Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/02189

 

 

 

Б.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02420 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бы хариуцагч ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан гаргасан ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг татан буулгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлж ажиллахгүй байгаа болно. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэгт төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэн хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно. гэж хуульчилсан. Мөн тухайн байгууллагын дүрэмд эрхэм зорилгоо тодорхойлохдоо Монгол улсын хүн амын дундах мэдрэлийн мэс заслын төрөл бүрийн өвчний оношилгоо, мэс засал, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар, мэс заслын үр дүнг дээшлүүлэн, дэлхийн хөгжилтэй орнуудын жишигт хүргэх, боловсон хүчний мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, боловсронгуй болгоход оршино гэж заасан. Гэтэл ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Ц.Э нь энэхүү байгууллагын гишүүд төрийн зүгээс мэдрэлийн мэс заслын төрөл бүрийн эмчилгээг эрхлэн гүйцэтгэдэг нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн нарийн мэргэжлийн сувилагч, эмч нарын болон өвчтөн, үйлчлүүлэгч нарыг мэдээллээр хангах, тэдний ажил мэргэжилд хандсан үйл ажиллагаа явуулах, дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхгүй байгаа нь Төрийн бус байгууллагын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Тухайлбал: Тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл хэдэн гишүүнтэй мэргэжлийн ур чадвартай хүмүүс ажилладаг эсэх нь тодорхой бус, үйл ажиллагааны тайлан, нийгэмлэгээс гаргасан шийдвэрийг гишүүддээ танилцуулдаггүй, нийгэмлэгийн гишүүдийн татварын хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой журам байхгүй, тус нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлыг хуралдуулж хойшид хийх ажил нийгэмд үйлчлэх үйл ажиллагааг өргөжүүлэх санал тавихад үндэслэлгүйгээр хурал хийхээс татгалзаж, хойшлуулдаг, дэлхийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс тус байгууллагаар дамжуулан явуулдаг сургалт, онол практикийн хуралд манай тасгийн эмч, сувилагч нарыг хамруулдаггүй, зөвхөн өөрийн танил мэргэжлийн бус эмч нарыг хамруулдаг, дээрх хэлбэрээр сургалт семинарт оролцсон эмч нар нь сурч мэдсэн мэргэжлийн нарийн ур чадварыг манай тасгийн болон бусад мэдрэлийн мэс заслын эмч, сувилагч нарт тайлан тавьдаггүй, дэлхийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс тусламжаар ирүүлсэн мэдрэлийн мэс заслын тоног төхөөрөмжийг аль эмнэлэгт хэрхэн ашиглаж байгаа болох нь тодорхойгүй, Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр өөрийгөө хууль бусаар томилсон тухай анх үүсгэн байгуулахад ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эмч А.Нота тодорхойлж бичиг ирүүлсэн зэрэг нь улсын хэмжээнд төрийн зүгээс мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, сувилагч, нийгэмлэгийн гишүүд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-д заасныг үндэслэн ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг татан буулгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүхэд хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ2007 онд байгуулагдсан. Нийгэмлэгийг анх санаачилж, үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн нь би байна. Манай нийгэмлэгийн гол зорилго бол Монголын эмч нарыг гадаадад сургах, хөгжил дэвшил үзүүлэх зорилготой. Дэлхийн болон Азийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгүүдтэй хамтарч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд гадаадад 40 гаран Монголын эмч нарыг сургасан. Сургалтад гуравдугаар эмнэлгийнхэн мөн оролцсон. Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн үйл ажиллагаа нээлттэй, хүссэн нь орж, хүсээгүй нь ордоггүй төрийн бус байгууллага. Нийгэмлэг өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. 2020 онд бид Азидаа чуулга уулзалт зохион байгуулах байсан ч ковид 19 өвчнөөс болоод зогссон байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт нэхэмжлэгч гэж хэн болохыг заасан байдаг. Нэхэмжлэгч гэдэг нь эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзээд сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг нэхэмжлэгч гэж тодорхойлсон байдаг. Шастины нэрэмжит Нэгдсэн  гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийг Б.Б нь ганцаараа төлөөлөх эрхгүй. Гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын салбарын мэргэжилтэн бэлтгэх, тэднийг сургах, нарийн мэргэшүүлэх нь төрийн чиг үүргийн асуудал. Төрийн өмнөөс эсвэл төрийн өмчийн эмнэлгийн өмнөөс Б.Б нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй. Иргэн Б.Бы хуулиар хамгаалагдсан ямар эрх, эрх чөлөө яаж зөрчигдөж байгаа юм бэ, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг мэдрэлийн мэс заслын нийгэмлэг төрийн бус байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн гэдэг байдал тогтоогдохгүй байна. Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн үйл ажиллагаа ямар нэгэн хууль тогтоомжийг ноцтой эсвэл удаа дараа зөрчиж, нэхэмжлэгчийн эрхэд халдсан нөхцөл байдал байхгүй. Тус төрийн бус байгууллагад санхүүтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Гадаадад зохион байгуулагдсан сургалтад Монголын мэдрэлийн мэс заслын тасгаас хүсэлтээр нь эмч нарыг явуулдаг,  гуравдугаар эмнэлгийн олон эмч нар энэ үйл ажиллагаанд хамрагдаж байсан. Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг Б.Б эмчийн хувийн байгууллага биш, нийгэмлэг  ч гэсэн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн тасагт зориулагдаагүй. Нэхэмжлэгч талаас Монголын мэдрэлийн мэс заслын тасаг гэхээр нэгдсэн гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн тасгийг ойлгож байгаа нь хууль зүйн хувьд зөрчилтэй байна. Мөн нийгэмлэгээс  гуравдугаар эмнэлгийн эмч нарыг үйл ажиллагаандаа оролцуулахгүй, хааж боосон асуудал байхгүй. Иргэний  хууль  болон Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар ХХХтөрийн бус байгууллагыг албадан татан буулгах үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэгч нийгэмлэгийг татан буулгаад өөрсдөө зохион байгуулж, үйл ажиллагаа явуулна  гэж тайлбарлалаа. Засгийн газрын тухай хуульд төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж болно гэж заасан. Төрөөс мэдрэлийн мэс заслын эмч, сувилагч ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхийн тулд сургах, давтан сургалтад хамруулах, нарийн мэргэшүүлэх чиглэлээр ямар нэгэн төрийн бус байгууллагатай, төртэй гэрээ байгуулах замаар дээрх чиг үүргийг шилжүүлж авсан зүйл байхгүй. Гэрээний дагуу мэдрэлийн мэс заслын нийгэмлэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан бол Б.Бы нэхэмжлэлийн шаардлага бодитой байхыг үгүйсгэхгүй. Мэдрэлийн мэс заслын  нийгэмлэг  төрийн бус байгууллага нь Үндсэн хуульд заасан сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж байгуулагдсан. Эвлэлдсэн нэгдсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нөгөө хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг яаж зөрчсөн нь эргэлзээтэй, тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эмч биш хүн ч гэсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бы ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бы шүүхэд гаргасан ХХХНҮТББ-ыг албадан татан буулгах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн хувийн эрх зүйн харилцаа эсвэл нийтийн эрх зүйн харилцааны улмаас үүсэж буй хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хамгаалах зорилгоор шүүхэд хандаж байна уу гэдэгт дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал Монгол Улсын хэмжээнд мэдрэлийн мэс заслын төрөл бүрийн эмчилгээг төрийн зүгээс эрхлэн үйл ажиллагаа явуулдаг. Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч болон тухайн тасагт хэвтэн эмчлүүлэгчид нарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор, нийгмийн тусын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тус тасгийн хамт олны шийдвэрээр тус тасгийн эрхлэгч Х.Хусаян, тасгийн зөвлөх эмч Б.Б нарт олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрмийн 12.7-д заасан журмын дагуу нийгэмлэгийн гишүүнээр элсэж, үүрэг хүлээж, байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно гэсэн заалтыг үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн зөрчиж байсан бөгөөд төрийн бус байгууллагын дүрэмд заасан нийгэмд үйлчилэх зорилгоо хэрэгжүүлээгүй, удаа дараа хууль зөрчиж байсан нь дараах байдлаар тогтоогдож байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн бус байгууллагын хаяг, үйл ажиллагааны товч тайлан, жилийн орлого зарлага, хандив, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон зардал, удирдах зөвлөлийн дарга гишүүд, гүйцэтгэх захирлын нэр, хаяг гэх асуудлыг тусгасан тайланг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүргээ удаа дараа зөрчсөн. Энэ нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар татварыг сүүлийн 2 жилээр тэг гаргасан боловч уг тайлангуудад Азийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгээс хандиваар ирүүлсэн сургалтын зориулалттай гэх микроскопыг тусгаагүй. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ц.Э нь өөрийн Баяр" хувийн эмнэлэгийн зооринд уг микроскопыг хадгалж байсныг шүүх үзлэг хийж тогтоосон. Мөн түүнчлэн олон улсын хурал цуглаан зохион байгуулсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч уг үйл ажиллагааг ямар санхүүжилт, хандиваар зохион байгуулж байсан нь тодорхойгүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Удирдах зөвлөлийн дарга нь удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах гэж хуульчилсан бөгөөд нийгэмлэгийг үүсгэн байгуулагчид дүрэмд өөрөөр заагаагүй атлаа нийгэмлэгийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга,гүйцэтгэх захирлын эрхийг хамтад нь хэрэгжүүлж байгаа нь шүүхэд ирүүлсэн баримтанд Ц.Эын гарын үсэг баримтуудаар тогтоогдож байна. Учир нь удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээ хэрэгт байхгүй. Хэрэв гэрээ байгуулвал өөрөө өөртэйгөө хийсэн гэрээ болно. Нэгэнт төрийн бус байгууллагын дүрэмд дээрх үүргийг хамтад нь хэрэгжүүлэхээр тусгайлан өөрөөр заагаагүй бол хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулах харилцаа нь Үндсэн хууль болон Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх зорилгоор үүсгэн байгуулагддаг. Хавтаст хэрэгт авагдсан Монголын анагаах ухааны академийн гишүүн, академч, АШУ-ны доктор профессор А.Нотагийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолтод дурдсан агуулга нь тус нийгэмлэгийн удирдлагыг хууль бусаар дээрх байдлаар Ц.Э гэдэг хүн хэрэгжүүлж байгаа гэдгийг мэдсэний үндсэн дээр тодорхойлсон гэж ойлгогдож байна. Анхан шатны шүүхийн дүгнэлтэнд нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийг буруутгасан дээрх үйлдлүүдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгжүүлэх боловч энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж дүгнэсэн илт үндэслэлгүй байна. Дээр дурьдаж буй үйл баримтууд нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед тодорхойгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу цугларсан нотлох баримт юм. Эдгээр нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулж дүгнэлт хийгээгүй болно. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлд зааснаар ХХХнь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Гэтэл Монгол улсад мэдрэлийн мэс заслын өвчнөөр өвчилсөн хүмүүсийн эрх ашиг тэдгээрийг эмчлэгч нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдлуудыг дараах байдлаар шүүхийн хэлцүүлэгт тайлбарласан. Тухайлбал ХХХНҮТББ-ын Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал Ц.Э гэдгийг Дэлхийн болон Азийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн гишүүнээр бүртгүүлсэн учир тэдгээр олон улсын байгууллагаас зохион байгуулан явуулдаг мэдрэлийн мэс заслын сургалт, семинарт хөнгөлттэй оролцох, эмчилгээнд шинээр хэрэглэгдэг буй эмчилгээний арга техниктэй суралцах, хандив, тусламж хүртэх, шинэ мэдээлэл улмаар мэдрэлийн мэс заслын өвчнөөр өвчлөгсөдийн тусын тулд үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно. Манай эмнэлэгийн эмч нар мэдээллийн хэрэгслийн дагуу олж мэдсэн сургалтанд өөрсдийн болон байгууллагын зардлаар хилийн чанадад зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцохдоо Дэлхийн болон Азийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн удирдах хүмүүстэй уулзаж ярилцахад тэдгээр нь зөвхөн гишүүнээр бүртгэгдсэн байгууллагын эрх бүхий хүмүүсээр дамжуулан олон улсад үйл ажиллагаа явуулах журамтай , танай дотоод асуудалд бид шийдвэр гаргах эрхгүй гэдэг хариу өгч байсан. Хариуцагч Монголын мэдрэлийн мэс залын нийгэмлэг НҮТББ нь 2014 од үүсгэн байгуулагдаагүй, үүнээс өмнө 2007 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Шүүх Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Хусаяны гаргасан нэхэмжпэлтэй хэргийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хамт олны хурлын шийдвэрээр зөвлөх эмч Б.Бы нэхэмжлэлээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргах үед шүүхэд Х.Хусаяны нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь нотлох баримтаар судлуулахыг хүсэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахдаа зохигчдыг уг хэргээс зөвхөн нотариатаар батлуулсан баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгаж, зохигчдод хүндрэл учруулсан. Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхийн журмаар бүрдүүлсэн зарим нотлох баримтууд шүүх хуралдааны явцад судлагдаагүй үлдсэн. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан шаардлагад дүгнэлт хийсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хууль зөрчсөн баримтыг үнэлээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн бус байгууллагыг доорх үндэслэлээр албадан татан буулгана, мөн заалтын нэгд дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэх, мөн хоёрт хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж заасантай нийцэхгүй байна гэж нотлох баримтыг үнэлсэн бөгөөд илт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч үүсгэн байгуулагдсан үеээс эхлэн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн бус байгууллагын тайлан гэсэн заалтын нэгд Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайланг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байгаа нь хандиваар авсан микроскопыг тайландаа тусгаагүй тэг тайлан нь санхүүгийн болон хөрөнгийн талаар гаргах тайланг санаатайгаар буруу гаргасан, мөн зүйлийн 2-т ... үйл ажиллагааныхаа тайланг хуульд заасны дагуу удаа дараа Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллгад гаргаж өгөх үүргээ удаа дараа зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Дээрх байдлаас харахад төрийн бус байгууллагын эрх харилцааг зохицуулдаг хуулийг ноцтой болон удаа дараа зөрчсөн байхад Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан албадан татан буулгах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтууд нь эрх зүйн императив хэм хэмжээг тогтоосон заавал биелүүлэх, үүрэгжүүлсэн хуулийн зохицуулалт юм. Шүүх энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр төрийн бус байгууллагыг үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүхэлд нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчим алдагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаантай үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан тус төрийн бус байгууллагыг албадан татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж маргажээ.

 

Хариуцагч төрийн бус байгууллага нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, 000070364 дугаартай гэрчилгээ авч, Мэс заслын эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний боловсролыг дэмжих, зөвлөгөө өгөх, семинар зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, Цэвэгбат овогтой Энхбаярыг Удирдах зөвлөлийн даргаар томилсныг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан ХХХНҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 16 дугаар тал/

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр төрийн бус байгууллагыг албадан татан буулгахаар хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч байгууллагыг гаргасан шийдвэрээ гишүүддээ танилцуулдаггүй, нийгэмлэгийн гишүүдийн хурал хийдэггүй, тайлан тавьдаггүй, нийгэмлэгийн ерөнхийлөгчийг хууль бусаар томилсон, Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн нарийн мэргэжлийн сувилагч, эмч нар болон өвчтөн, үйлчлүүлэгч нарыг мэдээллээр хангах, тэдний ажил мэргэжилд хандсан үйл ажиллагаа явуулах, дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж буй дээрх үндэслэлүүд нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан төрийн бус байгууллагыг татан буулгах үндэслэлд хамаарахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн 40 дүгээр талд авагдсан МАУА-ын гишүүн, академич, АШУ-ны доктор профессор А.Нотагийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт нь ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн даргын албан тушаалд Ц.Э хууль бусаар томилогдсон гэдгийг нотлох албан ёсны эрх бүхий байгуулгын шийдвэр болохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нөгөө талаар, энэ нь талуудын хоорондох маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2020/03652 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэргийн материалыг бүхэлд нь татуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2020/09745 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 28-29 дүгээр тал/ Уг шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байх боловч тухайн материалаас ямар нотлох баримтыг гаргуулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна. Нөгөө талаар тус нэхэмжлэлийг гаргасан этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэхэмжлэгч өөрөө оролцож байсан тул баримтыг өөрөө гаргаж өгөх боломжтой гэж үзнэ. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бы ХХХнийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХТӨР