Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/03410

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/03410

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны ... дүгээр байрны ... дугаар давхарын ... тоотод оршин байх, Б....-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны ... дугаар байрны ...тоотод оршин суух, .... овогт П... О... /РД: ..../-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 851,300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны .... байрны ... тоот орон сууцны дээврийг засахыг нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б СӨХ нь оршин суугчдынхаа санаачилгаар байгуулагдсан, Баянгол дүүргийн Засаг даргын 6 дугаар сарын 7-ны өдрийн 166 тоот гэрчилгээтэй, 169 айл өрхийг хариуцаж ажилладаг. Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус, халаалтын болон цахилгааны шугамыг хамгаалах, эвдэрсэн дариуд нь засвар үйлчилгээ хийж оршин суугчдын амгалан тайван байдлыг хариуцаж, орц хонгил, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг тогтмол хийж хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Сайхан Б хотхоны ... дугаар байрны 59 тоотод оршин суугч П.Оаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой гарч байгаа засвар үйлчилгээний зардал болон бусад гэрээт байгууллагуудын төлбөрийг төлөөгүй байгаа учраас дараахь төлбөрийг нэхэмжилж байна. 2016 оны 10, 11, 12 дугаар саруудын төлбөр /1 сар 23,350 төгрөг/ 70,050 төгрөг, 2017 оны 1-ээс 12 дугаар сар хүртэл 280,350 төгрөг, 2018 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал 166,020 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл /1 сарын төлбөр 27,670 төгрөг болсон/ 332,040 төгрөг, нийт 851,300 төгрөгийг хариуцагч П.Оаас гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлтэй танилцаж, өмнөх хуралд асуудал хэлэлцэгдсэн. Тухайн 34а байр нь 2012 оны 08 сард улсын комисс хүлээж авсан акт нь хэрэгт авагдсан. Тухайн айл нь байрыг компаниас гэрээгээр авсан байдаг. Би сууц өмчлөгчдын холбооны даргын ажлыг 2015 оны 03 сард авч ажиллаж эхэлсэн. Намайг ажил авахад 34а байрны сууц өмчлөгчдийн холбоо нь 13,000,000 төгрөгийн авлагатай байсан. Тийм учраас санхүүжилт байхгүй учраас нийтийн эзэмшлийн дээвэр засварлах боломжгүй байсан. Оршин суугчдийн төлбөр төлөлтөөс шалтгаалж сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг. Өмнөх хурал хангалттай хугацаагаар хойшилсон бөгөөд энэ хооронд хариуцагч П.Оын орон сууцны дээврийг Мобиком ХХК, Юнивишн ХХК-ийн төлөөлөгч нартай хамтран уулзаж, хавраас засварлахаар тохиролцсон гэв.

 

Хариуцагч П.Оын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон сөрөг нэхэмжлэлд: Миний бие нь сүүлийн жилүүдэд буюу 2016 оны сүүлээс өнөөг хүртэл тасралтгүй Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үүргээ биелүүлж, холбооноос тогтоосон тарифын дагуу төлбөрөө төлж ирсэн. Харин дээврээс ус алдаж буй байдлыг засуулах гэхээр СӨХ-ны гүйцэтгэх захирал би мэдэхгүй, засаж өгнө гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Аливаа сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог; гэж заасанчлан тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллага билээ.

 

Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоо нь энэ үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас манай гэрийн дээврээс байнга ус алдаж миний эд хөрөнгөд удаа дараа өчнөөн хэмжээний хохирол учраад байна. 2018 онд гэхэд л 2 удаа ус алдсан, энэ талаар шаардлага тавихад засч өгнө гэсээр 3 жил өнгөрлөө. Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн байшинг барьсан компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр актаар барилгыг хүлээж авдаг бөгөөд авсан цагаасаа эхлэн байрны хувийн хэрэг хөтөлж, ямар засвар үйлчилгээ хийсэн талаараа тэмдэглэсэн байх ёстой. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. гэж зааснаар барилга ашиглалтын хугацаанд гарсан аливаа материал болон бүтээцийн доголдлыг арилгуулахаар тухайн компанид оршин суугчдыг төлөөлөн гомдол шаардлага хүргүүлж, хуулийн дагуу гүйцэтгэгч, захиалагч байгууллагаа уг доголдлыг арилгуулах ёстой. Барилгын хэвийн ашиглалтын хугацаанд үүссэн доголдлыг арилгуулах үүргээ биелүүлээгүй тул уг 2015-2016 оны төлөөгүй саруудын төлбөрийг төлөх үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны ... байрны ... тоот орон сууцны дээврийг засахыг нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд даалгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч П.Оад холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 851,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч П.О нь нэхэмжлэгчид холбогдуулан Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны ... байрны 59 тоот орон сууцны дээврийг засахыг нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... 2016 оны сүүл үеэс СӨХ-ны төлбөрөө төлж байгаа, манай гэрийн дээвэр дээрээс байнга ус гоождог, сууц өмчлөгчдийн холбоо засч өгдөггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч П.Оад шүүх хуралдааны товыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, хариуцагч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх хариуцагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хорооллын Сайхан Б хотхоны ... дугаар байрны ... тоотын оршин суугч нь хариуцагч П.О мөн эсэх, тухайн орон сууц нь Б сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус холбооны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

Хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүдээсээ сар бүр хуримтлуулдаг засвар, үйлчилгээний хөлсний талаар маргаагүй, мөн хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 7-нд 14,600 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 8-нд 7,650 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 18-нд 44,600 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 27-нд 22,300 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 16-нд 22,300 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-нд 22,300 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-нд 25,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 11-нд 25,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 11-нд 25,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 23-нд 52,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 17-нд 52,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-нд 52,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-нд 52,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-нд 55,340 төгрөг, нийт 773,730 төгрөгийг төлсөн болох нь орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн төлбөрийг хасч үлдэх /851,300-773,730=77,570/ 77,570 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 773,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үйл ажиллагаа нь доголдолтой байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны ... байрны 59 тоот орон сууцны дээвэр эвдрэлтэй, ус гоождог талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч маргаагүй ба Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг Б сууц өмчлөгчдийн холбоо хариуцах үүрэгтэй ба үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны ... байрны 59 тоот орон сууцны дээврийг засварлахыг нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч П.Оаас 77,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 773,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Сайхан Б хотхоны ... байрны 59 тоот орон сууцны дээврийг засварлахыг нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 28,343 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,491 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР