Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01316

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01316

 

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01272 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б, Б.М, Ч.Э- нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах, үүрэг дуусгавар болгох тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч Б.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Мт өөрийн эзэмшлийн Ниссан навара маркийн автомашиныг 35 000 000 төгрөгөөр худалдсан бөгөөд 20 000 000 төгрөгийг Жи Эм Энд Ти Ди ХХК-ийн төлбөрөөс төлсөн. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөөгүй. Б.М нь ... мөнгө хэрэг боллоо, машиныг чинь түр ББСБ-д тавьж зээл авч ажлаа дуусгаад автомашины төлбөрийг төлье... гэж гуйж үүрэг дуусгавар болгосон акт үйлдсэн. Уг актыг авч яваад тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн зээл авч 3 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 12 000 000 төгрөгийг төлөөгүй болно. Уг үүрэг дуусгавар болгох гэрээ нь хууль бус гэрээ юм. Иймд Б.Маас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. П.Б- болон Б.М нарын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Б-д нэг ч төгрөгийн өглөг авлага байхгүй болно. Мөн П.Б- нь Б.Маас ямар нэгэн өглөг авлага байхгүй болно гэсэн гарын үсэг баталгааг нотариатаар батлуулж өгсөн. П.Б- нь нэхэмжлэлдээ үндэслэлгүй зүйл бичсэн гэжээ.

Хариуцагч Ч.Энхчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зээл өгсөн гэж бичсэн байна. Зээлийн гэрээ байгуулсан бол тэр талаарх баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, аман хэлбэрээр байгуулж мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлахаар бол манай эхнэр Ч.Энхчулууны дансанд мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг нь яагаад зээл гэж бичээгүй байна. Үүнээс харвал П.Б- ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй гэж харагдаж байна. Миний хувьд эхлээд 30,000,000 төгрөг шилжүүлж байсан гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс авсан 15 000 000 төгрөг нь зээлийн гэрээний дагуу авсан мөнгөн хөрөнгө биш юм. П.Б- нь Дорноговь аймаг, Хатанбулаг суманд хийгдэх байсан замын ажилд 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах санал гаргасан. Уг саналыг нэхэмжлэгч гаргах үедээ надад яг одоо мөнгө алга чи одоохондоо өөрөөсөө гаргачих, би удахгүй араас чинь өгнө, хамт ажиллая гэж байсан. Үүний дагуу бид нар Г.Эрдэнэбаяртай уулзаад 30 000 000 төгрөг авахаар болж, Г.Эрдэнэбаяр урьдчилгаа 13 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба уг мөнгийг нэхэмжлэгч нь Ч.Энхчулуун руу шилжүүлсэн. Миний бие нэхэмжлэгч П.Б-гийн мөнгийг Ч.Энхчулуунаас авсныхаа дараа Б.Мын данс руу техникийн урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн ба энэ талаарх баримтаа гаргаж өгсөн байгаа. Мон лаа ХХК-аас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 57 000 000 төгрөг бэлнээр авсан ба уг мөнгөнөөс Г.Эрдэнэбаярын гаргасан 15 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгөнөөс Г.Эрдэнэбаярт өгөх ёстой 5 000 000 төгрөгийг салгаж аваад цаана нь 31 000 000 гаруй төгрөг үлдсэнээс П.Б-, Х.Төмөр-Очир бид тус бүр 500 000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 30 000 000 төгрөгийг П.Б-д өгөх гэтэл Б.М ... Би, 1-2 хүнд машин тэрэгний мөнгө өгөхгүй бол болохгүй байна гэхэд П.Б- болон Д.Түвшинзаяа нар хоорондоо ярилцаж байгаад Б.Мт 10 000 000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг машины төлбөр гэж авсан. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П.Б-, Б.М нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан үүрэг дуусгавар болсон тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Б.Маас 10 500 000 /арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Энхчулуун, С.Б нарт холбогдох 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч П.Б-гийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 440 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үүрэг дуусгавар болгох тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Жи Эм Энд Ти Ди ХХК-ийн гаргаж өгсөн нотлох баримтаар Б.Мын ажлын хөлс болох 57 000 000 төгрөгийг П.Б- эхнэрийн хамт хүлээж авсан гэх нотлох баримт байсаар байтал шүүх үнэлээгүй. Мөн шүүхэд П.Б- тайлбарлахдаа ...Би Мөнхбаярын ажлын хөлсийг өөрийн биеэр очиж хүлээж авсан. Тус мөнгийг дээрх хүмүүс манай гэрт ирж бид хоёрт хүлээлгэж өгсөн... хэлсэн, мөн гэрч Б.Дэлгэрмаагийн гэрчилж байгаа нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Гэрч Дэлгэрмаа нь ... Би тус 2 иргэнд нотариатын хууль болон байгуулж байгаа гэрээний талаар маш тодорхой тайлбарлаж өгсөн. П.Б-гаас Чи Б.Маас төлбөрөө бүрэн авсан юм байгаа биз дээ гэж асуухад П.Б- Би Б.Маар ажил хийлгэж машиныхаа үнийг бүрэн авсан. Одоо бид хоёрын хооронд тооцоо байхгүй гэж хэлсэн тул гэрээг баталгаажуулсан талаар мэдүүлсэн. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч С.Б, Б.М, Ч.Энхчулуун нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б, Ч.Энхчулуун нарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, Б.Маас худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу автомашины үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг гаргуулах, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан үүрэг дуусгавар болгох тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор өөрчилжээ.

Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч П.Б- 69-64 УБУ улсын дугаартай Ниссан навара маркийн ачааны зориулалттай автомашиныг худалдан авагч Б.Мт шилжүүлэх, худалдан авагч нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр автомашины үнэ 35 000 000 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцжээ. /1 хав-62х/

П.Б-, Б.М нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч П.Б- нь дээрх гэрээний дагуу 69-64 УБУ улсын дугаартай Ниссан навара маркийн ачааны зориулалттай автомашиныг худалдан авагч Б.Мт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн талаар зохигч маргаагүй болно.

Хариуцагч Б.М нь Жи Эм энд Ти Ди ХХК-аас авсан ажлын хөлсөөс автомашины үнэ 35 000 000 төгрөгийг төлж, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулсан гэж маргажээ.

П.Б-, Б.М нар автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа Б.М, С.Б нар 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Жи Эм энд Ти Ди ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, П.Б- 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан, Б.М, С.Б, Ч.Энхчулуун, Х.Төмөр-Очир нар хамтран ажилласан, захиалагчаас ажлын хөлсөнд шилжүүлсэн 57 000 000 төгрөгнөөс 35 000 000 төгрөгийг П.Б-д шилжүүлсэн үйл баримт хариуцагч С.Б, Ч.Энхчулуун нарын тайлбар, гэрч Х.Төмөр-Очир нарын мэдүүлгээр тогтоогджээ. /1хав-149-160/

Жи Эм энд Ти Ди ХХК-ийн ажлын хөлснөөс П.Б-д 35 000 000 төгрөг өгснөөс 15 000 000 төгрөг нь түүний оруулсан хөрөнгө оруулалт, 20 000 000 төгрөг нь Б.Мын худалдаж авсан автомашины үнэ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэгч нь уг автомашины үлдэгдэл төлбөрийг хариуцагч Б.Маас гаргуулахаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. /1 хав-157-х/

Хариуцагч Б.Мын гомдолд гэрч Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд ... Баярмагнай Мөнхбаяраар ажил хийлгэж машиныхаа үнийг бүрэн авсан, бид 2-ын хооронд тооцоо байхгүй гэж нотариатад тайлбар өгч, гарын үсгээ зурж, баталгаажуулсан гэж гэрчилсэн байхад шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч П.Б- ...Б.М мөнгө хэрэг болсон тул машиныг чинь түр банк бус байгууллагад тавьж зээл аваад, ажлаа дуусгаад машины төлбөрийг төлье гэж гуйсны дагуу үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулсан гэж тайлбарласан. Талууд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон агуулга бүхий гэрээ байгуулсан атлаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Жи Эм энд Ти Ди ХХК-аас П.Б-д шилжүүлсэн 35 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцжээ. Иймд зохигчийн тайлбар болон хэргийн баримтаар Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар автомашины төлбөрийг төлж үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд П.Б-, Б.М нарын хооронд байгуулагдсан үүрэг дуусгавар болсон тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй.

Анхан шатны шүүх Жи Эм энд Ти Ди ХХК-ийн захирал Г.Батдаваагаас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр П.Баярмагнагийн дансанд 3 000 000 төгрөг, түүний эхнэр Д.Түвшинзаяагийн дансанд 1 000 000 нийт 4 000 000 төгрөг шилжүүлснээс 2 500 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу бусдад шилжүүлсэн гэж дүгнэн 1 500 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцсон байна. Иймд Б.Маас 10 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай гэж нийцсэн дүгнэв.

Хариуцагч Б.М нь автомашины үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 182 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА