Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2022/0037/З |
Дугаар | 110/ШШ2022/0053 |
Огноо | 2022-09-23 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 110/ШШ2022/0053
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах“-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх “Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах“ шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны шатанд даалгах нэхэмжлэлийн шаардлагаа “2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж тодруулсан болно.
2. Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан байх ба тус хэлтсээс “Б.Мын ажиллаж байсан гэх “Ахсу” ХК нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул 1991 оны 07 дугаар сарын 01-ээс хойших хугацааг ажилласнаар тооцох боломжгүй” гэсэн үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн байна.
3. Б.М нь өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан уг шийдвэрийн талаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан боловч тус зөвлөлөөс хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлэж, энэ тухай мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
4.1. Монгол улсын иргэн Б.М нь одоо 56 настай, улсад 20-иос доошгүй жил ажилласан. Малчин Б.Мын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “А” нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн тус сумын “А” ХК-д малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тус тус ажиллаж байсныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130\ШШ2021\00923 дугаартай шийдвэрээр тогтоосон. Одоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4.2. Ингээд Б.М нь 15 жилээс доошгүй жил малчнаар ажилласан тул Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А.А бүх материалыг хянуулан өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг хүсэхэд тэрээр “Таны өндөр насны тэтгэвэрт гарах материалууд ямар нэгэн зөрчилгүй байна. Таны өндөр насны тэтгэврийн материалуудыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст удахгүй явуулна” гэж хэлээд материалуудыг аваад үлдсэн.
4.3. Гэтэл А.А нь 2022 оны 4 дүгээр сарын дундуур Б.Мыг дуудаж, “Танд өндөр насны тэтгэвэр тогтоох асуудлыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс зөвшөөрөхгүй байна’’ гэж хэлжээ. Ингээд Б.М нь 2022 оны 4 дүгээр сарын сүүлчээр Өлгий суманд ирж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэнтэй уулзахад “Таны Цэнгэл сумын “А” ХК-нд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан хугацаанд зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл таны малчнаар ажиллаж байсан “А” ХК нь 1991 онд нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй учир уг хугацааг таны малчнаар ажилласан хугацаанд тооцон оруулах боломжгүй” гэжээ.
4.4. Б.М нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2022 оны 4 дүгээр сарын сүүлчээр гомдол гаргаж өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг хүссэн байна. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өнөөдөр хүртэл Б.Мын гомдолд хариу өгөөгүй тул зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
4.5. 1991 онд Б.М нь хөдөө мал маллаж байсан ба тухайн үед хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээгээгүй, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэхийг тэрээр мэдэх боломжгүй байсан гэж үзэж байна.
4.6. Иймд Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Б.Мд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
”Нэхэмжлэгч Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж байна. Нэхэмжлэгчийн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан нь тогтоогдсон. Уг хугацааны цалин хөлсийг үндэслээд иргэний хэргийн шүүх ажилласан байдлыг тогтоосон. 1991 онд нэхэмжлэгч хөдөө “А” ХК-ний малыг маллаж байсан бөгөөд тухайн үеийн хууль, журмаар ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлөх тухай ямар нэгэн үүрэг заагаагүй байсан. Уг үүрэг нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үүссэн. “А” ХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй явдалд тухайн үед тус компанид ажиллаж байсан иргэн ямар нэгэн буруугүй. Өнөөдөр түүний өндөр насны тэтгэвэрт гарах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Хариуцагч байгууллагын зүгээс тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгууллагад хуулийн хүрээнд арга хэмжээ авч, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, торгууль оногдуулах ёстой байтал өнөөдөр энгийн малчин хүнийг буруутгаж байна. Хавтаст хэрэгт холбогдох баримтууд бүрдсэн учир тус баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
5.Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж дарга М .А хариу тайлбартаа:
5.1. Цэнгэл сумын ... багийн оршин суугч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
5.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 /нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол/ заасан болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно” гэж заасан. Уг заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 47 дугаар “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2.1-д ““тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамруулна” гэж тайлбарласан. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг 1991 оноос, 1995 он хүртэлх хугацаанд 13,5 хувиар тооцон тэтгэврийн санд сар бүр төлж байсан. Б.Мын ажиллаж байсан гэх “А” ХК нь 1991 онд шимтгэл төлсөн баримт байхгүй тул шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй байна.
5.3. Иймд Б.Мын нийт шимтгэл төлсөн хугацаа 20 жил хүрэхгүй байгаа тул малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Иргэн Б.Мын ажиллаж байсан “А” ХК 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байдаг. БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн дагуу 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын хууль гартал буюу 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд цалингийн сангаас ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох тухай хуулийн зохицуулалт байна. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан “А” ХК нь 1991 оноос хойш огт нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй болохоор түүний “а” ХК-д ажиллаж байсан 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааг шимтгэл төлснөөр тооцох боломжгүй. Тэгэхээр түүний нийт улсад ажилласан жил нь 20 жил тус хүрэхгүй байгаа тул түүнд өнөөдрийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2021/00923 дугаартай шийдвэрээр /Хавтаст хэргийн 3-5 дах тал/ Б.М нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “А” нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, мөн тус сумын “А” ХК-д малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан болохыг тус тус тогтоосон байх ба энэ шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б.М нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Алтайн оргил” нэгдэлд болон “А” ХК-д малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нийтдээ 7 жил ажилласан нь тогтоогдсон тул энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.
Мөн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу Б.Мын 1995 оноос хойш нийтдээ 13 жил, үүнээс малчнаар 13 жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 33 дах тал/ тогтоогдсон болно.
3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж тус тус зохицуулсан.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан байна /УДШ,Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл ,заалтыг тайлбарлах тухай, 2008, тогтоол 47,х.5, мөр 8/.
4.Хариуцагчаас “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамруулах талаар Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг 1991 оноос 1995 он хүртэлх хугацаанд 13,5 хувиар тооцон тэтгэврийн санд сар бүр төлж байсан. Б.Мын ажиллаж байсан гэх “А” ХК нь 1991 онд шимтгэл төлсөн баримт байхгүй тул түүний тус компанид ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй. Иймд Б.Мын нийт шимтгэл төлсөн хугацаа 20 жил хүрэхгүй байгаа тул малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчаас “нэхэмжлэгч Б.Мын шүүхээр тогтоолгосон 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал “А” ХК-д малчнаар ажилласан 1 жилийн хугацааны Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч “А” ХК–аас төлөөгүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан 20–иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан. Харин хуульд заасан бусад шаардлага болох “15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн” гэсэн шаардлагыг хангаж байгаа талаар болон 19 жил 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар маргаагүй болно.
5.1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа дор дурдсан үйлдвэрийн газар, байгууллага, иргэд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй: 4/-т хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, пүүс” гэж,
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан байна.
“А” ХК-аас 1991 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй хэдий ч нэхэмжлэгч Б.Мын “А” ХК-д малчнаар 1 жил ажилласан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд энэхүү 1 жилийн хугацааны 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 6 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тус компани нь ажил олгогчийн хувиар заавал төлөх үүрэгтэй байсан, мөн уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор тус тус хуульчилжээ.
6. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд нийт 20 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.
7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус заасан.
Иймээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.М нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “А” ХК-д малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан болох нь тогтоогдсон байхад ажил олгогч “А” ХК-аас Б.Мын ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг 20–иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.
8. Дээрх байдлаар нэхэмжлэгчээс гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг “20–иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 7–ын 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Б.Мд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1,2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 7-ын 1, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Мд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ