Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01091

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01091

 

 

 

 

 

 

 

 

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00885 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Ж.Над холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 90 697 520 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох автомашиныг бодитойгоор гаргуулан хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Нтай ЗГ18/09/84 тоот зээлийн гэрээ байгуулж 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн үндсэн хүүтэй, 58 000 000 төгрөг зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №ФГ18/09/84 тоот фидуцийн гэрээг байгуулсан. Hyundai equus маркийн 04-21УБҮ улсын дугаартай автомашиныг Ж.Н нь унаж явах, өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах нөхцөлөөр харилцан тохиролцож У ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт зээлийн гэрээг байгуулж зээл эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэвч Ж.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, фидуцийн гэрээний дагуу эзэмшиж буй 0421УБҮ улсын дугаартай Hyundai equus маркийн автомашиныг байгууллагын эзэмшилд бодитоор шилжүүлэхгүй байна. Зээлийн гэрээний 3.1.2, 4.1, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас зээлийн үлдэгдэл 58 000 000 төгрөг, хүү 25 352 848 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 983 426 төгрөг, нийт 84 336 274 төгрөгийг гаргуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход үндсэн зээл 58 000 000 төгрөг, зээлийн хүү 31 714 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 983 426 төгрөг, нийт 90 697 520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн, Hyundai eguus маркийн 0421 УБҮ улсын дугаартай, автомашиныг бодитойгоор гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Наас 90 697 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Ж.Н нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2013 онд үйлдвэрлэсэн KMHGK11DBDU072913 арлын дугаартай, хар өнгийн Хьюндай экүүс маркийн 04-21УБҮ улсын дугаартай автомашиныг хариуцагч Ж.Наас бодитойгоор гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д өгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 84 925 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 681 637 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Наас улсын тэмдэгтийн хураамж 681 637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч Ж.Нын давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгаланг шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг хариуцагчийн эзгүйд хийсэн байна. Шүүхээс Шүүхийн мэдэгдэх хуудас-ыг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгаланд огт хүргүүлээгүй. Мөн шүүгчийн туслах хариуцагчийн төлөөлөгчийн 80119557 дугаар утас руу залгаж хурлын товыг мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн гэж тэмдэглэл үйлдсэн байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх заалтуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 84 336 274 төгрөг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явиад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 90 697 520 төгрөг шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болсон гэж тайлбарласан. Хариуцагч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндэтгэн үззх үндэслэлгүйгээр саад учруулаагүй, гэм буруутай үйлдэл гаргаагүй байхад шүүх ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл муутай, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Ж.Над холбогдуулан үндсэн зээл 58 000 000 төгрөг, зээлийн хүү 31 714 094 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 983 426 төгрөг, нийт 90 697 520 төгрөг гаргуулах, 04-21 УБҮ улсын дугаартай Хьюндай экүүс маркийн автомашиныг бодитойгоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ж.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч У ХХК-аас 58 000 000 төгрөгийг автомашины лизингийн зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашин өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан байна. /хх14-20/ Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. Зохигчид 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хх21-22/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн талаарх заалт нь хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үндсэн зээлд 58 000 000 төгрөг, зээлийн хүүд 32 586 011 төгрөг, нийт 90 586 011 төгрөг төлөх үүрэг үүссэнээс нийт 7 234 011 төгрөг төлж, 2019 оны 4 дүгээр сараас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, цуцлах хүртэлх хугацааны үүргийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээг цуцалж шүүхэд хандсан үйл баримт талуудын тайлбар, мэдэгдэх хуудас, зээлдэгчийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон. /хх22, 27-30, 48/ Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зээл төлөлтийн тооцооллын баримтыг няцаасан тайлбар гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/ 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодорхой заах талаар журамласан. Гэтэл талуудын байгуулсан гэрээний 1.1.6 дах хэсгийн нэмэгдүүлсэн хүү 1 сард 20 хувь гэж заасан нь хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар талуудын нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэхгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацааны өмнө цуцалсан тул үүнээс хойшх хугацааны хүү шаардах эрхгүй.

 

Дээрх байдлаар хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үндсэн зээл болон зээлийн хүүг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тооцоход хариуцагч нь үндсэн зээлд 58 000 000 төгрөг, зээлийн хүүд 25 352 000 төгрөг, нийт 83 352 848 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь дээрх мөнгөн төлбөрийн үүргээ бүхэлд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн зүйл болох автомашиныг хариуцагчийн эзэмшлээс бодитойгоор гаргуулан нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах шаардлагатай. Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь фидуцийн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн авснаар хангагдах юм. Нэхэмжлэгч өөрөө хөрөнгийг биетээр авах эрхтэй боловч уг автомашиныг хариуцагч шилжүүлж өгөхгүй байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд фидуцийн зүйл болох автомашиныг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Тус хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байна. /хх31,42,44,50,53,55,60,63/ Шүүхээс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн байх тул хэргийн хурлын товыг мэдэгдээгүй, мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох зэрэг эрхийг нь зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна. /хх64/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00885 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Наас зээлийн гэрээний үүрэгт 83 352 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 345 520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулаагүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэсэн KMHGK11DBDU072913 арлын дугаартай, хар өнгийн Хьюндай экүүс маркийн 04-21 УБҮ улсын дугаартай автомашиныг хариуцагч Ж.Наас бодитойгоор гаргуулж, нэхэмжлэгч У ХХКолгож үүргийн гүйцэтгэлд тооцохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681 637 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ