Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00783

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00783

 

 

ХХАДС-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00546 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХААДСнэхэмжлэлтэй хариуцагч МГШ ХХК ХХК-д холбогдуулан гаргасан 1 586 817 562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: МГШ ХХК ХХК нь тус сангаас 2009 оноос хойш дэмжлэг авч, хамтран ажилласаар ирсэн ба 2013 оноос хугацаа хэтэрсэн өр үүсч эхэлсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот тогтоолоор тус компанийг байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн гэж үзэж 12 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн бордооны 68 860 000 төгрөг, үрийн улаан буудайн 17 140 000 төгрөг нийт 86 000 000 төгрөгийг 2013 онд төлөх байсныг нэг жилийн хугацаатай хойшлуулсан. Талууд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хоорондын хугацаа хэтэрсэн өрийг харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ингээд 19 төрлийн гэрээ, хэлэлцээрийг үндэслэн дүгнэж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн актаар харилцан тооцоо нийлэхэд 2018 оноос өмнө төлөгдөх үрийн буудай, ургамал хамгаалалын хор, бордоо, шатахууны хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 436 929 000 төгрөг, ОХУ-ын техникийн урьдчилгаа 11 780 074 төгрөг, БНХАУ-ын зээлийн техникийн 32 377 914 төгрөг, 2018 онд зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл 141 337 150 төгрөг, үрийн улаан буудайн үлдэгдэл 342 000 000 төгрөг, хор бордооны үлдэгдэл 56 816 750 төгрөг, ОХУ-ын техникийн зээлийн хүү 1 594 826 төгрөг, техникийн үндсэн төлөлт 6 871 710 төгрөг, БНХАУ-ын техникийн зээлийн үлдэгдэл 20 573 161 төгрөг, нийт хугацаа хэтэрсэн өрийг 1 050 280 585 төгрөг гэж харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан баримт үйлдсэн.

Хариуцагч МГШ ХХК ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн актаар хугацаа хэтэрсэн өр 1 057 878 375 төгрөг, гэрээний графикт хугацаандаа байгаа 38 098 446 төгрөг, 5 579 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол банкны ханшаар бодсон ба хариуцагч нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1 095 976 822 төгрөгийн өртэй байгааг талууд зөвшөөрсөн. Иймд хариуцагчаас хугацаа хэтэрсэн 1 057 878 375 төгрөг, алданги 528 939 187 төгрөг, нийт 1 586 817 562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани 2013 оноос эхлэлтэй Сэлэнгэ аймгийн Сант сумын нутгийг тогтмол дайраад буй цаг уурын огцом дулаарал, хэт хуурайшилтад хүчтэй өртөж, олон жил дараалан ургац алдан их хэмжээний санхүүгийн алдагдалд орсноос үүдэн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх өр төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Одоо нэхэмжилж буй төлбөрийн 93 орчим хувийг бензин, түлш, ургамал хамгааллын бодисын төлбөр, үлдэх 7 хувийг ОХУ болон БНХАУ-ын урт хугацаатай зээлээр худалдан авсан техникийн төлбөр байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Тариалан эрхлэлтийг дэмжих санд гурван удаа өр төлбөрөө бүрэн төлж байсан.

Талууд 2016 онд 1 000 гаруй тонн будаа тушаах үед өмнөх хоёр жил дараалан ургацаа алдсан учир төлбөрөөс суутгахгүй байхаар харилцан тохиролцсон. 2017 оноос 2020 он хүртэл 4 жил хамтран тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад дээрх байдлаар ажилласан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалалт хийх хугацааг тулган ОХУ-аас чанарын шаардлага хангахгүй үр болон 2, 3 дугаар зэргийн буудай импортолж тариаланчдад ямарч сонголтгүйгээр худалддаг. Бид нар тухайн үрийг авахгүй, илүү сайн чанарын үр авъя гэхээр санхүүгийн боломж байдаггүй, тариалалт хийх хугацаа болоход чанаргүй ч гэсэн уг үрийг худалдан авахаас өөр сонголтгүй байдаг байсан. Учир нь, тариалангийн талбайдаа өнгөрсөн жил нь уринш хийсэн болохоор тариалалт хийхгүй байж болдоггүй юм.

Ургац авахгүй байгаа үндсэн шалтгаан нь чанаргүй үр болон дэлхийн дулаарал, байгаль орчны таагүй нөхцөл байдлаас болж тариалангийн компаниуд маш хүндрэлтэй нөхцөл байдалд ордог. Бид сүүлийн 6 жилийн хугацаанд ургац тааруу байсан ба ургац ахиу авсан жилдээ өрөө төлж дуусгаад дараа жил нь дахиан зээл авч ажилладаг. Энэ асуудал нь үе үеийн яам, төрийн дэмжлэгтэйгээр үргэлжилж ирсэн. Өнгөрсөн жилийн хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариаланчдын хооронд ойлголцож чадаагүй, учир зөвхөн нэг жилийн хугацаанд дөрвөн удаа удирдлага нь солигдсон.

Манай компаниас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны дарга нартай эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн өр төлбөрийг гурван жилийн хугацаанд төлөхөөр ярилцаж байсан боловч удирдлагууд нь солигдсон учраас эвлэрч чадахгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1 057 878 375 төгрөгийн хувьд маргахгүй, урт хугацааны эвлэрлийн гэрээ байгуулж төлж барагдуулах саналтай. Харин алдангийг анхнаасаа тооцоо нийлсэн актанд тухайлан дурдаагүй, алдангийг гэрээ бүрийн хугацаа хэтэрсэн зөрчил, хоног зэргийг тодруулах ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч МГШ ХХК ХХК-иас 1 057 878 375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААДС олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 528 939 187 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 5 447 342 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн актыг Тооцоо нийлэх гэрээ хэмээн дүгнэсэн бөгөөд энэхүү гэрээгээр тохиролцоогүй буюу, алданги авах тухай тодорхой тусгаагүй хэмээн дүгнэсэн. Тооцоо нийлсэн акт нь зөвхөн гэрээнд үндэслэн хийгдсэн үлдэгдэл төлбөрийн баримт юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь дэмжлэг авсан аж ахуй нэгж иргэдтэй тооцоо нийлж өрийн үлдэгдлийг харилцан тохирлцдог юм. Харилцан тохиролцсон актын дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд бид үндсэн гэрээний дагуу төлбөрийг алдангийн хамт шаардаж улсын төсвийн эрсдэлийг бууруулдаг болно.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлйийн 2.6, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 , санхүүгийн түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хуульд заасны дагуу талууд анзын гэрээг бичгээр хийж, энэ талаараа гэрээндээ тодорхой тусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 1 586 817 562 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ХААДС нь хариуцагч МГШ ХХК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1 057 878 375 төгрөг, анз 528 939 187 төгрөг нийт 1 586 817 562 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч анз төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр  худалдах-худалдан авах гэрээний харилцаатай байсан үйл баримт талуудын тайлбар, бичгийн гэрээнүүдээр тогтоогдсон. / 1-р хх 37-39,41-47, 49-50, 52-94/

Хариуцагч нь 2013 оноос гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй өр төлбөр үүсч эхэлсэн талаар талууд мөн маргахгүй тайлбарлаж байна. МГШ ХХК нь нэхэмжлэгчтэй сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэн 1 057 878 375 төгрөгийн өр үүссэнийг харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулан баримт үйлдсэн. / 1-р хх 10-12/

Дээрх өр төлбөрийн үнийн дүн дотор 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан FT-1 маркийн трактор худалдах-худалдан авах гэрээний төлбөр 100 484 652 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр 15 940 100 төгрөгийг тус тус төлөх хугацаа болоогүй байгаа боловч хариуцагчийн зүгээс эдгээр төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ. / 1-р хх 79-81/

 

Зохигчийн байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, санхүүгийн түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз тооцохоор тохиролцжээ./ 1-р хх 54-59/

 

Талууд удаа дараа өр төлбөрийн дүнг баталгаажуулж акт үйлдэж байсан үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн хэдий ч талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ. Анхан шатны шүүх талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцсон гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ (урсгал тооцоо) нь гэрээний талуудын хооронд хийгдэх ёстой олон тооны төлбөрийг нэг төлбөр, шаардлага болгож цөөлдөг. Тооцоо нийлэх нь талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн олон шаардлагыг харилцан тооцоо нийлэх замаар нэг тооцоо гаргаж, нийт дүнг тогтоож ажиллах тухай тохиролцоо, гэрээний талуудын хооронд ажил хэргийн харилцаа, харилцан тооцож хаах өгөө аваа, шаардлага, үүрэг байх ёстой. Энэхүү маргааны хүрээнд хянаж буй иргэний харилцаа, түүний үүргийн харилцааг дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна.

Түүнчлэн гэрээний нэг тал нь сан, нөгөө тал нь компани байна. Талуудын хооронд ажил хэргийн харилцаанаас илүүтэйгээр компанийг дэмжих улсын бодлогын хүрээнд сангаар дамжуулан дэмжлэг үзүүлж гэрээ байгуулж байсан үйл баримт талуудын тайлбар, гэрээний нөхцөлөөр тогтоогдсон.

Талууд хариуцагчийн төлвөл зохих үүргийг тодорхойлж, төлөх хугацаа, төлбөр төлөх арга журмыг тодорхойлсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхийг үүсгэсэн гэрээ юм.

 

Талууд анз төлөх эсэхэд маргаантай байна. Хариуцагчийн төлвөл зохих үүргийг тодорхойлж, төлөх хугацаа, төлбөр төлөх арга журмыг тодорхойлсон актыг үйлдэх үед анзын талаар тусгаагүй гэдэг үндэслэлээр хариуцагчийг анзаас бүрэн чөлөөлсөн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 07ы өдрийн актаар төлөх ёстой 1 057 878 375 төгрөг нь хугацаа хэтэрсэн өр юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Мөн талууд гэрээндээ анзын талаар бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэнтэй нийцсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь анх тохиролцсон хэмжээгээр үйлчлэх юм.

Харин хариуцагчийн анзыг тооцохгүй байх, багасгах үндэслэлийн талаар удаа дараа гаргасан тайлбар, нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээг нийт гүйцэтгэвэл зохих үүргийн 10 хувиар тогтоож, хариуцагчаас 105 787 837 төгрөгийг анз гаргуулж,үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж болох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр юм. Хариуцагчийн төлвөл зохих 1 057 878 375 төгрөгийн өр төлбөрийн үнийн дүн дотор 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан FT-1254 маркийн трактор худалдах-худалдан авах гэрээний төлбөр 100 484 652 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр 15 940 100 төгрөгийн төлөх хугацаа болоогүй байгаа бөгөөд уг үүрэгт л гэхэд 58 212 376 төгрөгийн анзыг тооцох нь үндэслэлгүй юм.

 

Мөн хэргийн нөхцөл байдлаас үзвэл талууд үүргийн гүйцэтгэлийг удаа дараа хойшлуулж байсан, хариуцагч нь өрийг дараа жилийн ургацаар төлөхөөр үүрэг хүлээж байсан, ган ганчиг байгалийн үзэгдэлд өртсөн талаар нэхэмжлэгч талд хариуцагч нь 2013, 2018 онуудад албан бичиг хүргүүлж байсан зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ. / 1-р хх 34-35,78/

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал, тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг ХХААДСажлын алба гэж буруу бичсэнийг ХААДС гэж залруулах, хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч МГШ ХХК ХХК-аас 1 163 666 212 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААДС-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 423 151 350 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

2 дах заалтын 5 447 342 төгрөг гэснийг 5 976 281 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн заалтын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД