Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/00885

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хор оо, 00 хороолол, хд 00, Улз гол цогцолбор 0 давхар, 000 тоот хаягт байрлах, У ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Амгалан хотхон 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Ж-ийн Н /РД:ЧГ72030774/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 90 697 520 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэсэн хар өнгийн Хаьюдй экүүс маркийн 04-21 УБҮ улсын дугаартай автомашиныг бодитойгоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...УХХК нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр Ж.Нтай ЗГ18/09/84 тоот зээлийн гэрээ байгуулж 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн үндсэн хүүтэй, 58 000 000 төгрөгийн зээл олгосон. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор №ФГ18/09/84 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр 2013 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн, Hyundai equus маркийн 0421УБҮ улсын дугаартай автомашиныг зээлдэгч Ж.Н нь унаж явах, өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах нөхцөлөөр харилцан тохиролцож УХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн. 2019 оны 02 сарын 13-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэвч Ж.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, фидуцийн гэрээний дагуу эзэмшиж буй 0421УБҮ улсын дугаартай Hyundai equus маркийн автомашиныг манай байгууллагын эзэмшилд бодитоор шилжүүлэхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2, 4.1, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас зээлийн үлдэгдэл 58 000 000 төгрөг, хүү 25 352 848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 983 426 төгрөг, нийт 84 336 274 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг тооцоход үндсэн зээл 58 000 000 төгрөг, хүү 31 714 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 983 426 төгрөг, нийт 90 697 520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн, Hyundai eguus маркийн 0421 УБҮ улсын дугаартай, автомашиныг бодитойгоор гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...УХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Н надад хамааралтай нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УХХК нь хариуцагч Ж.Над холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90 697 520 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэсэн хар өнгийн Хаьюдй экүүс маркийн 04-21 УБҮ улсын дугаартай автомашиныг бодитойгоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 09 сарын 27-ны өдөр ЗГ№18/09/84 тоот зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч УХХК нь зээлдэгч Ж.Над автомашины лизингийн зориулалтаар 58 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлөөр шилжүүлэх, зээлдэгч Ж.Н нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх ФГ18/09/84 тоот гэрээ байгуулж, үүрэг хүлээгч буюу хариуцагч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 онд үйлдвэрлэсэн KMHGK11DBDU072913 арлын дугаартай, 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй, хар өнгийн Хьюндай икүүс маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлэх, үүрэг хүлээгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах нөхцлөөр харилцан тохиролцжээ. /хх-14-22/

 

Зээлийн болон фидуцийн гэрээг талууд гэрээг бичгээр байгуулсан ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.1-т зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус зааснаар 2018 оны 09 сарын 20-ны өдөр 18/14 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 01 сарын 26-ны өдрийн өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээл 58 000 000 төгрөг, хүү 31 714 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 983 426 төгрөг, нийт 90 697 520 төгрөгийн үүргийг биелүүлээгүй гэж тайлбарлаж, зээлийн тооцооллын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нь ямар үндэслэлээр татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбар болон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ж.Наас 2018 оны 09 сарын 27-ны өдөр ЗГ№18/09/84 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 697 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж тус тус заасан тул хариуцагч Ж.Н нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2013 онд үйлдвэрлэсэн KMHGK11DBDU072913 арлын дугаартай, хар өнгийн Хьюндай экүүс маркийн 04-21УБҮ улсын дугаартай автомашиныг хариуцагчаас нэхэмжлэгчид бодитойгоор гаргуулан өгч үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгаланд зохих журмын дагуу мэдэгдэж, хариуцагчийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах үүргээ хэрэгжүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Наас 90 697 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Ж.Н нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2013 онд үйлдвэрлэсэн KMHGK11DBDU072913 арлын дугаартай, хар өнгийн Хьюндай экүүс маркийн 04-21УБҮ улсын дугаартай автомашиныг хариуцагч Ж.Наас бодитойгоор гаргуулан нэхэмжлэгч УХХК-д өгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 84 925 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 681 637 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Наас улсын тэмдэгтийн хураамж 681 637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ