Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/01840

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       04           21   

           101/ШШ2022/01840

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд Л.Энхжаргал, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Ш-ийн гаргасан,

 

Хариуцагч: З.Р-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,258,747.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ш, өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч С.Д нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Минии бие 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны “С” их сургуулын зүүн замд өөрийн цахилгаан скүүтертэй замын хөдөлгөөнд оролцож байхад Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан хөдөлгөөний чиг өөрчлөх байр эзлэхдээ осол аюул үүсгэхгүй байх нөхцлийг хангаагүй, түүнчлэн 10.3, 10.4, 11.1, 11.12 тоотод заасны дагуу эгнээ байр өөрчлөхдөө бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй эсрэг урсгал руу дарахдаа хурдны болон тээврийн хэрэгслийн хоорондын зай бариагүй зэрэг ноцтой зөрчил гаргаж, осол гаргасан.

 

Тус авто ослын дараа миний толгой, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд шүүх эмнэлэгийн дүгнэлтийн дагуу яаралтай эмнэлэгт хандаж толгой нуруугаа томографикт харуулан зохих хэмжээний анхан шатны эмчилгээ хийлгэсэн ба дахин үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж болсон. Учир нь, бие маань одоо хүртэл толгой байнга дүүрч өвдөх, үе үе хүчтэй хатгуулж өвддөг бөгөөд эмчийн өгсөн Билобил 120мг эмийг сар уугаад ямарч үр дүнгүй байна.

 

Мөн миний нуруу хэвлий ороож байнга өвддөг, удаан зогсохоор 2 гуя дагаж өвддөг болсон. Эдгээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлын бүтээмж маш их буурч, одоо болтол зорчиж чадахгүй айдастай байна. Би, өөрийн эрүүл мэндтэй холбоотой бодит зардал, ажлаагүй өдрийн цалин хөлсийг хариуцагч З.Р-ээр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие “Г” ХХК-ийн сахиулын ажлыг сарын 1,000,000.00 төгрөгийн цалинтай гүйцэтгэдэг, мөн давхар “С” салонд сарын 1,500,000.00 төгрөгийн цалинтай үсчинээр тус тус ажилладаг.

 

Би, осол гарсан өдрөөс эхлэн ажлаа хийж чадалгүй эмчилгээ хийлгэсэн тул 12 хоног буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хуагцааны цалин болох “Г” ХХК-ийн сахиулын ажлын өдрийн цалин 45,454.00 төгрөг, 12 хоногийн цалин 545,454.00 төгрөг, “С” салоны өдрийн цалин 68,181.00 төгрөг, 12 өдрийн цалин 810,181.00 төгрөг, мөн эмчилгээний бодит зардалд 543,112.00 төгрөг, цахилгаан скүүтэрийн засварын төлбөрт 360,000.00 төгрөгийг зарцуулсан бөгөөд хариуцагчаас нийт 2,258,747.00 төгрөгийг нэхэмжиж байна.

 

Хэдийгээр миний бие “Г” ХХК-ийн сахиулын ажлын цалингаа авсан боловч миний өмнөөс аав минь ажиллаж авсан, тиймээс энэ бол надад учирсан хохирол юм. Түүнээс гадна цахилгаан скүүтэрийг анх авсан газарт 360,000.00 төгрөгөөр засуулсан ба эмчилгээний зардлын хувьд осол болсон учраас ийм эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх шаардлагатай байсан тул 543,112.00 төгрөгөөр эм тариа худалдан авч, шинжилгээ өгсөн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Хариуцагч миний бие “С” их сургуульд менежерээр ажилладаг ба 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажлын байр руу очихоор Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороонд байрлах ажлынхаа зүүн талын замаар хөдөлгөөнд оролцож туслах зам руу баруун гар тийшээ эргэх үед нэхэмжлэгч нь цахилгаан скутэрээр зориулалтын бус замаар буюу авто машин зорчих хэсгээр хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй зорчиж явахдаа миний авто машины хойд хэсэг рүү мөргөж, улмаар зам тээврийн осол гаргасан. Дээрх ослын улмаас надад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн.

 

Би, нэхэмжлэгчийн нэхэмжлэж буй эрүүл мэндийн бодит хохирол болох 517,612.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин бусад шаардлагыг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаагаар нэхэмжлэгч нь “Г” ХХК-нд 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл ажилласан нь харагдаж байгаа буюу осол болох үед тус компанид ажиллаж байсан гэж үзэхгүй байна. Мөн Тээврийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 643 тоот тогтоолоор нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж тогтоогоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,741,066.00 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

            Нэхэмжлэгчийн өгсөн баримт,

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 54,950.00 төгрөг төлсөн баримт,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  3. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 643 тоот прокурорын тогтоол,
  4. Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зураг
  5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
  6. Мөрдөгчийн тогтоол,
  7. Шинжээчийн дүгнэлт,
  8. Эрх бүхий албан тушаалтны магадлагаа,
  9. Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, тэмдэглэл

10. Шийтгэлийн хуудас,

11. Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

12. Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

13. Хохирлын баримт хүлээн авсан тэмдэглэл,

14. “Г” ХХК-ийн тодорхойлолт,

15. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

16. Нэхэмжлэх,

17. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

18. З.Р-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

19. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

20.”Х банк” ХХК-ийн дансны хуулга.

 

Хариуцагчийн өгсөн баримт,

 

  1. Хариу тайлбар,
  2. Эмнэлгийн магадлагаа.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ш-ээс хариуцагч З.Р-т холбогдуулан гэм хорын хохиролд 2,258,747.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Тээврийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор хариуцагч З.Р-т хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна /х.х-ийн 6, 7 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Ш-ийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” их сургуулийн зүүн талын замд цахилгаан дугуйгаар явж байхад үед хариуцагч З.Р нь өөрийн өмчлөлийн тоёото приус маркийн улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан хэдий ч хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна /х.х-ийн 14-16, 34 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр тус зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ш.Ш-ийн тархи доргиж, зүүн өгзөгөнд цус хуралт бий болсны улмаас түүний эрүүл мэндийг түр сарниах хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гэжээ /х.х-ийн 18-20 хуудас/.

 

Харин шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн магадлагаанд хариуцагч З.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөн гэсэн бол, нэхэмжлэгч Ш.Шийг ямар нэгэн дүрэм журам зөрчөөгүй гэсэн байна /х.х-ийн 21 хуудас/.

 

Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “тээврийн хэрэгсэл гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг хэлнэ” гэж, мөн 3.1.6-д “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ” гэж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.37 “унадаг дугуй гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг хэлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Ш-ийг цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон унадаг дугуйгаар зорчиж байхад нь хариуцагч З.Р нь механикжсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байгаад ийнхүү зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон байна.

 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт  “................................бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан үндэслэл болох гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйгээс үүсэх ба үүнд хохирол учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Хариуцагч З.Р нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, мөн 100,000.00 төгрөгөөр торгуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигчдыг уг үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ /х.х-ийн 23-26, 47 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч З.Р нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Ш.Шийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.

 

  1.  Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1”эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж, мөн 3.1.9”эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш.Ш нь уг зам тээврийн ослын улмаас өөрийн эрүүл мэндийг нөхөн сэргээхтэй холбоотой зардалд 543,112.00 төгрөгийг төлсөн болох нь холбогдох эмнэлгийн байгууллагуудад төлсөн зардлын баримтаар тогтоогдож байна /х.х-ийн 31-33 хуудас/

 

Хэдийгээр тухайн зардлаас хариуцагч нь 517,612.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч тал холбогдох байгууллагад 543,112.00 төгрөгийг төлсөн байх тул үүнийг хангаж шийдвэрлэх нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэж зааснаар хариуцагчийг нэхэмжлэгчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг төлөхийг зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Энэ талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж, бас 84.2-т “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар энэхүү зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ш.Шийн эрүүл мэндээс гадна эд хөрөнгөд нь хохирол учирсан болох нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсанд дурдсанаар нэхэмжлэгчийн унаж явсан цахилгаан унадаг дугуй /скүүтэр/-д хохирол учирсан нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна /х.х-ийн 17, 22 хуудас/.

 

Ингээд нэхэмжлэгч нь уг цахилгаан унадаг дугуйг засварлахтай холбоотой зардалд 360,000.00 төгрөгийг “Э” ХХК-нд төлсөн талаарх холбогдох баримтыг цагдаагийн байгууллагад өгчээ. Үүнээс үзвэл хариуцагч З.Рийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Ш.Шийн эрүүл мэндээс гадна эд хөрөнгөд хохирол учирсан байх тул тэрээр хариуцагчаас 903,112.00 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч З.Р нь нэхэмжлэгч Ш.Шийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ.

 

Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд дурдсанаар хариуцагч З.Рийг нэхэмжлэгч Ш.Шт гэм хор учруулсан, үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд буюу эмнэлгийн зардлыг нөхөн төлөх ёстой гэсэн боловч нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлоо мөн адил нэхэмжлэх эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан 12 хоногийн цалин хөлс болох 1,355,635.00 төгрөгийг хангах боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогоо нэхэмжилж болох бөгөөд үүнд өвчтэй байхдаа авч чадаагүй цалин хөлс хамаарна.

 

Гэвч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар тэр ажил олгогч “Г” ХХК-нд сахиулын ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ажилгүй байсан гэх 12 хоногийн цалин хөлсөнд 545,454.00 төгрөгийг авсан нь түүний тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид эрүүл мэнд түр сарних хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч тэрээр ажил олгогчоос авах ёстой цалин хөлсөө бүрэн авсан бөгөөд тийнхүү авсан цалин хөлсөө бусдад өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна /х.х-ийн 29, 30, 62, 63 хуудас/.  

     

 Мөн нэхэмжлэгч Ш.Ш нь “С” үсний салонд өдрийн 68,181.00 төгрөгийн цалин хөлстэй ажилладаг гэсэн боловч тус байгууллагад ажилладаг тухай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, түүнчлэн холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх нотлох баримт байхгүй, хэрэгт өгсөн дансны хуулгаар 810,181.00 төгрөгийн орлогыг олох боломжтой байсан гэдгийг бүрэн нотлохгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 903,112.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,355,635.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

                          ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч З.Рээс 903,112.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,355,635.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,225.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                      Л.ЭНХЖАРГАЛ

 

                                                                                                Б.УНДРАА