Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2022/01095

 

2022 04   05

184/ШШ2022/01095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ...дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, А овогт Ё-н С /регистрийн дугаар: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ...гудамж .. байр, ... тоот хаягт оршин суух, Т овогт Б-ийн М /регистрийн дугаар: ..../,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, Н овогт Ж-ын Б /регистрийн дугаар: ...../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.С, хариуцагч Б.М, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ё.С нь хариуцагч Б.М, Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нийслэлийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд манай дүүгийн ээж ажилладаг. Тэр хүн надаас хэдэн төгрөг зээлсэн. Гэтэл удаа ч үгүй Б.М, Ж.Б нар нь 2019 оны 10 дугаар сарын эхээр 1.000.000 төгрөг зээлээч гэсэн хүсэлт гаргасан тул уг мөнгийг 10 хувийн хүүтэйгээр зээлүүлье гэхэд зөвшөөрөөд зээлсэн. Анх авсан мөнгөө буцааж төлсөн. Ингээд дахиж 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буцааж төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ хийсэн. Зээлээ хугацаандаа төлж чадахгүй нь гээд зээлийн хугацаа сунгах хүсэлт гаргасан тул зээлийн гэрээг 1 удаа сунгасан. Энэ хугацаанд хүүнд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг нийт 800.000 төгрөг төлсөн. Өөр ямар ч мөнгө төлөөгүй. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх зээлийн хүүгийн үлдэгдэл 2.600.000 төгрөг, үндсэн зээл 2.000.000 төгрөг, хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 3-д заасны дагуу алданги хуулийн заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 2.300.000 төгрөг, нийт 6.900.000 төгрөг болсон байна гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Б.М, Ж.Б нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч нар татгалзлын үндэслэлийн талаараа: Би сургуульд ажиллаж байхад надад мөнгө хэрэгтэй болоод мөнгө зээлэх хүн хайсан. Тухайн үед сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан хүн Ё.С ахыг хэлж өгсөн. Танилцсан даруйдаа Ё.С ахтай нүүр тулж уулзаад мөнгө зээлж авч байсан. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг төлсөн. Авсан зээлээ хугацаанд нь төлөх гэсэн боловч Ковид-19 цар тахлын үе таарч хөл хорионд орсон байсан тул төлж чадаагүй. Зээлээ сунгах хүсэлт гаргасан. Бидний хүсэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай сунгасан. Би машинаа барьцаанд тавьж байгаад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Дараа нь үндсэн зээлээ 4 хувааж төлье гэхэд хүлээн зөвшөөрөөгүй маргааш бөөн өг гэсэн. Тухайн үед аж ахуй нэгжүүдийг хэсэгчилсэн байдлаар ажиллуулж байсан хөл хориотой байсан тул төлөх чадвар байхгүй байсан. Ингээд бид 2 өгч чадаагүй. Биднийг зориуд өндөр хүүгээрээ өрөнд оруулсан. Одоо үндсэн зээл 2.000.000 төгрөгийг өгнө. Бид хүүнд 2.600.000 төгрөг өгөхгүй, алданги 2.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Коронагийн үеэр бүх аж ахуй нэгж каринтилагдсан, банкны бүх чиглэлийн зээл царцанги байдалд орсон байхад Ё.С маш өндөр хүү, алдангиа зогсоохгүй бодсоор байсан. Сунгалт хийх үед ч хөл хорио тавигдаагүй байсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу хүүг багасгаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ё.Сын иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны ...дугаартай тодорхойлолт, Ё.Сын Хаан банк дахь ... дугаартай дансны хуулга, Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б.М, Ж.Б нартай байгуулсан Зээлийн гэрээний сунгалт, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б.М, Ж.Б нартай байгуулсан Итгэлийн зээлийн гэрээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ болон түүний нэмэлт гэрээний үүрэгт 6,900,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас хариуцагч нар 2.000.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

1.Талууд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Итгэлийн зээлийн гэрээ нэртэй гэрээг бичгээр байгуулж, 2.000.000 төгрөгийг 1 сарын 10%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай байгуулж, 2.000.000 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн, зээлийн хүүгийн төлбөрт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар зохигч талууд маргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-

д зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг талуудын хувьд үнэн, зөв буюу тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог.

 

Хариуцагч нар зээлийн төлбөр хэт өндөр, бүх нийтийг хамарсан цар тахлын үед хүү тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан ба энэ хэсэгт заасан хэлцлийг талууд байгуулсан бол уг хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг.

 

Нэхэмжлэгч Ё.С зээлийн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэйгээр буюу байнгын ашиг орлого олох шинжтэйгээр эрхэлдэг байсан болох нь түүний: ... 76 дугаар сургуульд манай дүүгийн ээж ажилладаг юм. Тус сургуулийн 3, 4 хүн надаас зээл авсан, 500.000-1.000.000 төгрөг хүртэл мөнгө зээлдүүлдэг ... гэх тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн, зөв гэж үзнэ.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байх ёстой болохыг хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч Ё.С зээлийн үйл ажиллагаа эрхэлж, хариуцагч нарт 2.000.000 төгрөг зээлдүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй байх тул уг хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна. Энэ хэлцэл хүчин төгөлдөр бус юм.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхгүй, мөн гэрээгээр харилцан тохиролцсон хүү болон, алдангийг шаардах эрхгүй болно.

 

3. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зөвхөн өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээ хүчин төгөлдөр бус боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарт өгсөн үлдэгдэл мөнгийг буцаан шаардах боломжтой.

 

Учир нь, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар талуудын хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоо хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хүү, алданги тооцож авах эргүй ба зөвхөн өгсөн мөнгөө эргүүлж авах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч Ё.С нь өгсөн 2.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг буцаан авсан тул хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч нараас 1.200.000 төгрөгийг шаардах эрхтэй боловч хариуцагч нар 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд хариуцагч нарын зөвшөөрч буй хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцнэ.

 

Иймд хариуцагч Б.М, Ж.Б нараас 2.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Сод олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 125,350 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 125,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Б.М, Ж.Б нараас 2.000.000 төгрөгийг гаргуулан Ё.Сод олгож, нэхэмжлэлээс 4.900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Ж.Б нараас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Сод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР