Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02420

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:  Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М төрийн бус байгууллагад холбогдох

 

М төрийн бус байгууллагыг албадан татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, гэрч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М төрийн бус байгууллага нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлж ажиллахгүй байгаа болно. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэн хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно. гэж хуульчилсан байдаг. Мөн тухайн байгууллагын дүрэмд эрхэм зорилгоо тодорхойлохдоо Монгол улсын хүн амын дундах мэдрэлийн мэс заслын төрөл бүрийн өвчний оношилгоо, мэс засал, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар, мэс заслын үр дүнг дээшлүүлэн, дэлхийн хөгжилтэй орнуудын жишигт хүргэх, боловсон хүчний мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, боловсронгуй болгоход оршино гэж заасан. Гэтэл М төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Ц.Э нь энэхүү байгууллагын гишүүд төрийн зүгээс мэдрэлийн мэс заслын төрөл бүрийн эмчилгээг эрхлэн гүйцэтгэдэг нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн нарийн мэргэжлийн сувилагч, эмч нарын болон өвчтөн, үйлчлүүлэгч нарыг мэдээллээр хангах, тэдний ажил мэргэжилд хандсан үйл ажиллагаа явуулах, дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхгүй байгаа нь Төрийн бус байгууллагын тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

 

Тухайлбал: Тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хэдэн гишүүнтэй мэргэжлийн ур чадвартай хүмүүс ажилладаг эсэх нь тодорхой бус, үйл ажиллагааны тайлан, нийгэмлэгээс гаргасан шийдвэрийг гишүүддээ танилцуулдаггүй, нийгэмлэгийн гишүүдийн татварын хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой журам байхгүй, тус нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлыг хуралдуулж хойшид хийх ажил нийгэмд үйлчлэх үйл ажиллагааг өргөжүүлэх санал тавихад үндэслэлгүйгээр хурал хийхээс татгалзаж, хойшлуулдаг, дэлхийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс тус байгууллагаар дамжуулан явуулдаг сургалт, онол практикийн хуралд манай тасгийн эмч, сувилагч нарыг хамруулдаггүй, зөвхөн өөрийн танил мэргэжлийн бус эмч нарыг хамруулдаг, дээрх хэлбэрээр сургалт семинарт оролцсон эмч нар нь сурч мэдсэн мэргэжлийн нарийн ур чадварыг манай тасгийн болон бусад мэдрэлийн мэс заслын эмч, сувилагч нарт тайлан тавьдаггүй, дэлхийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс тусламжаар ирүүлсэн мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмжийг аль эмнэлэгт хэрхэн ашиглаж байгаа болох нь тодорхойгүй, М нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр өөрийгөө хууль бусаар томилсон тухай анх үүсгэн байгуулахад ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эмч А.Н тодорхойлж бичиг ирүүлсэн зэрэг нь улсын хэмжээнд төрийн зүгээс мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, сувилагч, нийгэмлэгийн гишүүд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-д заасныг үндэслэн М төрийн бус байгууллагыг татан буулгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М төрийн бус байгууллагын тус шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Б.Г нарын гаргасан хариу тайлбарт: М нийгэмлэг 2007 онд байгуулагдсан. Нийгэмлэгийг анх санаачилж, үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн нь би байна. Манай нийгэмлэгийн гол зорилго бол Монголын эмч нарыг гадаадад сургах, хөгжил дэвшил үзүүлэх зорилготой. Дэлхийн болон Азийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгүүдтэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд гадаадад 40 гаран Монголын эмч нарыг сургасан. Сургалтад гуравдугаар эмнэлгийнхэн мөн оролцсон. Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн үйл ажиллагаа нээлттэй, хүссэн нь орж, хүсээгүй нь ордоггүй төрийн бус байгууллага. Нийгэмлэг өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. 2020 онд бид Азидаа чуулга уулзалт зохион байгуулах байсан ч ковид 19 өвчнөөс болоод зогссон байгааИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж хэн болохыг заасан байдаг. Нэхэмжлэгч гэдэг нь эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзээд сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг нэхэмжлэгч гэж тодорхойлсон байдаг. Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийг Б нь ганцаараа төлөөлөх эрхгүй. Гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын салбарын мэргэжилтэн бэлтгэх, тэднийг сургах, нарийн мэргэшүүлэх нь төрийн чиг үүргийн асуудал. Төрийн өмнөөс эсвэл төрийн өмчийн эмнэлгийн өмнөөс Б нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй. Иргэн Б-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, эрх чөлөө яаж зөрчигдөж байгаа юм бэ, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг мэдрэлийн мэс заслын нийгэмлэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн гэдэг байдал тогтоогдохгүй байна. Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн үйл ажиллагаа ямар нэгэн хууль тогтоомжийг ноцтой эсвэл удаа дараа зөрчиж, нэхэмжлэгчийн эрхэд халдсан нөхцөл байдал байхгүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2-т заасан дүрэмд заагаагүй үйл ажиллагаа явуулах гэдэгт төрийн бус байгууллага ашгийн төлөө бус байгууллага атлаа ашгийн төлөө ажиллаж, цугларсан хандив тусламж, төрийн бус байгууллагын эд хөрөнгийг дүрмийн бус үйл ажиллагаанд, эсвэл ашгийн төлөө үйл ажиллагаанд эсвэл зориулалтын бусаар зарцуулсан байхыг ойлгоно.

 

Тус төрийн бус байгууллагад санхүүтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Гадаадад зохион байгуулагдсан сургалтад М тасгаас хүсэлтээр нь эмч нарыг явуулдаг, гуравдугаар эмнэлгийн олон эмч нар энэ үйл ажиллагаанд хамрагдаж байсан. Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг Б эмчийн хувийн байгууллага биш, нийгэмлэг ч гэсэн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн тасагт зориулагдаагүй. Нэхэмжлэгч талаас М тасаг гэхээр нэгдсэн гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийг ойлгож байгаа нь хууль зүйн хувьд зөрчилтэй байна. Мөн нийгэмлэгээс гуравдугаар эмнэлгийн эмч нарыг үйл ажиллагаандаа оролцуулахгүй, хааж боосон асуудал байхгүй. Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар М нийгэмлэг төрийн бус байгууллагыг албадан татан буулгах үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэгч нийгэмлэгийг татан буулгаад өөрсдөө зохион байгуулж, үйл ажиллагаа явуулна гэж тайлбарлалаа. Засгийн газрын тухай хуульд төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж болно гэж заасан. Төрөөс мэдрэлийн мэс заслын эмч, сувилагч ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхийн тулд сургах, давтан сургалтад хамруулах, нарийн мэргэшүүлэх чиглэлээр ямар нэгэн төрийн бус байгууллагатай, төртэй гэрээ байгуулах замаар дээрх чиг үүргийг шилжүүлж авсан зүйл байхгүй. Гэрээний дагуу мэдрэлийн мэс заслын нийгэмлэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан бол Б-ийн нэхэмжлэлийн шаардлага бодитой байхыг үгүйсгэхгүй. Мэдрэлийн мэс заслын нийгэмлэг төрийн бус байгууллага нь Үндсэн хуульд заасан сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж байгуулагдсан. Эвлэлдсэн нэгдсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нөгөө хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг яаж зөрчсөн нь эргэлзээтэй, тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эмч биш хүн ч гэсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М төрийн бус байгууллагад холбогдуулан тус төрийн бус байгууллагыг албадан татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Тус байгууллагын ерөнхийлөгч Ц.Э нь Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн нарийн мэргэжлийн сувилагч, эмч нар болон өвчтөн, үйлчлүүлэгч нарыг мэдээллээр хангах, тэдний ажил мэргэжилд хандсан үйл ажиллагаа явуулах, дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхгүй байгаа нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д заасныг, 8 дугаар зүйлд заасныг, мөн Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-д заасныг тус тус ноцтой зөрчиж байна. гэжээ.

 

Хариуцагч М төрийн бус байгууллага нь 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, 000070364 дугаартай гэрчилгээ авсан ба Мэс заслын эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний боловсролыг дэмжих, зөвлөгөө өгөх, семинар зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан ба Цэвэгбатын Э-ыг Удирдах зөвлөлийн даргаар бүртгүүлжээ. Тус төрийн бус байгууллагын дүрмийн 12.6.8-д Ерөнхийлөгч бөгөөд удирдах зөвлөлийн дарга нь нийгэмлэгийг гадаад дотоодод төлөөлөн, удирдах зөвлөлийн хурлыг даргалах, гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б нь нь хариуцагч байгууллагыг ... Тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хэдэн гишүүнтэй, мэргэжлийн ур чадвартай хүмүүс ажилладаг эсэх нь тодорхой бус, үйл ажиллагааны тайлан болон нийгэмлэгээс гаргасан шийдвэрийг гишүүддээ танилцуулдаггүй, нийгэмлэгийн гишүүдийн татварыг хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой журам байхгүй, тус нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлыг хуралдуулж хойшид хийх ажил нийгэмд үйлчлэх үйл ажиллагааг өргөжүүлэх санал тавихад үндэслэлгүйгээр хурал хийхээс татгалзаж хойшлуулдаг, дэлхийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс тус байгууллагаар дамжуулан явуулдаг сургалт, онол практикийн хуралд манай тасгийн эмч, сувилагч нарыг хамруулдаггүй, зөвхөн өөрийн танил мэргэжлийн бус эмч нарыг хамруулдаг, дээрх хэлбэрээр сургалт семинарт оролцсон эмч нар нь сурч мэдсэн мэргэжлийн нарийн ур чадварыг манай тасгийн болон бусад мэдрэлийн мэс заслын эмч, сувилагч нарт тайлан тавьдаггүй, дэлхийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс тусламжаар ирүүлсэн мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмжийг аль эмнэлэгт хэрхэн ашиглаж байгаа болох нь тодорхойгүй, М нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Ц.Э нь өөрийгөө хууль бусаар томилсон гэж буруутгасан ба эдгээр үндэслэлүүд нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:, мөн заалтын 1-д дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;, мөн 2-т хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн. гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагыг дүрмийнхээ зорилгод нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэх, хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй байна. Мөн Ц.Э нь М төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр өөрийгөө хууль бусаар томилсныг эрх бүхий байгууллага шалгаж, тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан МАУА-ын гишүүн, академич, АШУ-ны доктор профессор А.Нгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт гэх баримтаар М төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргын албан тушаалд Ц.Э хууль бусаар томилогдсон гэж шууд үзэх боломжгүй юм. Үүнээс гадна нэхэмжлэгч Б нь хариуцагчийг буруутгасан дээрх үндэслэлүүдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь тус байгууллагын үйл ажиллагаа нээлттэй биш, тайлан, шийдвэрээр гишүүддээ танилцуулдаггүй, гадаад сургалтад танил талаа хамруулдаг зэрэг дотоод үйл ажиллагаанд гомдолтой талаар нэхэмжлэлдээ дурдсан ба хариуцагч М төрийн бус байгууллагын дүрмийн 12.7-д заасан журмын дагуу нийгэмлэгийн гишүүнээр элсэж, эрх эдэлж, үүрэг хүлээж, байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна.

 

Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б-ийн М төрийн бус байгууллагыг татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч Б-ийн М төрийн бус байгууллагыг татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР