Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01059

 

 

 

 

 

 

 

 

 

 

.........-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01631 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .........-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ..........-ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 70,655,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.........- нь ..........-ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны захиалагчтай байгуулах захиалгын гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Б блок орон сууцны 6 давхарт 43,18 м.кв 2 өрөө орон сууц нийт 65,000,000 төгрөгөөр тооцон, хариуцагчийн төлөөлөгч Х.Ариунболд нь О.Наранцэцэгийн дансанд шилжүүлэх заавар өгсөн тул уг дансанд шилжүүлсэн. ..........-ХХК-аас захиалсан орон сууцны гэрээг өөр этгээдтэй давхар хийсэн тул тус компаниас 14 хоногийн хугацаатай шийдвэрлэж өгнө гэхэд нь зөвшөөрсөн. Гэвч орон сууцны үнэд төлсөн төлбөрийг шилжүүлж өгөөгүй тул 65,000,000 төгрөг, алданги 5,655,000 төгрөг, нийт 70,655,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компанийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 цэргийн хотхонд байрлах 80 айлын орон сууцны Б блокийн 6 давхрын 43,18 м.кв хоёр өрөө орон сууц захиалга хийсэн .........- орон сууцны төлбөрийг 56,000,000 О.Наранцэцэгийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед тус компанийн нэрийн өмнөөс /нас барсан/ гүйцэтгэх захирал Х.Ариунболд нь орон сууцны захиалгын гэрээг үйлдсэн байна. Энэхүү гэрээг үйлдсэн этгээд нас барсан тул түүний өмнөөс манай компани үүрэг хүлээж 56,000,000 төгрөгийг буцааж төлөхийг зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........-ХХК-аас 65,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .........-од олгож, нэхэмжлэлээс 5,655,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 28,275 төгрөгийг нэхэмжлэгч .........-оос гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ..........-ХХК-аас 482,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .........-од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч .........- 65,000,000 төгрөгийг компанийн дансанд биш хэлцэл хийсэн О.Наранцэцэгийн дансанд төлсөн. 65,000,000 төгрөгөөс 56,000,000 төгрөг нь компанийн дансанд орсон талаар маргаагүй. О.Наранцэцэгт мөнгө төлөх болсон талаар тодруулах шаардлагатай талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 65,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч ..........-ХХК-ийн О.Наранцэцэгийн дансанд 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч .........- нь хариуцагч ..........-ХХК-д холбогдуулан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 65,000,000 төгрөг, алданги 5,655,000 төгрөг, нийт 70,655,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 56,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

1.б. .........- болон ..........-ХХК-ийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр ..........-ХХК нь Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим-Арт ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 6 дугаар давхарт 43,18 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг .........-од хүлээлгэн өгөх, .........- нь орон сууцны үнэд 65,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Нэхэмжлэгч .........- нь орон сууцны үнэд 65,000,000 төгрөгийг хариуцагчийн заасан этгээдийн дансанд шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасантай нийцсэн.

Иймд нэхэмжлэгч .........- нь хариуцагч ..........-ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцыг шилжүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй.

 

1.в. Гэвч ..........-ХХК нь уг орон сууцны захиалгын гэрээг өөр этгээдтэй давхардуулан хийсний улмаас гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэгч тайлбарласан ба энэ талаар зохигчид маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч .........- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 65,000,000 төгрөгийг хариуцагч ..........-ХХК-аас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч ..........-ХХК-аас 65,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .........-од олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

1.д. Талуудын хэн аль нь орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээнээс татгалзсан талаар тайлбарласан байна. Ийм учраас нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон тул хариуцагчаас алданги 5,655,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

2.    Давж заалдах гомдлын талаар.

2.а. Талууд орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээнд орон сууцны үнийг 65,000,000 төгрөг гэж тохиролцсон ба нэхэмжлэгч .........- нь уг төлбөрийг хариуцагчийн төлөөлөгч О.Наранцэцэгт шилжүүлсэн байна. Иймд О.Наранцэцэг ..........-ХХК-ийн дансанд 56,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул 9,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч .........- нь гэрээний үүргээ биелүүлж 65,000,000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгчид шилжүүлсэн тул ..........-ХХК дутуу шилжүүлсэн гэх 9,000,000 төгрөгийг О.Наранцэцэгээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 187,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ