Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02432

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацралыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... ХХК-д холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 16,230,000 /арван зургаан сая хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ... ХХК-иар ахуйн хийн баллоноо цэнэглүүлж авсан. Гэтэл тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэр маань шатаж бидэнд 16,230,000 төгрөгийн хохирол учирсан. ... ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээгээр учирсан хохирлыг 16,230,000 төгрөг гэж үнэлсэн. Иймд тус хохирлыг буруутай этгээд болох ... ХХК-иас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү. Бид хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлсэн хэмжээгээр л шаардаж байгаа болохоос үүнээс илүү хэмжээний хохирол бидэнд учирсан. Гал гарсны дараа хариуцагч байгууллагын эрхлэгч нь гэх нэг эмэгтэй ирсэн. Ирээд манай буруу байна, битүүмжээ дутуу хийсэн байна гэж хэлсэн. Гэтэл дараа нь худлаа ярьж эхэлсэн. Бид энэ байгууллагаас хийн баллон авч хэрэглээд удаж байгаа. Плетка газар тавиагүй байсан, бид яаж хэрэглэдэг, яг тэр дарааллаараа л хэрэглэсэн. Хариуцагчийн буруугаас гал гарсан гэдэг нь ч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Зөрчлийн хэргээр шалгагдаад хариуцлага хүлээж торгууль төлсөн боловч хохирлоо төлөхгүй байна. Уг галд хариуцагч ... ХХК буруутай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж дүгнээд тус компанид 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Энэ буруугаа хүлээн зөвшөөрч торгуулиа төлчихөөд шийтгэлийн хуудаст бичигдсэн хохирлыг төлж барагдуулахгүй байгаа учир нэхэмжлэгч эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Хохирлын үнэлгээгээр 16,130,000 төгрөг гарсан ба үнэлгээ хийлгэхэд гарсан 100,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч төлсөн учраас нийт 16,230,000 төгрөгөөр хохироод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани хийн аж ахуйн салбарт 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажилчдаа Даралтад сав цэнэглэгч, түгээгч мэргэжлээр мэргэжлийн сургалтад хамруулж мэдлэг дадлага олгодог юм. Тухайн үед ажиллаж байсан түгээгч ... нь сургалтад хамрагдаж ... тоот мэргэжлийн үнэмлэх авсан. Түгээгч ... нь хэрэглэгч ...ы баллоныг цэнэглэхдээ Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм-ийн 6.9 дэх хэсэгт заасны дагуу баллоны баталгаат хугацааг хянаж, баллоны дугаарыг хийн аж ахуйн ашиглалтын байгууллагын өгсөн хэрэглэгчийн дэвтэрт баллоны номер, сольсон хугацаа, олгосон хүний нэрийг бичнэ гэсэн үүргээ хэрэгжүүлж баллоны баталгаат хугацааг шалгахад 2013 оны ашиглалтын хугацаа дуусаагүй баллонд цэнэглэлт хийж, баллон цэнэглэлтийн журнал болон хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн бүртгэлийн дэвтэр дээр баллоны дугаарыг тэмдэглэж аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэрэглэгчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулж ажилласан. Мөн дүрмийн 6.9 дэх хэсэгт Баллоны ашиглалтын аюулгүй ажиллагаа-г хэрэглэгч өөрөө хариуцна гэж тодорхой зааж өгсөн байдаг. Хэрэглэгч аюулгүй ажиллагааг өөрөө хариуцна гэдэг нь тухайн баллон болон баллонтой холбогдож ашигладаг шланг, редуктор, хийн плитка зэргийг тогтмол шалгаж, аюулгүй ажиллагааг өөрөө хангаж ажиллах ёстой байдаг. Мөн энэ талаар хэрэглэгчийн дэвтэр дээр маш тодорхой заасан байдаг. Түүнчлэн гал ил галын улмаас гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч ... нь аюулгүй ажиллагааг өөрөө хангаж ажиллаагүй буруугаа зөвхөн баллон цэнэглэж өгсөн ... ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэдэг нь ойлгомжгүй байна. Хийтэй баллоныг хүлээж авснаас хойш хэрэглэгч өөрөө гарах эрсдлийг хариуцна. Баллонтой холбосон плиткыг хэрэглэгч буруу ашигласан буюу газарт тавьсан байсан. Мөн тогтмол хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн баллоныг шлангтай дутуу холбосон байх магадлалтай. Плиткан дээр том сав буюу хүнд битүү чанагч сав тавьсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Баллон өөрөө оч өгөхгүй, гал холбож байж гал гарна. Зөрчлийн тухайд хуульд тодорхой тухайн асуудалд хамаарах зохицуулалт байхгүй. Боолтгүй байлаа гээд хий алдахгүй. Энэ нь баллоноос хий алдаагүйг харуулж байгаа. Торгууль төлөхдөө ямар зөрчилд төлсөн гэдэг нь тодохой бус байсан. Гэвч уг шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

... ... ХХК-д холбогдуулан, тус компанид цэнэглүүлсэн хийн баллоноос гал алдаж, гэр нь шатсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд 16,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ... ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тус компанийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан нь тодорхой бус, хэрэглэгчийн баллон ашиглалтын шаардлага хангасан бөгөөд баллон цэнэглэх журмын дагуу хийг шахсан тул нэхэмжлэгч ... баллон ашиглалтын аюулгүй ажиллагааг өөрөө хангах үүргээ биелүүлээгүй, баллоныг шлангтай дутуу холбож, плиткан дээр хүнд жинтэй сав тавьж ашигласан нь гал гарах үндэслэл болсны зэрэгцээ галын шинжээч ил галын улмаас гал гарсан гэж дүгнэсэн учир хариуцлага хүлээх үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд ...хариуцан арилгана гэж тус тус хуульчилжээ.

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ... дахь ...ы гэрт гал гарч, таван ханатай гэр нь эд хогшлын хамт шатаж, 16,130,000 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн онцгой байдлын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .. тоот Гал түймэр гарсан тухай акт, ... ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/45 тоот хохирлын үнэлгээний тайлан зэргээр тогтоогдох ба нэхэмжлэгчээс хохирлын үнэлгээ хийлгэх зардал 100,000 төгрөгийг төлж, мөн хэмжээгээр хохирол учирсан байна. /хавтаст хэргийн 5-14/

Гал түймэр гарсан тухай гэмт хэргийн талаарх гомдлыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, тус дүүргийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3453 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор ...ы гомдол саналгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэх хүсэлтийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харин ... ХХК-ийн түгээгч ...ы үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд буюу Нийслэлийн онцгой байдлын газарт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг даалгасан байна.

Улмаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... гэрчээр мэдүүлэхдээ Бүрэн бус баллонд яагаад үйлчилгээ хийсэн бэ? гэх асуултанд: Тухайн үед хэрэглэгч их яаруу явсан. Тэгээд тэр эгч боолт нь байгаа байхаа. Ар гүнтээс явж байна гээд, тэгэхээр нь би уг нь цэнэглэхгүй гэж хэлсэн. Тэгээд манайд байсаар байж байгаад цэнэглүүлээд явсан. Уг нь баллон хэвийн байсан гэдгийг нь би маш сайн үзэж шалгасан... гэж хариулсан бол, ... хохирогчоор мэдүүлэхдээ: 2020.06.29-ний өдөр өглөө би дүү ... цэнэглүүлээд ир гээд 5 кг-ийн баллоныг өгөөд явуулсан. Манай дүү цэнэглүүлээд аваад ирсэн. Тэгээд машинаас нь очиж баллоныг авахад дээд талын боолт нь байхгүй, крант нь сул байсан. Тэгээд би гэр лүү оруулж крантыг нь чангалж өгөөд залгаж өгөөд гадагшаа гарсан. Гэрт эхнэр, охин хоёр байсан. Эхнэр гал гараад байна гэж хашгирсан. Тэгсэн чинь тооноор гал дүрэлзэж байсан. Би гэрийн арын байшинд байсан. ...өрх хаалгаа хаагаад удаагүй байхад пис пас гээд буудах чимээ гарсан. Баллон задарсан байсан... гэж тус тус мэдүүлжээ.

Зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ... 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311/1163 дугаар шинжээчийн дүгнэлтээр: Галын голомт нь монгол гэрийн дотор талд гол хэсэгт байна. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн тархан дэлгэрэлт, галын голомт зэргээс үзэхэд гал түймэр нь ил галын улмаас гарсан байх үндэслэлтэй байна гэж хариулсан ба тэрээр уг дүгнэлттэйгээ холбоотой гэрчээр мэдүүлэхдээ: ...Галын шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд галын шалтгаан нөхцлийг тогтооход ил галын улмаас үүсвэрлэн гарсан байсан нь баллоны боолт дутуу байсан нь нөлөөлсөн байж болно... гэж тайлбарласан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хийн баллоны боолт байхгүйгээс хий алдахгүй, хэрэглэгч нь ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас гал гарсан гэж тайлбарлах боловч уг татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, галын шалтгааны дүгнэлт гаргасан шинжээчээс баллоны боолт дутуу байсан нь гал гарахад нөлөөлсөн байж болох талаар тайлбарласан, мөн хариуцагч ... ХХК нь Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ...тоот Шийтгэлийн хуудас-ыг хүлээн зөвшөөрч, 1,000,000 төгрөгийн торгууль төлсөн зэргийг нэгтгэн дүгнэвэл ...ы гэрт ... ХХК-д цэнэглүүлсэн хийн баллоноос гал алдсаны улмаас шатаж, эд хөрөнгөд 16,130,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Мөн хохирлын үнэлгээ хийлгэхэд 100,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирлын үнэлгээний тайлан, төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон, хийн баллоныг цэнэглэсэн ажилтан ... хариуцагч ... ХХК-ийн ажилтан мөн болох нь зохигчдын тайлбар, Даралтат сав цэнэглэгч түгээгчийн мэргэжлийн үнэмлэх, Хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ... ХХК-иас 16,230,000 төгрөг гаргуулан ...д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчдоос иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 16,230,000 /арван зургаан сая хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 240,000 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Х.ЭНХЗАЯА