Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/01631

 

 

 

 

 

 

 

 

2022           04         11                                       101/ШШ2022/01631             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК д холбогдох,

70,655,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г миний бие Х ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууцны захиалагчтай байгуулах “Захилагын гэрээ” байгуулан Баянзүрх дүүрэг, .2 өрөө орон сууц байрыг нийт 65,000,000 төгрөгөөр тооцон хариуцагч талын төлөөлөгч Х.А нь О.Нгийн /Хаан банк ....../ тоот дансанд шилжүүлэх заавар өгсөн тул О.Нийн данс руу хуваарийн дагуу төлж барагдуулсан. Одоо Х ХХК-аас захиалсан байр маань өөр гэрээтэй давхцаж байгаа тул тус компаниас давхардсан гэрээг 14 хоногийн хугацаатай шийдвэрлэж өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч одоог хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, гэрээнд заасны дагуу алданги тооцож, нийт 70,655,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Бидний байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар би төлбөрийг бүрэн барагдуулж, 4 дүгээр зүйлийн 4.14-д зааснаар алданги тооцсон. Гэрээний үндсэн дүн 65,000,000 төгрөг дээр алданги 5,655,000 төгрөгийг нэмж нийт 70,655,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлээд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 87 хоногоор алдангийг тооцсон. 65,000,000 төгрөгийг Х.А захирлын хий гэсний дагуу хэлсэн дансанд нь би хийсэн. 01 дүгээр сарын 11-ний өдөр манай байранд давхцал байгааг мэдсэн. 2021 оны 3 дугаар улиралд байрыг ашиглалтад оруулах байсан тул 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээж байгаад алданги тооцсон гэв.

 

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн Баянзүрх дүүргийн ......43,18 м.кв хоёр өрөө орон сууц захиалга хийсэн Л.Гын байрны төлбөрийг иргэн О.Нгийн дансаар 56,000,000 төгрөг оржээ. Тухайн үед тус компанийн нэрийн өмнөөс /нас барсан/ гүйцэтгэх захирал Х.А нь байрны захиалгын гэрээг үйлдсэн байна. Энэхүү гэрээг үйлдсэн этгээд нас барсан тул түүний өмнөөс манай компани үүрэг хүлээж, төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээ хийсэн эзэн холбогдогч нэгэнт нас барсан, тайлбар хийх боломжгүй нөхцөл байдлын улмаас бид үндсэн 56,000,000 төгрөгийг буцааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн хүү, торгуулийг хасч шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор, зохигчийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02-61 тоот гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 65,000,000 төгрөг төлсөн баримтыг /хавтаст хэргийн 4-8 дахь тал/, хариуцагч татгалзлаа нотлохоор тайлбар, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг /хавтаст хэргийн 13-15, 22 дахь тал/ тус тус шүүхэд нотлох баримтаар гаргажээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Х ХХК холбогдуулан орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу шилжүүлсэн 65,000,0000 төгрөг, алданги 5,655,000 төгрөг нийт 70,655,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 56,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 14,655,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 02-61 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээг байгуулж, нэхэмжлэгч 28-ны өдөр 65,000,000 төгрөгийг О.Нгийн ХААН банкан ...тоот дансанд шилжүүлжээ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа зохигчийн хооронд гэрээ байгуулсан болон төлбөрийг иргэн О.Нгийн дансаар дамжуулан хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд хүлээн авсан төлбөрөөс 56,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч, нэхэмжлэгчийн шаардсан төлбөрөөс 9,000,000 төгрөг, алданги 5,655,000 төгрөг, нийт 14,655,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Гэрээний 2.1, 3-р зүйлд зааснаар орон сууцны үнийг 65,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон, төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлжээ. Гэрээгээр тохиролцсон 43.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч өөр хүнд худалдсан, тоот давхацсан учраас байрыг авах боломжгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн ч 56,000,000 төгрөгийг шилжүүлэхийг зөвшөөрч, төлбөрийн зарим хэсэг, алдангиас татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Хариуцагч орон сууцыг гэрээний хугацаанд ашиглалтад оруулаагүй бол нэхэмжлэгчид алданги төлөхөөр гэрээний  4.14-д заажээ. Энэ зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үүргийг хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тохиолдолд хүлээх хариуцлагын хэмжээг зохицуулсан учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзан төлсөн төлбөрийг буцаан шаардаж байгаа тохиолдолд хамаарахгүй болно. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Харин хариуцагч орон сууцны үнээс 56,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч 9,000,000 төгрөгөөс татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тодорхойлоогүй, зохих баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хэргийн бусад баримтаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй нь нотлогдоогүй учир хариуцагч орон сууцны үнэ 65,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 65,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алданги 5,655,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК -иас 65,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г -д олгож, нэхэмжлэлээс 5,655,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 28,275 төгрөгийг нэхэмжлэгч Л.Гоос гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Х ХХК-иас 482,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Год олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ