Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 003

 

 

 

 

 

 

 

 

 

М.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа,  даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02406 дугаар шийдвэртэй, М.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О нь С ХХК-д 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн цаашид /ХАБЭАБО гэх/, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Логистикийн хэлтэст Гаалийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтнээр үр бүтээлтэй, ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр ажиллаж ирсэн. Гэтэл гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 75/18 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас чөлөөлсөн бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар нэгэн тайлбар авч, мэдэгдэлгүйгээр М.Оийн гаргаагүй зөрчлийг гаргасан болгож, илтэд хууль бусаар хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, түүнийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа ирэхэд нь ХАБЭАБО хариуцсан мэргэжилтэн Н.Ууганбаатар архины хэмжээ тогтоогчоор үлээлгэж, төхөөрөмжийн заалт 00 гэж гарахад ямар нэгэн юм хэлэлгүйгээр цаашаа явсан. Гэтэл хэсэг хугацааны дараа буцаж ирж “таны заалт 0.37 мг/л согтолттой гарлаа, та гарын үсгээ зур” гэж тулгасан байдаг. М.О нь тухайн үед согтууруулах ундааны зүйл амсаагүй, хэрэглээгүй байсан тул гайхаж, яагаад миний үлээсэн 00 заалтан дээр гарын үсэг зуруулаагүй байж, минийх биш заалтан дээр гарын үсэг зуруулах гээд байгааг асуухад “таны үлээсэн заалт мөн, гарын үсгээ зурчих” гэж тулгасан байдаг. М.О нь яасан гэж гарын үсэг зурах юм бэ гээд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэд хоног ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн гэх үндэслэлээр ажлаас халсан тушаалыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр танилцуулж, хүлээлгэн өгсөн байдаг. М.О учир байдлыг тодруулж, тайлбарлахаар удирдлагатай уулзах хүсэлт гаргасан боловч нэгэнт шийдвэр гарсан учир уулзах боломжгүй гэсэн хариулт хүлээж авсан байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх тушаал нь холбогдох хууль, журам болон Ажилтны гарын авлагын зүйл, заалтыг үндэслэл болгосон байсан. Уг гарын авлагыг компанийн заавал дагаж мөрдөх дүрэм журмын нэг хэсэг хэмээн зааж, согтуурсан буюу мансуурсан ажилтныг хэрхэн яаж шалгаж тогтоох талаар тусгаж өгсөн байдаг. Үүнд, хамтран ажиллагсадтайгаа зөвлөлдөх буюу ахлах ажилтанд мэдэгдэх, эмнэлгийн ажилтнаар эмнэлгийн үзлэгт хамруулах, дараа нь ажилтан ажил гүйцэтгэхэд тэнцэхээр бол нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэх мэт шат дараалсан арга хэмжээг авч, улмаар гарын авлагын хавсралт А-д заасан шалгах хуудсыг бөглүүлэх байсан байна. Гэвч уг хуудас нь хавтаст хэрэгт авагдаагүй. Дээрх үйл ажиллагааны дараа менежер буюу ахлах ажилтан баримтжуулах бөгөөд ажилтантай ярилцаж нөхцөл байдлыг тодруулах ёстой байсан. Хэрэв ажилтан ажил олгогчтой уулзах хүсэлт гаргасан бол хүсэлтийг хүндэтгэх ёстой гэж заасан. Дээрх бүх үйл ажиллагааг явуулсны дараа архи мансууруулах бодис хэрэглэсэн ажилтантай 3 үе шаттай зөвлөгөө өгч, сахилгын арга замыг санал болгохоор заасан. Гэтэл энэ бүх арга хэмжээг гүйцэтгээгүй бөгөөд гаргаагүй зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Хариуцагч талаас М.О-ийг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь хоорондоо харьцсан цахим шуудангаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна. Гэтэл байгууллагын дотоод журамд заасны дагуу шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй. Байгууллага нь согтууруулах ундааны бодлого журмыг боловсруулж, журамласан байдаг. Энэ журамд согтуурсан албан хаагч байвал хэрхэн шалгаж тогтоох талаар журамлаж өгсөн. Хариуцагч талаас тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учраас журамд заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэх мэтээр тайлбарлаж байна. Тухайлан заасан зөрчил гэдгээ энэ журамд заасны дагуу шалгаж тогтоох ёстой байсан боловч ийм ажиллагаа хийгээгүй. Мөн гарын үсэг зурсан баримттай холбогдуулан тайлбарлаж байна. Гарын үсэг зурахаас татгалзсан гэдгийг ажилтан Н.Ууганбаатар нь удирдлага руугаа явуулсан байна. Уг баримтыг хариуцагч талаас үзлэг хийх явцад гаргаж өгсөн. Гэтэл одоо гаргаж байгаа баримт нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан баримт гаргаж өгч байна. Дээрх баримт, хариу тайлбарууд хоорондоо зөрүүтэй байгаа нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтыг завсарласан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж байна. Энэ талаар тусад нь Эрүүгийн журмаар шалгуулах боломжтой. Үүнээс гадна тус байгууллага нь драйгер багажийг хэрэглэсэн гэдэг боловч хэрхэн яаж хэрэглэх талаар журам байхгүй, үлээгээд хэдэн хувь гарвал архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх талаар журам байхгүй бөгөөд өөрсдөө л 0,0 гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар тухайн байгууллагын дотоод журам, архи согтууруулах ундааны бодлого журамд тодорхой дурдаагүй байна. Гэтэл М.Оийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн согтолт хэмжих багажаар Н.Ууганбаатар үлээлгэж шалгасан гэдэг бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод үлээлгэж шалгах гэж заасан байдаг боловч уг ажлын байрны тодорхойлолтыг батлах ёстой эрх бүхий албан тушаалтан батлаагүй, тамга дарж баталгаажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргаж өгөөд Н.Ууганбаатарыг үлээлгэж шалгах эрхтэй гэж тайлбарлаж байна. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9.8-д “...Баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалтын хугацааг Хэмжил зүйн төв байгууллага тогтооно...” гэж заасан байдаг. Хэмжил зүйн төвийн даргын 2014 оны А/384 тоот тушаалаар жагсаалт батлах тухай гээд хавсралтад батлах багажийн жагсаалтыг баталсан байдаг. Мөн хуулийн 9.4-т “...Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд Хэмжил зүйн төв байгууллагаас баталсан тэмдэг дарах буюу лацдаж, гэрчилгээ олгоно...”, мөн хуулийн 9.5-д “...Лац, тэмдэг нь хөндөгдсөн буюу арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа нь дууссан, эсхүл эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно...”, 9.6-д “...Баталгаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно...” гэж тус тус заасан. Өнөөдрийн үзлэгээр драйгер багаж нь ямар нэгэн лац тэмдэг байхгүй байсан. Байсан хэдий ч лац тэмдэг хөндөгдсөн бол ашиглахыг хориглосон байна. Хариуцагч талаас энэ багажийг баталгаажуулаагүй талаарх баримт гаргаж өгсөн бөгөөд энэ баримт нь PS ХХК-ийн 2018 оны А-91/11 тоот албан бичиг байдаг.  Уг баримт нь тухайн багажид тохиргоо хийгдээгүй  байсан гээд М.О-ийг ажлаас халсны дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталгаажилт хийлээ гэсэн албан бичиг байгаа. Үүгээр уг багаж нь ямар ч тохиргоо хийгдээгүй, буруу зааж байсан болохыг харуулж байна. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 2.1.4-т “...хэмжих хэрэгслийн баталгаажуулалт...” гэж тухайн хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий хэмжил зүйн байгууллагаас тогтоож, батлах ажиллагааг хэлнэ...” гэж заасан байна. Энэ багажийг ямар ч эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй байна. Гэтэл М.О-ийг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчоос журамд заасан нэг ч ажиллагааг явуулж, зөрчил гаргасан эсэхийг тогтоогоогүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан нь буруу байна. Иймд М.О-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл  мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О нь С ХХК-д 2011 онд ажилд орж, ХАБЭАБО хариуцсан мэргэжилтэн, Логистикийн хэлтэст Гаалийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус ажиллаж байсан. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр М.Оийг ажилдаа ирэхэд нь согтуурлын зэрэг хэмжих багажаар 3 удаа үлээлгэж шалгасан байдаг. Согтуурлын зэрэг хэмжих эхний удаагийн шалгалтаар эерэг хариу гарсан тул нарийвчилсан драгер багажаар үлээлгэхэд 0.37 мг/л-ын согтолтын зэрэг гарч, улмаар 2 цагийн дараа дахин үлээлгэхэд 0.23 мг/л-ын согтолтын зэрэгтэй гарсан нь баримтаар тогтоогдсон байдаг. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т заасан дагуу М.О нь архи болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилдаа ирэхгүй байх үүрэгтэй байтал мөн өдөр ирж ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн саналаар цуцлахаар заасан. М.О-ийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцогдох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан байхыг шаардана...” гэж тайлбарласан байдаг. М.О-ийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өглөө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байрандаа ирснийг Н.Ууганбаатар шалгаж тогтоосон. Н.Ууганбаатар нь хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор хэмжилт хийх үүрэгтэй ажилтан болох нь тогтоогдож байна. Хэмжилт хийсэн талаар талууд маргахгүй байна гэж ойлгож байна. Хэмжилтийг хоёр төхөөрөмжөөр хийдэг бөгөөд эхний төхөөрөмжөөр тухайн ажилтныг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоож, хэрэв архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдвол дараагийн багаж буюу драйгераар хэдэн хувийн согтолттой байгааг үлээлгэж тогтоодог. Гэтэл тухайн өдөр М.О, н.Гантулга нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд драйгераар хоёр  ажилтныг үлээлгэхэд М.О 0,37% мг/л гарсан. Улмаар Н.Ууганбаатар М.О-ийн шууд удирдлага буюу логистикийн менежер Д.Өлзийхишиг рүү М.О, н.Гантулга нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн талаар цахим шуудан илгээсэн байдаг. Удалгүй Д.Өлзийхишигээс М.О рүү сая үлээгээд 0,37 мг/л гарсан юм уу? гэхэд М.О харин тийм ээ гэсэн хариу өгсөн байдаг. Энэ үйл баримтыг үзлэгээр бэхжүүлж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ талаар нэхэмжлэгч тал маргахгүй байна гэж ойлгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэдийгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа боловч М.О уусан гэдгээ албан ёсоор удирдлагадаа мэдэгдсэн. Дахин 2 цагийн дараа хэмжилт хийхэд М.О-ийн согтуурлын зэрэг 0,23% мг/л болж буурсан ба нэг удаагийн хэмжилтээр согтолтын зэргийг тогтоогоогүй. Ингээд Н.Ууганбаатар тухайн өдрөө хүний нөөцийн менежер н.Номингэрэл, Д.Өлзийхишиг нарт болсон үйл явдлын талаар имэйл явуулсан байдаг бөгөөд энэ имэйлд үзлэг хийсэн. Н.Ууганбаатар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр М.О-ээр гарын үсэг зуруулах гэтэл гарын үсэг зурахаас татгалзсан ба тэмдэглэл үйлдэхдээ 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн баримт дээр андуурч тэмдэглэл үйлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийг буруу ойлгож тайлбарлаж байна. Драйгер багажийг хэн дуртай нь зардаг төхөөрөмж биш. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах газрын нэг бүрийн тусгай хэрэгсэлд тооцогддог, уг багажийг зардаг байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй байдаг. Мөн үзлэг дээр нэхэмжлэгч талаас дээрх хүсэлтийг гаргаагүй бөгөөд үзлэг хийх үед уг хүсэлтээ гаргах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл баталгаажуулалт хийгээгүй болохыг нотлохыг шаардаж байна. Нотлох боломж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч талд байсан. Өмнө нь огт яригдаж байгаагүй зүйлийг гэнэт тайлбарлаж байна. Энэ багажийг хариуцагч байгууллага нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас худалдаж авсан талаарх баримт байгаа. Мөн драйгер багажны цагийн тохиргоог С ХХК хийдэггүй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь ирж хийдэг, энэ талаар албан бичигт тодорхой дурдсан. Мөн байгууллагын дүрэм журмыг буруу ойлгож тайлбарлаж байна. С ХХК нь өөрийн саналаар цусан дахь архины хэмжээг шалгагч багажаар шалган тухайн ажилтанг согтуу байгааг шалгаж болно гэсэн байгаа. Цусан дахь архины хэмжээг шалгадаг багаж нь Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар 0,20 мг/л нь согтолтын хэмжээг тодорхойлж байна гэсэн үг. Цагдаагийн байгууллагын албан хаагч нар драйгер багажийг ашиглаж тодорхойлдог бөгөөд энэ төхөөрөмжөөр М.О-ийн согтолтын хэмжээг тодорхойлсон. Ярилцлага хийх, тайлбар өгөхөөс татгалзсан ба энэ талаар тухайн өдрийнхөө 11 цаг 45 минутад Н.Ууганбаатар имэйлээр албан ёсоор мэдэгдсэн байсан. Тиймээс ярилцлага хийх, тайлбар өгөх зүйлийг шаардаж байгааг ойлгохгүй байна. Н.Ууганбаатарын ажлын байрны тодорхойлолтыг тайлбарлаж байна. н.Номингэрэл гэх хүний нөөцийн үйл ажиллагаа хариуцсан захирал нь ажил олгогчийг төлөөлж гарын үсэг зурсан, тэрээр ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурах эрхтэй этгээд. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болохын хувьд Н.Ууганбаатар гарын үсэг зурсан байгаа. Н.Ууганбаатар нь ажилд орсон өдрөөсөө хойш л хэмжилт хийдэг байсан. Өмнө нь М.О өөрөө шалгадаг байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл уг багажийг ашиглаж хэмжилт хийдэг байсан. Мөн М.О нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр согтуурлын хэмжээг тогтоох сургалтын гарын авлагыг өөрөө боловсруулсан байдаг. Энэ талаар үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан. Энэ багажийг М.О хамгийн сайн мэднэ. Өмнө нь М.О ХАБЭАБО хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан гэдгийг тодотгох хэрэгтэй. Байгууллага нь согтолтын хэмжээг 0.0 байхыг шаарддаг. Нэхэмжлэгч талаас Хэмжилтийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг хэрэглэх гэж байгаа бол үзлэг хийх явцад энэ шаардлагаа гаргах боломжтой байсан. Нэгэнт талуудын өгч байгаа нотлох баримт болон эсэргүүцээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Тиймээс хэмжилтийн багажны талаар одоо маргах биш үзлэг хийх үед маргах байсан бөгөөд нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаагүй. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар

сарын 14-ний өдрийн 75/18 тоот М.Оийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан тул М.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг

бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.О-ийг С ХХК-ийн Логистикийн хэлтэст Гаалийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-иас 10 123 310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шийтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, С ХХК-иас 176 923 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулан шийдвэрлэжээ.           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Аливаа тушаал шийдвэр нь түүнийг үндэслэл болгож байгаа хууль журамтайгаа нийцсэн байхыг шаардах бөгөөд “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 75/18 дугаар тушаалын үндэслэл болсон ажилтны гарын авлагын хавсралт А буюу согтууруулах ундааны бодлого, журамд заасан шалгаж тогтоох ажиллагааг хийгээгүй, журамд заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч тал дээрх ажиллагааг хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар тогтоогдохгүй байна". Ингэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ согтолтын зэрэг хэмжилтийн багаж, түүнийг үлээлгэсэн тухай баримт, гэрч Н.Ууганбаатарын мэдүүлэг, нэхэмжлэгч М.О-ээс өөрийн шууд удирдлага болох Д.Өлзийхишигт архи ууснаа хүлээн зөвшөөрч бичсэн и-мэйл зэрэг М.О-ийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн үйл баримтын талаарх нотлох баримтыг үнэлээгүй байна. Компанийн ажилтны гарын авлагад "... Хэрэв Сэндвик үндэслэлтэй шалтгаанаар ажилтан ажлын байранд согтуурсан, эсхүл мансуурсан буюу согтуу байна гэж сэжиглэвэл Сэндвик тухайн ажилтан, түүний хамтран ажиллагсад болон Сэндвикийн ажлын байранд эрсдэлд орж болох бусад хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ асуудлыг шалгах үүрэгтэй" гэж заасан бөгөөд тус үүргийн хүрээнд компани Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тус шалгах үүргийг ногдуулсан байна. компани Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Ууганбаатар нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн дагуу драгер хэмжилтийн багажаар оффисын ажилтнуудыг ажилдаа ирэх бүрт шалгадаг болох нь түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болон өдөр бүрийн хэмжилтийн хуудсаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс Гарын авлагын хавсралт А-д тусгагдсан шалгах ажиллагааг хийгээгүй гэж үндэслэхдээ "Сэндвик өөрийн саналаар архины хэмжээ шалгагч ашиглан ажилтан согтуу байгаа эсэх талаар мэдсэн бол тухайн ажилтныг гэр рүү нь явуулах буюу эмнэлгийн үзлэгт хамруулж ажилд тэнцэх эсэхийг шалгуулах" үүрэгтэй атал дээрх заалтыг хэрэгжүүлээгүй байна гэжээ. Компани уг заалтын дагуу М.О-ийг тухайн өдөр ажил хийлгэлгүй гэр рүү нь явуулсан болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй бөгөөд энэ талаар талуудаас асууж тодруулаагүй болно. Дээрх заалтын утга агуулга нь ажилтныг гэр рүү нь явуулаагүй тохиолдолд Компанийн зүгээс ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулж ажилд тэнцэх эсэхийг шалгаж болох зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн ажилтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гэрт нь хариулсан үйлдэл нь ажилтныг согтуу ирснийг нотлох өөр нэг баримт болохыг анхан шатны шүүх анхаарч үзэж, үнэлээгүй. Анхан   шатны   шүүх   Гарын   авлагын   хавсралт   А-д  тусгагдсан   "Бие   махбодь,   оюуны   чадвар бууралтын   үнэлгээ  хийх"  ажиллагааг  Компани   хийгээгүй  гэж дүгнэсэн.   Гэтэл   тухайн  журамд зааснаар энэхүү үнэлгээг гагцхүү тухайн ажилтан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглэх ёстой зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, дээрх үнэлгээг нь ажил олгогч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтныг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг шалгах зорилготой болохыг анхан шатны шүүхээс буруу тогтоосон байна. "Тухайн ажилтан мансуурч согтсон эсэхийг шалгах үед шалгалтаас үүссэн аливаа ярианы үеэр өөр хүн байлцуулах эрхтэй" ажилтны хувьд дээрх эрхээ эдлээгүй талаар гэрч Н.Ууганбаатарын мэдүүлгээр тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс шалгалтын үеэр өөр хүн байлцуулах хүсэлт гаргасан эсэхийг үнэлэхгүйгээр, хүсэлт гаргасан мэтээр үнэлж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Нөгөө талаар дээрх ярианы үеэр эрхээ эдлээгүй нь согтолтын зэрэг хэмжих багажаар хэмжихэд саад болохгүй бөгөөд түүнийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1-2/ хариуцагч эс зөвшөөрч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх73/

Хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч М.Оийг ХАБЭАБО хариуцсан мэргэжилтний хавсран гүйцэтгэх үүргээс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс чөлөөлж, тус өдрөөс гаалийн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 75/18 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх 75/18 тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 10.2, ажилтны гарын авлагын 4.9.3, 5.5.2 болон хавсралт А-д заасныг тус тус үндэслэжээ. /хх87/

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар заалтаар “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар Ажилтны гарын авлагын хавсралт А-д “ажилтан ажлын байранд мансуурсан буюу согтуу байна гэж сэжиглэвэл журмын дагуу шалгаж, согтуу байгаа эсэх талаар мэдсэн бол гэр рүү нь явуулах буюу эмнэлгийн ажилтнаар үзлэгт хамруулж, ажилтныг тэнцэх эсэхийг шалгуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авах” талаар тус тус заасан байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М.О-ийг зөрчил гаргасан өдөр ажилдаа гарах үеэр согтолтын зэргийг нь хэмжихэд 0.37 мг.л-ын согтолттой байсан, согтолтын зэргийг хэмжих тестийн дүн танилцуулсан баримтад гарын үсэг зураагүй боловч өөрөө хүлээн зөвшөөрсөн, менежер Д.Өлзийхишигтэй 0.37 мг.л-ын согтолттой байсан талаар ярилцсан нь тэдний хоорондоо харьцсан и-мэйл болон согтолтын зэрэг хэмжсэн багажаар нотлогдоно гэж тайлбарласан хэдий ч согтуурлын хэмжээг шалгасан баримт засвартай, эргэлзээтэй төдийгүй и-мэйл хаягт хийсэн үзлэгээр архи уусан гэдгийг шууд дүгнэх боломжгүй байх ба хариуцагч ажилтны гарын авлагын хавсралт А буюу согтууруулах ундааны бодлого журамд заасан шалгаж тогтоох ажиллагаа хийснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Түүнчлэн, “С” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Ууганбаатар нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу тухайн өдөр М.О-ийг шалган согтолтын зэргийг тогтоож, ажил хийлгэхгүй гэр рүү нь явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй нэхэмжлэгч М.О нь тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч М.О-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж түүнийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 75/18 дугаар тушаал хуульд нийцээгүй гэж үзэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж, холбогдох дэвтрийн хуулбарт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэхдээ “шийтгэл” гэж бичиг үсгийн алдаа гаргасан байх боловч уг хэсэгт баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн заалт нь “шимтгэл” тооцон хариуцагчаас гаргуулах агуулгатай байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. Энэ талаар талууд гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 176 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                 ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ