгийг салгаж аваад цаана нь 31,000,000 гаруй төгрөг үлдсэнээс П.Б, Х.Т-О бид 2-т мөнгө орж, ирж байхад яаж хоосон байхав гээд тус бүр 500,000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг П.Бд өгөх гэтэл Б.М ...Би, 1-2 хүнд машин тэрэгний мөнгө өгөхгүй бол болохгүй байна... гэж гэхэд П.Б болон Д.Т нар хоорондоо ярилцаж байгаад Б.Мт 10,000,000 гаруй төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг машины төлбөр гэж авсан байдаг.. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М болон П.Б 2 зээлийн гэрээ байгуулж байсан удаа байхгүй ба зөвхөн зээлээр машин худалдаж, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Б.Мын хувьд зээлээр машин худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдаж байгааг дурдах нь зүйтэй байх. Б.Мын тухайд П.Бтай байгуулсан зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө төлөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх баримтыг гаргаж өгсөн байдаг. П.Б ч үүнийг хүлээн зөвшөөрч Б.Мтай хамт нотариат ороод зээлийн гэрээ дуусгавар болсон гэх баримтад гарын үсэг зурж, хурууны хээгээ дарсан байдаг. Нэгэнт зээлээр автомашин худалдаж, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон тул Б.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зээл өгсөн гэж бичсэн байдаг. Тэгвэл зээлийн гэрээ байгуулсан зүйл байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй байх. Үнэхээр зээлийн гэрээ байгуулсан бол тэр талаарх баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, аман хэлбэрээр байгуулж мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлахаар бол ядаж манай эхнэр Ч.Эы дансанд мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг нь яагаад зээл гэж бичээгүй байдаг. Үүнээс харвал П.Б ямар нэг зээлийн гэрээ байгуулж байгаагүй нь харагдаж байх бөгөөд зүгээр өгөх ёстой байсан мөнгөө л шилжүүлсэн гэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Миний хувьд эхлээд 30,000,000 төгрөг шилжүүлж байсан. Харин буцаагаад над руу яг мөнгө хэрэгтэй үед миний мөнгийг шилжүүлж чадаагүй. Ер нь бол намайг хариуцагчаар татсанд маш их гомдолтой байна гэв.

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч С.Б, Б.М, Ч.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч С.Б нь 15,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд уг мөнгийг авахдаа хариуцагч Ч.Эы дансаар дамжуулан авсан, ... мөн өдөр хариуцагч Б.М нь миний Ниссан навара маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 35,000,000 төгрөгийг төлсөн тул хариуцагч нараас зээлийн гэрээний 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байгуулагдаагүй, харин П.Б, Б.М бид нар хамтран ажиллахаар харилцан тохиролцож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр болж, өөрт нь мөнгө байхгүй байсан тул хүнээс авч бай гэсний дагуу н.Эрдэнэбаяраас 13,000,000 төгрөгийг авахаар болсон, Эрдэнэбаяр нь уг мөнгийг эхнэр Ч.Эы данснаас над руу шилжүүлсэн. Уг мөнгийг би хамтын үйл ажиллагаандаа зориулж, хариуцагч Б.Мын данс руу шилжүүлсэн. Дараа нь нь нэхэмжлэгч П.Б нь Ч.Эы данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд хамтран гүйцэтгэсэн ажлын урьдчилгаа хөлс орж ирсэн өдөр 15,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч П.Бтай зээлийн гэрээний харилцаа байгуулагдаагүй, харин автомашин худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний дагуу төлөх 35,000,000 төгрөгийг төлж, үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа ... талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй... гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч П.Б болон хариуцагч Б.М нарын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.М нь нэхэмжлэгчийн Ниссан навара маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, ...хариуцагч С.Б, Б.М нар нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн гэрт очиж 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн, ... нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Ч.Эы данс руу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрч Д.Энхтүвшин, Х.Т-О нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба зохигч уг үйл баримтад маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч П.Б болох хариуцагч С.Б нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгчээс хариуцагч Ч.Эд шилжүүлсэн 15,000,000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө мөн эсэх, 2019 оны 05 дугаар сарын 20-ны нэхэмжлэгчид өгсөн гэх 35,000,000 төгрөгт Ч.Э руу шилжүүлсэн гэх 15,000,000 төгрөг орсон эсэх дээр талууд маргаантай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн, хариуцагч Ч.Эы данс руу шилжүүлсэн 15,000,000 төгрөг нь уг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө мөн гэдгээ нотлох үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хариуцагч Ч.Эы данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх өөрийн 5037342957 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар өгч, шүүх хуралдаанд гэрчээр Д.Тг оролцуулж, гэрч Х.Т-Отой харилцсан харилцан ярианд үзлэг хийлгэжээ.

 

Гэрч Д.Тгийн шүүхэд хуралдаанд мэдүүлсэн ...П.Бг С.Бад мөнгө зээлсэн гэдгийг нөхрөөсөө /П.Б/ сонсож байсан ... гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн гэрч Х.Т-Отой ярилцсан харилцан ярианд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүх хуралдаанд гэрч Х.Т-Оын мэдүүлсэн...С.Б, Б.М, П.Б бид 4 нийлж ажил хийсэн, С.Бад өгсөн 15,000,000 төгрөг нь хөрөнгө оруулалтын шугамаар өгсөн мөнгө, зээлээгүй... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч П.Бгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэгт ...15,000,000 төгрөгийг бол С.Б нь хамтарч ажил хийе гэж гуйсаар байгаад авч, хуурч мэхэлсэн... гэх мэдүүлэг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3630 дугаартай прокурорын тогтоол болон хариуцагч нарын тайлбар зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн баримт болох хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын гаргасан ...талуудын хооронд хамтран ажиллах гэрээ... байгуулагдсан гэх тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд шүүх нэхэмжлэгч П.Бг хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч П.Б нь хариуцагч С.Бад өгсөн гэх 15,000,000 төгрөгнийхөө эрх зүйн үндэслэлийг тодруулан холбогдох этгээдээс дахин шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б, Б.М, Ч.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч П.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА