Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00101

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00101

 

 

М.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар           

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02427 дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч М.М нэхэмжлэлтэй,

            Хариуцагч "Д" ХХК-д холбогдох

            Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 16,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

1. Нэхэмжлэгч М.Мнэхэмжлэлийн үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "Д" ХХК-аар ахуйн хийн баллоноо цэнэглүүлсэн. Гэтэл тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэр маань шатаж надад16,230,000 төгрөгийн хохирол учирсан. “Х” ХХК-ийн хохирлыг үнэлүүлэхэд 16,230,000 төгрөг гэж үнэлсэн.

Гал гарсны дараа хариуцагч байгууллагын эрхлэгч нь гэх эмэгтэй ирээд “манай буруу байна, битүүмжээ дутуу хийсэн байна” гэж хэлсэн. Гэтэл дараа нь худлаа ярьж эхэлсэн. Бид энэ байгууллагаас хийн баллон авч хэрэглээд удаж байгаа, плетка газар тавиагүй байсан, баллоныг зохих дарааллын дагуу хэрэглэсэн.

Хариуцагчийн буруугаас гал гарсан гэдэг нь ч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Зөрчлийн хэргээр шалгагдаж хариуцлага хүлээж торгууль төлсөн боловч хохирлоо төлөөгүй. Уг галд хариуцагч “Д" ХХК буруутай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзээд тус компанид 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

 Мөн би “Х” ХХК-аар хохирлыг үнэлгээ хийлгэхэд гарсан 100,000 төгрөгийн зардлыг төлсөн.  Иймд хариуцагч “Д" ХХК-аас 16,230,000 гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “Д" ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Манай компани хийн аж ахуйн салбарт 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажилчдаа даралтад сав цэнэглэгч, түгээгч мэргэжлээр мэргэжлийн сургалтад хамруулж зохих мэдлэг дадлага олгодог. Тухайн үед ажиллаж байсан түгээгч С.М нь хэрэглэгч М.М баллоныг цэнэглэхдээ “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн 6.9 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэн, баллоны ашиглалтын хугацааг шалгаж цэнэглэлт хийсэн. Мөн баллон цэнэглэлтийн журнал болон хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн бүртгэлийн дэвтэрт баллоны дугаарыг тэмдэглэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэрэглэгчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулсан байна.

Мөн хэсэгт баллоны ашиглалтын аюулгүй ажиллагааг хэрэглэгч өөрөө хариуцна гэж тодорхой зааж өгсөн. Хэрэглэгч аюулгүй ажиллагааг өөрөө хариуцна гэдэг нь тухайн баллон болон баллонтой холбогдож ашигладаг шланг, редуктор, хийн плитка зэргийг тогтмол шалгаж, аюулгүй ажиллагааг өөрөө хангаж ажиллах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч М.М нь аюулгүй ажиллагааг өөрөө хангаж ажиллаагүй.

Түүнчлэн гал ил галын улмаас гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэдэг нь ойлгомжгүй байна. Хийтэй баллоныг хүлээж авснаас хойш гарах эрсдлийг хэрэглэгч өөрөө хариуцна. М.М  нь баллонтой холбосон плиткыг хэрэглэгч буруу ашигласан буюу газарт тавьсан байсан. Плитка дээр хүнд битүү чанагч сав тавьсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Баллон өөрөө оч өгөхгүй, гал холбож байж гал гарна. Боолтгүй байлаа гээд хий алдахгүй. Энэ нь баллоноос хий алдаагүйг харуулж байна.  Манай байгууллага торгууль төлөхдөө ямар зөрчилд төлсөн гэдэг нь тодохой бус байсан. Гэвч манай байгуллагаас уг шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Д" ХХК-аас 16,230,000 /арван зургаан сая хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 240,000 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            4.Хариуцагч “"Д" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: "Д" ХХК-ийн ажилтан С.М нь хэрэглэгч М.М баллоныг цэнэглэхдээ "Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм"-ийн 6.9 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилласан. Үүнд: Баллоны баталгаат хугацааг шалгахад 2013 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа нь 15 жил буюу 2028 онд дуусах буюу ашиглалтын шаардлага хангасан байна.

            Мөн баллоны дугаарыг хийн аж ахуйн журналд бүртгэн, тухайн өдрийн баллон цэнэглэлтийн журналын №5-д төрөл 5х, баллоны дугаар 2013-167, цэнэг хий 5 кг гэж тодорхой тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн баллонд 85 хувийн дүүргэлтээр 5 кг хий шахах ёстой тухайн хийг бүрэн шахсан байна. Хийн аж ахуйн ашиглалтын байгууллагын өгсөн хэрэглэгчийн дэвтэрт баллоны номер, сольсон хугацаа, олгосон хүний нэрийг бичиж тэмдэглэсэн байсан нь шатсан байна.

            Гэтэл хэрэглэгч нь уг дүрмийн 6.9 дэх хэсэгт заасан аюулгүй ажиллагааг өөрөө хариуцна гэсэн үүргээ биелүүлээгүй. Энэ талаар гэрч Ц.Эрдэнэхишиг шүүхэд өгсөн мэдүүлэгт “тухайн ил гал гарах үед баллон плиткээс 2 метрийн зайтай байсан, зуухны доод талд плитка, дээд талд баллон байсан, плиткийг газар /далий/ тавьсан байсан, баллон плитка хоёрыг хамт авсан 5 жил ашигласан, 6 дах жил рүүгээ явж байсан, 15 л хэмжээтэй битүү чанагчид цай чанаж байсан, 1 ширэмтэй плитка байсан” гэж мэдүүлдэг бөгөөд дээрх өгсөн мэдүүлгээр хэрэглэгч нь хийн плитка ашиглах зааварт дурьдсан анхааруулгыг зөрчсөн болох нь нотлогдож байна.

             Мөн баллоны крантыг салган авч сольж болохгүй. Хэрэглэгч нь баллоны ашиглалт, аюулгүй ажиллагааг хэрэглэгч өөрөө хариуцах үүргээ биелүүлээгүй бөгөөд галын шинжээчийн 311/1163 дугаар дүгнэлтээр гал түймэр нь ил галын улмаас гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга:          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн буруугаас гал гарсан гэдгийг шинжээч тогтоосон.  Хариуцагч тал ...хийн баллоны боолт байхгүйгээс хий алдахгүй, хэрэглэгч нь ашиглалтын аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс болоод гал гарсан байж болзошгүй... гэж тайлбарладаг боловч уг татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Мөн хариуцагч нь Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч 1,000,000 төгрөгийн торгууль төлсөн. Дээрх үйлдлээс дүгнэвэл М.М гэрт “Д" ХХК-ийн цэнэглэсэн хийн баллоноос гал алдсаны улмаас гэр шатаж, түүний эд хөрөнгөд 16,130,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1.Нэхэмжлэгч М.М нь хариуцагч "Д" ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 16,230,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2020 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн "Д" ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудас, эд хөрөнгөд хийсэн “Х” ХХК-ийн үнэлгээний тайлан, шинжээч Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдийн 271-1163 дугаар гал түймэр гарсан тухай акт, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, иргэн Т.Б, Ц.Э, Б.Б нараас гэрчийн мэдүүлэг авахуулжээ. /хх-3, 5, 8-14/  

2.Хариуцагч “"Д" ХХК татгалзлын үндэслэлээ “хэрэглэгч өөрөө журмаа зөрчсөн, ... ил галын улмаас гал гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон ...” гэх агуулгаар тодорхойлж, тус компанийн баллон цэнэглэлтийн журнал, түгээгч С.М мэргэжлийн үнэмлэх, Хэрэглэгчдэд аюулгүй зааварчилгаа өгсөн бүртгэлийн дэвтэр, Шингэрүүлсэн хийн түлш хэрэглэгчийн дэвтэр,  зэрэг баримтуудыг мөн шүүхэд гарган өгч, маргасан байна. /хх-23-28/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Онцгой байдлын архивын газраас 331/1163 дугаар шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан “"Д" ХХК-ийн ажилтан С.М авсан гэрчийн мэдүүлгийг шүүхийн журмаар бүрдүүлж өгчээ. /хх64-68/

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийн заасныг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

            4.2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн байрлах иргэн М.М гэрт гал гарсны улмаас түүний таван ханатай гэр, эд зүйлийн хамт шатсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-5,6/

Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт “Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч “"Д" ХХК нь ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн байгууллага байна. /хх-17/ Тэрээр тус компанийн Зунжин салбарт 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч М.М5 киллограммын баллоныг ахуйн хийгээр цэнэглэх үйлчилгээ үзүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрч Б.Б, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад гэрч С.М өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-55-56, 66-67/ Мөн нэхэмжлэгч М.М нь тус баллонтой хийг ашиглах явцад гал гарч түүний эд хөрөнгө шатсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. Энэ тохиолдолд хариуцагч тал нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсанд гэм буруугүй, үйл ажиллагаанаас нь хамааралгүй гэх байдлаа өөрөө нотлох үүрэгтэй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

5.Харин Нийслэлийн онцгой байдлын газар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0034003 дугаар шийтгэлийн хуудсаар хариуцагч “Д" ХХК-д Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5.14.1-д заасныг үндэслэн 1,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, уг төлбөрийг хохирлын 16,230,000 төгрөгийн хамт барагдуулах үүрэг биелүүлэхийг даалгажээ. /хх-3/. “Д" ХХК нь 1,000,000 төгрөгийн торгуулийг Төрийн санд төлсөн байна. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгахыг шаардах эрхтэй тул “нэхэмжлэгч дүрэм, журам зөрчсөн” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

6.Нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Э нарын мэдүүлэг, хэргийн 66-68 дах талд авагдсан бичгийн нотлох баримт болох "Д" ХХК-ийн ажилтан С.М мэдүүлэг, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12/271-163 дугаартай  акт зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл гал гарахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал, хариуцагч компани аюулгүй ажиллагааны журмаа зөрчиж баллоныг цэнэглэх үйлчилгээ үзүүлсэн боловч нэхэмжлэгч талын зүгээс баллоны крантны дээд талын боолт байхгүй баллоныг гуйж цэнэглүүлсэн, аюул учруулж болох нөхцөл байдлыг өөрөө мэдэх боломжтой байсан болох нь иргэн С.М зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч М.М... манай гэрт хог дээр байсан жижиг боолтоор орлуулаад засаад  хийсэн байсан, засаад хэрэглэж болно” гэх тайлбар, /хх-67, 70/ гэрч Ц.Эрдэнэхишигийн ... плиткаг М.М ажиллуулаад гарсан, ... цай чанахаар битүү чанагч тавьсан байсан, шланкыг М.М өөрөө холбочихдог... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 311/1163 дугаартай дүгнэлтэд гал түймэр гарсан шалтгаасныг ил галын улмаас гарсан байх үндэслэлтэй гэжээ.

 

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзээд хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

7.Хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн тогтоосон Хохирлын үнэлгээний тайланд мөнгөн хазаар, мөнгөн аяга, алтан ээмэг, монетан ээмэг зэрэг металл эд зүйлсийг нийт 3,120,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-12/ Уг үнэлгээг үндэслэн хохирлын хэмжээг 25 хувиар багасгаж, хариуцагч “"Д" ХХК-аас 13,172,500 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02427 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

 “Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д" ХХК-аас 13,172,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,057,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,   2 дах заалтын “хариуцагчаас 240.000” гэснийг “хариуцагчаас 38,510” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                   Ч.ЦЭНД