Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

 

“ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.И даргалж, шүүгч М.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/03605 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-ийн хариуцагч “НК”ХХК, “ШГ” ХХК нарт холбогдуулан гаргасан “НК”ХХК болон “ШГ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 (13343) 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаартай “ЧХБ” ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, Л.Ш, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч “НК”ХХК-ийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Д.Б-тай 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2401/01/IC тоот зээлийн гэрээ байгуулж 400 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч уг зээлийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах 372.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зориулалтаар авсан. Д.Б нь дээрх зээлийн өр төлбөрийн асуудлаар банктай харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчид уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан тул Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 372.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид шилжин бүртгэгдсэн бөгөөд дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “НК”ХХК болон “ШГ” ХХК-иуд нь ажлын байрны (оффисын) зориулалтаар ашиглаж, суллаж өгөхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон атал одоо хүртэл банкны үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нар хууль бус эзэмшилдээ байлгаж байгаа талаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж, дуудан уулзах зэрэг арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэгч нь Д.Б, н.Оргил нартай гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж зээлийн гэрээ дуусгавар болсон. Уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар эзэмшиж байгаа бөгөөд чөлөөлөөгүй байна. Маргаан бүхий байранд очиход “ШГ” ХХК-ийн ажлын байр байрлаж байсан бөгөөд хариуцагч нар нь хамаарал бүхий хуулийн этгээд юм гэжээ.

Хариуцагч “НК”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “НК” ХХК болон “ШГ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чингис хаан банкны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар “ЧХБ” гэж бичсэнээс үзэхэд Ү-2204054488 гэсэн тоо нь “ЧХБ” ХХК-ийн өөрийн бүртгэлийн дугаар уу, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар уу гэдэг нь тодорхойгүй байна. Хариуцагчаар татагдсан “НК”ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чингис хаан банкны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 372.3 м.кв талбайтай байрны цорын ганц хууль ёсны өмчлөгч байхад “ШГ” ХХК-ийг ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь ойлгомжгүй. “НК”ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц хууль ёсны өмчлөгч мөн атал нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эрхийг эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар өөрийн нэр дээр давхардуулан гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээ нь өмчлөлийн эрхийн баталгаа гэж үзэхгүй боловч гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул үүнтэй холбогдуулан энэ Иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ сэргээлгэх болно. Нэхэмжлэгч манай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчилж байгаагаасаа татгалзаж, манай зээлийн барьцаа хөрөнгийг банкны тухай хууль тогтоомжийг зөрчин давхар барьцаалж бусдад их хэмжээгээр зээлсэн мөнгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “НК”ХХК-ийн өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмч тул нэхэмжлэгч шаардах, өмчлөх эрхгүй. Д.Б нь зээлийн төлбөрт өгсөн гэдэг. Д.Бд хууль бус хэлцлийн дагуу өмчлөх эрх хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн. н.Оюунцэцэг нь хууль бусаар шилжүүлсэн тул шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь Д.Б-д өгсөн зээлийг түүний хөрөнгөөр барьцаалах ёстой байсан. Өөрийн байрнаас гарах боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч аль талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаагаа ойлгохгүй зэргэлдээ талбайг чөлөөлүүлэх гэж байгаа тул маргаж буй талбайгаа ялгаж нэхэмжлэл гаргах хэрэгтэй гэжээ.

Хариуцагч “ШГ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал манай компанийг ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар “ЧХБ”-ны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө манайд хамааралгүй бөгөөд бусдаас авах зээлийн гэрээний хэлэлцээрийн явцад уг зээлийн барьцаанд тавигдсан. Ингэхдээ зээлийн гэрээг халхавчилсан бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжсэн нь цаашлаад худалдах, худалдан авах гэрээ болж, гуравдагч этгээд болох одоогийн энэ хэргийн нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар очсон, улмаар уг өмчлөлийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг сэргээх асуудал тавигдах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь манай компанийн одоо байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь биш бөгөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа газар нь өөр эзэмшигчтэй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ШГ” ХХК-ийн төлөөлөгч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан байранд манай компани байрладаггүй атал ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Өөр газарт үйл ажиллагаагаа явуулдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 160 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 160 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шинээр гаргаж өгөх хүсэлтийг хангаагүйгээс хариуцагч биш болох нь тогтоогдож болох байсан “ШГ” ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хангагдах боломжтой байх шаардлагыг хангаагүй. Тухайлбал, шүүх хуралдаан дээр “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийн оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хамааралгүй гэж тайлбарлахад энэ талаар шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуусан нэхэмжлэгч ямар үндэслэлээр “ШГ” ХХК-ийг хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь одоо манай компанийн байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь биш бөгөөд одоо манай компани байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь өөр эзэмшигчтэй үл хөдлөх эд хөрөнгө юм. “ШГ” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж байгаа албан байр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хаягт байдаггүй тул шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг тус компанид үүрүүлэх нь буруу бөгөөд шүүхийн шийдвэрийн заавал хэрэгжих шинжгүй болно...” гэж тайлбарлаж, үүнийг нотлохын тулд тус компанийн оршин байгаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч ирж өгөх үндэслэлээр “хариуцагч” одоо оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгө уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэдгийг нотлох баримт шинээр гаргаж өгөх хүсэлтээ шүүх хурал дээр амаар гаргасан ч шүүх хангахаас татгалзсан. “Хэргийг зөв шийдвэрлэхийн тулд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн нягтлан үзэж, “шинэ нотлох баримт гаргаж өгөх” хүсэлтийг хангаж, шинээр гаргаж өгөх нотлох баримтыг шинжлэн судлах хэрэгцээ шаардлага байгаа" нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгийн хамаарах хүрээ, уг байранд хариуцагч байгууллагууд оршин байгаа эсэхийг тодруулах шаардлагатай нь харагдаж байсан. Ийнхүү шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хаягт үйл ажиллагаа явуулдаггүйг нотлох боломж олгоогүйгээс хариуцагч биш этгээдэд хариуцагчийн үүрэг хүлээлгэсэн шийдвэр гарахад хүргэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх”, энэ үүргийг биелүүлэхгүй бол мөн зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар “хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх” боломжгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 (13343) 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чингис хаан банкны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө манай компанид хамааралгүй бөгөөд энэ үл хөдлөх эд хөрөнгө иь иргэн М.Удвалжаргалын өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгө бөгөөд бусдаас авах зээлийн гэрээний хэлэлцээрийн явцад уг зээлийн барьцаанд тавигдсан, ингэхдээ зээлийн гэрээг халхавчилсан бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжсэн байсан нь цаашлаад худалдах, худалдан авах гэрээ болж, гуравдагч этгээд болох одоогийн энэ хэргийн нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар очсон байгаа тул уг өмчийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг сэргээх асуудал тавигдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан. Нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн “хууль ёсны өмчлөгч” хариуцагч буюу “НК”ХХК-ийн эрх ашгийг хөндөх тул “уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ сэргээлгэх” агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж, сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан бие даасан шаардлага гаргасан болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийг оролцуулах хүсэлтээ гаргасан. Хариуцагч “нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бус нотлох баримт бүрдүүлэн гаргуулж авсан учир шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх, хариуцагчийн хууль ёсны эрх, өөрөөр хэлбэл, “нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь ноцтойгоор зөрчигдөхөд хүрч байгаа тул энэ байдлыг тогтоолгох, нэхэмжлэгч шаардах эрхгүйг нотлохын тулд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гуравдагч этгээдүүдийг оролцуулахаар хүсэлт гаргахад шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах, гуравдагч этгээдүүдийг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг эдлүүлээгүй. Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэн болохыг улмаар “нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах, шаардах эрхтэй” эсэхийг тодруулахад ач холбогдолтой атал шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, энэ талаар гомдол гаргах эрхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь оролцогчийн эрхийг эдлүүлэхгүй, шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгох зүйтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг зөрчиж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Тухайлбал гуравдагч этгээд “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өмчийг өмчлөх эрхтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой бие даасан шаардлагаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гарахаас өмнө гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Энэ шийдвэрийнхээ үндэслэлийг “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар бие даасан шаардлагад дурдагдсан өмчийн эрхийн маргаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шалгагдан прокурорт хэрэгсэхгүй болсон юм шиг байна” гэх таамагт тулгуурласнаа хэлсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслээгүй, нэхэмжлэгч хуурамч баримт бүрдүүлэн гаргуулж авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ дээр тулгуурлан гаргасан нь уг шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хаягт тус байгууллага нь оршин байж үйл ажиллагаа явуулдагтүй гэж тайлбарлаж, үүнийг нотлох баримтаа даруй гаргаж өгөхийг хүсэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг эсрэгээр нь нотолсон баримтгүй байхад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "нэмэлт нотлох баримт гаргаж өгөх” хүсэлтийг хангалгүй хэргийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч “НК”ХХК-ийн гаргасан “хянан хэлэлцэгдэж буй хэргийн нэхэмжлэлтэй шууд холбоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхийг тодруулахад ач холбогдол бүхий, хууль зүйн үндэслэлтэй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу “сөрөг нэхэмжлэл гаргах, хэлэлцүүлэх, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлох” эрхийг эдлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан “зохигч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй”, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нь тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 (13343) 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаартай Чингис хаан банкны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг эс зөвшөөрч хариуцагч “НК”ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц хууль ёсны эзэмшигч гэж /хх38/, хариуцагч “ШГ” ХХК дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд манай компани байрладаггүй тул ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь тодорхойгүй /хх40/ гэж тус тус маргажээ

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 (13343) 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаартай 372.3 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь “ЧХБ” ХХК, Д.Б нарын хооронд хийгдсэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу “ЧХБ” ХХК-ийн өмчлөлд шилжиж /хх18-19/, 000491637 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон баримт хэрэгт авагдсан байна./хх20/

Маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь “НК”ХХК гэж хариуцагч тайлбарласан боловч өмчлөх эрхтэйгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн хариуцагч “НК”ХХК-ийн өмгөөлөгчийн “хууль бус хэлцлийн дагуу шилжсэн”/хх72/ гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн эрүүгийн журмаар Д.Быг шалгуулсан боловч хэрэгсэхгүй болгосон тул энэ талаарх гомдлоо Ерөнхий прокурорт гаргаж байсан гэх хариуцагч “НК”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анугийн тайлбар зэргээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Бын өмчлөлд байсныг мэдсэн боловч /хх72/ өмчлөх эрх хууль бусаар шилжсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Иймд хариуцагч “НК”ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Хариуцагч “ШГ” ХХК “нэхэмжлэлд дурдсан талбайд үйл ажиллагаа явуулдаггүй, одоо байрлан үйл ажиллагаа явуулдаг газрын эзэмшигч нь өөр тул манай компанид хамааралгүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 “ШГ” ХХК дээрх татгалзлаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18/054 дугаартай бичгээр шүүхэд гаргахдаа холбогдох нотлох баримтыг гаргаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабалаас шинээр гаргах нотлох баримт, хүсэлт байхгүй гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна./хх70/

Иймд хариуцагч “ШГ” ХХК-ийг тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүх нотлох баримт гаргах боломжийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 372.3 м.кв талбайд  хариуцагч нар үйл ажиллагаагаа явуулдаг гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч “ШГ” ХХК баримтаар няцаагаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.У-ыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахаар “НК”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анугаас гаргасан хүсэлтийг шүүх тодруулахад М.У нь Б. хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж шаардлагаа тодорхойлсон тул шүүх уг шаардлагыг бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэх уг маргааны зохигчдод хамааралгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Мөн “ЧХБ” ХХК-ийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэснийг хүчингүй болгох гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллынх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д заасныг зөрчөөгүй.

Иймд шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20163 дугаар захирамж үндэслэлтэй, хариуцагч “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинээр нотлох баримт гаргаж өгөх, гуравдагч этгээд оролцуулах, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/03605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ШГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ШГ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 160 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.И

 

                                               ШҮҮГЧИД                            М.

 

                                                                                            А.О