Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

 

                                                          “СБ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч С.Э, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03410 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “СБ” СӨХ-ны хариуцагч П.О-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 851 300 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагчийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, СБ  хотхоны 34/А байрны 59 тоот орон сууцны дээврийг засахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: СБ  хотхоны 34/А байрны 59 тоотод оршин суугч П.О дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой гарсан засвар үйлчилгээний зардал болон бусад гэрээт байгууллагуудын төлбөр болох 2016 оны 10-12 дугаар сарын төлбөр /1 сар 23.350 төгрөг/ 70 050 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын 280 350 төгрөг, 2018 оны 1-6 дугаар сар 166 020 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл /1 сарын төлбөр 27.670 төгрөг болсон/ 332 040 төгрөг, нийт 851 300 төгрөгийг төлөөгүй байна. Сөрөг нэхэмжлэлтэй хуралдаан дээр танилцсан Тухайн 34А байр нь 2012 оны 8 дугаар сард улсын комисс хүлээж авсан акт нь хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч орон сууцыг компаниас гэрээгээр худалдаж авсан. СӨХ-ны даргаар 2015 оны 3 дугаар сараас эхлэн ажиллахад 34А байрны СӨХ 13 000 000 төгрөгийн авлагатай, санхүүжилтгүй учир нийтийн эзэмшлийн дээвэр засварлах боломжгүй байсан. Оршин суугчдын төлбөр төлөлтөөс шалтгаалан СӨХ үйл ажиллагаагаа явуулдаг. Шүүх хуралдаан удаа дараа хойшилсон энэ хугацаанд М ХХК, Ю ХХК-ийн төлөөлөгч нартай уулзаж, хариуцагчийн орон сууцны дээврийг энэ хавраас засварлахаар тохиролцсон гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргээ 2016 оны сүүлээс эхлэн тасралтгүй биелүүлж, тогтоосон тарифын дагуу төлбөрөө төлсөн. Харин дээврээс ус алдаж байгааг засуулах гэхэд СӨХ-ны гүйцэтгэх захирал “мэдэхгүй, засаж өгнө” гэсээр өнөөдрийг хүрсэн. Аливаа сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллага атлаа энэ үүргээ биелүүлэхгүйн улмаас манай орон сууцны дээврээс байнга ус алдаж эд хөрөнгөд хохирол учирч байна. 2018 онд 2 удаа ус алдаж, энэ талаар шаардлага тавихад засч өгнө гэсэн боловч 3 жил өнгөрч байна. СӨХ нь тухайн байшинг барьсан компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр актаар барилгыг авсан үеэс эхлэн байрны хувийн хэрэг хөтөлж, ямар засвар үйлчилгээ хийсэн талаараа тэмдэглэсэн байх ёстой. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт энэ хуулийн 14.3 дахь хэсэгт зааснаар барилга ашиглалтын хугацаанд гарсан аливаа материал болон бүтцийн доголдлыг арилгуулахаар тухайн компанид оршин суугчдыг төлөөлөн гомдол шаардлага хүргүүлж, хуулийн дагуу гүйцэтгэгч, захиалагч байгууллагаар уг доголдлыг арилгуулах ёстой. Барилгын хэвийн ашиглалтын хугацаанд үүссэн доголдлыг арилгуулах үүргээ биелүүлээгүй тул 2015-2016 оны төлөөгүй төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, СБ  хотхоны 34/А байрны 59 тоот орон сууцны дээврийг засахыг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 77 570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 773 730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг үндэслэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, СБ  хотхоны 34/А байрны 59 тоот орон сууцны дээврийг засварлахыг нэхэмжлэгчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн  28 343 төгрөгийг, хариуцагчийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 13 491 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнээгүй. Хариуцагчаас 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 991 400 төгрөг шаардсан бөгөөд уг төлбөр нь 2017 оны 4 дүгээр сарыг дуустал 23 350 төгрөг, мөн оны 5 дугаар сараас эхлэн гэрээт харуул ажиллуулсан тул төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор сарын 28 750 төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй дүн болох 851 300 төгрөгийг хариуцагчийн гаргасан баримтад үндэслэн нийт 773 770 төгрөгийг хасч, СӨХ, сууц өмчлөгч иргэдийн эрх ашгийг хохироосонд гомдолтой байна. П.О нь шүүхэд СӨХ-ны төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7 650 төгрөг төлснөөс 2013 оны 12 дугаар сарын төлбөрийг суутган, үлдэгдэл 14 600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 600 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 22 300 төгрөг төлснөөс 2014 оны 01 дүгээр сарын төлбөрийг суутгаж, 1 050 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн энэ өдөр төлсөн 22 300 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын төлбөрт суутган, 2 100 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 300 төгрөг төлснөөс 2014 оны 3 дугаар сарын төлбөрийг суутгаж, 3 150 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 22 300 төгрөг төлснөөс 2014 оны 4 дүгээр сарын төлбөрийг суутгаж, 4 200 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 22 300 төгрөг төлснөөс 2014 оны 5 дугаар сарын төлбөрийг суутгаж, 5 250 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 22 300 төгрөг төлснөөс 2014 оны 6 дугаар сарын төлбөрийг суутган, 6 300 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 25 000 төгрөг төлснөөс 2014 оны 7 дугаар сарын төлбөрийг суутгаж, 4 650 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 25 000 төгрөг төлснөөс 2014 оны 8 дугаар сарын төлбөрийг суутган 3 000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 25 000 төгрөг төлснөөс 2014 оны 9 дүгээр сарын төлбөрийг суутган 1 350 төгрөгийн үлдэгдэлтэй, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 26 000 төгрөг төлснөөс 2014 оны 10 дугаар сарын төлбөрийг суутган 1 300 төгрөгийн илүү төлөлттэй, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 26 000 төгрөг төлснөөс 2014 оны 11 дүгээр сарын төлбөрт суутган, 3 950 төгрөгийн илүү төлөлттэй, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 26 000 төгрөг төлснөөс 2014 оны 12 дугаар сарын төлбөрийг суутган, 6 600 төгрөгийн илүү төлсөн, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 26 000 төгрөг төлснөөс 2015 оны 01 дүгээр сарын төлбөрийг суутган 9 250 төгрөгийн илүү төлөлттэй, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 26 000 төгрөг төлснөөс 2015 оны 02 дугаар сарын төлбөрийг суутган 11 900 төгрөгийн илүү төлөлттэй, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 26 000 төгрөг төлснөөс 2015 оны 3 дугаар сарын төлбөрийг суутган, 14 550 төгрөгийн илүү төлөлттэй, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 26 000 төгрөг төлснөөс 2015 оны 4 дүгээр сарын төлбөрийг суутган, 17 200 төгрөгийн илүү төлөлттэй, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 27 670 төгрөг төлснөөс 2015 оны 5 дугаар сарын төлбөрийг суутган, 21 520 төгрөгийн илүү төлөлттэй, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 27 670 төгрөг төлснөөс 2015 оны 6 дугаар сарын төлбөрийг суутган, 25 840 төгрөгийн илүү төлж, нийт 472 090 төгрөгийн төлбөр төлж, 25 840 төгрөгийг илүү төлжээ. Дээрх төлбөрүүд нь хариуцагчийн 2013 оны12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын СӨХ-ны төлбөрт суутгагдан тооцогдсон юм. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.О нь сууц өмчлөгч иргэний хувьд СӨХ-ны төлбөрийг хугацаанд нь, зохих ёсоор шударгаар төлж барагдуулах ёстой тул хариуцагчийн 2013-2015 оны төлөгдөөгүй саруудын СӨХ-ны төлбөрийг түүний сүүлд төлсөн төлбөрөөс суутган тооцсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь Төрийн банктай байгуулсан гэрээний дагуу өрхийн төлбөрийг алгасан авах заалт байхгүй тул хариуцагчийн төлөөгүй өрийг орлогоор нь суутган тооцсон бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж зааснаар уг гэрээг дагаж мөрдөнө. Нэхэмжлэгч суутган тооцсон талаарх баримтуудтай танилцсан боловч энэ талаар тайлбар гаргаж, үгүйсгэх баримт гаргаагүй. Харин Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу СӨХ-ны төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ зөвшөөрсөн. Дээрх төлбөрүүд нь өмнө төлөгдөөгүй саруудын төлбөрт суутгагдах ёсгүй гэж маргасан бол өмнөх саруудын төлбөр төлсөн талаарх үйл баримтаа нотлох, татгалзал, түүний үндэслэлээ өөрөө нотлох ёстой. Хариуцагч нийт 472 090 төгрөг төлсөн атал анхан шатны шүүх 773 770 төгрөг төлсөн гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнгээр хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзнэ. Хариуцагч орон сууцны дээврээс тасралтгүй ус алддаг, энэ хугацаанд хөрөнгө мөнгөөрөө хохирсон тул дээврийг засахыг даалгах гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг барилга нь ашиглалтад орсон 2012 оны 12 дугаар сараас хойш дээврээс нь ус алдсаар байгаа бол барилгын гүйцэтгэгч компани болон мэргэжлийн хяналтын байгууллагад нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй, гэтэл гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах” гэж, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тухайн барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг гүйцэтгэгч компани нь хариуцан арилгах”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д зааснаар барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч нь барилгын дээвэр, гадрын хучилт болон бусад бүтэц дээр бороо, цас, мөс, хог, шороо, тоосонцор болон бусад эд зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх үүргийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д зааснаар хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл хариуцагч нь өөрөө дээврийн доголдолтой холбогдох асуудлыг хариуцан шийдвэрлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлээгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн барилгын оршин суугч иргэд, сууц өмчлөгчийнхөө үүргийг ухамсарлан биелүүлэхгүйгээс “Б " СӨХ нь сууц өмчлөгчдөөс 13 000 000 төгрөгийн авлагатай, гэрээт байгууллагад өртэй цахилгааны хэрэглээг түдгэлзүүлэх бодит үр дагавар үүссэн байхад хариуцагч СӨХ-ны төлбөр төлөөгүй шалтгаанаа шаардах эрхээ хугацаанд нь хэрэгжүүлээгүйгээс үүссэн дээврийн асуудалтай холбож байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Дээрх байдлаар хариуцагч нь СӨХ-ны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, өр дутагдалтай, уг үүргээ биелүүлээгүйгээс болон шаардах эрхээ хэрэгжүүлж барилгын гүйцэтгэгч компанид хандаагүйгээс дээврийн доголдол үүссэн байхад анхан шатны шүүх баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь нэг бүрчлэн үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьж сууц өмчлөгчийн үүргийг шударгаар биелүүлдэг иргэдийн төлбөрөөр үйлчилгээ авч, төлбөрөөс зайлсхийсэн иргэнд өр төлбөрөө төлөхгүй байх боломж олгож байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч СБ СӨХ нь хариуцагч П.О-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, завсар үйлчилгээний зардалд нийт 991 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, 851 300 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх1/ хариуцагч эс зөвшөөрч марган Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, “Сб ” хотхоны 34 А байрны 59 тоот орон сууцны дээврийг засахыг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ./хх60-61/

Хариуцагч П.О нь Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, “Сб ” хотхоны 34 А байрны 59 тоот орон сууцны өмчлөгч, харьяалах СӨХ-ны гишүүн биш гэж маргаагүй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ зөрчөөгүй, төлбөрийг төлсөн гэж тайлбарлан төлбөр төлсөн тухай баримтаа шүүхэд гаргасан нь хэрэгт баримтаар авагджээ. /хх27-32, 41-57/

Хэрэгт авагдсан Т. банкинд төлбөр төлсөн баримтын хугацаа, төлбөрийн утгыг нягталж үзвэл 2016 оны 11, 12 дугаар сарын төлбөрт 44 550 төгрөг, 2017 оны 01-12 дугаар сарын төлбөрт нийт 290 500 төгрөг, 2018 оны 01-6 дугаар сарын төлбөрт 159 340 төгрөг, нийт 494 390 төгрөг төлсөн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шаардсан 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардсан төлбөрийн хугацааг 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл гэж тодорхойлсон, түүнчлэн хариуцагч нь төлбөр төлсөн баримтын утга хэсэгт аль хугацааны төлбөр төлж байгаагаа тодорхой заасан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаанд 494 390 төгрөгийг төлөгдсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн шаардсан 851 300 төгрөгөөс 494 390 төгрөгийг төлснөө хариуцагч баримтаар нотолсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 356 910 төгрөгийг хангаж, 494 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, шүүх 773 730 төгрөгийг төлөгдсөн гэж үзсэн нь ойлгомжгүй гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, уг өөрчлөлттэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Төлбөр төлөгч төлбөрийн утгаа тодорхойлсныг банк, өөр бусад этгээд өөрчлөх үндэслэлгүй тул төлбөрийг 2015-2016 оны төлбөрт суутган тооцсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, “СБ ” хотхоны 34 А байрны 59 тоот орон сууцны дээврээс ус алдсан талаар гэрэл зураг /хх33-34, 40/ хэрэгт авагдсан, дээврийг засч өгөхийг шаардаж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна дээврийг засах талаар Мобиком, Юнивишн ХХК-тай ярилцаж байгаагаа тайлбарлажээ. Иймд шүүх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасантай нийцсэн тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/03410 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...77 570 төгрөг” гэснийг “356 910 төгрөг” гэж, “773 730 төгрөг” гэснийг “494 390 төгрөг” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “28 343 төгрөг“ гэснийг “11 357 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 26 482 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.М

 

        ШҮҮГЧИД                             С.Э

 

      А.О