Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00546

 

 

 

 

 

            2021        02          23

                                 101/ШШ2021/00546

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* гаргасан,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

1,586,817,562.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хуучнаар ******* сан нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар. Тус сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралт ******* санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

 

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, үрийн улаан буудай, техник тоног төхөөрөмж зэргийг хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээр болон санхүүгийн дамжуулах түрээсийн нөхцлөөр олгож төлбөрийг намрын ургацын үрийн болон хүнсний улаан буудайгаар эсвэл бэлнээр төлбөрийг тооцож авдаг.

 

“М” ХХК нь тус сангаас 2009 оноос хойш одоог хүртэл дэмжлэг аван хамтран ажиллассаар ирсэн ба тус компанийн хугацаа хэтэрсэн өр 2013 оноос үүсч эхэлсэн. 2013 оны 12 дуггаар сарын 10-ны өдрийн 20 тоот ******* сангийн удирдах зөвлөлийн тогтоолын хавсралтаар “М” ХХК-ийг байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн гэж үзээд тухайн жилийн 12 дугаар сарын 30-ны өдрийн 145 тоот тооцоо нийлсэн актаар хор бордооны 68,860,000.00 төгрөг, үрийн улаан буудайн 17,140,000.00 төгрөг нийт 86,000,000.00 төгрөгийг 2013 онд төлөх байсныг нэг жилийн хугацаатай хойшлуулсан. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 145 тооцоо нийлсэн актаар хоорондоо үлдэгдэл хугацаа хэтэрсэн өрийг харилцан хүлээн зөвшөөрсөн баримт байдаг.

 

-2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр УБ-Үр-2014/04 тоот гэрээгээр 20 хувийн урьдчилгаа 10,560,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 42,240,000.00 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр Бурятская-79 сортын гадаад үрийн улаан буудай 60 тонныг худалдан авсан.

-2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Бо-2014/08 тоот гэрээгээр 30 хувийн урьдчилгаа 14,775,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 34,475,000.00 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр 50 тонн нийлмэл бордоо авсан.

-2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот гэрээгээр урьдчилгааг 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан боловч төлөөгүй ба ургамал хамгаалалын пумасупер, раундап, фенизан зэрэг бодисын 91,740,000.00 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 160 дугаар тооцоо нийлсэн актаар хоорондоо үлдэгдэл хугацаа хэтэрсэн өрийг харилцан хүлээн зөвшөөрсөн баримт байдаг.

-2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* тоот гэрээгээр 30 хувийн урьдчилгаа 11,245,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 26,240,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр 30,6 тонн АЗОФОСКА нийлмэл бордоо худалдан авсан.

-2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр УХ-2016/71 тоот гэрээгээр хүнсний улаан буудайгаар урьдчилгааг төлөхөөр ургац хураалтын түлш 9,300 литр 14,229,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарны 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ҮР-ХӨ 2017/38 тоот гэрээгээр 10 хувийн урьдчилгаа 14,438,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 34,154,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр Бурятская остистая сортын үрийн улаан буудайг 180 тонныг худалдан авсан.

-2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ТШ-ХӨ 2017/42 тоот гэрээгээр 24,760 литр шатахууныг урьдчилгаа 2,538,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 33,364,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2017 оны 05 дугаар сарыны 02-ны өдөр ******* тоот гэрээгээр Спрүт экстра 4,400 литр, Овсюген экспресс 250 литр нийт урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авсан ба 103,375,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 286 тоот тооцоо нийлсэн актаар хоорондоо үлдэгдэл хугацаа хэтэрсэн өрийг харилцан хүлээн зөвшөөрсөн баримт байдаг.

-2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ҮР-СЭ-2018/67 тоот гэрээгээр ямар нэгэн урьдчилгаа төлбөр байхгүйгээр Бурятская остистсая сортын 300 тонн үрийн улаанбуудайг 171,000,000.00 төгрөгийг 2018 оны намрын ургацаар төлж барагдуулахаар худалдан авсан.

-2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ҮР-СЭ-2018/244 тоот гэрээгээр ямар нэгэн урьдчилгаа төлбөр байхгүйгээр Бурятская остистсая сортын 300 тонн үрийн улаанбуудайг 171,000,000.00 төгрөгийг 2018 оны намрын ургацаар төлж барагдуулахаар худалдан авсан.

-2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот гэрээгээр ямар нэгэн урьдчилгаа төлбөр байхгүйгээр нийлмэл бордоо 30 тонн 42,600,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* тоот гэрээгээр ямар нэгэн урьдчилгаа төлбөр байхгүйгээр Глифосат 700 литр 10,850,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* тоот гэрээгээр урьдчилгаа 30 хувь 573,750 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,338,750.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ТШ-18/25 тоот гэрээгээр тариалалтын түлшийг ямар нэгэн урьдчилгаагүйгээр 27,000 литр шатахуун 48,195,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 07/18-УШ/Төв тоот гэрээгээр уриншийн түлшийг ямар нэгэн урьдчилгаагүйгээр 35,000 литр шатахуун 68,425,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ХШН-2018/60 тоот гэрээгээр хураалтын түлшийг ямар нэгэн урьдчилгаагүйгээр 12,920 литр шатахуун 24,806,400.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр худалдан авсан.

-2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн АҮ/2017/21 тоот барьцаат зээлийн гэрээгээр Фотон маркын тракторыг урьдчилгаа 23,811,529.00 төгрөгийг төлж үлдэгдэл 100,484,652.00 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй таван жилд тэнцүү хуваан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусахаар худалдан авсан.

-2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ОХУ-Т17-Ю5 тоот санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээгээр ЖВП-7,1 маркын чиргүүлийн жатка урьдчилгаа төлбөргүйгээр 15,940,100.00 төгрөгийг таван жилд тэнцүү хуваан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлж дуусахаар худалдан авсан.

 

Дээрх 19-н нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 тоот тооцоо нийлсэн актаар харилцан тооцоо нийлэхэд 2018 оноос өмнө төлөгдөх үрийн буудай, ургамал хамгаалалын хор, бордоо, шатахууны хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 436,929,000.00 төгрөг, ОХУ-ын техникийн урьдчилгаа 11,780,074.00 төгрөг, Хятадын зээлийн техникийн 32,377,914 төгрөг, 2018 онд зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл 141,337,150.00 төгрөг, үрийн улаан буудайн үлдэгдэл 342,000,000.00 төгрөг, хор бордооны үлдэгдэл 56,816,750.00 төгрөг, ОХУ-ын техникийн зээлийн хүү 1,594,826.00 төгрөг, ОХУ-ын техникийн үндсэн төлөлт 6,871,710.00 төгрөг, Хятадын техникийн зээлийн үлдэгдэл 20,573,161.00 төгрөг нийт хугацаа хэтэрсэн өрийг 1,050,280,585.00 төгрөг гэж харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулан баримт үйлдсэн.

 

Хуучнаар ******* сан нь газар тариалангийн дэмжлэг авсан аж ахуй нэгж иргэдтэй жилд оны эцэст тооцоо нийлж өрийн үлдэгдлийг харилцан тооцож баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлддэг. Хамгийн сүүлд “М” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт 28 тоотоор хугацаа хэтэрсэн өр 1,057,878,375.00 төгрөг, гэрээний графикт хугацаандаа байгаа 38,098,446.00 төгрөг, 5,579 долларыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар бодсон, нийт ******* санд 1,095,976,822.00 төгрөгийн өртэй байгааг баталгаажуулж тооцоо нийлсэн актан дээр ямар нэгэн маргаан байхгүй харилцан зөвшөөрч байгаа болно.

 

Иймд, хугацаа хэтэрсэн 1,057,878,375 төгрөгийн өрийн нотлох баримт болох дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 528,939,187 төгрөгийн алдангийг төлүүлэхээр байна. Нийт 1,586,817,562 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна. Мөн хугацаандаа байгаа 38,098,446.00 төгрөг, 5,579 долларыг нэхэмжлээгүй болно” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

М” ХХК нь 2013 оноос эхлэлтэй Монгол улсын газар тариалангийн бүс нутгууд тэр дундаа *******,ын нутгаар тогтмол дайраад буй цаг уурын огцом дулаарал,хэт хуурайшилтанд хүчтэй өртөж олон жил дарааллан ургац алдаж их хэмжээний санхүүгийн алдагдалд орсноос үүдэн ******* санд төлөх өр төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн.

 

Нэхэмжилж байгаа нийт төлбөрийн 93 орчим хувь нь бензин, түлш, ургамал хамгааллын бодисын төлбөр, үлдэх 7 хувийн төлбөр нь ОХУ болон БНХАУ-ын урт хугацаатай зээлээр худалдан авсан техникийн төлбөр байдаг. Манай компани ******* санд 3 удаа өрөө тэглэж байсан.

 

2016 онд 1000 гаруй тонн будаа тушаах үедээ нэхэмжлэгч байгууллагатай ярилцаж өмнөх 2 жил ургац алдсан учраас энэ удаагийн төлбөрөөс зээлийн төлбөрт суутгуулах хэрэггүй. Энэ удаагийн ашгаасаа үйл ажиллагаагаа тогтворжуулж ав гэсэн тохиролцоог хийсэн. 2017 оноос 2020 он хүртэл 4 жил дараалан тариалан эрхэлж байгаа. Үр болон ургамал хамгаалах бодисын талаар нарийвчлан яривал тэдгээрийн чанартай холбоотой зүйлсийг ярих зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн хяналтын газраас тариалах үрд шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. Манай байгууллагын авч байсан үрд Мэргэжлийн хяналтын газраас тариалах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

 

******* сангаас тариалалт хийх хугацааг тулгаж ОХУ-аас чанарын шаардлага хангахгүй үр, болон 2 болон 3-р зэргийн будаад импортолж тариаланчдад ямарч сонголтгүйгээр худалддаг. Бид нар тухайн үрийг авахгүй, илүү сайн чанарын үр авъя гэхээр төлбөрийн чадвар хүрдэггүй. Тариалалт хийх хугацаа тулахаар бид нарт чанаргүй ч гэсэн тухайн үрийг худалдан авахаас өөр сонголт үлддэггүй. Учир нь тариалангийн талбайдаа өнгөрсөн жил нь уринш хийсэн болохоор тариалалт хийхгүй байж болдоггүй.

 

Ургац авахгүй байгаа үндсэн шалтгаан нь чанаргүй үр, болон дэлхийн дулаарал, байгаль орчны таагүй нөхцөл байдал нь тариалангийн компанид маш хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Тариалан эрхлэгчид 5-р сарын сүүлээр тариалалт хийдэг байсан бол одоо 6-р сарын сүүлээр тариалалтаа хийдэг болсон. Энэ нь тариаланчдын аргаа барсан үйлдэл, учир нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж хэт халсан тариаг тариалахаар ургац авах боломжгүй болдог. Энэ талаар орон нутгийн удирдлагуудад хэлэхээр тухайн нутаг дэвсгэрийг хариуцаж байгаа Засаг даргаас уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өөрчлөлт, малын хөлийн тархалтын улмаас ургац авч чадаагүй гэсэн баримт бичгийг өгдөг. Мөн бэлчээр доройтолд орсны улмаас мал тариалангийн талбайд орж ургац авах боломжгүй байдлыг үүсгэдэг.

 

Эдгээр асуудал нь ******* сангаас зээл авч тариалалт хийгээд ашиг, ургац авч чадахгүй байгаа. Бид нар 5 жилээс 6 жилийн хугацаанд ургац тааруу байж байгаад ургац ахиу авсан жилдээ өрөө төлж дуусгаад дараа жил нь дахиад л зээл авч ажилладаг. Энэ асуудал нь үе үеийн яам, төрийн дэмжлэгтэйгээр үргэлжилж байдаг. Өнгөрсөн жилийн хувьд ******* сан болон тариаланчдын хооронд ойлголцож чадахгүй байгаа. Зөвхөн нэг жилийн хугацаанд 4 удаа удирдлага солигдсон. 4 сараас л эхлэн ажил нь эхэлдэг.

 

Манай компанийн зүгээс сангийн өмнөх 2 даргатай урт хугацааны эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн өр төлбөрөө төлж барагдуулахаар тохиролцсон байсан. сангаас надад аман байдлаар мэдэгдэхдээ 3 жилийн хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулж болно гэсэн хариуг өгдөг. Би энэ жил эвлэрлийн гэрээ байгуулж дахин зээлээр түлш авч  зээлийн төлбөрөө төлж барагдуулах хэмжээний тариалалт хийхгүй бол зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна гэсэн саналыг удаа дараа гаргасан. Манай компани болон нэхэмжлэгч байгууллагатай зохих асуудлын хүрээнд зөвшилцөлд хүрсэн боловч гэнэтийн шийдвэрээр төрийн байгууллагын удирдлага солигдсоны улмаас эвлэрлийн гэрээ байгуулж чадаагүй.

 

Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдсэн төлбөрийг урт хугацааны эвлэрлийн гэрээ байгуулж төлж барагдуулах, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас алдангийг төлж барагдуулах боломжгүй гэсэн саналаа дэмжиж байна.

 

Нэхэмжлэгч талын нэхэж буй өр төлбөр болох 1,095,976,822.00 төгрөгийн төлбөр дээр маргаан байхгүй бөгөөд талууд 2020 оны 04 сар 10-ны өдөр тооцоо нийлж дээрхи төлбөрөөс 17,697,000.00 төгрөгийг 2020 оны 01 сард төлж, үлдэгдэл төлбөр 1,056,630,568.00 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулсан байна.

 

Талууд нэхэмжлэлд тусгаад буй хүү, алдангийг тооцолгүй үндсэн төлбөрийг харилцан тохиролцож төлбөрийн хуваарийг шинээр гаргуулахаар хэлэлцэх шатандаа явж буй бөгөөд үүнд нилээдгүй хугацаа орох нь тодорхой байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч ******* сангаас хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,057,878,375.00 төгрөг, алданги 528,939,187.00 төгрөг, нийт 1,586,817,562.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/17810 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* сангийн эрх залгамжлагчаар сангийн ажлын албыг оролцуулсан.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн байна. Гэвч шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* сан болон хариуцагч “М” ХХК нар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, өнгөрсөн хугацаанд талуудын хооронд ажил хэргийн хүрээнд үүссэн өр авлагын хэмжээг тогтоож, тогтоосон өрийг төлөхөөр харилцан тохиролцжээ /х.х-ийн 10 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч нь 2018 он хүртэлх хугацаанд үүссэн бөгөөд төлөх ёстой өр 1,028,897,824.26 төгрөг, 2019 онд төлөх 28,980,551.98 төгрөг, нийт 1,057,878,376.00 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй болохыг зохигчид баталж, 38,098,446.00 төгрөг, 5,579.00 ам.долларыг гэрээний дагуу хугацаандаа байгааг тус тус тодруулан дурдсан байна.

 

Мөн талууд үүнээс өмнө 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч тал 2018 он хүртэлх хугацаанд үүссэн бөгөөд төлөх ёстой өр 1,050,280,585.00 төгрөг, 2018 онд төлөх 77,763,046.00 төгрөг, нийт 1,128,043,631.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 13 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “М” ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2008 оноос эхлэн нэхэмжлэгч ******* сангаас улаан буудайны үр, ургамал хамгааллын бодис, бордоо, түлш зэргийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашигладаг байжээ.

 

Ингээд тэдгээрийн урьд өмнө байгуулсан гэрээ болон талуудын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн акт хүрээнд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлбөл зохих төлбөрийн хэмжээг тооцвол:

 

  • 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу бордооны төлбөр 68,860,000.00 төгрөг, үрийн улаан буудайн төлбөр 17,140,000.00 төгрөг, нийт 86,000,000.00 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх /х.х-ийн 21 хуудас/,

 

  • 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үрийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 52,800,000.00 төгрөгөөс 10,560,000.00 төгрөгийг төлж, үлдэх 42,240,000.00 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 37, 38 хуудас/,

 

  • 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эрдэс бордоо зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 49,250,000.00 төгрөгөөс 14,775,000.00 төгрөгийг төлж, үлдэх 34,475,000.00 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 41, 42 хуудас/,

 

  • 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 91,740,000.00 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 44, 45 хуудас/,

 

  • 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эрдэс бордооны дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 37,485,000.00 төгрөгөөс 11,245,000.00 төгрөгийг төлж, үлдэх 26,240,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 47 хуудас/,

 

  • 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 17,174,000.00 төгрөгөөс 2,945,000.00 төгрөгийг төлж, үлдэх 14,229,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 49, 50 хуудас/,

 

  • 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан үр тариа болон тэжээлийн ургамал зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 34,154,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 52, 53 хуудас/,

 

  • 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс урьдчилгаад 2,538,000 төгрөгийг төлж, үлдэх 33,364,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 55 хуудас/,

  

  • 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан урмагал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 103,375,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 57 хуудас/,

         

  • 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан улаан буулайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 171,000,000.00 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөх /х.х-ийн 59, 60 хуудас/,
  • 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 171,000,000.00 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөх /х.х-ийн 62, 63 хуудас/,

         

  • 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан бордоо үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 42,600,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 65 хуудас/,

       

  • 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 10,850,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 67 хуудас/,

 

  • 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 1,338,750.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 69 хуудас/,

 

  • 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 48,195,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 71, 72 хуудас/,

 

  • 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 68,425,000.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 75, 76 хуудас/,

 

  • 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 24,806,400.00 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 78 хуудас/,

 

  • 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан маркийн трактор зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 100,484,652.00 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх /х.х-ийн 79-85 хуудас/,

 

  • 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр 15,940,100.00 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлөх, нийт 1,120,456,802.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байсныг ийнхүү зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулжээ /х.х-ийн 88-92 хуудас/.

 

Үүнээс нэхэмжлэгч сангийн ажлын алба нь үндсэн төлбөрийн үлдэгдлийг 1,057,878,375.00 төгрөг гэснийг хариуцагч “М” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн боловч алдангид 528,939,187.00 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эдгээр гэрээнүүдийг үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Учир нь, талууд ургамал хамгааллын бодис, бордоо, улаан буудайн үр, түлш гэх зэрэг зүйлийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарласан боловч зохигчдын тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм. Тодруулбал, талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон нь зөвхөн худалдах үеийн үнийг хожим төлөхөөр зөвшөөрсөн байгаагаас гадна хариуцагч нь зээлээр худалдан авч буй нь төлөө нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байх тул худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна.

 

Энэ талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

            Харин зохигчид 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан маркийн тракторын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг барьцаат зээлийн гэрээ гэж нэрлэсэн боловч тэдгээрийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “М” ХХК нь нийт 119,057,644.00 төгрөгийн үнэтэй тракторыг худалдан авахдаа урьдчилгаанд 23,811,529.00 төгрөгийг төлж, үлдэх 95,246,115.00 төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 2 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн нь гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулсан байна.

 

Иймд, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 263.2-т “Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусган” гээд 263.2.1-д “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ” гэж, мөн 263.2.2-т “хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа” гэж, мөн 263.2.3-д “төлбөл зохих хүүгийн хэмжээ” гэж тус тус зааснаар тракторыг зээлээр худалдах, худалдан авахаар тохирсон гэж үзнэ.

 

            Түүнчлэн талууд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн газар тариалангийн зориулалттай “чиргүүлийн жатка”-г дамжуулан түрээслэх нөхцөлтэйгээр хариуцагч “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, улмаар түрээсийн зүйлийн өртгийг төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

            Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг “анхдагч түрээс” гэж үзнэ” гэж, мөн 3.2.1-д “түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн “дамжуулах түрээс” гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч сангийн ажлын албатай худалдах, худалдан авах болон зээлээр худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, гэрээний зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан боловч үнийг нь хугацаандаа төлдөггүй байсан тул зохигчид тооцоо нийлэх байдлаар хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг тухай бүр тогтоосон ч тодорхой шалтгааны улмаас төлбөр төлөх хугацааг нь хойшлуулдаг байжээ.

 

            Тодруулбал, талууд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлснээс гадна 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, мөн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус тус тооцоо нийлж, ажил хэргийн харилцаанаас үүссэн өр авлагыг дүнг баталгаажуулж байсан байна.

 

            Энэ тохиолдолд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ” гэж, мөн 466.2-т “Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч сангийн ажлын алба нь хариуцагч “М” ХХК-иас 1,057,878,375.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болно.

 

             Тайлбарлавал, зохигчид 2013 оноос хойших хугацаанд ажил хэргийн харилцаанаас бий болсон хариуцагчийн төлбөл зохих өрийг ийнхүү жил бүр тооцоо нийлэх замаар хаахаар тохирсон бөгөөд төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан хугацааг нь 1 жилээр сунгадаг байсан боловч хариуцагч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч сангийн ажлын алба нь тус компаниас 1,057,878,375.00 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл байхгүй.

 

            Хэдийгээр нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан маркийн трактор зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 100,484,652.00 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр 15,940,100.00 төгрөгийг тус тус төлөх хугацаа болоогүй байгаа боловч хариуцагчийн зүгээс эдгээр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

 

            Иймээс хариуцагч “М” ХХК-иас 1,057,878,375.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч сангийн ажлын албанд олгохоор шийдвэрлэв.

 

            Гэвч нэхэмжлэгч сангийн ажлын албанаас хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан 1,057,878,375.00 төгрөгийг алданги 528,939,187.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн.

 

Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, санхүүгийн түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус зааснаар зохигчид Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

    

Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг байна.

 

Гэвч шүүх, талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 528,939,187.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь,

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заажээ. Тодруулбал, зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн талуудын тайлбар зэргээс үзвэл хариуцагч “М” ХХК нь гэрээний зүйлийн үнийг тухайн жил тарьж ургуулсан ургацаар, аль эсхүл тарьсан ургацаа худалдан борлуулж, олсон орлогоос төлөх үүрэг хүлээжээ.

 

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зааснаар талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.4-т дэх заалтыг тайлбарлавал хариуцагч тал гэрээний зүйлийн үнийг ургац хураалтын дараа тухайн жилийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тарьж ургуулсан ургацаар, аль эсхүл ургацыг худалдан борлуулж, олсон орлогоос төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “М” ХХК нь цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас тухайн жилд тарьсан ургацаа төлөвлөсөн хэмжээнд авч чаддаггүй байсан учир зохигчид тийнхүү тус компанийн төлөх ёстой төлбөрийг тооцоо нийлж, дараа жил төлөхөөр харилцан тохиролцдог байжээ.

 

Энэхүү нөхцөл байдал /тохиролцоо/ нь зохигчдын удаа дараа тооцоо нийлсэн актаар илэрч байгаагийн зэрэгцээ шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтанд “...........ургацаа малд идүүлж, цочир хүйтрэлтэнд өртөж, хяруунд цохиулж, болц оройтсоноос цасанд даруулсан ба ................30,000,000-70,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн” гэж дурджээ.

 

Хэдийгээр зохигчдын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5-т тус тус зааснаар хариуцагчийг байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн тохиолдолд гэрээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тохирсон нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс үүсэх хариуцлага буюу алдангаас мөн адил чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь, хариуцагч “М” ХХК нь гэрээнд үнэнч байх зарчмын хүрээнд авсан зүйлийнхээ төлбөрийг заавал төлөх үүрэг хүлээх боловч үүргээ хугацаандаа биелүүлэхэд нь байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн бол үүргээ гэм буруутайгаар зөрчсөнд тооцохгүй тул алданги төлөх үүрэг үүсэхгүй, хэрэв алданги төлөх үүрэг ногдуулвал шударга ёсны зарчимд нийцэхгүй.

 

Иймд, хариуцагч нь гэрээний төлбөрийг төлж чадахгүй байсан үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул гэм буруутайгаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

  1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.4-т “Тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн шаардлагыг үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргаар хангасан бол үүрэг гүйцэтгүүлэгч тооцоо нийлсний дараа ийнхүү хангасан хэмжээгээр тооцооны үлдэгдлийг төлөхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Гэвч талууд худалдах, худалдан авах гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 болон 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус зааснаар алдангийн талаар тохирсон боловч хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг хугацааны хамт баталгаажуулах тухай тооцоо нийлсэн актанд энэ талаар тодорхой тусгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний зүйлийн үнийг тухайн жилийн 10 дугаар сарын 30-ны өдөр, 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх үүргээ гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэж байсан бол ийнхүү тооцоо нийлэх замаар төлбөрийг хаахаар акт үйлдэхдээ хариуцагчийн нийт төлөх үндсэн төлбөр болон алдангийн талаар актанд тодорхой тусгаагүй байх тул хариуцагчид алданги төлөх үүргийг ногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Тодруулбал, зохигчид нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ач холбогдолтой тайлбараа баримтаар нотлох ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 19 төрлийн гэрээний алдангийг тооцохдоо хариуцагчийг чухам хэзээнээс эхлэн үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн учраас хэдэн төгрөгөөс тооцож алданги бодсон талаар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,057,878,375.00 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг 528,939,187.00 төгрөг гэж шууд тооцсон нь хариуцагчид байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, үүний улмаас тооцоо нийлсэн актанд хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг тогтоож, хугацааг хойшлуулж байсан болон гэрээ бүрийн үнийн дүн, гүйцэтгэх хугацаа өөр өөр байгаа зэрэгтэй нийцэхгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,057,878,375.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 528,939,187.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1-д заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь

 

  1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “М” ХХК-иас 1,057,878,375.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч сангийн ажлын албанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 528,939,187.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 5,447,342.00 төгрөгийг гаруулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР